Гэмт хэргийн түвшний харьцуулалт: Улаанбаатар хот ба Орон нутаг

Гэмт хэргийн түвшний харьцуулалт: Улаанбаатар хот ба Орон нутаг

Гэмт хэргийн түвшний харьцуулалт: Улаанбаатар хот ба Орон нутаг

2000-2020 оны хооронд Монгол Улсад нийт 498,324 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 285,680 буюу 57.3% нь Улаанбаатар хотод,  207,938 буюу 41.7% нь Орон нутагт (үлдсэн 0.9% нь бусад) тус тус бүртгэгдсэн байна. Энэхүү эзлэх хувь, цаг хугацааны явцад хэрхэн хувьссан болохыг Зураг 1-т харуулав. Зураг 1 дэх үр дүнгээс харахад,  2000 онд нийт гэмт хэргийн 44.2% нь Улаанбаатарт бүртгэгдэж байжээ. Харин түүнээс хойш Улаанбаатарт бүртгэгдэж буй гэмт хэргийн эзлэх хувь нэмэгдэж, 2018 онд хамгийн өндөр буюу 70.8%-д хүрчээ.

Энэ нь Улаанбаатар хотын хүн амын тоо орон нутагтай харьцуулахад, илүү эрчтэй нэмэгдсэнтэй холбоотой. 2000 онд нийт хүн амын 33.1% нь Улаанбаатар хотод харьялагдаж байсан бол, 2020 он хүртэл 47.6% болж нэмэгджээ (Зураг2). Мөн, Улаанбаатар хотын хүн ам 2000-2020 оны хооронд жилд дунджаар 3.6%-иар нэмэгдсэн бол, орон нутагт ердөө 0.5% байна. Мэдээж хэрэг, орон нутгийн хүн ам Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн их байсантай холбоотойгоор ийм дүр зураг бий болжээ.

Улаанбаатарт, хүн амын төвлөрөл илүү байгаа тул бүртгэгдэж буй гэмт хэргийн дийлэнх нь Улаанбаатарт тохиолдох нь зүйн хэрэг. Гэхдээ Улаанбаатар хотыг орон нутагтай харьцуулахдаа гэмт хэргийн түвшин (10,000 хүнд ногдох) гэх үзүүлэлтийг ашиглаж болох юм. 2000 онд 10,000 хүнд ногдох гэмт хэргийн тоо  Улаанбаатар хотод 130 тохиолдол, орон нутагт 78 тохиолдол байжээ. Тэгэхээр, гэмт хэргийн түвшин Улаанбаатарт  68% (1.68 дахин) илүү байж. Гэмт хэргийн түвшин орон нутагт тогтвортой байсан бөгөөд 2020 онд 48 болж огцом буурчээ (Ковид-19 нөлөө). Харин гэмт хэргийн түвшин Улаанбаатар хотод харьцангуй хэлбэлзэл ихтэй, ялангуяа, 2017, 2018 онуудад мэдэгдэхүйц өсөлттэй байв. Гэхдээ 2019 онд 132 болсон нь 2000 оны түвшинтэй ойролцоо очжээ. Мэдээж хэрэг Ковид-19 нөлөөгөөр 2020 онд 92 болж буурсан, гэхдээ энэ нь орон нутгийн түвшингээс 92% (1.92 дахин) дээгүүр үр дүн юм (Зураг 3).

10,000 хүнд ногдох хэлбэрээр, Улаанбаатар хотод, гэмт хэргийн гаралт (орон нутагтай харьцуулахад) өндөр байгаа нь Улаанбаатар хот дахь гэмт хэргийг өдөөгч хүчин зүйлс, орон нутгийнхаас өөр байх гэсэн таамаглалд хүргэж байна.

Тоон мэдээний эх сурвалж: www.1212.mn

Зураг 1. 

Зураг 2. 

Зураг 3.

Share this post