2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

“Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016” бүтээлийн тухай

“МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН ЦАГААН НОМ-2016” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

Гэмт хэргийн нөхцөл байдалд иж бүрэн анализ хийсэн “Гэмт хэргийн цагаан ном” (White paper on crime book)-ыг дэлхийн олон орон жил бүр өөрийн орны онцлог, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн гаргадаг уламжлалтай. Энэ номыг төрийн байгууллага өөрөө, зарим улс оронд энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн судалгааны мэргэжлийн байгууллага эрхлэн гаргадаг байна.

Манай улсын хувьд Цагдаагийн ерөнхий газраас 2006 оноос эхлэн нь бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчил, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үндэслэн жил бүр улсын хэмжээний гэмт хэргийн байдал, түүний шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийж, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох ажлыг хийж ирсэн. Гэвч энэ нь гэмт хэргийн цагаан ном гаргаж буй олон улсын жишиг шаардлагад нийцэхгүй, зөвхөн цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээлэлд үндэслэгдсэн гэж үзэж болно.

Иймд Монгол Улс дахь гэмт хэргийн байдал, шалтгаан, нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйл, нуугдмал гэмт явдал, тэдгээрийн цаашдын чиг хандлагыг нийгэм, цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулан шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, тэмцэх арга замыг тодорхойлон төр засаг, хууль сахиулах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд санал, зөвлөмж болгох зайлшгүй шаардлага буйг манай Монголын Криминологичдын холбоо олж харсан.

Энэхүү гэмт хэргийн цагаан номонд цагдаа, авлигатай тэмцэх, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн статистикийн мэдээлэл болон гэмт хэргийн гаралтад нөлөөлдөг нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн хүчин зүйлсийг илэрхийлдэг мэдээлэлд түшиглэн судалгаа хийж, Монгол Улс дахь гэмт хэргийн нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж гаргахыг эрмэлзсэн билээ.

Түүнчлэн, улсын хэмжээнд зонхилон үйлдэгддэг, эсхүл нийгэмд анхаарал татаж буй тодорхой төрлийн гэмт хэргийг тухайлан судалж, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлж оруулсан нь энэхүү номыг үнэ цэнэтэй болгосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү “Гэмт хэргийн цагаан ном” нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистикийн мэдээллээс илүү хууль сахиулах, шүүх эрх мэдлийн өргөн хүрээг хамарсан, улсын хэмжээний гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, нөхцлийг салбарын эрдэмтэн, судлаачид болох гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судалдаг хууль зүйн ухааны доктор Н.Жанцан, Д.Зүмбэрэллхам, Б.Батзориг, Ж.Эрдэнэбулган, Ц.Цэлмэг, С.Гантулга, Ч.Нямсүрэн, Б.Энхболд, Ж.Мөнхболд, М.Эрдэнэбаяр, Ж.Нямдулам болон судлаач Г.Эрдэнэбат, Г.Оюунболд, Б.Мөнхдорж Г.Туяа зэрэг криминологийг сонирхон судалдаг олон хүмүүсийн хүч хөдөлмөр, оюун бодлыг шингээсэн судалгааны бүтээл болсон.

Та бүхэн энэхүү номтой холбоотой санал хүсэлт, шүүмжлэл, зөвлөгөөгөө Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Монголын Криминологичдын холбоонд ирүүлж, өөрийн туршлагаасаа хуваалцан хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Энэхүү судалгааны ажлын үр дүн, тайлан алдаа, учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй бөгөөд жилээс жилд улам чамбайруулан, баяжуулж гаргахыг эрмэлзэх болно.

Монгол Улсын хэмжээнд гэмт хэргийн статистикийн мэдээлэлд үндэслэн улсын хэмжээнд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийн талаар суурь судалгаа хийх ажлыг дэмжсэн Нээлттэй нийгэм форумд криминологич эрдэмтэн, судлаачдын зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ гэмт хэргийн цагаан номыг эрхлэн гаргах ажлыг бодлогын түвшинд дэмжиж, олон нийтийн хүртээл болгож буй Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд талархаж буйгаа илэрхийлж байна.

  • 2018-02-01
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх