2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

“ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЧИН, ТҮҮНИЙ ШИНЭТГЭЛ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТОЙМ

Энэ судалгааны ажлыг Цагдаа судлалын төвөөс ЦЕГ-ын Хуулийн хэлтэстэй хамтран гүйцэтгэсэний зэрэгцээ манай их сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нарын оролцоотойгоор хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны үр дүнгээс тоймлон нийтэлж байна.

Хамрах хүрээ: Судалгаанд цагдаа, дотоодын цэргийн төрөл, мэргэжлийн 15 байгууллага болон 20 аймаг, 8 дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, нийт 43 нэгж хамрагдав.

Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын 4874 алба хаагч, 3068 иргэнээс санал асуулгаар судалгаа авч, үр дүнд боловсруулалт хийж, тайланд тусгалаа. Цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын 65 хувь нь буюу гэмт хэрэгтэй тэмцдэг, нийгмийн хэв журам сахиулж ажилладаг алба хаагчид судалгаанд голлон хамрагдснаараа давуу тал болов. Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсээр дамжуулан 3068 иргэнээс цагдаагийн байгууллагад өгөх үнэлгээ, саналыг авсан нь өргөн цар хүрээг хамарсан гэж үзэж байна.

Судалгааны арга зүй: Судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улсын Дээд Шүүхийн Судалгааны төв, АТГ, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас холбогдох мэдээ, мэдээлэл, материалыг цуглуулан авч ашигласан бөгөөд анкет асуулга, фокус болон хэсэгчилсэн ярилцлага, баримт бичиг, математик, статистикийн аргуудыг ашиглалаа.  Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн, цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүй, үйл ажиллагааг сайжруулах талаар 2007, 2008, 2012 онд хийгдсэн судалгааны ажлын тайланг ашигласан болно.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад эх сурвалжаас судалгааны ажилтай холбоотой мэдээлэл авч, дүн шинжилгээ хийхдээ Хууль зүйн салбарын болон Цагдаагийн байгууллагын шинэтгэлийн бодлого, хөндөгдөж буй асуудалтай уялдуулан авч үзлээ.  

Судалгааны тайлангийн бүтэц:

  • Оршил;
  • Судалгааны зохион байгуулалт, арга зүй;
  • “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, үйл ажиллагааны орчин, түүний шинэтгэл” сэдэвт судалгааны дэд тайлан;
  • “Цагдаагийн байгууллагын техник хэрэгслийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал” судалгааны дэд тайлан;
  • “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчинд хийсэн дүн шинжилгээ” судалгааны дэд тайлан;
  • “Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга зам” судалгааны дэд тайлан;
  • Нэгдсэн дүгнэлт, санал зөвлөмж;
  • Хавсралт зэргээс бүрдэж, нийт 225 хуудас болно.

Судалгааны ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчил, тэдгээрээс гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон, гэмт хэргийн халдлагад өртсөн байдал, түүний шалтгаан нөхцөл, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны орчин, эрх зүйн зохицуулалт, шинэтгэлийн асуудал болон төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагын техник хэрэгслийн хангалт, цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, эргүүлийн үйл ажиллагааны талаар судалгаа хийж, боловсронгуй болгох зарим асуудлыг хөндөв.

Монгол Улсын Төр, засгаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Хууль зүйн салбарын нээлттэй бодлоготой уялдуулан цагдаагийн байгууллагын шинэтгэлийг хэрэгжүүлэхэд ямар асуудлыг нэн тэргүүнд хэрэгжүүлвэл зохистой байх талаар санал, дүгнэлтийг ч дэвшүүлсэн болно.

Энэхүү судалгааны тайлан, үр дүн нь Цагдаагийн байгууллагын тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай, Мөрдөх албаны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулан, батлуулахад зохих хэмжээнд судалгааны үндэслэл болох боломжтой.

Судалгааны тайланд тусгагдсан дүгнэлт, санал нь цагдаагийн байгууллагын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй байж болох бөгөөд судлаачдын зүгээс хийсэн үнэлэлт дүгнэлт юм.

Судалгааны үр дүн, санал зөвлөмжийг тоймлон авч үзэв. Үүнд:

Нэг. Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, үйл ажиллагааны орчин, түүний шинэтгэлийн хүрээнд:

- Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйлдэл, тухайлбал сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, гэмт хэрэгт холбогдсон талаарх гомдол, мэдээллийн тоон үзүүлэлт, нийгэм дэх хандлага нь сүүлийн жилд нэмэгдсэн хэдий ч цагдаагийн алба хаагч ёс зүйн зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн явдал бодит байдал, тоон үзүүлэлтийн хувьд буурсан байна.

Энэ нь цагдаагийн алба хаагчийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээлэл авах талаар өргөн хүрээнд сурталчилгаа явуулсан нь гомдол, мэдээллийн тооны өсөлтөд нөлөөлсөн байх талтай. Судалгаагаар цагдаагийн алба хаагчийн сайн үйлс, сайн талыг ч илүү өргөн хүрээнд сурталчлах зүйтэй нь ажиглагдаж байв.

Нөгөө талаас, цагдаагийн байгууллагад дээд боловсролтой хүмүүс авч, ажиллуулж эхэлсэн нь ёс зүйн зөрчил буурах эхний үр дүн болжээ.   

- Ёс зүйн зөрчил гаргасан байдал буурсан хэдий ч цагдаагийн алба хаагч танхайрах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэм зөрчих, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, мөн архидан согтуурах зэрэг байдлаар сахилга, ёс зүйн зөрчил нэлээдгүй гаргажээ. Үүнд онцгой анхаарал хандуулах нь ойлгомжтой.

ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн мэдээгээр 2008-2012 онд 876 алба хаагчид холбогдох эрүүгийн хэрэг ЭБШХуулийн 24, 25, 208 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр 462 нь хэрэгсэхгүй болж, (үүний дотор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 112 нь хэрэгсэхгүй болсон), шүүхээр 88 алба хаагчид холбогдох эрүүгийн хэрэг шийтгэгдсэн байна.

АТГ-аас цагдаагийн алба хаагчдын 2008-2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж, 25 алба хаагчид зохих хариуцлагыг тооцуулсан, мөн хугацаанд харъяаллын дагуу цагдаагийн алба хаагчтай холбоотой 27 гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шийдвэрлэжээ.

            УДШ-ийн мэдээллээр 2002-2012 онд цагдаагийн 449 албан хаагч гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгэгдсэн байна. Гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгэгдсэн цагдаагийн албн хаагчдын холбогдох нийт хэргийн 69 хэргийг хэрэгсэхгүй болгож, 227 хэрэгт хорих, 30 хэрэгт баривчлах, 51 хэрэгт торгох, 29 хэрэгт албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ. Мөн 28 алба хаагчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг, 10 алба хаагчийн албан тушаал эрхлэх эрхийг, 2 алба хаагчийн төрийн албанд ажиллах эрхийг, тус бүр 1 алба хаагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, мөрдөн байцаагчийн ажил эрхлэх эрхийг тус тус хасч, шийдвэрлэжээ.

Цагдаагийн алба хаагч ёс зүйн зөрчил гаргах, ёс зүйн хэм хэмжээг зөрчих явдал багагүй байна, ялангуяа танхайрах, архидан согтуурах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам зөрчих, иргэдтэй, бусадтай зүй бус харьцах, харилцааны зарим дутагдал гаргах, бусдын биед гэмтэл учруулах, албаны нэр төрөөр далайлган, албан тушаалын байдлаа урвуулах нь цөөнгүй байгаа төдийгүй, аль болох хуурч, аргалах, өөрт ашигтай байдлаар төрийн ажлыг хийх, шударга бусаар ажиллах хандлагад зарим алба хаагч автагджээ.

- Цагдаагийн алба хаагчдыг доромжлох, дарамтлах, тэдний хууль ёсны шаардлагыг иргэдийн зүгээс эсэргүүцэх, хүч хэрэглэх, амь биед нь халдах зэрэг үзэгдэл сүүлийн үед багагүй гарах болсон.

Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх эрх зүйн болон үйл ажиллагааны орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх үндсэн ажилтай холбогдолгүй үүргийг хуулиар хариуцуулж, цагдаагийн байгууллагын хүн хүчийг тарамдуулж, оролцох ёсгүй зүйлд оролцуулах, түүнээс улбаалан алба хаагчийн нэр хүндийг олон нийтэд унагадаг асуудал байна. Тухайлбал, автомашины татвар хураахад, газар чөлөөлөх, албадан нүүлгэхэд оролцож байгаа нь цагдаа иргэдийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

            - Цагдаагийн алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг найдвартай хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй, тэднийг хамгаалах, дэмжих удирдлагын болон үйл ажиллагааны зөв менежмент ч хэрэгцээтэй байгаа төдийгүй алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг дээшлүүлэх асуудал нэн чухал болжээ.

Цагдаагийн алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх үедээ аргагүй хамгаалалт хийсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу баривчлах ажиллагааны явцад хохирол учруулсан талаар гэм буруугүйд тооцсон практик байхгүй байна.Үүнээс үзэхэд Хууль сахиулах үйл ажиллагааны болон Гэмт хэргийн тухай хуульд энэ асуудлыг тусгах нь зүйтэй.

2008-2012 онд захиргааны зөрчлийн халдлагад 552, гэмт хэргийн халдлагад 235 цагдаагийн алба хаагч өртсөн, 973 алба хаагч эрүүл мэндээрээ хохирсон, 1960 оноос хойшх хугацаанд албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдийн болон бусдын гарт өртөж, авто осолд орж 59 алба хаагч амь насаараа хохирсон нь харамсалтай явдал юм.

Цагдааг хамгаалдаг эрх зүйн зохицуулалтгүй, өмөөрдөг дарга нар ховор гэдэг нь ярилцлагын судалгаанаас давхар нотлогдож байв. Зарим дарга нь хамгаалахын оронд сахилгын арга хэмжээ авахыг эрмэлздэг гэж байв.

Цаашид Хууль зүйн яамны 2012-2016 онд хийх ажлын хүрээний төлөвлөгөөнд тусгагдсан “Цагдаагийн алба хаагчийн эрсдлийн менежмент-ийг боловсруулан мөрдүүлэх нь зайлшгүй болжээ. Судалгааны тайлангаас харахад цагдаагийн алба хаагчдын ажлын стресс хэт их учраас бусадтай харьцахдаа харьцааны доголдол зөрчил их гардаг, ёс зүйн дутагдалд ордог, эрх зүйн хамгаалалт сул байдгаас өөрийн хийж гүйцэтгэх үүрэгтээ итгэл үнэмшил сул, хайнга ханддаг нь харагдаж байна.

            - Эрх зүйн орчныг шинэтгэхийн зэрэгцээ бүтэц, зохион байгуулалтаа оновчтой болгож төлөвлөх, зохион байгуулах онцгой асуудал юм. Иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах чиг үүргээ хэрэгжүүлэхэд голлон анхаарал хандуулахад цагдаагийн үйлчилгээг нэгжрүү түлхүү чиглүүлэх, анхан шатны нэгжийг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

- Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн дүрмийг шинэчлэн олон улсын цагдаагийн байгууллагын стандартад нийцүүлэх, салбарын сайдаар батлуулан, дотоод хяналтыг боловсронгуй болгох [1], үүний хэрэгжилтэд олон нийт, иргэдийн хяналтыг түлхүү оруулах зүйтэй нь ажиглагдаж байв.

Цагдаагийн алба хаагчдын ёс зүйг сайжруулахын тулд цагдаад тогтвортой ажиллах чин сэтгэлтэй, чадвартай хүнийг сонгон авах, дадлагажуулах, сургах, төлөвшүүлэх, ажиллах нөхцөл бүрдсэн орчинд ажил хийлгэх, ажлын ачааллыг багасгах, ажлын байранд үүсдэг “стресс”-ийг бууруулах, арилгах, цагдаа дахь архидалтыг[2] нийтээрээ таслан зогсоох, авлига, хүнд сурталгүй шударга ажиллах сэтгэхүйг суулгах, шинэчлэх саналууд туссан.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэмд заасан хүлээлгэх хариуцлагыг өөрчилж, сахилгын шийтгэл бус ёс суртахууны шийтгэл хүлээлгэж байх, цагдаагийн ёс журмын албаны бүтэц, гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт оруулж, энэ албанд иргэдийн оролцоог оруулах, эсвэл энэ албыг энгийн хүмүүсээр бүрдүүлж ажиллуулах;

Үүний ач холбогдол нь цагдаагийн байгууллагын хүрээнд ажил үүргээ гүйцэтгэхэд хараат бус, мөн энгийн хүний нүдээр зөрчлийг олж харах, ёс журмын эргүүл дан ганц зөрчлийн хойноос хөөцөлдөх бус зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, цагдаагийн алба хаагчдын ёс зүйг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх талаар олон талт арга хэмжээг явуулдаг байх;

Цагдаагийн байгууллагын эрх зүйн орчин, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, ажиллах арга хэлбэрээ шинэчлэх, өөрчлөхийн зэрэгцээ сэтгэлгээний өөрчлөлт хийх нь юу юунаас илүү чухал байх нь ойлгомжтой.

Мөн ХСИС-д хууль сахиулагч, үүний дотор цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэх явцад дан ганц ёс зүйн хичээлээр ёс зүйг ярих бус бүх хичээл, мэргэжилтэй нь ёс зүйг холбож уялдуулж, зааж байх, “Гоо зүйн мэдлэг”-ийг нэмж оруулах, (Хүн байхын учир утгыг ойлгуулах, хэрхэн аз жаргалтай байх, ажилдаа үнэнч байж амьдрахыг ухааруулах гэх мэт).

- Судалгаанаас дунд шатны удирдах ажилтан үүрэг дамжуулагч болсон, ажлаас хөндий байх хандлагатай болж, гүйцэтгэх болон доод шатны алба хаагчдын ажлын үр дүнгээр явж байна гэсэн санал дүн гарсан нь оргүй биш байна. Удирдах ажилтны тоог цөөлөх, чиглэлийн ахлах, хэсэг, тасаг, хэлтсийн дарга нарыг ажил гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах цаг болжээ. Ажлаа мэддэг, чаддаг, хамт олноо удирдан манлайлах чадвартай, ёс зүйтэй хүнийг л удирдах албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах нь учиртай.

- Цагдаагийн алба хаагчдын нийгэм, эдийн засаг, улс төрийн баталгааг дээшлүүлэх, цалинг нэмэгдүүлэх, шагнал, урамшууллын механизм бүрдүүлэх, Хууль сахиулагчийн онцлогийг илэрхийлсэн шинэ имиж бүхий албаны дүрэм хувцастай болох, орон сууцны хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх шинэтгэлийн гэмээр саналыг ч хөндөгдсөн.

- Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, байцаагч, нэгжид ажиллах нөхцөл боломжийг сайжруулах ажлыг давхар авч үзэх нь зүйтэй байв.

Хоёр. Цагдаагийн байгууллагын техник хэрэгслийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

- Цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдээллийн технологийн ололт дэвшил нэвтэрч, нэгжүүдээ сүлжээнд холбогдсон, нэгдсэн программ хангамж, систем ажиллуулж эхэлсэн нь том амжилт бөгөөд одоо үүнийгээ “үйл ажиллагааны үр дүнг хурдасгасан, хөнгөвчилсөн систем болгох” шаардлага харагдаж байна.

- Цагдаагийн байгууллагын мэдээллийн технологийг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх, өнөөгийн стандарт хэрэгцээ, шаардлага хангасан компьютер, техник хэрэгслээр алба хаагчдаа бүрэн хангах, тэр хэмжээгээр алба хаагчдаа сургах хэрэгцээ байна.

- Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ биелүүлэхэд нэг бүрийн тусгай техник хэрэгсэл шаардлагын хэмжээнд хүрч хангагдаггүй, гадаад улсын цагдаагийн байгууллагад ашиглагддаг тусгай хэрэгслээр төдийлөн хангагдаагүй буюу “алба хаагч нүцгэн гараар” гэмт хэрэгтэй тэмцэж байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Мөн албан үүргээ гүйцэтгэж явах үедээ эрсдэлд оруулах магадлалыг албаны тусгай хэрэгсэл, тэр тусмаа хамгаалах тусгай хэрэгсэл “байхгүй”-тэй адил байдаг нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна.

- Цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үед ашиглагдах зориулалтын тоноглолтой автомашин, тусгай хэрэгсэл байхгүй нь иргэд, байгууллага, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бүрэн баталгаа алга.

Иймд гадаадын хөгжилтэй улсын цагдаагийн байгууллагад ашиглагддаг тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын автомашинаар хангагдах, алба хаагчдыг стандартын шаардлага хангасан хамгаалах хувцас, хэрэгслээр хангах явдал чухал.

- Цагдаагийн байгууллагын шинэтгэлийн хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлогоор эрчимтэй нэвтрүүлэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд шинжлэх ухаан, техник технологи, инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах нь ойлгомжтой. “Максима” судалгааны төвөөс болон бусад хийгдсэн судалгааны тайлангуудад гэмт хэрэгтэй тэмцэж, илрүүлж буй арга хэлбэр нь хуучнаар явж байгааг дурьдсан байдаг.

Тухайлбал, гэмт хэрэг илрүүлэхэд шинэ техник, технологи нэвтрүүлэх, шинэ арга аргачлал нэвтрүүлэх нь зүйтэй. Цагдаагийн бүхий л үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн дээр төлөвлөж, практикт нэвтрүүлэх буюу шийдвэр гаргаж байх нь эрсдлийг тооцсон оновчтой шийдвэр байх боломжтой.

Гурав. Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах арга замын хүрээнд:

- Цагдаагийн байгууллага анхан шатны нэгж бол цагдаагийн хэсэг, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч юм. Цагдаагийн анхны дүр төрх буюу ард иргэдтэй ойр ажиллаж байдаг цагдаагийн байгууллагын “имиж”нь болсон хэсгийн байцаагчийн ажлын ачааллыг багасгах шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрч байна

Иймд цагдаагийн имиж болсон энэ чухал албан тушаалд ажиллаж буй эдгээр алба хаагчид судалгаанд оролцохдоо нэргүй, үр дүнгүй, үнэлэмж багатай ажил хийдэг, тогтвор суурьшилгүй, харьцах далайц хүрээ багатай ажил гэж байсан бөгөөд хэсгийн байцаагчийн албан тушаалд чадвартай, хүнийг тогтвортой, үр дүнтэй ажиллуулахын тулд бусад албан тушаалаас цалинг нь өндөр болгох, албан тушаалын эрэмбийг нь нэмэгдүүлэх оновчтой  байж ч магадгүй гэж харагдаж байв.

Хэсгийн байцаагч, хэсэг дэх нутаг дэвсгэртээ л цагдаагийн эзэн нь байх зарчмыг бодит ажил хэрэг болгох.

- Судалгаа хийж байх үеийн нөхцөл байдлаар “хэсгийн байцаагчийн хууль, журам, тушаалаар хүлээсэн үүрэг хэт олон, олон төрлийн ажил хийдэг, ажлын ачаалал ихтэй, ажлын үнэлэмж байхгүй, тухайн хэсэг дээрээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн хэмжээнд хэрэгжүүлж чаддаггүй, хэрэгжүүлж ч амьжхааргүй орчин бүрдсэн байв”. Хэсгийн байцаагчийн ажлын зураг авалт, хийсэн фокус ярилцлагаас энэ байдал дүгнэгдэж байв.

- Цаашид хэсгийн байцаагчаар хөнгөн гэмт хэрэг шалгуулахгүй байх, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хөдөлгөөнт эргүүлтэй нягт хамтран ажиллуулах, урьдчилан сэргийлэх ажилд нь түлхүү чиглүүлэхэд голлон анхаарах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарав.

- Мөн хэсгийн байцаагч, төлөөлөгчийн албан контор, орон байр, унаа хөсөг, ажиллах бусад нөхцөл хангагдсан байх ёстойг онцлон анхаарах.

Дөрөв. Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга замын хүрээнд:

- Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд эргүүл, харуулыг зохион байгуулж ирсэн. 2008 онд Хөдөлгөөнт эргүүлийн газрыг байгуулсан нь иргэдийн талархлыг ихээхэн хүлээжээ. Гэвч явган эргүүлийг нэмж өгсөн, цаашлаад цаг хугацааны шалгуураар тухайн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, менежментээс шалгтаалаад иргэдийн зүгээс, удирдлагын зүгээс өгсөн үнэлгээ нь өөрчлөлт, шинэчлэлтийн үндэслэл болжээ.

- Цагдаагийн байгууллагыг нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулах, эргүүлийн үйл ажиллагааг нэгжид нь тархаан байрлуулах, Улаанбаатар хот, төвлөрсөн хот суурингуудад явган эргүүлийн зэрэгцээ хөдөлгөөнт эргүүлийг оновчтой зохион байгуулах. Улирлын онцлог, газар нутгийн онцлогийг харгалзан мотоцикль, морьт эргүүлийг зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Нийслэл хотод гэхэд хүн амын өсөлт сүүлийн 11 жилийн дотор ердийн өсөлтөөр 124.0 мянган хүнээр, механик өсөлтөөр 288.0 мянган хүнээр тус тус огцом өсч, иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр хот руу шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, нийслэлийн нийт хүн амын 94.6 хувь нь төвийн 6 дүүрэгт оршин сууж хэт төвлөрөлт бий болж байна. Нийслэлд 40 гаруй хотхон сүүлийн 5 орчим жилийн дотор шинээр баригдан ашиглалтанд орж, үүний зэрэгцээ гэр хороололд Нийслэлийн хүн амын 62.0 хувь нь оршин сууж, тэлэлт жил ирэх бүр нэмэгдэж байгаагаас цагдаагийн тасаг, хэсэг, эргүүлийн чиглэл  байршуулахад хүн, хүч дутагдалтай,  бүтэц, зохион байгуулалт оновчтой бус, иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь эрүү, хэв журмын нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл одоо болтол цагдаагийн байгууллагын орон тоо нэмэгдээгүй байгаа нь эргүүлийн цагдаагийн алба хаагчдад хүндээр туссан хэвээр байна.

- Цагдаагийн байгууллагын хэмжээнд хөдөлгөөнт, явган, мотоцикльт, морьт, нохойт эргүүл тохиромжтой, харин завьт болон дугуйт эргүүл зохимжгүй гэж судалгаагаар гарчээ.  

- Хөдөлгөөнт эргүүлийг хэсгийн цагдаа, хэсгийн байцаагчтай нягт уялдаатайгаар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж байв.

- Гудамж талбай, олон нийтийн газрыг бүрэн камержуулах, албан газруудыг мөн камержуулах, камерын хяналтын нэгдсэн системтэй байх, (Нэг газраас төвлөрсөн байдлаар камераар хянадаг байх, шаардлагатай бол орон нутгийн камерын кодруу ороод хянадаг, бичлэг үздэг байх боломжийг бүрдүүлэх);

- Цагдаагийн эргүүлийн машинд GPS төхөөрөмж суурилуулах, дуудлага мэдээллийг түргэн шуурхай авах, үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх;         

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран гудамж, айлуудын хаягжилтыг цогцоор шийдвэрлэх шаардлага байгаа нь судалгаанаас дүгнэгдэж байлаа.

- Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллага, алба хаагчдаас иргэдэд чанартай жигд хүртээмжтэй, шуурхай үйлчлэх, цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны жишиг норматив болох 100000 хүртэл хүн ам тутамд дүүргийн цагдаагийн хэлтэс нэг,  алба хаагчийн нийт орон тоонд 75-аас доошгүй хувийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах шууд үүрэг бүхий ажилтан эзлэх, 4000 хүн ам тутамд хэсгийн байцаагч, нийслэлийн хороо бүрт эрүүгийн төлөөлөгч, цагдаа, 15000 хүн ам тутамд хоёроос доошгүй хэв журмын эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн.Иймээс уг тогтоолын хэрэгжилтийг хангаж, цагдаагийн орон тоог нэмэх шаардлага байна.

Судалгааны эцсийн үр дүнд цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тогтоол, шийдвэрийг Засгийн газраас гарган эрчимжүүлж, хүч өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Төрийн ордонд 2011 оны 6 дугаар сард зохион байгуулсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” Үндэсний чуулганаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар гаргасан санал, зөвлөмжид тусгагдсан ажлыг бодит ажил хэрэг болгохыг цаг үе шаардаж байна.[3] Үүнд:

- Монгол Улсын цагдаагийн байгууллагын шинэтгэлийн үзэл баримтлал, цагдаагийн үйл ажиллагааны номлолыг дэмжин батлах;

- Цагдаагийн алба хаагчдын цолны зэрэглэл, ангиллыг ажил үүргийн нэрээр өөрчлөх, үйлчилгээний байгууллага болгох, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдлыг хянах, авч хэлэлцэх иргэдийн бүрэлдэхүүнтэй хороо байгуулах;

- Эх оронч үзэл, цагдаагийн албаны нэр хүнд, цагдаагийн ажилтны тангараг, дүрэмт хувцас, үнэмлэх, энгэрийн тэмдэг, түүхэн уламжлал, суут хүмүүсийн сургааль үгс зэргээс цагдаагийн ажилтны ямагт эрхэмлэх үнэт зүйлсийг бүрдүүлэн, цагдаагийн ажилтны ажил, амьдралд хэвшүүлэх, цагдаагийн ажилтны талаарх эерэг имиж бүрдүүлэх;

- Цагдаагийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг гэмт хэргийг урьдчилан сэргийлэх ажил болгон, иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, улмаар тухайн тодорхой нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчилд өртөхгүй, хохирохгүй байх баталагаа өгдөг байх;

- Цагдаагийн байгууллага, ажилтны ажлыг үнэлж, дүгнэх тогтолцоог үндсээр нь өөрчлөх, шагнал, урамшуулал, хариуцлага тооцох, албан тушаал дэвших карьерын шударга тогтолцоог бий болгох зэрэг уг санал, зөвлөмжид тусгагдсан маш олон арга хэмжээний зарим нь биелэгдсэн, нөгөө хэсэг нь биелэгдэх шатандаа байгаа эдгээр төрийн бодлогын шинжтэй арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь нэн чухал.

Энэхүү судалгааны ажлыг хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа С.Жанцангаар ахлуулсан судалгааны баг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнд нэр бүхий 17 эрдэмтэн, судлаачид, ажилтан[4] хамтран ажилласан.

Судалгааны багийн бүрэлдэхүүн

Овог, нэр

Албан тушаал

Оролцсон хэлбэр

 

СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗӨВЛӨХ

  1.  

Ц.Цэрэндорж

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал бөгөөд Шинжлэх ухаан технологийн газрын дарга, удирдахуйн ухааны доктор, профессор, хурандаа

Судалгааны ажилд зөвлөхөөр ажиллаж, хэрэгцээ шаардлагыг хангасан чанартай тайлан гаргахад удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажилласан.

 

СУДАЛГААНЫ БАГИЙН АХЛАГЧ

  1.  

С.Жанцан

ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа

Судалгааны ажлыг удирдаж, байгууллага, багш, эрдэмтдийн оролцоог хангах, судалгааны явцыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллав.

 

СУДАЛГААНЫ БАГИЙН ГИШҮҮД

  1.  

Б.Мөнхдорж

ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, докторант, цагдаагийн ахмад

Судалгааны ажлыг хийх, боловсруулалт, дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах, хэвлүүлэх үндсэн ажлыг хийж гүйцэтгэв.

  1.  

Б.Мөнхсэргэлэн

ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, магистр, цагдаагийн дэслэгч

  1.  

Г.Оюунболд

ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, докторант

  1.  

А.Отгонбаяр

ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч

  1.  

Ц.Нямдорж

ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээ судлалын төвийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор, цагдаагийн хурандаа

“Цагдаагийн байгууллагын техник хэрэгслийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал” сэдэвт судалгаа хийж, дэд тайлан боловсруулав.

  1.  

Б.Баянмөнх

ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн багш, докторант, цагдаагийн ахмад

Магистрант Г.Сарангоо

“Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчинд хийсэн дүн шинжилгээ” сэдэвт судалгаа хийж, дэд тайлан боловсруулахад оролцов.

  1.  

Д.Бямбадорж

ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн багш, докторант, цагдаагийн ахмад

Цагдаагийн байгууллагын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, цагдаагийн эргүүлийн үйл ажиллагааны талаар 300 иргэнээс санал асуулга явуулав.

  1.  

Г.Ганбаатар

ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн захирал, докторант, цагдаагийн хурандаа

“Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга зам” судалгаа хийж, дэд тайлан боловсруулахад оролцов.

  1.  

Б.Пүрэвсайхан

ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн багш

  1.  

Х.Ганбаатар

ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн ажилтан, цагдаагийн ахлагч

Судалгааны эх сурвалжийг цуглуулах, анкет асуулгаар судалгаа авах, түүнийг нэгтгэх, үр дүнг боловсруулахад оролцов.

Судалгааны эх сурвалжийг цуглуулах, анкет асуулгаар судалгаа авах, фокус ярилцлага зохион байгуулах, ярилцлага хийх, зарим асуудлаар дүн шинжилгээ, боловсруулалт хийх зэргээр гар бие оролцож, ихээхэн дэмжлэг үзүүлсэн хүмүүст талархал илэрхийлье. 

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Ганбаатар судалгааны ажил явуулахад удирдлага, зохион байгуулалтын түвшинд дэмжиж, ЦЕГ-ын Хуулийн хэлтэс, Дотоод хяналт шалга

  • 2013-03-26
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх