2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Б.Мөнхдорж: Хүн худалдаалах гэмт хэрэг үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй.

ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвөөс профессор багш, практикийн ажилтантай хамтран хүн худалдаалах гэмт хэргийн талаар криминологи судалгааг 2014 оны 6-10 дугаар сард хийжээ, Энэхүү судалгааны үр дүнгийн талаар судалгааны багийг ахалж ажилласан Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, математик, хууль зүйн магистр, хууль зүйн докторант, цаг­даагийн ахмад Б.Мөнхдоржтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-ХЗЯ-ны захиалгаар Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвөөс хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалгаа хийжээ. Энэхүү судалгааны гол зорилго нь юу байсан бэ?

-Судалгааны зорилгын талаар ярихаас өмнө Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулъя. ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэн, түүний дотор Цагдаа судлал, Хил судлал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал, Шинжлэх магадлахуй судлал, Гамшгийн эрсдэл судлал, Хууль сахиулахуйн инновацийн төвүүд суурь, хавсарга, захиалгат, онолын судалгааг хийдэг. Цагдаа судлалын төв нь 2012 оноос хойш ХЗЯ, Цагдаагийн ерөнхий газрын захиалгат 20 орчим судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Үүний нэг нь хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн байдал, шалтгаан нөхцлийг судалж, урьдчилан сэргийлэх санал, зөвлөмж боловсруулах зорилгоор криминологи судалгаа хийсэн.

Судалгааны хүрээнд энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, мэдээ, баримт, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй тэмцэх үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийх, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг судлах, эцэст нь урьдчилан сэргийлэх санал, зөвлөмж боловсруулах гол зорилт тавин ажилласан.

Өмнө нь төр засаг, хууль сахиулах байгууллага, төрийн бус байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр ихээхэн судалгаа явуулсан. Тодруулбал, бидний гаргасан тооцооллоор 20 гаруй судалгаа хийсэн байна. Эрүүгийн хуульд 2002, 2008, 2012 онуудад хүн худалдаалах гэмт хэргийн талаар нэмэлт, өөрчлөлт орсон.

Улмаар 2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль батлагдан, тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт дуусч байна. Эдгээр хууль тогтоомжийн өөрчлөлт, сайжруулалт, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр нөлөө, хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэж буй үйл ажиллагааны өөрчлөлтийг судалж, цаашид авах арга хэмжээний саналыг хөндлөнгийн зүгээс тодорхойлоход судалгааны үр дүн чиглэгдсэн.

-Судалгааг хууль сахиулах байгууллагуудын түвшинд явуулсан уу?

-Судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг түүвэрлэн, Засгийн газрын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үндэсний хууль тогтоомжуудад болон олон улсын гэрээ, конвенциудад хүн худалдаалах гэмт хэргийг хуульчилсан байдлыг харьцуулан судалсан.

Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын Баянзүрх, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид, Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ зэрэг аймгийн цагдаагийн албан хаагчид, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн нэгдүгээр тойргийн шүүхийн шүүгчид, төрийн бус байгууллага, иргэд зэрэг 150 гаруй хүнийг хамруулан санал асуулгын судалгаа авч, үр дүнг нэгтгэн дүгнэсэн.

Түүнчлэн, хүн худалдаалах гэмт хэргийг дагнан мөрдөн шалгадаг хууль сахиулагчдын саналыг авахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, интернет, нийгмийн сүлжээний хүрээн дэх хүн худалдаалах гэмт хэргийн хэлбэр, шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийсэн.  

-Уг судалгааг явуулахад ямар зарчмыг барьж ажилласан бэ?

-Удирдамж, төлөвлөгөө гарган ажиллаж, судалгааны түгээмэл аргууд болох санал асуулга явуулах, ажиглалт хийх, баримт бичиг, нөхцөл байдалд дүн шинжилгээ анализ хийх, нэгтгэн боловсруулах, харьцуулах, ярилцлага хийх зэрэг аргыг ашиглан хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид хэрхэн ажиллах арга замыг тодорхойлохыг зорьсон.

Хүн худалдаалах гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаарх судалгаа хийхдээ түүвэрлэлт, харьцуулалт, дүн шинжилгээ хийх зэрэг аргыг ашиглаж, хэргийн материалаас нотлох баримт, шүүхийн шийтгэх тогтоолуудтай танилцах замаар дүгнэлт гаргасан. Судалгааг аливаа улстөрийн байгууллага, албан тушаалтны бодлого, нөлөөллөөс ангид бие даасан байдлаар, шинжлэх ухааны арга зүйг баримтлан, зөвхөн тухайн судалгаагаар тогтоогдсон үр дүнд үндэслэн дүгнэлтийг бодитой гаргах зарчмыг баримтлан явуулсан гэхэд болно.

-Сүүлийн жилүүдэд хүний наймааны хэрэг өссөн гэж төрийн бус байгууллагынхан хэлдэг.  Үүний шалтгааныг юу гэж үзэж байна вэ?

