2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

“Цагдаагийн алба хаагчдийн ёс зүй, үйл ажиллагааны орчин, түүний шинэтгэл


Хамрах хүрээ: Судалгаанд цагдаа, дотоодын цэргийн төрөл, мэргэжлийн 15 байгууллага болон 20 аймаг, 8 дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, нийт 43 нэгж хамрагдав.

Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын 4874 алба хаагч, 3068 иргэнээс санал асуулгаар судалгаа авч, үр дүнд боловсруулалт хийж, тайланд тусгалаа. Цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын 65 хувь нь буюу гэмт хэрэгтэй тэмцдэг, нийгмийн хэв журам сахиулж ажилладаг алба хаагчид судалгаанд голлон хамрагдснаараа давуу тал болов. Нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсээр дамжуулан 3068 иргэнээс цагдаагийн байгууллагад өгөх үнэлгээ, саналыг авсан нь өргөн цар хүрээг хамарсан гэж үзэж байна.

Судалгааны арга зүй: Судалгааны ажлын хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХЭҮК, УДШ-ийн Судалгааны төв, АТГ, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас холбогдох мэдээ, мэдээлэл, материалыг цуглуулан авч ашигласан бөгөөд анкет асуулга, фокус болон хэсэгчилсэн ярилцлага, баримт бичиг, математик, статистикийн аргуудыг ашиглалаа.  Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн, цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүй, үйл ажиллагааг сайжруулах талаар 2007, 2008, 2012 онд хийгдсэн судалгааны ажлын тайланг ашигласан болно.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад эх сурвалжаас судалгааны ажилтай холбоотой мэдээлэл авч, дүн шинжилгээ хийхдээ Хууль зүйн салбарын болон Цагдаагийн байгууллагын шинэтгэлийн бодлого, хөндөгдөж буй асуудалтай уялдуулан авч үзлээ.  

Судалгааны тайлангийн бүтэц:

·  Оршил;

·  Судалгааны зохион байгуулалт, арга зүй;

·  Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, үйл ажиллагааны орчин, түүний шинэтгэл” сэдэвт судалгааны дэд тайлан;

·  “Цагдаагийн байгууллагын техник хэрэгслийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал” судалгааны дэд тайлан;

·  “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчинд хийсэн дүн шинжилгээ” судалгааны дэд тайлан;

·  “Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга зам” судалгааны дэд тайлан;

·   Нэгдсэн дүгнэлт, санал зөвлөмж;

·   Хавсралт зэргээс бүрдэж, нийт 225 хуудас болно.

Судалгааны ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчил, тэдгээрээс гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон, гэмт хэргийн халдлагад өртсөн байдал, түүний шалтгаан нөхцөл, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны орчин, эрх зүйн зохицуулалт, шинэтгэлийн асуудал болон төлөвлөгөөнд тусгагдсан цагдаагийн байгууллагын техник хэрэгслийн хангалт, цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, эргүүлийн үйл ажиллагааны талаар судалгаа хийж, боловсронгуй болгох зарим асуудлыг хөндөв.

Монгол Улсын Төр, засгаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Хууль зүйн салбарын нээлттэй бодлоготой уялдуулан цагдаагийн байгууллагын шинэтгэлийг хэрэгжүүлэхэд ямар асуудлыг нэн тэргүүнд хэрэгжүүлвэл зохистой байх талаар санал, дүгнэлтийг ч дэвшүүлсэн болно.

Энэхүү судалгааны тайлан, үр дүн нь Цагдаагийн байгууллагын тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргийн тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай, Мөрдөх албаны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулан, батлуулахад зохих хэмжээнд судалгааны үндэслэл болох боломжтой.

Судалгааны тайланд тусгагдсан дүгнэлт, санал нь цагдаагийн байгууллагын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй байж болох бөгөөд судлаачдын зүгээс хийсэн үнэлэлт дүгнэлт юм.

Судалгааны үр дүн, санал зөвлөмжийг тоймлон авч үзэв. Үүнд:

Нэг. Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, үйл ажиллагааны орчин, түүний шинэтгэлийн хүрээнд:

- Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйлдэл, тухайлбал сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, гэмт хэрэгт холбогдсон талаарх гомдол, мэдээллийн тоон үзүүлэлт, нийгэм дэх хандлага нь сүүлийн жилд нэмэгдсэн хэдий ч цагдаагийн алба хаагч ёс зүйн зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн явдал бодит байдал, тоон үзүүлэлтийн хувьд буурсан байна.

Энэ нь цагдаагийн алба хаагчийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээлэл авах талаар өргөн хүрээнд сурталчилгаа явуулсан нь гомдол, мэдээллийн тооны өсөлтөд нөлөөлсөн байх талтай. Судалгаагаар цагдаагийн алба хаагчийн сайн үйлс, сайн талыг ч илүү өргөн хүрээнд сурталчлах зүйтэй нь ажиглагдаж байв.

Нөгөө талаас, цагдаагийн байгууллагад дээд боловсролтой хүмүүс авч, ажиллуулж эхэлсэн нь ёс зүйн зөрчил буурах эхний үр дүн болжээ.  

- Ёс зүйн зөрчил гаргасан байдал буурсан хэдий ч цагдаагийн алба хаагч танхайрах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэм зөрчих, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, мөн архидан согтуурах зэрэг байдлаар сахилга, ёс зүйн зөрчил нэлээдгүй гаргажээ. Үүнд онцгой анхаарал хандуулах нь ойлгомжтой.

ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн мэдээгээр 2008-2012 онд 876 алба хаагчид холбогдох эрүүгийн хэрэг ЭБШХуулийн 24, 25, 208 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр 462 нь хэрэгсэхгүй болж, (үүний дотор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 112 нь хэрэгсэхгүй болсон), шүүхээр 88 алба хаагчид холбогдох эрүүгийн хэрэг шийтгэгдсэн байна.

АТГ-аас цагдаагийн алба хаагчдын 2008-2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж, 25 алба хаагчид зохих хариуцлагыг тооцуулсан, мөн хугацаанд харъяаллын дагуу цагдаагийн алба хаагчтай холбоотой 27 гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шийдвэрлэжээ.

            УДШ-ийн мэдээллээр 2002-2012 онд цагдаагийн 449 албан хаагч гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгэгдсэн байна. Гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийтгэгдсэн цагдаагийн албн хаагчдын холбогдох нийт хэргийн 69 хэргийг хэрэгсэхгүй болгож, 227 хэрэгт хорих, 30 хэрэгт баривчлах, 51 хэрэгт торгох, 29 хэрэгт албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ. Мөн 28 алба хаагчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг, 10 алба хаагчийн албан тушаал эрхлэх эрхийг, 2 алба хаагчийн төрийн албанд ажиллах эрхийг, тус бүр 1 алба хаагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, мөрдөн байцаагчийн ажил эрхлэх эрхийг тус тус хасч, шийдвэрлэжээ.

Цагдаагийн алба хаагч ёс зүйн зөрчил гаргах, ёс зүйн хэм хэмжээг зөрчих явдал багагүй байна, ялангуяа танхайрах, архидан согтуурах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам зөрчих, иргэдтэй, бусадтай зүй бус харьцах, харилцааны зарим дутагдал гаргах, бусдын биед гэмтэл учруулах, албаны нэр төрөөр далайлган, албан тушаалын байдлаа урвуулах нь цөөнгүй байгаа төдийгүй, аль болох хуурч, аргалах, өөрт ашигтай байдлаар төрийн ажлыг хийх, шударга бусаар ажиллах хандлагад зарим алба хаагч автагджээ.

- Цагдаагийн алба хаагчдыг доромжлох, дарамтлах, тэдний хууль ёсны шаардлагыг иргэдийн зүгээс эсэргүүцэх, хүч хэрэглэх, амь биед нь халдах зэрэг үзэгдэл сүүлийн үед багагүй гарах болсон.

Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх эрх зүйн болон үйл ажиллагааны орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх үндсэн ажилтай холбогдолгүй үүргийг хуулиар хариуцуулж, цагдаагийн байгууллагын хүн хүчийг тарамдуулж, оролцох ёсгүй зүйлд оролцуулах, түүнээс улбаалан алба хаагчийн нэр хүндийг олон нийтэд унагадаг асуудал байна. Тухайлбал, автомашины татвар хураахад, газар чөлөөлөх, албадан нүүлгэхэд оролцож байгаа нь цагдаа иргэдийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

            - Цагдаагийн алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг найдвартай хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй, тэднийг хамгаалах, дэмжих удирдлагын болон үйл ажиллагааны зөв менежмент ч хэрэгцээтэй байгаа төдийгүй алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг дээшлүүлэх асуудал нэн чухал болжээ.

Цагдаагийн алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх үедээ аргагүй хамгаалалт хийсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу баривчлах ажиллагааны явцад хохирол учруулсан талаар гэм буруугүйд тооцсон практик байхгүй байна. Үүнээс үзэхэд Хууль сахиулах үйл ажиллагааны болон Гэмт хэргийн тухай хуульд энэ асуудлыг тусгах нь зүйтэй.

2008-2012 онд захиргааны зөрчлийн халдлагад 552, гэмт хэргийн халдлагад 235 цагдаагийн алба хаагч өртсөн, 973 алба хаагч эрүүл мэндээрээ хохирсон, 1960 оноос хойшх хугацаанд албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдийн болон бусдын гарт өртөж, авто осолд орж 59 алба хаагч амь насаараа хохирсон нь харамсалтай явдал юм.

Цагдааг хамгаалдаг эрх зүйн зохицуулалтгүй, өмөөрдөг дарга нар ховор гэдэг нь ярилцлагын судалгаанаас давхар нотлогдож байв. Зарим дарга нь хамгаалахын оронд сахилгын арга хэмжээ авахыг эрмэлздэг гэж байв.

Цаашид Хууль зүйн яамны 2012-2016 онд хийх ажлын хүрээний төлөвлөгөөнд тусгагдсан “Цагдаагийн алба хаагчийн эрсдлийн менежмент”-ийг боловсруулан мөрдүүлэх нь зайлшгүй болжээ. Судалгааны тайлангаас харахад цагдаагийн алба хаагчдын ажлын стресс хэт их учраас бусадтай харьцахдаа харьцааны доголдол зөрчил их гардаг, ёс зүйн дутагдалд ордог, эрх зүйн хамгаалалт сул байдгаас өөрийн хийж гүйцэтгэх үүрэгтээ итгэл үнэмшил сул, хайнга ханддаг нь харагдаж байна.

            - Эрх зүйн орчныг шинэтгэхийн зэрэгцээ бүтэц, зохион байгуулалтаа оновчтой болгож төлөвлөх, зохион байгуулах онцгой асуудал юм. Иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах чиг үүргээ хэрэгжүүлэхэд голлон анхаарал хандуулахад цагдаагийн үйлчилгээг нэгжрүү түлхүү чиглүүлэх, анхан шатны нэгжийг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

- Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн дүрмийг шинэчлэн олон улсын цагдаагийн байгууллагын стандартад нийцүүлэх, салбарын сайдаар батлуулан, дотоод хяналтыг боловсронгуй болгох [1], үүний хэрэгжилтэд олон нийт, иргэдийн хяналтыг түлхүү оруулах зүйтэй нь ажиглагдаж байв.

Цагдаагийн алба хаагчдын ёс зүйг сайжруулахын тулд цагдаад тогтвортой ажиллах чин сэтгэлтэй, чадвартай хүнийг сонгон авах, дадлагажуулах, сургах, төлөвшүүлэх, ажиллах нөхцөл бүрдсэн орчинд ажил хийлгэх, ажлын ачааллыг багасгах, ажлын байранд үүсдэг “стресс”-ийг бууруулах, арилгах, цагдаа дахь архидалтыг[2] нийтээрээ таслан зогсоох, авлига, хүнд сурталгүй шударга ажиллах сэтгэхүйг суулгах, шинэчлэх саналууд туссан.

  • 2013-03-06
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх