2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Дэлхийн олон улсад гэмт хэргийн байдалд тал бүрээс нь иж бүрэн дүн шинжилгээ хийсэн гэмт хэргийн цагаан номыг жил бүр тухайн улсынхаа онцлогт нийцүүлэн гаргадаг туршлагыг Монгол Улсынхаа гэмт хэргийн судалгааны түвшинд нутагшуулах оролдлогыг Монголын криминологичдын холбооноос анхлан санаачилж Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2016-2017 онд хийж, анхны бүтээлээ амжилттай эрхлэн гаргасан билээ.

Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016 олон нийтийн хүртээл болсон төдийгүй салбарын эрдэм шинжилгээний эргэлтэд орж, практикийн чухал хэрэглэгдэхүүн болсон юм.

Энэхүү бүтээлийг жил бүр уламжлал болгон гаргах зорилтын хүрээнд Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 төслийн багийнхан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нээлттэй нийгэм форумын хурлын зааланд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. 

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат “2017 онд гэмт хэргийн цагаан ном гаргах хэрэгцээ шаардлага, онцлог” сэдвээр, Судалгааны багийн ахлагч, хууль зүйн доктор (Ph.D) Б.Мөнхдорж “Гэмт хэргийн 2017 оны цагаан номны агуулга, загвар” сэдвээр, Судалгааны багийн гишүүн, судлаач, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабат “Гэмт хэргийн цагаан номыг цахимжуулах шийдэл” сэдвээр тус тус танилцуулга хийсэн бөгөөд тус хэлэлцүүлэгт хууль зүйн доктор Б.Батзориг, Улсын ерөнхий прокурорын газрын сургалтын төвийн судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд, судлаач О.Мөнхцэцэг нар болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Үндэсний статистикийн ерөнхий газрын төлөөллүүд оролцож Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017-г эрхлэн гаргах төлөвлөгөө, ажлын зохион байгуулалт, анхаарах асуудал зэргээр нээлттэй хэлэлцжээ.

 

 

  • 2018-08-27
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх