2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах орчин үеийн аргууд

 ТА МАНАЙ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ

Аливаа судалгааг явуулахад түүнийг онолын ямар үзэл баримтлалаар хийх вэ гэсэн  ерөнхий зөвшилцөл, нэгдсэн ойлголт байдаггүй нь бэрхшээлтэй. Энэ нь олон зүйлээр илэрдэг. Тухайлбал онол хаана ямар үүрэг гүйцэтгэх вэ? Үйл ажиллагааг ямар дарааллаар, ямар уялдаатай явуулах вэ? гэдэг дээр өөр өөр санаа бодол байдаг. Нэг хэсэг нь дүн шинжилгээ  хийж эхлэхээсээ өмнө бүхий л мэдээллийг цуглуулсан байх ёстой гэж үздэг.  Харин зарим нь мэдээлэл цуглуулах шинжлэх нь зэрэгцэн хийгдэнэ гэж үздэг. Эдгээр ялгаа нь өнөөг хүртэл нөлөөг үзүүлсээр байгаа үндсэн 2 ойлголтоос үүдэлтэй юм.    

Эхнийх нь  позитивист, байгалийн шинжлэх ухаанд сурилсан, таамаглал дэвшүүлээд задлан шинжлэх тоон эсвэл бүр зүгээр л “ Шинжлэх ухааны үндэслэлтэй” гэх мэт янз бүрээр нэрлэгддэг ойлголт, нөгөө нь тайлбарлагч /Интерпретив/ этнографын эсвэл чанарын гэх мэтээр нэрлэгддэг ойлголт юм.[1]

“Шинжлэх ухааны үндэслэлтэй” арга нь голдуу онолоос эх авдаг гэж үздэг. Онол гэдэг нь үйл явцын хоорондын ерөнхий харилцаа холбоог дэвшүүлэх замаар мэдлэгийг тоймлон, зохион байгуулсан ерөнхий мэдэгдэл, томъёолол юм. Онол сайн бол олон тооны үйл явдлыг хамарч арай тохиолдоогүй байгаа эсвэл ажиглагдаагүй байгаа үйл явдлыг урьдчилан хэлж өгдөг. “Шинжлэх ухааны үндэслэлтэй” гэдгийг хашилтанд хийж байгаа нь энэ бол шинжлэх ухаан болон шинжлэх ухааны аргын талаарх харьцангуй тогтсон зөвхөн нэг тайлбар шүү гэдгийг анхааруулах зорилготой юм. “Шинжлэх ухааны үндэслэлтэй” гэх арга барил нь дараалсан 5 үе шатнаас бүрддэг гэж үздэг. Үүнд:

  1. Онолоос таамаглал /2 ба түүнээс олон үйл явдал, ойлголтын хоорондын харилцааны талаар туршин үзэж болохуйц санал дэвшүүлэх/ гаргах
  2. Таамаглалаа тодорхой 2 хувьсагчийн харилцаа байдлаар илэрхийлэх /өөрөөр хэлбэл эдгээр хувьсагчийг хэрхэн хэмжихийг тодорхой заах/
  3. Энэхүү таамаглалаа шалган турших. Үүний тулд туршилт эсвэл эмпирик судалгааны бусад хэлбэрийг ашиглана.
  4. Гарсан тодорхой үр дүнг шинжлэн үзэх. Тэр нь онолыг нотолсон байна эсвэл сайжруулсан байна гэдгийг харуулж өгнө.
  5. Шаардлагатай бол олж мэдсэн үр дүндээ тулгуурлан онолд өөрчлөлт оруулна. Дараа нь тэрхүү өөрчилсөн онолоо дахин шалгахын тулд эхний алхам руу очиж, орчилыг бүхэлд нь дахин давтах оролдлого хийнэ.

Ийм дэс дараалал бүхий тодорхой зааглагдах үе шат бүхий загвар нь практик дээрх шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үйл явц гэхээсээ судалгааны аргын тухай сурах бичиг сэтгүүлд илүүтэй тусгагдсан байдаг. Гэтэл орчин үед шинжлэх ухааны судалгааны баримт бичгийг зарим тохиолдолд харах хэрэг байхгүй учир нь тэд дүрслэн үзүүлж буй зүйлийнхээ үндэслэлийг нуун далдлаад зогсохгүй идэвхитэй байр сууринаас буруу тайлбарласан байдаг /Мидавар, хуудас 169/. Бодит амьдралын судалгаа нь бодит амьдралын замбараагүй байдлыг ч давж гарч чаддаггүй.

Тайлбарлагч арга барил:  энэ аргын хамгийн том ялгаа нь онол ойлголтыг судалгааны явцад бий болгох хандлагатай байдагт оршино. Онол ойлголтыг тоо баримт мэдээлэл цуглуулахын өмнө биш хойно бий болгоно. Иймээс түүнийг ихэвчлэн /таамаглалыг шалгах турших биш/ “таамаглал бий болгох” судалгаа гэж үздэг. Түүнчлэн тус арга барилын хувьд мэдээлэл цуглуулах дүн шинжилгээ хийх нь заавал тусдаа явагдах албагүй байдаг. Мэдээлэл тоо баримт цуглуулах эхний үе шатны дараа дүн шинжилгээ хийж гарсан үр дүнгээс нь хамаарч дараагийн шатанд ямар тоо баримт цуглуулахаа шийддэг. Энэхүү орчил нь хэд хэдэн удаа давтагдана. Онолын эхний суурь эхэн үед тавигдаж үйл явц үргэлжлэхийн хэрээр цаашид улам боловсронгуй болж, шалгагдаж байдаг.

Спредли /1980/ тайлбарлах арга барил бүхий судлаачдыг газрын тосны инженер болон хайгуулчтай зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл орчин үед хийгдэж байгаа судалгаа нь нөлөөллийн шинж чанартай байхыг шаардаж /шийдвэр гаргагчдад нөлөөлөх/ байгаа учраас шинжлэх ухааны нийтлэг ерөнхий ойлголтууд судалгааны тогтсон аргуудыг заавар баримтлах албагүй гэсэн үг. Үүнийг бодлогын судалгаа хэмээн нэрийддэг бөгөөд акдемик судалгааг бодвол үр дүн нь тодорхой зорилтод бүлэгт шууд хүрч мэдрэгддэгт оршино.

 

Судалгаа амжилттай явагдах хүчин зүйлс:

  1. 1.      Үйл ажиллагаа ба оролцоо. Судалгааны талбар дээр болон хамтран зүтгэгчидтэйгээ байнгын сайн холбоотой байх. Энэ нь тодорхой байгууллагын түвшинд жишээлбэл замын цагдаагийн газар зам тээврийн гэмт хэргийн хохирогчдод чиглэсэн судалгаа хийж байгаа үед нэгж албадын хэмжээнд харилцан уялдсан зохион байгуулалттай байх шинжийг илэрхийлж байгаа хэрэг.
  2. 2.      Нэгтгэн авч үзэх. 2 ба түүнээс дээш үйл ажиллагаа эсвэл сонирхолыг хамтат нь авч үзэх / жишээ нь: санаа эсвэл арга, тухайн асуудал эсвэл арга техникт хандах хамтран зүтгэгчийн сонирхол/ Тухайлбал: Замын хөдөлгөөний аюулгүй байдлийн эсрэг гэмт хэргийн хохирогчдын дунд судалгаа хийх нь хэн хэнд сонирхолтой бас ашигтай байх гэдгийг авч үзэх. Энэ нь дурдсан тохиолдолд замын алба, хохирогч хүмүүс, жолооч гэсэн 3 этгээдэд алинд нь ч хамааралтай байж болох юм.
  3. Зөн мэдрэмж. Логик дүн шинжилгээ гэхээсээ илүү тухайн ажил нь чухал цаг үеэ олсон зөв гэсэн мэдрэмж. Замын цагдаагийн албанд өнөөдөр байнга хэрэгжүүлж байгаа тодорхой арга хэмжээнүүд тухайлбал: явган зорчигч эсвэл жолоочийн эрх хасах арга хэмжээнүүд нь үр дүнд хүрэхгүй байх явдал бий. Тэгвэл тухайн асуудлыг шийдэх мэдрэмжиндээ үндэслээд осол аваарь зөрчил гаргагчдын дунд судалгаа хийж болох юм. Ийм судалгаа хийх явцад:

1996 онд Геберт гэх эрдэмтэн гэмт хэрэгтэн бие хүнд хийх криминологийн судалгааг 20 шинжээр явуулвал илүү бодитой гардаг гэжээ.[2] Үүнд: Нэр, нас, хүйс, өндөр, гэр бүлийн байдал, /эхнэр хүүхэд гэх мэт/, боловсорлын түвшин, нийгэм, эдийн засгийн байдал, бэлгийн чиг хандлага, түүнд учирч буй бэрхшээл, бие махбодийн онцлог, согог, оршин суугаа газар, автомашин, хувь хүний зан чанар, хувцасны хэв загвар, ажиллаж байгаа нөхцөл, ур чадвар, өдрийн хүн үү шөнийн хүн үү , согтууруулах ундааны аль төрлийг хэрэглэдэг, харьцдаг техник гэх мэтчилэн.

Гэтэл судалгааны явцад судлагдаж байгаа хувь хүн хүчээр бусдад таалагдаж, судалгааны дүнд эерэг нөлөөлөл үзүүлэх гэж хичээх тохиолдол байдаг. 2006 онд Швейцарт осол зөрчил гаргагч нарт судалгаа явуулжээ.[3] Гэвч судалгаа явуулж дуусахаас өмнө замын хөдөлгөөний зөрчил, осол аваар гарах нь эрс багасч замын цагдаагийн албаныхныг гайхшруулж байв. Тодорхой гэмт этгээдэд судалгаа хийхэд зориуд өөрийнхөө шинжийг өөрчилдөг энэ хандлагыг “Self assesment” хэмээн нэрийддэг бөгөөд орчин үед “deliquent” буюу зөрчил гэмт хэрэг үйлдэгч хувь хүний онцлогийг судлахад ихээхэн анхаарал тавьж байна.[4]

2004 онд Японы Токио хотод  нэртэй судлаачдын баг осол, зөрчил гаргагч жолооч нарын дунд судалгаа явуулжээ. Гэтэл судалгааны үр дүнд сонирхолтой зүйл гарчээ. Энэ нь боловсрол, гэр бүлийн байдал нь осол зөрчил гаргахад шууд нөлөөлж байгааг тогтоосон байна. Нарийвчлан үзэхэд орон нутгаас буюу хөдөөнөөс ирж байгаа таксины жолооч болон хувиараа авто машин худалдан авсан хүмүүс нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг сахин биелүүлдэггүй, нэмж орсон өөрчлөлтийг судалдаггүй, дийлэнх нь буюу орон нутгаас ирсэн жолооч нарын 75% нь түрэмгий зан авиртай, бусадтай уралдан мөчөөрхдөгөөс болж осол аваарь гаргадаг болсон нь тогтоогджээ. Иймд Токио хотын замын цагдаагийн албаныхан орон нутгаас шилжин ирж такси барьж байгаа хүмүүс, гэр бүлгүй залууст зөрчил осол гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа илүү чиглүүлсэн байна.

Үүнээс манай замын цагдаагийн албаныхан ч гэсэн суралцаж болохоор байна. Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах явцад иргэд олон нийтээс гарч байсан зарим санал нь бэлтгэгдээгүй таксины жолооч нар болон орон нутгаас ирсэн /халтуурны гэх/ хүмүүс үйлддэг гэдгийг баримттай ярьж байсан нь энэ тал дээр анхаарал хандуулах хэрэгтэйг илэрхийлж байна.

Судалгаа амжилтгүй явагдах

  1. Амарчлах. Амархан хямд шуурхай эсвэл тохирожтой гэж үзсэний үндсэн дээр хийсэн судалгаа. Жишээлэхэд сүүлийн үед мэргэжлийн социологчдыг оролцуулалгүйгээр анкет боловсруулж, болсон болоогүй хариултыг нэгтгэж, түүний үр дүнг шууд зөв гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл юм. Адаглаад л ямар улиралд хийгдсэн энэ нь намар цагт , баяр ёслол, тэмдэглэлт ойн баяр гэх мэт хүний сэтгэл хөөрөлд нөлөөлдөг шинжийг тооцоололгүйгээр амарчилж явуулах нь ямар ч үр дүн үзүүлдэггүй.
  2. Арга ба арга зүй. Судалгааны тодорхой нэг арга эсвэл статистикийн арга техникийг ашиглах боломж гэж үзэн хийгдсэн судалгаа. Энэ нь статистик үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх, замын хөдөлгөөнд оролцогчдын тоо хэмжээнд харицуулах тухайлбал 10 мянган хүн тутамд ноогдож байгаа зам тээврийн осол, нас баралт гэх мэт нь бодит байдлыг бүрэн илэрхийлдэггүй. Харин дээрх үзүүлэлтийг батлахдаа бодит ертөнцийг судлах ажиглалт туршилт, асуулга гэх  мэт империк аргачлалыг хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.
  3. Бүтээлтэй болох эсвэл мөнгө санхүүжилт авах сэдэл. Тухайн асуудалд сонирхож хандаж байгаа хандлага нь аливаа санхүүжилт байх ёсгүй харин яг өнөөдөр тулгамдаж байгаа асуудлын гол шалтгаан нь юу вэ? Гэдгийг “Хонголоор” олж харах явдал юм.
  4. Онолын суурь дутмаг. Онолгүйгээр судалгаа хийвэл хялбархан, хурдан байж болох ч гарсан үр дүн нь ач холбогдол муутай байна. /Кэмппэл нар 1982/ тухайлбал гэмт хэргийн хохирогч нарын дунд судалгаа явуулахдаа Виктимилоги-ийн тодорхой асуудлууд хохирогчийн сэтгэхгүй онцлог, нийтлэг тохиолддог бэрхшээлийг урьдчилан мэдэж судалсан байх ёстой. Зам тээврийн гэм хэргийн хохирогчид нь осол аваариас шалтгаалан бие махбодь, сэтгэлзүйн хувьд урт удаан хугацааны зовиур шаналалыг амсдаг. Гэтэл ярилцлагын аргаар тэдэнтэй судалгаа хийх нь нууж бугшиж байсан зүйлсийг нь ил гаргаж ирэх, улмаар гэмт хэрэгт хохирч байсан анхны нөхцөл байдалд аваачих зэрэг сөрөг шинж  тэмдэг илэрдэг учир өөр аргыг ашиглах нь үр дүнтэй. 

Судалгааны ёс зүй

Орчин үед хүндээр хийх туршилтын судалгаанд ёс зүйн асуудал маш хурцаар тавигдах болжээ. Шинжлэх ухаанд урьдчилан хэлэх нь хүмүүсийн юу хийх вэ? Гэдэг дээр хяналт тавих боломж олгодог гэж үздэг бөгөөд энд ёс суртахууны асуудал хөндөгддөг. Ёс зүйн асуудал судалгааны бүр эхнээс үүсч эхэлдэг бөгөөд судалгаа хийснээс осолтой нөхцөл байдал үүсэх үү? Эсвэл осол зөрчил гарч байх үед нь таслан зогсоох ажиллагаа хязгаарлагдах уу? Гэх мэт шалтгаанаар судалгаа хийх газар оролцогчдыг сонгох нь судалгааны туршид үргэлжилдэг.

Судалгааны 10 эргэлзэлтэй үйлдэл

  1. Хүмүүст мэдэгдэлгүй эсвэл зөвшөөрлийг нь авалгүй оролцуулах: ажиглалтын камер эсвэл тоологч хүмүүсийг ашиглан тодорхой нэг газар оронд болж байгаа үйл явдал, тухайлбал хориглосон тэмдэглэгээтэй газраар жолооч дүрэм зөрчиж эргэж байгаа үйлдэл нь нэг өдөрт хэд вэ? Гэдгийг тогтоохын тулд тэдгээр жолоочдоос зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. Харин гэмт хэрэг үйлдсэн тэр дундаа хүний амь нас хохироосон хүмүүсийн зөвшөөрлийг авалгүйгээр судалгаанд оролцуулж болохгүй.
  2. Хүчээр оролцуулах: зарим тохиолдолд гэмт хэрэг биш зөрчил гаргагчдыг хүчээр оролцуулж болох ч тэдний бие махбодь, нэр төрд нь халдаж болохгүй юм. Өөрөөр хэлбэл нэг шөнө согтууруулах ундаа хэрэглэж жолоо барьсан жолоочдын согтолтын зэргийг тогтооход хүчээр оролцуулж болно.
  3. Судалгааныхаа мөн чанарын талаархи мэдээллийг хэлэхгүй байх: энэ нь ихэвчлэн судалгааны зорилгыг хэлснээр оролцогчид зайлсхийхээс урьдчилан сэргийлдэг. Тухайлсан жишээнээс үзэхэд жолооч болсны дараа мэдрэх эрхтэний үүсмэл гэмтэл согогийн улмаас цаг агаарын өөрчлөлтийг мэдрэхгүй осол аваарь гаргаснаа нуух явдал байдаг. Тэгвэл ийм хийх явцад судалгааныхаа мөн чанарыг мэдээллэхгүй байж болдог.
  4. Оролцогчдыг бусад өөр замаар хуурах. Судалгааны явцад хориглодог асуудал бол хуурч мэхлэх явдал юм. Хүүхэд, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эсвэл гэмт хэргийн улмаас сэтгэцийн өөрчлөлт хямралд орсон сэжигтэн, яллагдагч, хохирогч, хоригдол түүнчлэн бусдын эрхшээлд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэх мэт бүлэгтэй ажиллах ёс зүйн онцлог бий. Эдгээр хүмүүсийг хуурч мэхлэхгүй үндэслэлтэйгээр сайтар ойлгуулж чөлөөт байдлаар мэдээлэл өгч чадах тухай зөвшөөрлийг авах ёстой. Жишээлбэл осолд өртөж гэмтсэн хүүхдээс судалгаа авахын тулд урьдчилан эцэг эхээс нь болон өөрөөс нь зөвшөөрөл авсан байх ёстой.
  5. Оролцогчдыг өөрийгөө хүндэтгэх байдлыг нь бууруулсан үйлдэл хийлгэх. Энэ нь ялангуяа гэмт бие хүн, осол зөрчил гаргагчдын дунд хориглодог зарчим бөгөөд судалгаанд оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй. Үүнд: зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч нараас асуулга авахдаа тухайн хэргийг үйлдсэнтэй холбоотойгоор асуулга авахгүй байх.
  6. Өөрөө өөрийнхөө асуудыг шийдэх эрхийг зөрчих. Энэ нь хувь хүнд өөрчлөлт гаргахыг эрмэлзэж буй судалгааны хувьд яригдах ба хохирогчдын дунд судалгаа хийхдээ ихээхэн анхаарвал зохино. Тухайлбал хүний тээврийн хэрэгслээ сонгох, худалдан авах, зорчих шилжин суурьших эрхийг зөрчиж болохгүй юм.
  7. Оролцогдыг бие махбодийн болон сэтгэл зүйн дарамтанд оруулах. Энэ нь осол аваарь гаргагч болон хохирогчдын алинд нь ч хэрэглэх ёсгүй арга бөгөөд ингэснээр судлаач, судалгааны байгууллага нь сүүлд нь шүүхэд иргэнд гэм хор учруулсан хэргээр дуудагдахад хүргэдэг.
  8. Хувь хүний халдашгүй байдалд нь халдах. Энэ нь бие махбодийн халдашгүй байдал, орон байрны халдашгүй байдал, нэр төр алдар хүндийн халдашгүй байдал гэсэн 3 хэлбэрээс бүрдэнэ. Жишээ нь: гэмт хэрэг зөрчил гаргасан этгээдийн хувийн нууц, бие эрхэтний согог, нэр төрд нь халдаж судалгааны дүнд дурьдаж оруулахыг хориглодог. Тухайлсан жишээнээс үзэхэд нэгэн ТББ нэг аймгийн бага ангийн багш нарын 67% нь биеэ үнэлэгч хэмээн үндэслэлгүй мэдээлэл цацаж, энэ асуудлаараа шүүхэд дуудагдаж байв.
  9. Зарим оролцогчоос ашиг тусыг нь нуух. Энэ нь судалгаанд оролцож байгаа этгээд эсвэл хөндлөнгийн сонирхогчоос судалгааны ашиг тусыг нь нуух үйлдлийг хэлдэг.
  10. Оролцогчтой шудрага бус, үл хүндэтгэсэн байдлаар харьцах. Тухайлбал АНУ-ын муж улсад замын цагдаагийн албанаас жолооч нарын дунд судалгаа хийхдээ тэдэнтэй үл хүндэтгэсэн байдлаар түрэмгийлэн харьцаж судалгааны дүнг судалгааны дараа жолооч нараас багагүй хэмжээний өргөдөл гомдол гарч муж улсын захиргааны төрийн байгууллагын албан тушаалтнаас учруулсан гэм хорыг арилгаж байжээ.

Дээрх 10 жагсаалт нь судлаач, судалгааны байгууллага өртөж болох эргэлзээтэй 10 практик бөгөөд тухайн судалгааны хувьд эдгээр зүйлийг хийснээс гарах үр ашиг нь зардлаасаа илүү гэдэгт бат итгэснээс бусад нөхцөлд та ийм зүйл хийж болохгүй. Өнөө үед янз бүрийн ёс зүйн хороо, хүний эрхийн байгууллагууд ажиллаж байгаа үед судалгаа эхлэхийн өмнө хаана, хэнээс, ямар зөвшөөрөл авах, мэдэгдэх ёстой талаар жагсаалтыг гаргаж мөрдвөл зохино. Аливаа хүн санхүүгийн учир шалтгаанаас эсвэл өөрийн ажил үүргийн шууд ба шууд бус хэсэг гэж үзэж ямар нэг зүйлийг бодолцон судалгаанд оролцож байгаа л бол энд ёс зүйн асуудал буюу үр дагавар заавал үүсдэг. Ийм нөхцөлд судлаач, оролцогч 2-ыг ажил олгогч, ажилтны дүрд тоглоход хүргэдэг. Тухайлбал энэ нь ялангуяа цагдаа, хүчний байгууллага өөрийн алба хаагчдаасаа судалгаа авах эсвэл тэднийг судалгаанд оролцуулахад харагддаг.

Судалгааны стратеги

 Нью Комб нар /1998 он/Их сургуулийн 338 оюутнаас согтуугаар машин жолоодохтой холбоотой асуулгаар судалгаа хийсэн байна. “өнгөрсөн жил хэн нэгэн машин барьж чадхааргүй хэт согтсон байхыг харсан тохиолдол бий юу?” гэсэн асуултанд зөвшөөрсөн хариулт өгсөн 303 оюутныг шинжилгээнд хамруулсан байна. Энэхүү түүврийн 68% нь эмэгтэй байсан бөгөөд тэдгээрийн эмэгтэй оюутнуудын 66% нь тухайн хүнийг согтуугаар машин жолоодохгүйн тулд хөндлөнгөөс оролцсон гэсэн бол дээрх асуултанд эрэгтэйчүүдийн 63% нь мөн адилаар хариулжээ. Асуулгын 38 зүйл түвшин нь хувь хүнтэй холбоотой ерөнхий мэдээлэл болон тухайн нөхцөл байдалд ямар хариу үйлдэл хийсэнтэй холбоотой байв. Өөр бусад оролцсон хүмүүс жолооч урьд нь хэдэн удаа согтууруулах ундаа бага зэрэг үнэртүүлчихээд жолоо барьж байсан тухай хариулагч хөндлөнгөөс оролцсон нөхцөл байдал зэргийн талаар нэмэлт асуулт асуусан байв. Тухайн тайланд голдуу лабраторын нөхцөлд хийсэн “ туслах зан чанартай холбоотой” туршилтын маш нарийн судалгааг мөн авч үзжээ. Үүний үр дүнд туслах зан үйлтэй холбоотой хэд хэдэн онолын загварыг боловсруулсан байна. Гэвч одоо бодит байдал дээр дээрх туслах зан үйлийн тархалт ямар байгаа талаар маш бага зүйл мэдэгдэж байжээ. Лабраторын энэхүү судалгаа нь согтуугаар машин жолоодох үед болиулах оролдлогын талаар гарсан харьцангүй цөөн бүтээл дээр тулгуурлан уг судалгааны таамгийг боловсруулсан байна. Энд эдгээр таамаглал нь зарим талаар нотлогдсон байна. Хөндлөнгөөс оролцоход хамгийн чухал хувьсагч нь:

А. Тухайн судалгаанд оролцогт жолоочийг хэр сайн танидаг вэ?

Б. Тийнхүү хөндлөнгөөс оролцоход нь дэмжлэг болох харицан яриа

В. Жолоочид тусламж хэрэгтэй эсэх

Г. Хариулагчийн хөндлөнгөөс оролцох чадвар /төсөөлж байгаа чадвар/

Ерөнхийдөө лабраторын туршилтын үр дүн болон асуулгын судалгааны үр дүн нилээд зөрүүтэй гарсан байна. Зохиогчид оролцогчийг ажиглах, гүнзгийрүүлсэн ярилцлага хийх аргаар нэмэлт судалгаа хийхийг зөвлөмж болгожээ.

Тэгвэл дараагийн сонирхолтой судалгааг Чийкэн хэмээх арга нь 2004 онд АНУ-ын бас нэгэн мужид хийсэн бөгөөд зам тээврийн осол гаргагч 1000 хүмүүсийн дунд явуулжээ. Эдгээрээс өөрийгөө аймхай биш хэмээн үздэг түрэмгий авиртай, бусадтай маргадаг жолоочдыг Чийкэн хэмээх судалгаанд оруулжээ. Судалгааны дүн ихээхэн сонирхолтой гарч тухайн оролцогчдын 85% нь хүнд бууж өгөх дургүй, зам тавьж өгсөнийгөө аймхай байдлаа харуулж байна гэж үздэг байсан байна.

ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, Криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд

 



[1] Колин Робсон. 1993 “Бодит ертөницийг судлахуй” нийгмйин ухааны судлаач болон мэргэжилтэн-судлаачдад зориулсан гарын авлага /// Улаанбаатар хот. 2006 он., 20 дугаар хуудас

[2] Richard N. Kocsis, PhD /// CRIMINAL PROFILING: Principles and Practice., pg183

[3] JERZY STELMACH, BARTOSZ BROZEK “METHODS OF LEGAL REASONING”

[4] Janno Lahe Ph.D // “Forms of Liability in the Law of Delict: Fault-Based Liability and Liability without Fault”

 

 

  • 2013-03-12
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх