2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах үйл явдлын нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал

 

ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлуудын түгээмэл төрөл болох энэ институтцийг анх 1961 оны Эрүүгийн хуулийн 9-р зүйлийн “б”-д “Хохирогч буюу бусад хүмүүсээс гэмт хэрэг нэгэнт үйлдсэн этгээдийг засаг төрийн зохих байгууллагад хүргэж өгөх зорилгоор хориглон тогтоохын тулд хүч хэрэглэсэн үйлдэл нь уг хэрэгтнийг хориглон тогтоох аргагүй шаардлагатай байсан ба уул гэмт хэргийн хор аюул, тухайн нөхцөл байдалд тохирч байгаа бол аргагүй хамгаалалттай адилтгаж үзнэ”[1] гэж хуульчилсан байна. энэ заалтаас харахад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг түүний халдлагад өртөгдсөн хохирогч болон бусад хүмүүс хуульд заасан зорилгын дагуу хүч хэрэглэж хохирол учруулсан нь хууль ёсны болох нь тодорхой байна. Энэ хуулийн шинэчлэн найруулсан 1986 оны Эрүүгийн хуулийн 12-р зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээдийг саатуулахын тулд хохирогч буюу бусад хүнээс энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийсэн бол аргагүй хамгаалалттай адилтгаж үзнэ”2 гэж өөрчлөн найруулав.                 

2002 оны Эрүүгийн хуулийн 41-р зүйлд анх удаа энэ институцийг тусгайлан хуульчлахдаа “Гэмт хэрэг үйлдсэн этгээд болон оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох, түүнийг төрийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах, саатуулах үед энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж цоо шинэ агуулгаар хуульчилсан нь гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд халдлагад өртөгдсөн иргэд төдийгүй бусад иргэдийг өргөнөөр татан оролцуулах боломж олгосон чухал зохицуулалт юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтанг дахин гэмт хэрэг үйлдэхийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, тэднийг зохих байгууллагад хүргэхийн тулд аргагүйн эрхээр баривчлах, саатуулах үйл ажиллагааны явцад тэдэнд гэм хор учруулах нь ямагт нийгэмд ашигтай, хууль ёсны үйлдэл байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтныг баривчлах нь аргагүй хамгаалалттай дор дурдсан шинжүүдээрээ төсөөтэй. Үүнд:

а/ Үйл явдлын нийгмийн хор аюулыг үгүйсгэх эдгээр нөхцөл байдлуудыг хэрэгжүүлэх үндэслэл нь хүний хууль бус зан үйл байна.

б/ Хоёр нөхцөл байдал Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хор хохирол учруулах довтолгоон гэмт үйлдлийн эсрэг чиглэсэн байдаг

в/ Баривчлах, албадан саатуулах, хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн зан байдал, үйлдэл гадна байдлаараа гэмт хэрэгтэй төсөөтэй байна.   

г/ Дээр дурдсан хоёр нөхцөл байдал нь нийгэмд ашигтай зорилгод үндэслэгдсэн байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах албадан саатуулах нь эрх зүйн мөн чанар, агуулгаараа хамгаалалтаас ялгагдана. Албадан саатуулах баривчлах үйл ажиллагааг зөвхөн гэмт хэрэг үйлдэгдсэн дор нь эсхүл хэсэг хугацааны дараа явуулдаг бол аргагүй хамгаалалтыг нийгэмд аюултай халдлага эхэлсэн, дуусаагүй, үргэлжилж байгаа үед хэрэгжүүлнэ. Баривчлах, албадан саатуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтны шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох, төрийн байгууллагад хүргэх зорилготой байдаг бол аргагүй хамгаалалтыг хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд тулгарсан бодит заналхийлэл, довтолгооныг няцаах зорилгоор хэрэгжүүлдэг. Албадан саатуулах баривчлах санаачлага ямагт ийм эрхтэй этгээдээс гардаг бол аргагүй хамгаалалтын үед хамгаалагч өөрийн санаачлагаар бус аргагүйн эрхэнд халдагчид хохирол учруулахад хүрдэг. Албадан саатуулах, баривчлах үед гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтаны хууль бус үйлдлийг өөр аргаар зогсоох боломжгүй тохиолдолд гэм хор учруулдаг бол хамгаалагч төрийн байгууллага, бусад хүмүүст халдах боломжтой байсан эсэхээс хамааралгүй хамгаалалт хийж гэм хор учруулдаг.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэгэн гэмт хэргийг үйлдэж дууссан хүнийг ойлгоно.

Оргосон ялтан гэдэгт Эрүүгийн хуулийн 48-53-р зүйлд заасан үндсэн ба нэмэгдэл ял шийтгэсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ял эдлэхээс санаатай зайлсхийсэн этгээдийг ойлгоно.          

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуульд заасан зорилгоор баривчлах, албадан саатуулах эрхийг бүх иргэд эдлэх бөгөөд тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, ШШГБ, Онцгой байдлын болон авилгатай тэмцэх байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд, харуул хамгаалалтын ажилтнуудын хувьд эрх төдийгүй, хууль тогтоомжийн бусад актаар хуулиар хүлээлгэсэн заавал биелүүлэх үүрэг байдаг.[2]     

Иргэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, албадан саатуулах ажиллагааг холбогдох төрийн байгууллагад хандах боломж байсан эсэхээс үл хамааран бие даан хэрэгжүүлэх эрхтэй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаг алдалгүй шуурхай баривчлах, албадан саатуулснаар холбогдох эрх бүхий байгууллага, түүнийг эрүүгийн хариуцлагад татах боломж бүрдэнэ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаг алдалгүй баривчлаагүй, албадан саатуулаагүйгээс гэмт хэрэгтэнг оргон зайлах, нуугдах боломжтой болгож гэмт хэргийн ул мөрийг баллах,зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн замаар олсон мөнгө, эд зүйлийг нуух,гэрчүүдэд сөрөг нөлөө үзүүлэх, цаашилбал, гэмт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зэрэг хортой үр дагавар үүсгэдэг.                 

Холбогдогч нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр түдгэлзэгдсэн хүнийг алсан 100 гаруй хавтаст хэргийг судалж үзэхэд 48 этгээд оргож явахдаа 140 хэргийг шинээр үйлдсэн нь тогтоогдлоо. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд оргон зайлах явдал ихсэж байгааг харуулж байна.       

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 33.2 хувийг иргэд, өөрөөр хэлбэл, хохирогчид, 10.2 хувийг хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчид, 6.4 хувийг мэргэжлийн хяналтын болон байгаль хамгаалах байцаагчид, 40.2 хувийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчилсан, албадан саатуулсныг бидний судалгаа харууллаа. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэд, байгууллагын оролцоо ямар чухал болохыг нотолж байна.

ЭБШХ-ийн 58-р зүйлийн 1 дэх хэсэгт “Сэжигтэн оргон зугтахыг завдсан, эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байгаа бол түүнийг баривчлана”, 59-р зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчлах тухай тогтоол үйлдэж, түүнийг прокурорт хүргүүлэх бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулж батлуулна” гэж сэжигтэнг баривчлах эрх зүйн үндэслэлийг заасан.[3]

Гэхдээ энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтанг баривчлах, албадан саатуулах нь харилцан адилгүй ойлголт юм. Сэжигтэнг хуульд заасан үндэслэлээр баривчлах ажиллагаанд зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч оролцдог бол гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтныг хохирогч, бусад иргэд хууль сахиулах байгууллагын ажилтан хэн боловч баривчёлах эрхтэй.              

            Баривчлах ажиллагаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтан, сэжигтэн, яллагдагч, ялтанг саатуулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, түүнчлэн тэдгээрийг төрийн холбогдох байгууллагад хүргэх зорилгын хүрээнд хохирогч, бусад иргэд, эрх бүхий албан тушаалтнуудаас хэрэгжүүлж буй идэвхтэй үйлдэл юм.

Хууль зүйн магистр Б.Намсрай, баривчлах ажиллагааг хэрэгжүүлж байгаа субъектүүдийн эрх зүйн байдлыг харгалзан:  

а/ Нийтлэг баривчлах ажиллагаа

б/ Тусгай баривчлах ажиллагаа гэж ангилжээ.[4]

Нийтлэг баривчлах ажиллагааг иргэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 10-р зүйлд заасан эрх, үүргийнхээ дагуу хэрэгжүүлнэ. Энэ хуулийн 10-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэд:

-       Нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах

-       Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих

-       Архидан согтуурч нийгмийн хэв журмын зөрчил гаргаж буй этгээдийг эрүүлжүүлэх байргүй газар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах /баривчлах нэгэн адил хамаарна. С.Ж/

-       Гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах эрхийг хэрэгжүүлдэг.[5]

Иргэд гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ хэрэгжүүлсэн олон тохиолдол байдаг. Жишээ нь, Иргэн Р байрны орцын жижүүр хийхдээ байрныхаа эргэн тойронд эргүүл хийж явахад хоёр согтуу залуу нэг танхай хүүхдийг барьж аваад зодож байхтай тааралдаж үйлдлээ зогсоохыг шаардахад “Чамд хамаагүй”, “Бусдын хэрэгт хошуу бүү дүр”, “Чамайг ч бас ингэнэ” гэж сүрдүүлээд хохирогчийг зодож гэмтээгээд зугтахад нь араас нь барьж хөөж аваад нэгд хүндэвтэр гэмтэл учруулан баривчилжээ. Иргэн Р-ийн үйлдлийг хуулийн хүрээнд баривчлах үйл ажиллагаа явуулсанд тооцжээ.

Тусгай баривчлах ажиллагааг цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, авилгатай тэмцэх байгууллагын ажилтнууд хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан хэрэгжүүлдэг. Тусгай баривчлах ажиллагааны эрх зүйн үндэс нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан тушаал, заавар, дүрэм байна. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 24-р зүйлийн 1 дэх хэсэгт “… Цагдаагийн эрх бүхий алба хаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж болно” гэж заасан. Хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, гэмт хэрэг үйлдсэн нь илэрхий байгаа, зугтан зайлах оролдлого хийсэн этгээдийг түр хугацаагаар саатуулах буюу баривчилж болно. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 27-р зүйлийн 3 дахь хэсэгт тагнуулын ажилтан гэмт үйлдэл, эрх зүйн бусад зөрчлийг таслан зогсоох, түүнийг өдүүлсэн этгээдийг баривчлан албадан саатуулах үүргээ өөр аргаар биелүүлэх боломжгүй бол биеийн хүч, гардан тулааны мэх хэрэглэж болно. Мөн зүйлийн 4.1-д нэг бүрийн, 4.3-д хамгаалах тусгай хэрэгсэл, 5-р хэсэгт заасан тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болохыг хуульчилсан.[6]                                

Жишээ нь, 1996 оны 1-р сарын 2-3-нд шилжих шөнө Авдрантын онцгой дэглэмтэй хорих ангиас Лхагвасүрэн, Чулуунбаатар нарын рецидив ялтнууд тэнд ял эдэлж байсан эмэгтэй Цагаанмаам, Бямбасүрэн, хоёр харуулын хянагчийг хүлж хаяад эмнэлгийн сувилагчийг барьцаалан оргосон байна. Оргосон ялтнууд Төв аймгийн Баянчандмань сумын нутгийн ой модтой ууланд зэвсэглэж бүгж байхад цагдаа, тагнуул, дотоодын цэргийн хүч нэмэгдүүлсэн баривчлах бүлэг баривчлах саатуулах ажиллагааг оргосон ялтнуудад ямар нэг хохирол учруулахгүйгээр явуулах оролдлого хийсэн боловч тэд зэвсэглэж эсэргүүцсэн тул галт зэвсэг хэрэглэж ялтнуудын нэгийг нь газар дээр нь буудсан. Нэг нь баривчлагдаж ирээд шархаа даалгүй нас барсан. Энэ тохиолдолд баривчлах бүлгийн явуулсан ажиллагааг тэр үеийн Эрүүгийн хуулийн 12-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөлийг харгалзан нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал гэж үзсэн болно.

Гэмт хэрэг үйлдсэн тухай үндэслэлтэй мэдээлэл авагдсан, гэмт хэрэгтэн этгээдийг баривчлах, саатуулах ажиллагаа явуулж байна гэж итгэл төгс байгаа нөхцөлд хууль ёсны болох юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35-р зүйлд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцох үндэслэлүүдийг тодорхой заасан. Тухайлбал:

а/ Уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан /ЭБШХ-ийн 35.1.1/

б/ Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогч буюу харсан хүн шууд заасан /ЭБШХ-ийн 35.1.2/  

в/ Уг этгээдийн бие, хувцас, эд зүйл, орон байранд гэмт хэргийн ул мөр тодорхой илэрч олдсон /ЭБШХ-ийн 35.1.3/

г/ Уг этгээд хэргээ илчлэн ирсэн /ЭБШХ-ийн 35.1.4/

д/ Гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий бусад баримт байгаа бол /ЭБШХ-ийн 35.1.5/

е/ Гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан эсхүл оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанг эрэн сурвалжлах тухай тогтоол гарсан

ё/ Үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гарсан зэрэг тохиолдолд баривчилна.

Саатуулах[7] гэдэг гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанг хуульд заасан үндэслэл, шаардлагаар эрх чөлөөг нь хязгаарлахыг хэлнэ. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 24-р зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр, насыг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгах”, 2 дахь хэсэгт “Хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх”, 5 дахь хэсэгт “Шүүх эмнэлэг криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хуруу, мөрний хэв авах”, 6 дахь хэсэгт “Согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах” зэрэг зорилгоор саатуулж болно. Эдгээр ажиллагааг хэрэгжүүлэхэд холбогдох этгээд хүч хэрэглэж эсэргүүцсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан түүнд гэм хор учруулсан нь гэмт хэрэг болохгүй юм. Дээр дурдсан хуулийн 24-р зүйлийн 3 дахь хэсэгт “Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэнд сэрдэгдсэн этгээдийн хаягийг тодруулах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоохын тулд уул этгээдийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно” гэж заасан саатуулах ажиллагааны гол эрх зүйн үндэслэл юм.

Монгол улсын Хилийн тухай хуулийн 33-р зүйлийн 9-р зүйлд “Хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтан улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг тэмдэглэл үйлдэх зорилгоор гурван цаг хүртэл, зөрчил гаргагчийн хувийн байдлыг тогтоох, зөрчлийн шинж байдлыг тодорхойлохын тулд энэ тухай прокурорт мэдэгдэж гурав хоног хүртэл, хэрэг зөрчил гаргагчийн хувийн байдлыг нотлох баримт бичиггүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлтэйгээр 10 хоног хүртэл хугацаагаар албадан саатуулах эрхтэй”[8] гэж заасан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10-р зүйлийн 2 дахь хэсгийн 3-д иргэн хүн “Архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа /гэмт хэрэг үйлдсэн С.Ж/ этгээдийг эрүүлжүүлэх байргүй газар амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах эрхтэй”-г заасан.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 9-р зүйлийн 1 дэх хэсгийн 5-д цагдаагийн байгууллага “Шаардлагатай гэж үзвэл хүчирхийлэл үйлдэгчийг хууль тогтоомжийн дагуу албадан саатуулах”[9] эрхтэйг заасан.               

Дээр дурдсан хуулийн холбогдох заалтууд нь саатуулах ажиллагааны эрх зүйн үндэслэл болох ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 41-р зүйлд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах боломжтой гэж заасан хэтэрхий өрөөсгөл амьдралаас тасархай зохицуулалт болсон учир эрх зүйн зөрчил, гэмт хэрэг үйлдсэнд үндэслэлтэй сэжиглэгдэж байгаа, оргон зайлахыг завдсан этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулсан бол нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал болохоор өөрчлөн найруулах шаардлагатай.   

Баривчлах, саатуулах ажиллагааны үед холбогдох этгээд бие махбодын болон материалын хохирол учруулдаг, зарим тохиолдолд түүний амь насанд хүрэх үе байдаг учир нэг талаас, баривчлах, саатуулах ажиллагаа хуульд нийцсэн байх нөхцөл, нөгөө талаас баригдаж байгаа этгээдэд учруулсан хохирол хууль ёсны байх гэсэн хоёр талын нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдсан байх шаардлагатай юм.

Баривчлах ажиллагааны хууль ёсны байх нөхцөлүүд /шаардлага/. Үүнд:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтанг баривчлах саатуулах ажиллагаа нь нийгэм, иргэдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хангах, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх боломжийг таслан зогсоох, түүнийг төрийн байгууллагад хүргэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэх зорилгоор хэрэгжинэ.       

Гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн 1.16-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, төрийн байгууллагын хэвийн ажиллагаа, нэр хүнд, мэдээллийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам, цэргийн эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтний аюулгүй байдалд халдсан, гэмт хэрэг үйлдсэн, оргосон ялтан баривчлах, саатуулах ажиллагааг эсэргүүцэх, улмаар хүч хэрэглэж довтолсон бол тэдэнд аргагүй хамгаалалт хийх шаардлагатай болно.         

Баривчлах, саатуулах үед холбогдох этгээдэд гэм хор учруулах нь үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, гэм буруугийн хэлбэр ямар байхаас огт хамааралгүй юм. Үүнтэй холбогдуулан зарим судлаачид зөвхөн хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах ёстой.[10] Тэдгээрийн эсрэг нэг хэсэг судлаачид болохоор болгоомжгүйгээр болон хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах шаардлага байхгүй[11] гэж өөр өөрөөр үзэж байгааг зөвшөөрөх боломжгүй юм.

Эрүүгийн хуульд хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 41-р зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн этгээд” гэж онцолсон учир захиргааны болон бусад эрх зүйн зөрчил гаргасан этгээдийг баривчлах, саатуулах асуудал хамаарахгүй байгааг дээр дурдсанаар эргэж харах шаардлагатай.

Иргэд, хууль сахиулах байгууллагын ажилтнууд ихэнх тохиолдолд хүнийг гаднаас нь хараад гэмт хэрэг үйлдсэн этгээд гэж таних нь төдийдөн боломжгүй юм. Түүнчлэн иргэд, албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдээгүй хүнийг баривчлах саатуулахдаа гэм хор учруулах тохиолдол гарахгүй гэх баталгаа байхгүй юм. Гэмт хэрэг үйлдээгүй байхад андуурлын улмаас баривчилж гэм хор учруулбал бодит байдлын асуудалд хамаарах үндэслэлээр асуудлыг шийдвэрлэнэ. Иймд “Гэмт хэрэгт үндэслэлтэй сэрдэгдсэн этгээд” гэж хуульчлах нь илүү оновчтой байна. учир нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг зөвхөн шүүх нотлох үүргийг хүлээнэ. Энэ талаар Эрүүгийн хуулийн 4-р зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэж тодорхой заасан.

Иймд бидний дээр дурдсан ЭБШХ-ийн 35-р зүйлд заасан үндэслэлүүд нь тодорхой хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг баталж байгаа бөгөөд тэр чанараараа баривчлах, саатуулах ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

Оргосон ялтан гэдэг нь үйлдсэн гэмт хэрэгтээ хорих болон хорихоос бусад төрлийн ял шийтгүүлсэн, тухайн ялаа эдлэхээс зайлсхийх зорилгоор хорих анги, баривчлах байрнаас эргэж ирэхгүйгээр бүрмөсөн явсан, түүнчлэн хорихоос бусад төрлийн ял эдлэхтэй холбогдон үүссэн үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн этгээд юм.

Хоёр. Баривчлах албадан саатуулах ажиллагаа хууль ёсны байх нэг нөхцөл бол цаг үеэ олсон байх явдал юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтныг баривчлах ажиллагааг гэмт хэрэг үйлдсэн дор нь төдийгүй түүнд бэлтгэх болон завдах урьдчилсан шатанд цаг алдалгүй хэрэгжүүлэх хойшлуулшгүй ажиллагаа байдаг. Хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нь гэмт хэргийн тухай мэдээ авсан үеэс цаг алдалгүй гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтооход чиглэгдсэн цагдаагийн байгууллагын албадаас хэрэгжүүлдэг цогц ажиллагаа юм. Энэ ажиллагааны үр дүнд гэмт хэрэг үйлдэх бололцоо нөхцөлийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж бэлтгэж болон завдаж буй үйлдлийг урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилтыг шийдвэрлэх бололцоотой.[12]

Хэрэв тухайн этгээд зугтаж амжсан бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хуулийн 72-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-д зааснаар:

а/ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн

б/ Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн

в/ Хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван таван жил өнгөрсөн

г/ Онц хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин таван жил өнгөрсөн бол түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж үзэх учир гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, албадан саатуулахгүй. Зөвхөн дээр дурдсан хугацааны дотор л баривчлах, саатуулах ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй байна.

шүүхийн шийтгэх тогтоолоор хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан тохиолдолд ЭРүүгийн хуулийн 76-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-д заасан шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн бол түүнийг баривчлах, албадан саатуулах шаардлага /эрх/ дуусгавар болно.

Учир нь хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 41-р зүйлд баривчлах, саатуулах тухай заахдаа гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтны хувийн байдалтай холбоотой ямар нэгэн зохицуулалт хийгээгүй байгаа нь бидний үндэслэлийг давхар нотолж байна. тухайлбал, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын практикт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журмыг зөрчсөнөөс болгоомжгүйгээр хүний амь хохироосон, бусад хүнд хор уршиг учруулсан этгээдийг баривчлах явцад гэм хор учруулах тохиолдол түгээмэл байдаг.

Гурав. Баривчлах, албадан саатуулах ажиллагаа хууль ёсны байх нэг нөхцөл бол гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтан цагдаагийн байгууллагад очих, хүргэгдэх шаардлагыг илт эсэргүүцсэн, биелүүлэхээс эрс татгалзсан, баривчлах саатуулах ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүмүүст хүч хэрэглэж зодсон, хэргийн газраас зугтан зайлахыг элдэв аргаар оролдсон, зэвсэг тусгай хэрэгсэл хэрэглэхийг урьдчилан сануулсаар байхад эсэргүүцсэн тохиолдолд түүнийг баривчлах, саатуулах шаардлагатай болно. Хүч хэрэглэж эсэргүүцээгүй, оргон зугтахыг завдаагүй, тавьсан шаардлагыг биелүүлж байхад баривчлах, саатуулах нэрийн дор тухайн этгээдэд гэм хор учруулж хэрхэвч болохгүй. Энэ талаар хууль зүйн магистр Б.Намсрай “Баривчлах ажиллагааг хэрэгжүүлэхэд хувийн ашиг сонирхол, үзэл бодлыг баримтлах нь баривчлах ажиллагааны шаардлагад хориглох ба баривчлах ажиллагаа хууль ёсны байх шинж чанарыг алдагдуулна. Хувийн өш хонзонгоор гэм буруугүй хүнийг баривчлан саатуулах явцад гэм хор учруулах нь үйлдлийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл болохгүй”[13] гэж бичсэн нь үндэслэлтэй юм.

Проф Г.Совд “Хүчирхийлсэн ажиллагаа нь хүний эрхэнд халдах эрхийг олгож байгаа учраас далимдуулсан ажиллагаа байж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн алсан гэмт хэрэгтнийг саатуулахын тулд алж болохгүй гэсэн үг. Гэтэл аргагүй хамгаалалтын үед хүн алах довтолгооны эсрэг хамгаалалт хийж довтлогчийг алсан тохиолдол байж болдог”[14] гэж оновчтой бичжээ.

Баривчлагдаж, саатуулагдаж буй этгээдэд хамаарах нэг дэх нөхцөл /шаардлага/ бол тэр этгээд гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлах, гэмт хэрэг шинээр үйлдэх нь үндэслэлтэй тогтоогдож байгаа явдал юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд тухайн үед хүч хэрэглэхгүй, бие махбодод нь гэмтэл учруулахгүйгээр баривчлах, албадан саатуулах ямар ч боломжгүй байх нь бас нэг биеэ даасан нөхцөл юм. 

Баривчлах саатуулах ажиллагааны явцад баривчлагдаж, саатуулагдаж байгаа этгээдэд гэм хор учирсан байх нь нэг биеэ даасан нөхцөл болдог. Энэ үед учруулсан хохирол нь хуульд нийцсэн байх ёстой. Эрүүгийн хуулийн 41-р зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтанг хуульд заасан зорилгоор баривчлах саатуулах үед энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж шууд зааж байна.

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл” гэдгийг тус хуулийн бүлэг, зүйл, хэсэгт заасан, тухайлбал, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг эвдэх, устгах гэх мэт материаллаг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг агуулсан үйлдэл /эс үйлдэхүй/ гэж ойлгох нь зүйтэй.

“Гэм хор” гэдэг ойлголт нь хор уршгийн нэг төрөл юм. Хор уршиг гэдгийг Улсын дээд шүүхийн 2003 оны 07 сарын 09-ний өдрийн зөвлөмжид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт гэмт хэргийн шинж /бүрэлдэхүүний С.Ж/ болгон заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон үр дагавар”[15] гэж заажээ.

“Гэм хор” гэдгийг Я.Цэвэл “Гэм” - ёс зүйгээс ангид хийсэн явдал, түүний уршиг, үр нөлөө[16], “Хор” - хөнөөл аюул зовлон[17] гэж тайлбарласан байдаг.

“Гэм хор” гэдгийг проф Т.Мөнхжаргал “тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөс түүнд бий болсон эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус сөрөг үр дагавар юм. Үүнд эд хөрөнгө устгасан, гэмтээсэн, иргэний эрүүл мэндэд гэмтэл учруулснаас эмчилгээний зардал гарсан, цалин дутуу авсан, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас олох ёстой байсан орлого алдагдсан, зарлага гарсан, биеийн болон сэтгэл санааны шаналал зэрэг ордог”[18] гэж тайлбарлажээ.

Гэм хорыг судлаачид “Материаллаг болон материаллаг бус гэж ангилан авч үздэг бөгөөд материаллаг гэдэгт алдагдал, олох байсан орлого, зардлыг, харин материаллаг бус гэдэгт амь нас, эрүүл мэндийг хохироосон, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан зэрэг үнэ өртөгөр илэрхийлэгддэггүй, хохирогчийн санаа сэтгэлийн дарамтанд оруулсан үр дагаврыг ойлгоно. Энэ нь хохирогчийн амин хувийн болон эд хөрөнгийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчсөн явдлаар илэрдэг”[19] гэж үзсэн байна.   

Эрүүгийн хуулийн 41-р зүйлд заасан гэм хор нь баривчлагдаж, саатуулагдаж буй этгээдийн хувьд бол материаллаг бус, дээрх ажиллагаа явуулах үед өртөгдсөн гуравдагч этгээдэд бол материаллаг ба материаллаг бус гэм хорын аль алин нь учрах магадлалтай юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтанг төрийн холбогдох байгууллагад хүргэх, дахин гэмт хэрэг үйлдэх явдлыг таслан зогсоох зорилгоор хийгдсэн баривчлах, саатуулах ажиллагааны үед гэм хор зөвхөн баривчлагдаж, саатуулагдаж байгаа этгээдэд учирсан байх ёстой. Гэмт хэргийг албадан саатуулах үед гэм хор аргагүйдэж учруулах нь төр, засгийн байгууллагад хүргэх гэхэд эрс татгалзсан, идэвхтэй эсэргүүцэл үзүүлсэн үед хийгдсэн байх ёстой.

Хөндлөнгийн бусад хүмүүст гэм хор учруулсан бол хариуцлагын асуудлыг хэрэг гарах үеийн нөхцөл байдлыг харгалзан нийтлэг үндэслэлээр буюу гарцаагүй байдлын нөхцөлөөр шийдвэрлэнэ. Үүнтэй холбогдуулан профессор Н.Жанцан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах явцад учруулах гэм хор зөвхөн оргон зайлсан ялтан, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахгүй. Иргэдээс гэмт хэрэг үйлдэх гэж байгаа хүмүүсийг хорьсон, үйлдлийг нь таслан зогсоосны улмаас хохирсон хүмүүс байдаг”[20], хууль зүйн магистр Б.Намсрай “Баривчлах ажиллагааны явцад урьдчилан төлөвлөгдөлгүйгээр бий болсон бүхий л хор уршгийг гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргон зайлсан ялтанг баривчлан саатуулах үед гэм хор учруулах асуудалд хамруулна. Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргон зайлсан ялтанг баривчлах, саатуулах явцад зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээд төдийгүй, гэмт хэрэгт огт хамаарахгүй иргэдийн бие махбод эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх чөлөөнд гэм хор учрахыг үгүйсгэхгүй”[21] гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. учир нь баривчлах, саатуулах үедээ хөндлөнгийн бусад хүмүүст гэм хор учруулсан бол хариуцлагын асуудлыг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан нийтлэг үндэслэлээр, тухайлбал, бусдад болгоомжгүйгээр гэм хор учруулсан буюу гарцаагүй байдлын нөхцөлөөр шийдвэрлэнэ.

Гэмт хэрэг үйлдээгүй хүнийг андуурч баривчилсан бол гэм буруу, эрүүгийн хариуцлагад нөлөөлдөг бодит байдлын андуурлын дүрмээр хариуцлагын асуудлыг шийдвэрлэнэ. Энд болгоомжгүйгээр гэм хор учруулсан гэдэг асуудал үүснэ. Баривчлах, саатуулж байгаа этгээд гэмт хэрэг үйлдээгүй хүнийг андууран баривчилж байгаа гэдгээ ухамсарлаагүй /мэдээгүй/, ухамсарлах ямар ч боломжгүй байсан нь тогтоогдвол гэм буругүйгээр хохирол учруулсанд тооцогдоно.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон ялтныг баривчлах явцад түүний амь насыг хохироож болох эсэх талаар судлаачид өөр өөр үзэл баримталж ирсэн. ОХУ-ын эрдэмтэд В.И.Ткаченко, Ю.М.Ткачевский нар “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баричвлах нь хууль сахиулах байгууллагад хүргэх зорилготой байдаг тул баривчлах явцад амь насыг хохироож болохгүй”[22] гэж үзэж байхад ОХУ-ын эрдэмтэд А6В.Наумов, В.Козак, Г.В.Бушуев нар “Онцгой тохиолдолд гэмт хэрэгтнийг амьдаар нь баривчлах боломжгүй болсон, аргагүйдсэн үед түүнийг алах нь хууль ёсны ажиллагаа болно”[23] гэж үзэж байна. академич С.Нарангэрэл “Хүч хэрэглэсэн үйлдэл … онцгой тохиолдолд албадан саатуулах этгээдийн амь насыг хохироох зэргээр илэрч болно”[24] гэж дээрх үндэслэлийг дэмжжээ.

Эрүүгийн хуулийн 41-р зүйлд “… баривчлах, саатуулах үед энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийж гэм хор учруулсан …” гэж зааснаас үзэхэд баривчлах саатуулах үеийн онцгой нөхцөлөөс хамаарч ямар ч гэм хор, тэр тусмаа амь насыг хохироож болох нь тодорхой байна. жишээ нь, 1996 оны 1-р сард Авдрантын хорих ангиас хэд хэдэн хүнийг алж, зэвсэглэж оргосон бүлэг этгээдүүд ууланд бүгэж, галт зэвсэг хэрэглэж эсэргүүцэж байсан тул баривчлахын тулд аргагүйдэн галт зэвсэг хрэглэснээс нэг ялтныг амийг хохироосон нь хуульд нийцсэн ажиллагаа байв. Тэгээд ч цагдаа, тагнуул, төрийн хамгаалалт, дотоодын цэргийн тухай хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, тухайлбал, бүлгээр зэвсэглэж эсэргүүцсэн, довтолсон тохиолдолд галт зэвсэг хэрэглэн няцаалт өгөх эрхийг хуульчилсан.

Баривчлах, албадан саатуулах ажиллагааны явцад холбогдох этгээдэд учруулсан гэм хор хуульд нийцсэн байх нэг нөхцөл бол түүний үйлдсэн гэмт хэргийн хор уршигтай тохирч байх, өөрөөр хэлбэл, хэтэрхий хүнд байх ёсгүй.

Баривчлах саатуулахад шаардлагатай арга хэмжээг хэтрүүлэн онцын шаардлагагүй, их хэмжээний гэм хор учруулах нь гэмт хэрэгт үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд нийтлэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл манай Эрүүгийн хуульд баривчлах саатуулах арга хэмжээг санаатай хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан нь учир дутагдалтай юм.

Хүч хэрэглэхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн этгээд, оргосон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг баривчлах саатуулах бүрэн боломжтой байхад хүч хэрэглэсний улмаас дээр дурдсан хүмүүст учирсан гэм хор нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хүнд, хөнгөн, түүний хувийн байдал, баривчлах албадан саатуулах үеийн нөхцөл байдалд илт нийцээгүй бол дээр дурдсан арга хэмжээг хэтрүүлсэн гэж үзнэ.     

Академич С.Нарангэрэл “Гэмт хэрэгтнийг албадан саатуулах үед түүнд учруулсан гэм хор нь түүний үйлдсэн гэмт хэргийн хор уршгаас үлэмж их байж болохгүй. Жишээлбэл, хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг албадан саатуулахдаа түүний бие махбодод хүнд гэмтэл учруулах буюу эсхүл амь насыг бусниулж болохгүй”[25] гэж бичсэн нь үндэслэлтэй юм.

Баривчлагдаж байгаа этгээдэд учруулсан гэм хор нь аль болох бага байх ёстой боловч хүнийг санаатай алах, хүч хэрэглэж дээрэмдэх, хүчиндэх, террор үйлдэх, хүн хулгайлах, барьцаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах үед түүний бие махбодод хүнд гэмтэл учруулах боломжтой. Ингэж хэтрүүлсэн нь санаатай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь олон улсад нэгэнт тогтсон жишиг юм. Тухайлбал, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 38-р зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэгэнт үйлдсэн этгээдийг ба&

  • 2013-03-07
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх