Cesare Lombroso “Criminal man”

Cesare Lombroso “Criminal man”

Чезаре Ломборозо
Орчин үеийн криминологийн эцэг хэмээн өргөмжлөгдсөн энэ хүн “ухамсарт хүсэл зориг” гэх сонгодог онолын суурийг эрс үгүйсгэдэг ч түүний бүтээл ямагт эртний социологийн бүтээлүүдээс эш авсан байдаг. Хэдийгээр криминологичид түүнийг гэмт хэргийг биологийн хүчин зүйлсийн нөлөөн дор бүрэлддэг гэж номлохдоо нийгмийн хүчин зүйлсийн гэмт хэрэгт үзүүлэх нөлөөг үгүйсгэсэн гэдэг ч үнэндээ түүний бүтээлүүдийг анхааралтай судалбал тэр тэгээгүй.
Ломброзо өөрийгөө үйл баримтын боол гэдэг байж, тэр зөвхөн гэмт хэрэгтэн дээр хийсэн хэмжилт, бодит судалгаан дээр тулгуурлан дүгнэлт хийж байв. Гэсэн хэдий ч түүнийг факт, баримтыг зөвхөн өөрийн таамаглалыг батлахын тулд ашигласан хэмээн буруутгах нь бий. Заримдаа цуглуулсан баримт нь түүний таамаглалыг батлаагүй тохиолдолд өнөөдөртөө ашиглагдахгүй ч хэтдээ өөрийнх нь онолыг батлах зүйл хэмээн орхидог байжээ.
Ломброзогийн дэвшүүлсэн үзлийг хүмүүс эрс шүүмжлэх эсхүл онцгой сайшаах хоёр туйлд хуваагддаг. Криминологич Марвин Э. Вольфганг / Marvin E. Wolfgang/ хэлэхдээ, “Ломброзо гэмт хэргээс эргээд гэмт хэрэгтэн руу анхаарал хандуулахад нөлөөлсөн. Тэрээр нийгмийн хүчин зүйлсээс хувийн хүчин зүйл руу анхаарлыг чиглүүлж чадсан” гэжээ. Хэдийгээр Вольфганг орчин үеийн арга техник болон мэдлэгийг ашиглан Ломброзогийн судалгааны ажлуудад арга зүйн хувьд асар ноцтой асуудлууд байдгийг хүлээн зөвшөөрдөг ч Ломброзог “гүн ойлголт, өндөр зөн билиг, оюуны шударга байдал, өөрийн сул талуудыг бүрэн хүлээн зөвшөөрөх мэдрэмж, хяналтын бүлгүүд ашиглах оролдлого болон өөрийн боловсруулсан онолыг шударгаар туршиж үзэх гэсэн чин сэтгэлтэн байсан” гэж үзжээ.
Сонгодог криминологийн онолыг үндэслэгч Ломборозог дэлхий сайн мэдэх, харин бидэнд ялгаварлах үзлийн суурийг тавьсан харгис онол боловсруулсан гэх тойм багцаа хаягтай төдий танил бус нэгэн.
Үнэхээр түүний судалгаа бүтээлүүд төрөлхийн гэмт хэрэгтэн гэж байдаг талаар хатуу номлодог ч бидний туйлшруулан боддогчлон тийм этгээдүүдийг алаад, заазлаад бай гээгүй. Харин ч тэднийг эртнээс зүйтэй орчинд байлгах, хянаж сэргийлэхийн чухлыг тэмдэглэсэн байдаг.
Ингээд олныг нуршилгүй түүний “criminal man” хэмээх домогт бүтээлийг Монголын Криминологичдын холбоо цувралаар орчуулан толилуулж байна. Хэрхэн дүгнэхээ уншигч ахай өөрөө шийдтүгэй.

Share this post