2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ БА ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН НИЙГМИЙН АСУУДАЛ

ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ.

Цагдаагийн алба нь төр ард түмнийхээ өмнө цагдаагийн тангараг өргөж гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах хүндтэй бөгөөд  амаргүй ажил албанд нэгэн амьдралаа эгнэгт буцалтгүй зориулсан шилдэг эрчүүдээс бүрддэг  билээ.

Цагдаагийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн  хамгаалалт баталгааг төр хамгаалдаг гэх боловч үнэн хэрэг дээрээ хамгаалж чадаж байна уу үгүй юу гэдэгт  бид бүгд анхаарал хандуулах  цаг нэгэнт болжээ.  

            Цагдаагийн алба хаагч нь “Монгол Улсын төрийн албаны хууль”-д заасанчилан төрийн тусгай албан хаагчид хамаарагдахын хувьд төрийн улс төрийн, төр захиргааны, төрийн үйлчилгээний алба хаагчийн нэг адил албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдэл зэрэг цалин хөлс авч ажилладаг ч гэлээ ард иргэд баярлаж, амарч байхад ар гэр амьдрал ахуйгаа огоорсон мэт  өдөр шөнөгүй, амралт чөлөөгүй, нойр хоолгүй зүтгэн 25 жилээс дээш хугацаагаар цагдаагийн байгууллагад ажиллах бололцоогүй болтлоо эрүүл мэндээр хохирч  явдаг нь хэн ч маргахгүй бодит үнэн юм.

Цагдаагийн албанд орж ажиллаж буй алба хаагчид нь цалингаас өөр орлогогүй, цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд орж үр хүүхдэдээ  боловсрол эзэмшүүлэх, тэдэндээ өвлүүлэх өмч хөрөнгөгүй, дийлэнх нь амьжиргааны хувьд дундаас доогуур орлоготой байдаг ч гэсэн өргөсөн тангарагтаа үнэнч, ажил албандаа чин шударгаар зүтгэж явдаг, эгэл жирийн, даруухан  мөртлөө цагдаагаа гэсэн сэтгэл, зүтгэлтэй гавьяатай хүмүүс байдаг юм.

Цагдаагийн алба хаагч нь ардчилсан нийгэмд иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхийн тулд  Монгол Улсын үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг нэг мөр, зөв шударгаар хэрэгжүүлэхэд анхааран, хууль ёсыг чанд сахин  ажилладаг хэдий ч Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн зарим нэг заалтыг  бүрэн хэрэгжүүлдэггүйгээс алба хаагчдын  цаг наргүй, амралт чөлөөгүй  ажилладаг гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулахад чиглэсэн хүнд хөдөлмөр нь зохих ёсоор үнэлэгддэггүй бөгөөд   бид бүгд  нэгэнт тангараг өргөсөн бол хийх л ёстой хэмээн ойлгож дээр дооргүй, нойр хоолгүй, хичээн зүтгэж, ажил албаа залгуулан, тангарагтаа үнэнчээр албан үүргээ гүйцэтгэж явна.

Монгол улсын ”Төрийн албаны хууль[1]”,“Шүүхийн тухай хууль[2]”, “Прокурорын байгууллагын тухай хууль[3]”-д алба хаагч, ажилтан  “…өргөсөн тангарагаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ…” хэмээн заасанг  цагдаагийн алба хаагч “шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая[4]” хэмээн  тангараг өргөсөнтэй хэрхэн адилтгаж болох юм бэ.  

Цагдаа юуны тулд амь насаараа дэнчин тавьж ард түмэн, төрийнхөө эрх ашиг сонирхлыг хамгаалахын төлөө хүчин зүтгэж байгаагийн учир холбогдол, үнэ цэнэ нь “амь насаа үл хайрлахаа батлан тангарагласан энэ үгнээс л хэн бүхэнд тов тодорхой байдаг юм.

Цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт, эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгаа нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудаар  хамгаалагдан зохицуулагдаж байдаг бөгөөд цагдаагийн  хөдөлмөрийг үнэлэхэд  “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн заалтыг хэн нэг дарга, албан тушаалтан  өөрийн шийдвэрээр, дураар өөрчлөх эрх үгүй.

“Нийгмийн харилцааг  бүхэлд нь буюу түүний алив нэг төрлийг нь зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг хууль тогтоомж  /англ-legislaton, орос- законодательство/ гэх бөгөөд энэхүү  ухагдахуунд үндсэн хууль, хуулиуд, Улсын их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол хамаарна”[5] гэж академич С.Нарангэрэл өөрийн бүтээлдээ дурьджээ.

Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна[6]” гэж  заасан бөгөөд дээрхи хуулийн заалт болон тодорхойлолтоос харахад цагдаагийн алба хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулна.

Дарга захирагчийн өгсөн тушаал шийдвэр нь хуультай зөрчилдвөл тушаал захирамжийг биш хуулийн заалтыг баримтлах, хууль нь үндсэн хуулийн заалттай зөрчилдвөл үндсэн хуулиа баримтлах нь хуулийг дээдлэх  ёсны гол шалгуур, үзэл  баримтлал болдог.    

Хэн нэгэн дарга захирагчийн өгсөн үүрэг[7] даалгавар[8], тушаал[9] захирамж[10] нь ерөнхий болон шууд утгаараа хууль зөрчөөгүй байх нь чухал бөгөөд тодорхой ажил алба гүйцэтгүүлэхдээ  “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”[11] гэсэн хуулийн  заалтыг анхаарч үзэх шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан хууль ёсоор албадан хөдөлмөрлүүлэх асуудал нь:  

  1. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдон шүүхийн таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолоор 100-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийн хөдөлмөр
  2. Хуулиар болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар дарга захирагчийн өгсөн үүрэг даалгавар, тушаал захирамж биелүүлэн ажиллаж буй алба хаагчийн үйл ажиллагаагаар тус тус хэрэгжих бөгөөд бусад нөхцөлд

хууль бусаар албадан хөдөлмөрлүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Цагдаагийн алба хаагчийг хууль болон хөдөлмөрийн гэрээнд заагаагүй нөхцөлөөр  илүү цагаар ажиллуулсан, түүнд олгох цалин хөлс болон тэдгээртэй холбогдох  асуудлыг хөндөж үзэхэд маргаантай зүйл нилээдгүй байдаг.

Төр засгаас цагдаагийн хөдөлмөрийг үнэлэх , олгох цалин хөлсний хэмжээг  тогтоож байгаа асуудалд онцгой анхаарч түүнийг алба хаагч нарын ажил алба, амьдралын хэрэгцээ /хэрэглэгдэхүүн/[12], хэрэглээ /хэрэглэхүүн/[13]-ний зохистой түвшинд хүргэхэд цагдаагийн төв байгууллага, удирдлагын зүгээс шаардлагатай алхамыг шат дараалуулан хийж, хэрэгжүүлэх нь  алба хаагчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ болох юм.

Өнөөдөр цагдаагийн алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төр, засгаас тусгайлж онцгойлон цогц арга хэмжээ авах төдийлөн шаардлагагүй  бөгөөд гагцхүү хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг төрийн байгууллагын аль ч шатанд зөв,  бүрэн хэрэгжүүлэх ажлыг сайтар зохион байгуулан үр дүнг тооцож ажиллахад л цагдаа хүчтэй, чадвартай болох боломж бага ч гэсэн нэмэгдэнэ.

Үүний гаргалгаа маш энгийн бөгөөд амархан. Тухайлбал: Цагдаагийн байгууллагад 5 жил ажиллаж байгаа цагдаагийн ахлагчийн сарын үндсэн цалин 260.000 төгрөг, цолны нэмэгдэл 22% буюу 57.200 төгрөг, тусгай албаны

нэмэгдэл 10% буюу 26.000 төгрөг, түүний сард авах нийт цалин /НӨТ ороогүй/ 343.200 төгрөг бөгөөд уг цагдаагийн ахлагчийн  жилд авах цалингийн хэмжээ 343.200х12 сар= 4.118.400 төгрөг болно.

Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ баяр, амралтын өдрүүдэд илүү цагаар ажиллах шаардлага зайлшгүй гардаг.

Монгол Улсад албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж бүх нийтээр амардаг баярын өдөр жилд дунджаар 11 өдөр, амралтын өдөр 7 хоногт 2, сард 8,  жилд дундаар 88 удаа  тохиох ба үүнд Хөдөлмөрийн  тухай  хуулийн 52-р зүйлд “ Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2.0 дахин нэмэгдүүлж…” , мөн хуулийн 53-р зүйлд “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин олгох”-оор тус тус заасанг баримтлан хэрэгжүүлж ажиллахад хөдөлмөрийн тухай хуулиар баярын болон амралтын өдөр илүү цагаар ажилласан дээрхи алба хаагчийн өдөрт болон сар, жилд авах цалингийн хэмжээг тооцож үзье.

 Цагдаагийн ахлагчийн ердийн нэг өдөрт авах цалин 15600 төгрөг / сарын цалин 343.200 төгрөг :  ажлын 22 өдөр = 15600 төгрөг/ байх ба ажил үүрэг гүйцэтгэсэн баярын нэг өдөр 15600 төгрөг х2 = 31200 төгрөгний, амралтын нэг өдөр 15600 төгрөг х1.5 = 23400 төгрөгний цалинг авах болно. Ингээд уг алба хаагчийн жилд авах цалинг дунджаар тооцоолоход жилд тохиох баярын 11 өдөр х  31200 төгрөг =343.200 төгрөг, жилд дундажаар 88 амралтын өдөр байна гэж үзэхэд 88 өдөр х 23400 төгрөг = 2.059.200 төгрөг, жилд авах цалингийн хэмжээ болох  4.118.400 төгрөг дээр өмнөх нэмэгдлийг нэмж тооцоход жилд дунджаар 6.520.800 төгрөгний, сард дунджаар 543.400 төгрөгний цалин авах боломжтой болно. Энэ нь  Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлснээр цагдаагийн ахлагчийн цалин сард 200.200 төгрөгөөр буюу 58.3%-иар нэмэгдэж байна.  Энэ нь цагдаагийн алба хаагчдад илүү цагаар ажиллах эдийн засгийн сонирхолыг бий болгож үүнтэй уялдан ажлын үр бүтээл, чанар дээшлэн тэдний ар гэр, ахуй  амьдралд жаахан ч гэсэн тус дэм өгөхийг үгүйсгэхгүй. Зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд цалин, ахуй  хангамж сайн байх тутам мэдлэг боловсролтой чадварлаг боловсон хүчнээр Цагдаагийн байгууллагын эгнээ өргөжиж, алба хаагчдын ажлын үр нөлөө, чанар дээшлэхийн зэрэгцээ байгууллагын үйл ажиллагаанд ахиц дэвшил бий болох нөхцөл болно.

Аливаа үзэгдэл, үйл явц нь эерэг болон сөрөг талтай байх ба сайн тал нь цагдаагийн алба хаагч илүү цагаар үр бүтээлтэй ажиллан цалингаа нэмэгдүүлэх, нийгмийн асуудлаа тодорхой хэмжээгээр шийдвэрлэх  сонирхол байхад,  муу тал нь хяналт, тооцоо сулыг далимдуулан бусдын хөдөлмөрийг ашиглах явдал гарч болохыг үгүйсгэх аргагүй юм.

Цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ хэрэгжүүлэн, иргэдийн амар амгалан амьдралын баталгааг хангаж ажиллахад тэдэнд эрүүл байх, эрүүл мэндийн асуудал туйлаас чухал бөгөөд эрүүл байж гэмээ нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломж нөхцөл бүрдэнэ. Эрүүл байхын үндэс нь амралт[14] бөгөөд өндөр ачаалалтай ажилласан, тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсний дараа амралт хамгаас чухал байдаг ч цагдаагийн албан хаагч нь ямар ч нөхцөлд ажил үүргээ туйлын чадварлаг, сайн гүйцэтгэчихээд дараа нь амарч бие сэтгэлийн алжаалаа тайлж чаддаггүй.

Ард иргэд, зарим нэг удирдах ажилтны дунд цагдаагийн алба хаагчийг хүн биш робот[15] мэтээр төсөөлөх явдал байсаар л байна. Роботод засвар үйлчилгээ, тохиргоог  цаг хугацаанд нь хийхгүй бол эвдэрч, гацна, хэвийн ажиллах боломжгүй болно. Цагдаа бол автомат  биш бие махбодиос бүрдсэн, сэтгэл зүй, оюун ухаантай хүн. Тийм болохоор түүнд тодорхой хугацааны амралт хэрэгтэй.

Төв орон нутгийн Цагдаагийн газар хэлтсийн  530 алба хаагч нараас авсан судалгаагаар “Та баяр ёслол болон амралтын өдөр ажлаад үүнийгээ дараа нь тооцуулдаг эсэх?” гэсэн асуулгад ажил үүрэг тул тооцуулах шаардлагагүй гэж  210 буюу 39.6%, дараа нь нөхөн тооцуулдаг гэж 50 буюу 9.4%, огт тооцдоггүй гэж 270 буюу 50.9% нь хариулснаас үзэхэд нийт 480 албан хаагч  буюу 90.5% нь баяр ёслол болон амралтын өдөр ажлаад амралтаа тооцуулаагүй байна. Үүнийг хүснэгтээр харуулбал:

Хүснэгт.1

Асуулт   

Хариулсан тоо

Хувь

Ажил үүрэг тул баяр ёслол, амралтын өдөр ажиллаад дараа нь тооцуулах шаардлагагүй гэж үздэг     

210

39.6

Дараа нь нөхөн тооцуулдаг

50

9.4

Огт тооцдоггүй

270

50.9

 “Та илүү цагаар ажилласныхаа цалин хөлсийг хэрхэн тооцуулдаг вэ?” гэсэн асуулгад  судалгаанд оролцогчдын 438 буюу 82.6% нь огт тооцдоггүй гэж, 92 буюу 17.3% нь тодорхой хэмжээгээр урамшуулал хэлбэрээр тооцуулдаг гэж, 0 буюу 0% нь хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тооцож авдаг гэж тус тус хариулсан нь илүү цагийн цалин хөлсийг тооцож олгодоггүйг харуулж байна. Хүснэгтээр  үзүүлбэл:         

Хүснэгт. 2                        

Асуулт

Хариулсан тоо

Хувь

Огт тооцдоггүй

438

82.6

Тодорхой хэмжээгээр урамшуулал хэлбэрээр тооцуулдаг

92

17.3

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тооцож авдаг

0

0

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн “Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна[16]. Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна[17]. Ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна[18]” гэсэн заалтыг удирдлага болгон алба хаагч нарын  амрах эрхийг эдлүүлэх нь тэдний хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах, өндөр бүтээмжтэй ажиллах бололцоо нөхцөлийг бий болгож байдаг.          

Амралт нь  дараахи хэлбэрүүдтэй байж болно. Үүнд:    

  • Нэгээс доошгүй цагийн хугацаатай үргэлжлэх ажлын өдрийн завсарлага
  •  12 цагаас доошгүй хугацаатай үргэлжлэх ажлын хоёр өдрийн хоорондын завсарлага
  • 48 цагаас доошгүй хугацаатай үргэлжлэх долоо хоног бүрийн амралт
  • Ажлын 15 өдрөөс доошгүй хугацаагаар үргэлжлэх ээлжийн үндсэн болон нэмэлт амралт
  • 3,7,10,14 хоногийн хугацаатай үргэлжлэх нөхөн сэргээх амралт
  • Баяр ёслолын өдрүүдийн амралт зэрэг хэлбэртэй байна.

Цагдаагийн алба хаагч нь дээрхи хэлбэрийн амралтаа хууль ёсоор эдлэснээр хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх, чадвар алдалтыг багасгах, стрессээс гарах, сурч боловсрох, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, үр хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд болон эрүүл мэнддээ анхаарал хандуулах, эмчлүүлж сувилуулах, ар гэрийнхээ ахуй амьдралд туслах, амьдарч буй орчныхоо ая, тав тухтай байдлыг бий болгох зэргээр  нийгмийн асуудлаа шийдвэрлэх нөхцөл боломж бүрддэг.

Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг ажил албандаа зөв шударгаар хөдөлмөрлүүлэх,  алба хаагчийг урамшуулан тэтгэж үр бүтээлтэй ажиллах нөхцөл бололцоо, ажил амьдралын баталгааг бүрдүүлэх нь хүндээ чиглэсэн юу юунаас ч чухал зорилт болох юм.

Цагдаагийн байгууллагын тухай хуульд алба хаагчийн ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үүрэг бүхий алба хаагчид алба хаасан 2 жил тутамд ажлын 3 өдрийн, цагдаагийн бусад алба хаагчид алба хаасан 5 жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно гэсэн заалт нь алба хаагчдын ажлын нөхцөл, ачаалал, сэтгэл зүйн сөрөг нөлөөллийг багасгах зорилготой, зөв зүйтэй асуудал болсон боловч алба хаагчдаас тэр бүр ээлжийн амралтаа бүрэн эдлэх боломж бололцоо байхгүй байгаа нь судалгааны явцад ажиглагдаж байна.

Судалгаанд оролцогчдоос “Цагдаагийн байгууллагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор олгогдсон амралтаа бүрэн эдлэдэг эсэх?” асуултанд 56 буюу 10.5% нь бүрэн эдэлдэг гэж, 266 буюу 50.1% нь бүрэн эдлэж чаддаггүй  гэж, 138 буюу 26% нь ажлын шаардлагаар дуудагдаж ажилдаа ордог гэж, 60 буюу 11.3% нь өөрийн хүсэлтээр амралт дуусахаас өмнө ажилдаа ордог гэж, 10 буюу 1.8% нь дутуу амарсан ч ондоо багтаан гүйцээж амардаг гэж тус тус хариулсан байна.

Хүснэгт. 3

Асуулт

Хариулсан тоо

Хувь

Бүрэн эдэлдэг

56

10.5

Бүрэн эдлэж чаддаггүй

266

50.1

Ажлын шаардлагаар дуудагдаж ажилдаа ордог

138

26

Өөрийн хүсэлтээр амралт дуусахаас өмнө ажилдаа ордог

60

11.3

Дутуу амарсан ч ондоо багтаан гүйцээж амардаг

10

1.8

Дээрхи үзүүлэлтээс үзэхэд судалгаанд хамрагдсан алба хаагч нарын 464 буюу 87.5% нь ээлжийн амралтаа бүрэн эдлэж чаддаггүй нь судалгааны дүнгээс харагдаж байна.

 Энэ нь  нэг талаар цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны онцлогтой уялдан ажлын шаардлагаар офицер бүрэлдэхүүн цагдаа бүрэлдэхүүнээс бага цөөн хоног амарсан. Нөгөө талаар алба хаагч нарын удаан хугацааны амралт нь тэдгээрийн ар гэр, амьдрал ахуйд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан зэргээс шалтгаалан өөрсдийн санаачлагаар ажилдаа орсноор ээлжийн амралтаа бүрэн эдлэж чадаагүй зэрэг байдлаар илэрдэг байна.

Иймд  алба хаагч нарын ээлжийн амралтыг амралт үргэлжлэх хугацааны байдал, ажлын шаардлагыг харгалзан Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 79.4-р зүйлд заасан “ өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ хэсэгчлэн эдлэж болно” гэсэн заалтыг удирдлага болгон хэрэгжүүлж ажиллах нь алба хаагч нарынхаа ая тухтай амрах, ажиллах  нөхцөл боломжийг бүрдүүлэхэд тус дөхөм болох биз ээ.

Мөн түүнчлэн төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг бодиттой, үнэн зөв үнэлж дүгнэх нь нэг цагдаагийн алба хаагчид оногдох ажлын ачааллыг тооцон бүтэц, орон тоог нэмэгдүүлэхэд түлхэц болох ба ингэснээр нэг алба хаагчид оногдох ачаалал багасаж хуулиар олгогдсон амрах эрхээ бүрэн эдлэх боломж бүрдэнэ.  

Амрах эрхээ зохих ёсоор бүрэн эдлэж , биеийн хүчээ нөхөн сэргээж чадаагүй алба хаагч нар албан үүргээ гүйцэтгэж яваад алдаа эндэгдэл гаргах явдал цөөнгүй тохиолддог. Цагдаагийн албан хаагч  үүргээ гүйцэтгэж яваад алдаа гаргахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хүчин зүйл, нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь сайтар судлан тогтоож тэднийг албанаас халж цааш нь түлхэх бус, тангарагтаа үнэнч явсан шилдэг цагдаа гэдгээр нь хамгаалж өмгөөлж явцгаая.

Цагдаагийн хүнд , хэцүү албыг цагдаагаас өөр хэн ч хийж гүйцэтгэхгүй. Цагдааг цагдаагаас өөр хэн ч хайрлаж,  хамгаалж өмгөөлөхгүй. Энэ бүгдээс дараахи дүгнэлтийг хийж байна.

Дүгнэлт.      

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж ажилласнаар цагдаагийн алба хаагч болон тэдний гэр бүлийн нийгмийн асуудал тодорхой хэмжээгээр сайжрах, дээшлэх боломжтой болно.        

2. Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ хэрэгжүүлэхдээ тодорхой хугацаагаар баяр, амралтын өдрүүдэд илүү цагаар ажилласан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллахад анхаарч, төсөвд тодотгол хийх замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах.

3. Ямар ч нөхцөлд цагдаагийн алба хаагчийн ээлжийн амралтыг биечлэн  бүрэн эдлүүлдэг байх боломж нөхцлийг бий болгох.           

4.Цагдаагийн алба хаагч нарын эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг бүрэн хангасан цогц хуулийг шинэчлэн батлан хэрэгжүүлэх зэрэг ажлыг удирдлага зохион байгуулалтын хувьд хийх нь цагдаагийн албан хаагчийн эрх зүй, нийгмийн хамгаалалтыг боловсронгуй болгоход бага ч гэсэн тус дөхөм болох буй заа. 



[1] Монгол Улсын Төрийн албаны тухай хууль. 2002 он. 3 дугаар бүлэг.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. “Төрийн захиргааны алба хаагчийн тангараг”.

[2] Монгол Улсын Шүүхийн тухай хууль. 2002 он. 4 дүгээр бүлэг. 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. ”Шүүгчийн тангараг”  

[3] Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хууль. 2002 он. 5 дугаар бүлэг. 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. “Прокурорын тангараг”

[4] Монгол Улсын Цагдаагийн байгуулагын  тухай хууль. 1993 он. 4 дүгээр бүлэг. 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. “Цагдаагийн тангараг”  

[5] С.Нарангэрэл. Эрх зүйн эх толь бичиг. УБ. 2007 он. 556 дах тал

[6] Монгол Улсын Төрийн албаны тухай хууль. 2002 он. 3 дугаар бүлэг.11 дүгээр зүйлийн 6 дах хэсэг.  

[7] Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. УБ. 1966 он. 424 дэх тал “биедээн дааж авсан хариуцан гүйцэтгэх зүйл” 

[8] Мөн бүтээлийн  174 дэх тал “гүйцэтгүүлэхээр өгсөн үүрэг”    

[9] Мөн бүтээлийн  562 дах тал “албаар тогтоож заасан заавар”

[10]Мөн бүтээлийн  271 дэх тал “тушаалын нэг хэлбэр ”               

[11]Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль. 1999 он. 1 дүгээр бүлэг. 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг.              

[12] Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь. УБ. 1966 он. 765 дах тал . “ аливаа юмыг хийж үйлдэхэд хэрэглэгдэх юмс”

 юмс”

 

 

 

[14] Мөн бүтээлийн 39 дэх тал. “биеийн хүчийг сэргээхээр албач ажил хийхгүй сул байх үе”

[15] Д.Алтангэрэл. Англи Монгол толь. УБ. 2002 он. 428 дах тал. ”robotlroub t-робот-автомат”

[16] Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль. 1999 он. 5 дугаар бүлэг. 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг.

[17] Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 2 дах хэсэг.

[18] Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 3 дах хэсэг.  

 

  • 2013-04-02
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх