Гэмт хэрэг шилжих хөдөлгөөнтэй хамааралтай юу?

Гэмт хэрэг шилжих хөдөлгөөнтэй хамааралтай юу?

2000-2020 оны туршид орон нутагт нийт 207938 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг аймгаар нь задалж үзвэл, хамгийн олон гэмт хэрэг бүртгэгдсэн 3 аймаг нь Сэлэнгэ (17991), Төв (16417), Хэнтий (15528) байна (Зураг 1).

Харин одоо сүүлийн 21 жилийн турш бүртгэгдсэн нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо нь тухайн аймагт шилжин ирсэн ба шилжин явсан хүний тоотой хамааралтай эсэхийг шалгая. Үүний тулд тархалтын цэгэн график ашиглав. Шилжин ирсэн хүн ам ба бүртгэгдсэн гэмт хэргийн хооронд эерэг хамаарал ажиглагдаж байна (Зураг 2.). Өөрөөр хэлбэл, бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өндөр (гэмт хэрэг олон бүртгэгдсэн) аймгуудад шилжин ирсэн хүн амын тоо мөн өндөр байна. Мөн, шилжин явсан хүн ам ба бүртгэгдсэн гэмт хэргийн тооны хооронд эерэг хамаарал ажиглагдаж байна (Зураг 3). Тодруулбал, бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өндөр аймгуудад шилжин явсан хүн амын тоо мөн өндөр байна.

Товчхондоо, шилжих хөдөлгөөн өндөртэй аймгуудад гэмт хэргийн гаралт их байжээ. Тэгэхээр, шилжих хөдөлгөөн ба гэмт хэргийн өдөөгч хүчин зүйл нь ижил байх боломжтой. Жишээлбэл, эдийн засгийн идэвхжил өндөр бүс нутагт шилжих хөдөлгөөн ч их, гэмт хэргийн тоо ч их байж болно. Мөн хүн ам ихтэй бүс нутагт, мөн л  шилжих хөдөлгөөн их, гэмт хэргийн тоо их байж болно. Энэ тохиолдолд, хүн амын тоо, эдийн засгийн идэвхжил нь шилжих хөдөлгөөн ба гэмт хэргийн тооны аль алиныг нь жолоодож байж болно.

Энэ үед, шууд шилжих хөдөлгөөн нь гэмт хэргийн тоонд нөлөөлдөг, эсвэл шилжих хөдөлгөөн нь гэмт хэргийн тоонд нөлөөлдөг гэж шууд дүгнэх нь эрсдэлтэй. Иймд цааш, хөндлөнгөөс нөлөөлж болзошгүй гуравдагч хүчин зүйлийг хянасны дараагаар, үнэхээр шилжих хөдөлгөөн ба гэмт хэргийн тооны хооронд хамаарал бий эсэхийг судлах нь зүйтэй.

Зураг 1. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг, аймгаар, 2000-2020 он

Зураг 2. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг ба шилжин ирсэн хүн ам

Зураг 3. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг ба шилжин явсанхүн ам

Share this post