-Манай улсын иргэд гадаадад зорчих явдал ихээхэн нэмэгдсэн. Өнөөгийн байдлаар гадаадын 191 улс оронд 131 мянга орчим монголчууд амьдарч байна. Хил хязгаар нээлттэй болж зарим улсад визгүй зорчих шинэ боломжууд нээгдсэн. Мөн дотоодод хөдөө орон нутгаас хот суурин газар руу шилжин нүүх хөдөлгөөн ч ихэсчээ. 

Гэвч эдгээр өөрчлөлт нь гадаадад гарч, мөнгө олж сайхан амьдрахыг мөрөөдсөн иргэд, ялангуяа охид, бүсгүйчүүдийг хил давуулан гадаадад худалдаалах хялбар “зууш” болох эрс­дэлийг нэмэгдүүлсэн гэж болно. Шалтгаан нь охид, эмэгтэйчүүдийг гадаад оронд өндөр цалин, орлого ихтэй ажилд оруулах, гадаадын иргэнтэй гэр бүл болоход нь зуучилна гэж хуурч мэхлэн урхиндаа оруулах замаар энэ гэмт хэргийг үйлдэж байна.

Бээжин хотод болсон Хятад, Монгол хоёр улсын консулын уулзалтаар “Монгол Улс, Орос, Хятадын дундах хvн наймаалах, хил дамжуулан худалдаалах төв цэг болжээ” гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ нийгэмд хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад ихэссэн гэж ярих боловч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик мэдээллээс үзэхэд 2000 оноос 2014 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд 138 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нарийвчилсан тоогоор 2008 оноос 2014 оны 6 дугаар сарын хооронд хүн худалдаалах гэмт хэргийн чиглэлээр 60 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 18 нь шүүхээр шийдэгдсэн.

Бид хүн худалдаалах гэмт хэрэг шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн талаар судалгаа хийж үзэхэд энэ төрлийн гэм хэрэг нийгэмд өсч буй хандлагатай боловч тоон үзүүлэлтийн хувьд бага түвшинд хэлбэлзэлтэй байна.

-Бага хэмжээнд хэлбэлзэж байгаа шалтгаан нь юу юм бол?

-Үүний шалтгаан нь эрх зүйн зохицуулалт боловсронгуй бус, шүүх эрх мэдлийн болон прокурор, цагдаагийн байгууллагын албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар нэгдмэл ойлголтгүй, мөрдөх ажиллагаа явуулах арга зүй дутмаг, гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо хангалтгүй, улмаар хүн худалдаалах гэмт хэрэг нь олон улсын үндэстэн дамнасан хэрэг учир олон улсын байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн байдал дутмаг гэх зэрэг байдлаас шалтгаалан энэ төрлийн гэмт хэргийн тоо бодит амьдрал дээр үйлдэгдэж буй гэмт хэргийн тооноос харьцангуй бага байна гэж үзэх үндэслэлтэй.  

-Хүн худалдаалах гэмт хэрэг  чухам ямар хүчин зүйлсээс болж гардаг вэ?

-Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэргийн хэд хэдэн төрөл байдаг гэдгийг судалгаанд оролцогчид нэрлэсэн. Тухайлбал, хөдөлмөрийн мөлжлөг, бэлгийн мөлжлөг, эд эрхтэний наймаа, захиалгат гэрлэлт, хүүхэд үрчлэлт гэсэн төрөлд хувааж үзэж болох юм. Судалгаанд оролцогчдын саналаар тус гэмт хэрэгт бэлгийн мөлжлөгийн хэлбэр зонхилж байдаг гэж  21.9 хувь нь, хөдөлмөрийн мөлжлөг гэж 10 хувь нь, эд эрхтний наймаа гэж 0.6 хувь нь үзсэн байна. Мөн захиалгат гэрлэлт 0.6 хувь, хүүхэд үрчлэлтийн хэлбэр байна гэж 0.6 хувь  гэсэн санал гаргасан байна. Мөн хүн худалдаалах гэмт хэрэг гарахад ядуурал, ажилгүйдэл, архидалт гэх зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчид нэг талаас нийгмийн хүчин зүйл, нөгөө талаас хувь хүний хүчин зүйлтэй холбож тайлбарласан байна.

Тэгэхээр нийгмийн хариуцлага сул, эцэг, эх, гэр бүлийн хараа хяналтгүй байдал, төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилт, хувь хүний аливаад хандах хандлага, сэтгэлгээний байдал зэрэг нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл болж байна гэж үзэж болох юм.

-Манай улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?

-Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалтгаан, нөхцлийг нь тогтоон арилгах, хохирогчийн эрхийг хамгаалах зорилгоор УИХ 2012 оны 1 дүгээр сарын 19-нд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль батлан гаргахаас өмнө бие даасан хууль байхгүй, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүн, далайц хангалтгүй байлаа. Төр засгаас “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 2006 оноос гурван үе шаттайгаар хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хэрэгжилт 2016 онд дуусгавар болно.

Мөн Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 252 дугаар тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ хөтөлбөр төлөвлөгөөнд хүн худалдаалахтай тэмцэх асуудал тусгагдсан. Түүнчлэн, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг Хууль зүйн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны А/11 дүгээр тушаалаар байгуулж, үйл ажиллагаа нь тогтворжиж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа идэвхжиж байна.

-Дэд зөвлөлд ямар байгууллагуудын төлөөлөл багтдаг юм бол. Тэд хэрхэн ажиллаж байна вэ?

-Дэд зөвлөлийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга удирддаг. Дэд зөвлөлд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал, хууль сахиулах байгууллага, хүүхдийн төлөө газрын болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна. Дэд зөвлөлөөс 2016 он хүртэл төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд хуульд заасны дагуу хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл сонсох, хэлэлцэх, уулзалт, семинар, сургалтууд зохион байгуулах хэлбэрээр ажиллаж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ажиллаж байна. Гадаад харилцааны яам, Консулын газар, гадаад улсад суугаа элчин сайдын яамдын зүгээс хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн үед үр дүнтэй ажиллаж байна. Тухайлбал, гэмт хэргийн хохирогч болсон 2013 онд 82 иргэн, 2014 оны эхний 9 сарын байдлаар 84 иргэнийг эх оронд нь авч ирсэн байна.

-Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой юм бол?

-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар төр хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн бус байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, үндэсний хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлсэн. Мөн Эрүүгийн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт орсон. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлан гаргасан зэрэг ахиц байна. Гэвч эрх зүйн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох шаардлагатай.

Монгол Улсад биеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Биеэ үнэлэгчдийн тоо нэмэгдэж, гудамж, талбайгаас саун массаж, зочид буудал руу шилжиж байна. Түүнчлэн, биеэ үнэлэгчдээс хохирогч элслүүлэх замаар хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэх хандлага нэмэгдсэн байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн хүрээ улам тэлж, суурь шалтгаан нөхцөл арилаагүй, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, харилцан ажиллагаа, хүн, хүч дутмаг, олон улсын хамтын ажиллагаанаас шалтгаалан тэмцэл үр дүнд хүрэхгүй байна. Энэ бол манай улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлж буй аюул, эрсдэл мөн.

Мөн хүн худалдаалах гэмт хэргийн хэлбэр, төрөл нэмэгдэх хандлагатай байна. Умард Солонгос, Вьетнам, Филиппин улсын иргэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх явцдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай үйлдэгдэж арга хэлбэрээ байнга өөрчилж, нууц далд, зохион байгуулалтад орж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг хүрээгээ тэлэхэд бэлгийн аялал жуулчлал голлох нөлөө үзүүлж байгаа бөгөөд насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлэх явдал гарч байна.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа, цахим орчин, нийгмийн сүлжээнд (facebook, messenger, skype гэх мэт) тавих хяналт сул, түүний хэрэглээ, хүрээ улам бүр нэмэгдэж байна.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь гадаадад үйлдэгддэг, эсвэл гадаадын иргэд холбогдож байгаа учраас олон улсын хамтын ажиллагаа нэн чухал байна.

-Судалгааны үр дүнгээс үзэхэд, хүн худалдаалах гэмт хэрэгтэй ямар механизмаар тэмцвэл энэ төрлийн гэмт хэрэг цаашид буурах боломжтой вэ?

-Хууль сахиулагч, прокурор, шүүгч нарын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх сургалтыг Хууль зүйн яамнаас нэгдсэн зохион байгуулалттайгаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулах шаардлагатай.

Мөн Монгол болон гадаадын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн хяналт, хөдөлмөр, барилга, уул уурхайн зэрэг төрийн байгууллагын хяналтыг чиглүүлж ажиллуулах нь зүйтэй.

Үрчлэгдсэн насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг араас нь хяналт тавьж, хамгаалах тогтолцоог сайжруулах, хүн худалдаалах гэмт хэрэг голчлон үйлдэгдэж буй хотуудад болон хилийн чанадад холбогдох байгууллагын хүч, арга хэрэгслийг чиглүүлж, хяналт шалгалтыг чангатгаж, урьдчилан сэргийлэх судалгааг зохион байгуулах нь зүйтэй.

Мөн насанд хүрээгүй хүнийг бэлгийн мөлжлөгт, тэр дундаа секс жуулчлалд ашиглаж байна гэсэн мэдээллийг нухацтай мөрдөн байцаах, шалгах хэрэгтэй. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжийг харьцуулсан сургалтын хэрэглэгдэхүүн гаргах, хохирогч хамгааллын цогц үйлчилгээг бий болгох, шинээр боловсруулж буй хуулийн төслүүдэд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зохицуулалтыг оновчтой тусгаж өгөх нь зүйтэй болов уу.

                                                                                                                                 Ярилцсан: дэслэгч В.Дондовдорж

  • 2017-11-27
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх