2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавъяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан болж өндөрлөлөө.

Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавъяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан болж өндөрлөлөө. 

Түүний нэрэмжит шилдэг өгүүллийн уралдаанд Хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд ашиглахаар болсон байна. Тус уралдаанд ирүүлсэн зарим өгүүллүүдийг уншигчдийн сонорт хүргэх үүднээс www.prokuror.mn сайтад нийтлэгдсэнг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТААС ҮҮССЭН ГЭМ ХОРЫГ АРИЛГАХ

ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

 

Жаргалсайханы Оюунтунгалаг, хууль зүйн доктор /LL.D./

 

Хураангуй

Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын асуудлыг уг тусгай төрлийн гэм хорын хүрээнд хамгаалагдах объект, хариуцах этгээд, тээврийн хэрэгслийг тодорхойлох журам, нотлох үүргийн хуваарилалт, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл зэрэг талаас нь харьцуулсан эрх зүйн аргаар задлан шинжилсний үндсэн дээр Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглэхтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг  гаргаж тавих, уг зохицуулалтын зорилгод нийцүүлэн тайлбарлах талаар санал дэвшүүлсэн болно.

Түлхүүр үг

Transport vehicle, strict liability, owner, possessor, res ipsa loquitur, burden of proof, absence of fault, exclusion of liability

Оршил

Бусдад гэм хор учруулсан уг үйлдэл, эс үйлдэлд гэм буруутай өөр этгээдээр хохирлыг арилгуулах тухай гэм хорын эрх зүйн үндсэн зарчмын хэтийн зорилго нь учирч болох эрсдэл, хохирлыг урьдчилан харах боломжтой этгээдийн хувьд тийм зан үйл гаргахгүй байх замаар бусдыг хохироохоос сэргийлэхэд оршдог байна[1]. Гэвч машин, механизм, техник хэрэгсэл, тээврийн хэрэгслийн ашиглалт өссөнтэй холбоотой эдгээрээс хохирол учрах эрсдэл нэмэгдэж байгаа энэ цаг үед гэм хорыг зөвхөн гэм буруугийн зарчимд үндэслэн арилгах тухай уг зарчмыг бүрэн хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй юм.

Техник, технологийн хөгжил хүн төрөлхтөнд олон ашиг тустай зүйл авчирсан боловч мөн тэр хэрээр эрсдэл, аюулыг нэмсэн билээ.Энэ асуудлыг даатгалын тогтолцоог ашиглан шийдвэрлэх оролдлого байсан хэдий ч уг эрсдэлийг нийгмийн нийт гишүүдэд эсхүл уг ажиллагааг явуулан ашиг олж буй хүмүүсттараан үүрүүлэх шинэ арга хэрэгсэл зайлшгүй хэрэгтэй болжээ[2].

Гэм буруугийн асуудал, түүнийг нотлох үүргийн асуудал нь ердийн гэм хорын эрх зүйн  зохицуулалтаас эсрэг схемээр тайлбарлагддаг энэхүү хатуу хариуцлагын асуудал нь ХХ зууны үеэс дэлхийн эрх зүйн тогтолцоонд үүсч хөгжиж ирсэн билээ[3]. Үйлдвэрлэлийн осол, гэмтэлтэй холбоотой учирсан хохирлыг ажил олгогч буруутай эсэхээс үл хамааран арилгах тухай зохицуулалт нь энэхүү арга хэрэгслийн анхны жишээ байсан боловч энэ өгүүллийн хүрээнд тээврийн хэрэгслийн ашиглалтаас учирсан гэм хорыг арилгах зохицуулалттай холбоотой харьцуулсан судалгаанд чиглэсэн болно.

Үндсэн хэсэг

Манай Улсын хувьд иргэний эрх зүй нь барууны болон ази, америкийн хөгжилтэй улс орнуудынхаас харьцангүй онцлогтойгоор үүсэж, хөгжиж ирсэн хэдий ч барууны эрх зүйн тогтолцоонд байдаг иргэний эрх зүйн үндсэн гол зохицуулалтууд хуульчлагдсан байдаг бөгөөд харин хууль хэрэглээний хувьд эдийн засгийн  либералчлалын үйл явц харьцангуй хожуу явагдсантай холбоотой хөгжил, төлөвшлийн хувьд уичр дутагдалтай зүйлс байгаа билээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг түүний эзэмшигч гэм буруугүй байсан ч хариуцан арилгах тухай гэм хорын тусгай зохицуулалтболсон юм. Энэ зүйлийн зохицуулалтыг иргэний эрх зүйн  маргаанд хэрхэн хэрэглэж байгаа асуудлаар 2014-2015 онд шүүхээр шийдвэрлэгдсэн тодорхой хэргийн хүрээнд судалгаа хийж үзэхэд 1/уг зүйлд заасан тээврийн хэрэгсэл эзэмшигч гэдгийг хэрхэн ойлгох асуудал,2/тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээд нь өөрөө гэм хор учруулсан этгээд байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 эсхүл мөн хуулийн 499.1 дэх хэсгийг аль зохицуулалтыг баримтлах буюу хэм хэмжээний өрсөлдөөний асуудал, 3/ гэм учруулсан этгээд, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хэн нь гэм хорыг шууд хариуцах этгээд болох зэрэг асуудлуудаар манай хуульчдын дунд хуулийн дээрх заалтыг тайлбарлах тухайд зөрүү байсаар байгаа нь ажиглагдсан юм. Иймд уг зохицуулалтыг хэрхэн тайлбарлан ойлгох талаар судлаачийн хувьд саналаа дэвшүүлэхээс өмнө гадаад орнуудад тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах асуудлыг хэрхэн зохицуулж, тайлбарладгийг авч үзнэ.

 

  1. Зохицуулалтын хүрээ

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүргийн талаар гадаад орнуудын хууль тогтоомжийг судлан үзэхэд тусгайлан хууль гаргах замаар зохицуулах эсхүл орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа, объект зэрэг иргэний эрх зүйн зохицуулалтын хүрээнд хамруулах гэсэн 2 хандлага зонхилж байна.

Ерөнхий зохицуулалтыгтайлбарлан хэрэглэх хандлага

ОХУ-ын Иргэний хуулийн 1064 дүгээр зүйлээр гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий зохицуулалт буюу гэм буруутай этгээд гэм хорыг хариуцан арилгах үүргийг тодорхойлж, хуулиар тухайлан заасан тохиолдолд гэм хорыг учруулсан үйлдэл хийгээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэж болохоор заасан байдаг. 1079 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт"өндөржүүлсэн аюултай эх сурвалж”-аас үүдэлтэй хохирлыг уг эх сурвалж эзэмшигч нь учирсан гэм хорыг хариуцан арилгахаар заасан[4]бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүүссэн гэм хорыг арилгах асуудлыг  хуулийн энэ зохицуулалтад хамруулан шийдвэрлэдэг байна[5].

Францад гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэл буюу гэм хор учруулсан этгээдийн  гэм буруутай үйлдэл, эс үйлдэл болон гэм хорын хоорондын шалтгаант холбооны талаар Иргэний хуулийн 1382, 1383 дугаар зүйлүүдэд маш тодорхой заасан боловч 1384 дүгээр зүйлд аливаа этгээд нь өөрийн учруулсан гэм хороос гадна өөрийнх нь удирдлагад буй этгээд болон өөрийнх нь хяналтад байх эд зүйлсээс бусдад учирсан гэм хорыг мөн хариуцах ёстой гэж заажээ[6]. Удирдлагад нь байгаа этгээдийн өмнөөс хүлээх хариуцлагын хувьд ажилтнаа сонгох, хяналт тавихдаа анхаарал болгоомжгүй байсан нь хариуцлага хүлээлгэх үндэслэл гэж гэм буруугийн онолын үүднээс тайлбарлаж, харин эд зүйлс эзэмшсэнийхээ төлөө хариуцлага хүлээхийг ерөнхийдөө амьтны асран хамгаалагч, байшингийн өмчлөгчид хариуцлага хүлээлгэх тухай 1385, 1386 дугаар зүйлийн өмнөтгөл гэж үздэг байв. Өөрөөр хэлбэл, "амьтан” болон "байшин” гэдгээр "эд зүйл” эзэмшигчийн хариуцлагын хүрээг хязгаарлаж байсан боловч үйлдвэрлэлийн ослын тоо нэмэгдэх хэрээр ийнхүү тайлбарлах боломжгүй болж 1896 онд Францын хяналтын шатны шүүхээс 1384 дүгээр зүйлийн 1384.1 дэх заалт нь амьтан, барилга байгууламжаар хязгаарлагдахгүй болохыг тогтоосон байдаг.Үүнийг эд зүйлсийн хариуцлага бус, эд зүйлсийн арчлан хамгаалахтай холбоотой хариуцлага гэж тайлбарладаг бөгөөд төмөр зам, трамвай, өөрөө явагч тээврийн хэрэгслийн эзэмшигч, цахилгаан, газ, хий болон бусад аюултай бодис үйлдвэрлэх, хадгалах, шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд Иргэний хуулийн 1384 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэдэг аж[7].

Дээрх нөхцөл байдлаас үзвэл Францын Иргэний хуулийн 1384 дүгээр зүйлийн хэрэглээ нь хатуу хариуцлагын болон гэм буруутайгаар хүлээх ерөнхий хариуцлагын элементийн аль алиныг нь агуулах шинжтэй байна. Италийн Иргэний хуульд Францын хуультай төстэйгээр амьтны болон барилга байгууламжийн өмчлөгчийн хариуцлагыг заасан байдаг боловч тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариулагыг тусгайлан хуулиар тогтоосон байдаг. Итали Улсын хувьд иргэний эрх зүйнсистемчлэл талаасаа институцийн буюу францын загварт хамаардаг хэдий ч үүнийг туйлын байдлаар ойлгож болохгүйг харуулж байна.

Эдгээр нь иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтыг өргөжүүлэн тайлбарлах замаар хатуу хариуцлагын асуудлыг шийдвэрлэж буй жишээ юм.

Нийтлэг эрх зүйн шүүхэд "res ipsа loquitur” буюу гэм буруугүй ч хариуцлага хүлээж болох тухай үзэл баримталыг мөн хэрэгжүүлдэг байна[8]. Аливаа этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд санаатай эсхүл болгоомжгүйн гэм буруунотлогдсон байх шаардлагатай байх боловч аливаа эд зүйлс нь хариуцагч эсвэл түүний ажилтны зүгээс зохих ёсны анхаарал тавьсан бол уг осол гарахгүй байсан учраас хариуцагчийн зүгээс энэ талаар ямар нэгэн тайлбар байхгүй тохиолдолд уг осол анхаарал болгоомжгүйн улмаас үүссэн гэж үзнэ. Энэхүү хариуцагчийн зүгээс хангалттай тайлбар, нотолгоог шаардаж байгаа уг зарчмын талаар үзэл бодлын зөрүү байдаг боловч олон хэрэгт "хохирол бий болоход гэм буруугүй бол өөрийнх нь анхаарал болгоомжгүйгээс хохирол бий болоогүй” гэдгийг нотлох замаар хариуцлагаас чөлөөлөгдөх тохиолдол байсан. АНУ-ын хувьд энэ хандлагыг баримталдаг боловч гэм хор учрахад хариуцагч буруутай байсан эсэхийг журигээр шийдвэрлүүлж болдгоороо онцлогтой байдаг.

Английн эрх зүйд хариуцагчийн анхаарал болгоомжгүй байсан гэдгийг нотлолгүйгээр хохирлыг хариуцуулах асуудалд уриалагхан бус ханддаг боловч парламентаас нь Агаарын хөлгийн өмчлөгчийн хариуцлагын тухай хууль, Цөмийн энергийн хариуцлагын тухай хууль зэргийг тусгайлан баталсан бол, шүүхийн жишгээр зөвхөн 2 төрлийн хатуу хариуцлагыг бий болгосон байдаг.

Тусгайлан хуульчлах хандлага

ХБНГУ-ын хувьд Иргэний хуульд нь заагдсан тансаг амьтдын эзний гэм буруугүйгээр хүлээх хатуу хариуцлагаас гадна тусгайлсан хуулиудын хүрээнд гэм хорын хатуу хариуцлагыг тогтоож өгсөн байдаг[9]. 1871 оны Хатуу хариуцлагын тухай хуулиар төмөр замын үйл ажиллагаанаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлын хатуу хариуцлагыг тогтоон, хамрах хүрээг нь өргөжүүлж байгаад 1978 онд Хатуу хариуцлагын тухай хуулийг шинэчлэн баталж шугам хоолойгоор дамжих шингэн, утаа, хий зэргээс учирсан хохирлыг давагдашгүй хүчин зүйлсээс бусад тохиолдолд хариуцах зохицуулалтаар өргөжсөн байдаг.Одоогийн байдлаар Агаарын хөдөлгөөний тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд агаарын тээврийн болон цөмийн энергийн үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдэд туйлын хариуцлага ногдуулсан бөгөөд давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөлөл байсан ч хариуцлага хүлээлгэхээр заасан. Түүнчлэн, 1957 оны Усны удирдлагын тухай хууль болон 1976 оны Эмийн тухай хуулиар усны бохирдолтой холбоотой үүссэн хохирлыг эдийн засгийн алдагдлыг оролцуулаад хязгаарлалтгүйгээр хариуцах, зах зээлд эм нийлүүлж буй компаниудад эмтэй холбоотой үүссэн хохирлыг бүрэн хариуцахаар зохицуулсан. Байгаль орчны хариуцлагын тухай хуулиар байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай эсэхээс үл хамааран бүрэн хариуцан арилгах зохицуулалт байдаг байна.

Австрийн хувьд Германтай адил төстэй хатуу хариуцлагын тогтолцоо үйлчилдэг бол Швейцарийн хувьд Төмөр замын үйл ажиллагаа төдийгүй түүний барилга байгууламжтай холбоотой хохирлыг уг үйл ажиллагаа эрхэлж буй этгээдэд хариуцуулдаг байна. Швейцарийн Шугам хоолойн тухай 1963 оны хуулиар Герман, Австриас ч илүү хүрээг нь өргөжүүлсэн бөгөөд байгалийн тос, хий, бусад шингэн, хийрхэг материал, түлш зэрэг парламентаас тухайлан заасан бүх объект хамаардаг байна[10].

ХБНГУ-д Моторт тээврийн хэрэгслийн даатгалын тухай хууль, түүний дараа хуульчдын шахалт шаардлагын дагуу гарсан Моторт тээврийн хэрэгслийн тухай хууль зэргээр тээврийн хэрэгслээс учирсан хариуцлагын асуудлыг зохицуулахдаа тээврийн хэрэгслийн жолооч болон төлбөргүйгээр зорчиж байгаа зорчигчдод учирсан гэм хор, амь насыг нь хариуцахгүй байхаар зохицуулсан хууль нь олон удаагийн өөрчлөлт орсны дараа 1952 оны Замын хөдөлгөөний тухай хууль батлагдан одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад хүнд болон хөрөнгөд учирсан хохирлыг уг тээврийн хэрэгслийн бүртгэлтэй эзэмшигч эсхүл арчлан хамгаалагч нь хариуцан арилгахаар заасан байдаг[11].

XX зууны сүүлийн хагасаас хойш тээврийн хэрэгслийн ослоос учирсан хохиролтой холбоотой хэрэг өсөж гэм хорыг арилгах онолын асуудалд японы иргэний эрх зүйд багагүй хөгжил гарсан гэж үздэг. Япон Улсын хувьд 1955 онд "Автомашины учруулсанхохирлын нөхөн төлбөрийн тухай хуулийг батлан,  уг хууль нь тээврийн хэрэгслийн ослоос бусдад гэм хор учруулсан этгээдийн хариуцлагыг чангатгахаас гадна, хариуцлагын даатгалыг чангаруулж хохирлын зардлыг даатгалын системийг ашиглан хуваарилж хохирогчид бодитой нөхөн төлбөрийг олгоход чиглэсэн байдаг. Энэхүү даатгалын тогтоолцоог нэвтрүүлэхийн тулд хариуцагч хэн байх тухай асуудал гарч, хариуцлага хүлээх этгээд нь даатгалд хамрагдах боломжтой этгээд байх шаардлага үүсжээ. Иймд хариуцагчийг зөвхөн шууд гэм хор учруулсан буруутай этгээдээр хязгаарласан тохиолдолд уг этгээд нь даатгагдаагүй байгаа тохиолдолд хохирогчийн хувьд даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй нөхцөл байдал үүснэ[12].Уг нарийвчилсан хуулийн 3 дугаар зүйлээр хариуцлага хүлээлгэх нөхцөл зэргийг тодорхойлон заасан бөгөөд иргэний эрх зүйн тусгай зохицуулалт гэж тооцдог байна.

  1. "Тээврийн хэрэгсэл” –ийг тодорхойлох нь

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас учирсан гэм хорыг тусгайлан хуулиар зохицуулдаггүй улс орнуудын хувьд эх сурвалж, эд зүйлсийн аюултай шинж байдлыг тодорхойлоход голлон анхаардагбайна.

ОХУ болон Франц зэрэг тээврийн хэрэгслээс учирсан гэм хорыг тусгайлсан хуулиар зохицуулдаггүй улсын хувьд аюултай үйл ажиллагаа, обьект гэсэн хүрээнд тээврийн хэрэгслийг авч үздэг. Жишээлбэл, ОХУ-д "өндөржүүлсэн аюултай эх сурвалж”[13]гэдгийгхүний зүгээс бүрэн хянах боломжгүй, орчин тойрондоо аюул учруулах магадлалтай эд зүйлс болон эдгээрийг ашиглан, тээвэрлэн,  хадгалах болон аж ахуйг бусад зориулалтаар ашиглах  үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг[14]. Эх сурвалж гэдгийг тайлбарлахдаа үйл ажиллагааны болон объектын гэсэн хоёр янзын онолыг хэрэглэдэг. "Эх сурвалж” гэдгийг үйл ажиллагааны онолын үүднээс орчин тойрондоо өндөржүүлсэн аюул учруулж болзошгүй, бодгаль этгээдийн зүгээс бүрэн хянах боломжгүй аливаа үйл ажиллагаа гэж үздэг бол, объектын онолын үүднээс орчин тойрондоо аюултай шинж чанар бүхий материаллаг ертөнцийн эд зүйлс гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн аюултай байх шинж чанар нь үйл ажиллагаанаас гарч байгаа эсхүл объектын өөрийн нь мөн чанараас гарч байгаа гэдэг дээр ялгаатай ханддаг бөгөөд оросын эрдэмтдийн дунд маргаантай сэдэв хэвээр байна. Гэвч зарим судлаачид нь аюултай эх сурвалжийг үйл ажиллагаатай эсхүл объекттой холбон тайлбарласан эдгээр онолын аль аль нь бие биенээ бүрэн няцаах бус, харин үйл ажиллагаа, объектын хоорондын харилцан хамаарлыг илтгэнэ гэж үзжээ[15].

Харин Англи, Америкт "тээврийн хэрэгсэл” гэдгийг хэрхэн тодорхойлох дээр анх маргаантай байсан боловч ашиглалттай нь холбон "аюултай үйл ажиллагаа” гэсэн хүрээнд авч үзэх болсон. Аюултай үйл ажиллагаа явуулж байгаа этгээд нь түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах тухай асуудлын хувьд Fletcher v.Rylands хэрэг голлох ач холбогдолтой байсан бөгөөд  шүүх аливаа этгээд өөрийн эзэмшиж байгаа болон явуулж байгаа үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцах ёстой гэж зааснаас гадна онцгой зориулалтаар ашиглах нь мөн хариуцлага хүлээлгэх нэг үндэслэл болно гэжээ. АНУ уг кейсийг хүлээн зөвшөөрдөг боловч тухайлан нэрлэн заадаггүй байсан бөгөөд 1938 онд Гэм хорын эрх зүйн тайлбарыг гаргаж онц аюултай үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн хатуу хариуцлагын ерөнхий дүрмийг тогтоосон бөгөөд "ноцтой аюултай үйл ажиллагаа” гэдгийг бусад этгээдийн амь нас, эрүүл мэнд, газар, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй, уг эрсдэлийг ердийн түвшний анхаарал болгоомжтой байсан ч бүрэн зайлуулж болохооргүй ердийн бус хэрэглээний зүйлсийг хамааруулсан[16].

Харин тусгайлсан хуультай улсуудын хувьд тээврийн хэрэгсэл гэдгийг хуульчлахдаа "аюултай шинж”-ийг нь тодорхой хэмжүүрт оруулсан байх хандлага байна. Жишээлбэл, ХБНГУ-ын Замын хөдөлгөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр тээврийн хэрэгсэл гэдгийг механик хүчээр жолоодогддог төмөр замд хамааралгүй, хуурай газрын бүх тээврийн хэрэгслийг ойлгохоор заасан бөгөөд цагт 20 км цагаас илүү хурдлах боломжгүй, удаан хөдлөх тээврийн хэрэгслийг энэ зохицуулалтад хамаарахгүйгээр зохицуулсан байдаг[17].

  1. Тээврийн хэрэгсэл "эзэмшигч”

Аюултай эх сурвалж эзэмшигч гэдгийг бодит байдал дээр эзэмшилдээ байлгаж байгаа материаллаг шинж чанараар нь болон тухайн эд зүйлсийг тодорхой эрхэд үндэслэн эзэмшилдээ байлгах эрх мэдэлтэй этгээд буюу хууль зүйн шинжээр нь тодорхойлж болно гэж оросын эрдэмтэд үздэг бөгөөд ийнхүү тайлбарлах нь шүүхийн парктикт чухал ач холбогдолтойг тодруулан, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тодорхой тээврийн хэрэгслийг эзэмшин жолоодож явсан этгээдийг "эзэмшигч” гэж үзэхгүй гэсэн жишээг заажээ.[18]Түүнчлэн тодорхой объектыг хэд хэдэн этгээд хамтран өмчилдөг, эсхүл өмчлөл, эзэмшил нь өөр өөр этгээдэд байх тохиолдолд тухайн эд хөрөнгийг бодитой хянах боломжтой эсэх шалгуурыг баримталдаг байна. Жишээлбэл, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн зүйлд хамаарах автомашины хувьд гэрлэгсдийн хэний нэр дээр бүртгэлтэй байгаагаар нь хариуцагчийг тодорхойлох, тээврийн хэрэгслийг жолоочгүй дангаар нь түрээслүүлсэн тохиолдолд тухайн түрээслэн авсан этгээдийг эзэмшигч гэж үздэг[19]. Харин гэм хор учруулсан үйлдэлд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч өөрөө гэм буруутай бол гэм хор арилгах ердийн журмыг баримталдаг байна.

ХБНГУ-ын Зам хөдөлгөөний тухай хуулиар тээврийн хэрэгслийн "арчлан хамгаалагч” гэсэн томьёоллыг хэрэглэдэг бөгөөд уг эд зүйлсийг өөрийн ашиг тусын тулд хяналт, удирдлага, ашиглалтадаа байлгаж байгаа эсэх бодит нөхцөл байдлыг харгалздаг байна. Тодруулбал, автомашины эзэмшигч гэдгийг тухайн автомашиныг өөрийн зардлаар ашиглаж, ийнхүү ашиглахтай холбоотойгоор захиран зарцуулах, эрх мэдэл бүхий этгээд гэж тодорхойлжээ[20].

Ихэвчлэнтээврийн хэрэгслийн өмчлөгч байх боловч зарим тохиолдолд өөрийн эд зүйлсийг бусад этгээдэд, жишээлбэл, түрээсийн гэрээгээр болон болон бусад үндэслэлээр бодитойгоор шилжүүлсэн тохиолдолд эзэмшигч гэж үзэхгүй. Автомашиныг богино хугацаагаар хөлслөх гэрээгээр ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд урт хугацаагаар хөлслөх гэрээний тохиолдолд автомашиныг ашиглаж байгаа этгээд нь түүнтэй холбоотой гарах бүх зардлыг хариуцаж байгаа тохиолдолд эзэмшигч гэж тооцогдоно. Хэрэв тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрлөөр ашигласан, эсхүл эзэмшигчийн анхаарал болгоомжгүйн улмаас хулгайлагдсан тохиолдолд эзэмшигч нь хуульд заасны дагуу хариуцлага хүлээх этгээд хэвээр байна. Харин эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг мэдэх боломжгүй байхад нь автомашиныг дураараа хулгайлсан этгээд эзэмшигчийн хүлээх хариуцлагыг хүлээнэ[21].

Өмчлөгч нь тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн ч эзэмшигч хэвээрээ үлдэх бөгөөд харин өөрийнх нь ажилтан уг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан тохиолдолд тээврийн хэрэгслийн арчлалт, хамгаалалт бодитойгоор ажилтанд шилжсэн гэж үздэг нь "бодит эзэмшил” гэсэн агуулгаар авч үзэж байгааг харуулж байна.Харин эзэмшигчийн ажилтны жолоодож яваа тээврийн хэрэгслээс учирсан хохирлын хувьд Иргэний хуулийн 831 дүгээр зүйлд заасны дагуу ажилтнаа буруу сонгож хяналт тавьсан гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл эзэмшигч хариуцлага хүлээдэг байна.

Японы Автомашины учруулсан хохирлын нөхөн төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр тээврийн хэрэгслийн ослоос учирсан хохирол хариуцах этгээд гэдгийг өөрийнхөө төлөө тээврийн хэрэгслийн ашиглалт, эрх мэдлийг  хэрэгжүүлж байгаа этгээд гэж тээврийн хэрэгсэл эзэмшигчийг тодорхойлсон байдаг.[22]Иймд энэ заалт нь Германы зохицуулалттай бараг ижил байх тул төстэй тайлбарладаг байна.

  1. Хариуцлага хүлээлгэх үндэслэл ба нотлох үүрэг

Гэм буруугүйгээр хариуцлага хүлээлгэх буюу хатуу хариуцлагын асуудалд гэм бурууг нотлох үүргийн хуваарилалтыг өөрчлөх замаар хатуу хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлдог. Учир нь гэм хорын ердийн зохицуулалтын хувьд гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардаж буй нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай болохыг нотлох үүрэгтэй байдаг бол энэхүү тусгай төрлийн гэм хорын хувьднотлогдоогүй бол хариуцагчийг гэм буруутай гэж үзэх буюу гэм буруугийн презумпци хариуцагчид ногдох зарчим үйлчилдэг билээ.

ХБНГУ-н хувьд тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад хохирол учирсан байх гэсэн урьдчилсан нөхцөл бүрдсэн байх ёстой байдаг бөгөөд энэ талаар маш олон кейс байдаг. Ерөнхийдөө бол ашиглалтын явц гэдгийг ямар нэгэн эд зүйлстэй мөргөлдөх гэж ойлгодог боловч тухайн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцээгүй ч гэсэн хохирол учирсан байх тохиолдлыг мөн хамааруулж болдог. Жишээлбэл, автомашин гэнэт тормослосон, эсхүл гэнэтийн эргэлт хийснээс болж түүний ард явж байсан мотоциклтэй хүн тэнцвэрээ алдаж унах юм бол тээврийн хэрэгслийн жолооч уг хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Түүнчлэн, автомашин зогсоолд зогсож байхыг мөн адил хамааруулдаг боловч цагдаагийн автомашин эсхүл мотоциклийг замын голд тодорхой сигнал, дохио өгөх зорилгоор байршуулсан байгаа тохиолдолд автомашин ашигласан гэж тооцогддоггүй байна.

ХБНГУ-ын Замын хөдөлгөөний хуулийндагуу эзэмшигчийн хүлээх хариуцлага хүний эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлоорхязгаарлагддаг байна. Тухайлбал, хүний амь нас үрэгдсэн бол тухайн амь насыг аврах зорилгоор явуулсан эмчилгээний зардал, нас барсан эсхүл гэмтэл авсан хүний олох байсан орлогын хэмжээгээр дүйцүүлэн эдийн засгийн алдагдал, оршуулгын зардлыг нөхөн төлдөг боловч хэмжээний хувьд дээд хязгаар болон тодорхой хугацааны давтамжтай төлөх тохиолдолд 1 жилд төлөх дээд хязгаарыг тогтоосон байдаг. ХБНГУ-ын зам тээврийн осолтой холбоотой хатуу хариуцлагын асуудал Австри, Грек, Нидерланд, Швейцарь, Скандинавын орнуудад адил төстэй хэрэгждэг боловч аюултай үйл ажиллагаа, обьектоос учирсан бүх хохирлыг ердийн гэм хорын нэгэн адил хариуцуулдаг Францын тогтолцооноос арай өөр болох нь харагдаж байна.

Хохирлын хүрээ, хязгаарыг тордорхойлох уг хандлагыг Японы тусгайлсан хуулийн зохицуулалтаас харж болно. Жишээлбэл, бусад этгээдийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг уг хуулийн хүрээнд хариуцах бөгөөд хүнд гэсэн хохирлыг арилгахад уг хууль нь чиглэсэн учраас бусад төрлийн, эд хөрөнгийн хохирлын хувьд Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх ёстой гэж үздэг[23].

Арилжааны зориулалтаар тээврийн хэрэгслийг ашиглахад зорчигчид учирсан хохирлыг арилгах асуудлын хувьд тухайн тээврийн зорчигчийг тээвэрлэхтэй хариу төлбөртэй тээвэрлэж байсан бол тээврийн хэрэгсэл эзэмшигч нь хариуцлага хүлээдэг бөгөөд хохирогчийн анхаарал болгоомжгүй байдал нь  хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн бол ХБНГУ-н Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг хэрэглэх замаар хохирлын хэмжээг тодорхойлдог байна[24].

  1. Хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийн талаар

Хатуу хариуцлагын гол онцлог нь хариуцлагаас чөлөөлөгдөхөөртусгайлан заасан бодит нөхцөл байдлыг нотлох үүрэг хариуцагчид ногддогоороо ердийн гэм хор учруулснаас үүсэх үүргээс ялгаатай.

ХБНГУ-ын хувьд давагдашгүй хүчин зүйлийн нөлөө, гуравдагч этгээдийн үйлдлийн улмаас эсхүл тухайн нөхцөл байдалд эзэмшигч нь анхаарал болгоомжтой байх, зохих арга хэмжээг бүрэн авсан болохоо нотолсон тохиолдолд зэрэгзайлшгүй тохиолдолдтээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгддөг байна.Зайлшгүй тохиолдол гэдэгт хохирогчийн үйлдэл, тээврийн хэрэгслийг жолоодох үйл ажиллагаанд оролцоогүй этгээдийн үйлдэл, амьтны үйлдэлээс гадна тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч болон жолоочийн аль аль нь анхаарал болгоомжтой байх зохих арга хэмжээг авсан гэдгээ нотолсон байх ёстой[25].Түүнчлэн тээврийн хэрэгслээс гэм хор учрах шалтгаан нь гадны болон дотоодын шалтгаантай байж болох бөгөөд тээврийн хэрэгслийн доголдол гэмтлийг дотоод хүчин зүйл гэж үздэг учраас эзэмшигчийг хариуцлагаас чөлөөлдөггүйгээс гадна гуравдагч этгээдийн зан байдал гэдгийг уг тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдолгүй гуравдагч этгээд гэж ойлгодог байна.

Дээрхтэй ижил төстэй зохицуулалт Япон улсад байна. Тухайлбал, Японы Иргэний хуулийн 709 дүгээр зүйлийн гэм хорын ерөнхий зохицуулалтын логикоос эсрэгээрээ тусгайлсан хуулиараа тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хувьд өөрөө болон жолооч нь тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа анхаарал болгоомж алдаагүй байх, хохирогч, жолоочоос бусад гуравдагч этгээдийн санаатай эсхүл болгоомжгүй үйлдэл байсан, тээврийн хэрэгслийн хувьд бүтцийн хэмжээний согог, эд ангийн гэмтэл байгаагүй гэсэн 3 нөхцөл бүгд нэгэн зэрэг бүрдсэн гэдгийг нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө[26]. 

Хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлийн хувьд тусгайлсан хуулиар зохицуулагддаггүй улс орнуудын хувьд ч мөн адил давагдашгүй хүчин зүйлс, хохирогчийн өөрийн нь санаатай, илтэд болгоомжгүйн гэм буруу байгаа нь нотлогдсон тохиолдолд эзэмшигчийг хариуцлагаас чөлөөлөх талаар хуульчлан заасан байдаг[27]. ОХУ болон Францын хувьд хариуцагч нь давагдашгүй хүчин зүйл, хохирогчийн өөрийнх нь гэм буруу, гуравдагч этгээдийн гэм буруу байгаа зэрэг өөрийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдлыг нотолсноос бусад тохиолдолд аюултай эд зүйлс, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгддөггүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь давагдашгүй хүчин зүйл, хохирогчийн гэм буруу, гуравдагч этгээдийн гэм буруу байгаа гэдгийг нотолсноос бусад тохиолдолд эд хөрөнгийг арчлан хамгаалах үүрэгтэй холбоотой үүсэх хариуцлагыг хүлээнэ.

Дээрх гадаад улс орнуудын эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд  тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын асуудлыг гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэл болох гэм буруу  нотлогдсон байх зарчмын эсрэг, гэм буруугүй гэдгийг нотлох зарчимд суурилдаг, нийгмийн бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гаргаж ирсэн зохицуулалт гэдгээрээ нийтлэг байгаа боловч зохицуулалтын онцлогоос хамаарчгэм хор учруулсан эх сурвалжийг тодорхойлох, гэм хорыг арилгах хэмжээ, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл, хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх аргачлалын хувьд харилцан адилгүй гэдэг нь харагдаж байна.

 

  1. Монгол Улсын эрх зүйн зохицуулалтад

Манай улсын хувьд гэм хор учирснаас үүсэх үүргийн ерөнхий зохицуулалтын хамт аюултай үйл ажиллагаа, обьектоос учирсан хохирлыг түүний эзэмшигчид хариуцуулах хатуу хариуцлагын зохицуулалт бараг нэгэн зэрэг бий болсон байдаг. Тухайлбал, 1952 оны Иргэний хуулийн 254 дүгээр зүйл, 1963 оны Иргэний хуулийн 320 дугаар зүйл, 1994 оны Иргэний хуулийн 379 дүгээр зүйлийн 379.1 зүйлүүдэд  орчин тойрондоо аюултай эд зүйлс эзэмшдэг болон ийм үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн хүлээх хариуцлагыг тусгайлсан зүйлээр тодорхойлон зааж, давагдашгүй хүчин зүйлс, хохирогчийн буруутай тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх талаар заасан байв[28]. Эдгээр зохицуулалт нь тухайн үеийн Зөвлөлтийн Иргэний хуулийн зохицуулалттай ижил тээврийн хэрэгсэл гэж тухайлан ялгалгүй, гэм хорыг арилгах хэмжээ, хязгаарыг тогтоогоогүй хариуцлагаас чөлөөлөх үндэслэл зэргээрээ цаашлаад францийн загварт илүү ойрхон аргаар тайлбарлах зохицуулалт гэж үзэхээр байна.

Харин 2002 оны Иргэний хуулийн 499 дүгээр зүйлээр "тээврийн хэрэгсэл”-ийн ашиглалтаас үүссэн гэм хорыг эзэмшигч нь хариуцан арилгахүндэслэлийг тусгайлан зааж гэм буруугүйгээр хариуцлага хүлээх гэм хорын тусгай төрлийг шинээр бий болгосон.

Уг зохицуулалт нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэм буруугүйгээр хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхой заасан тусгай зохицуулалт болсон хэдий ч тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцан арилгах хохирлын хэмжээг Иргэний хуулийн гэм хорын үндсэн зохицуулалтын хүрээнд тодорхойлох агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, тусгай зохицуулалтаар гэм хорыг арилгаж байгаа ХБНГУ, Япон зэрэг улсын адил хохирлын хүрээ, хэмжээний хязгаарлалтыг тогтоосон зүйл байхгүй юм. Тээврийн хэрэгсэл гэдгийг тодорхойлох асуудлын хувьд хүндрэл үүсгэхгүй бөгөөд учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл” гэж, 3.1.2-д "механикжсан тээврийн хэрэгсэл” гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхойлсон бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд"мопед” гэдгийг "50 см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл” гэж заажээ.

Үүнээс үзэхэд тээврийн хэрэгслийн талаар ХБНГУ, Япон улс зэрэгтэй адил "хурд”-ны шалгуур тавигдаагүй, ерөнхий байдлаар тодорхойлохоор байна.[29]

Харин тээврийн хэрэгсэл "эзэмшигч”-ийгтусгайлан тодорхойлон хуульчилсан зүйл байхгүй тул энэ зохицуулалт нь Иргэний хуулийн "эзэмшил”-тэй холбоотой заалтын хүрээндтайлбарлах шаардлага үүсэж байна. Иргэнийхуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн "эзэмшигч”-ийг тодорхойлбол тухайн тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшилдээ байлгаж байгаа шууд эзэмшигч, эзэмших боломжоо бусдад олгосон шууд бус эзэмшигчийн аль алиныг хамрахаар байна. Үүнийг үгийн шууд утгаар тайлбарлавал машиныг жолоодож буй, жолооны ард байгаа этгээдэд бодит эзэмшил байна гэж ойлгохоор байгаа боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан эзэмшигч, "ашиглалт” гэсэн нэр томьёотой холбон тайлбарлавал энэ тохиолдолд жолоочийг "эзэмшигч” гэхээсээ илүү "ашиглагч” гэж үзнэ.Иймд автомашиныг түр хугацаагаар эзэмшилдээавсан хүн бүрийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан эзэмшигч гэж туйлшруулан ойлгох боломжгүй гэж үзэхээр байна.

Урт хугацаагаар эзэмшүүлэх, ашиглуулах хэлцлийн хувьд мөн эзэмшигч хэн байхыг тодорхойлох шаардлага үүснэ. Жишээлбэл, өөрийн ашиг сонирхлын төлөө тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа түрээслэгчбуюу шууд эзэмшигч, түрээслүүлэгч буюу шууд бус эзэмшигчийн аль нь хариулага хүлээхийг тодорхойлохын тулдуг системийн болон зорилгын тайлбар хийх хэрэгтэй юм.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дах хэсэгт зааснаар өөрийн буруугаас болоод тээврийн хэрэгслийг ашиглах боломж өгсөн өмчлөгч болон эзэмшигчийг хариуцлагаас чөлөөлөхгүй байхаар, 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн "ашиглагч”-ийг томилох эсхүл тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн эзэмшигчийн хариуцлагыг зааснаас үзэхэд түрээслэгчийн хувьдавтомашиныг бодитой хяналтдаа байлгах боломжгүй байгаа бол эзэмшигч гэж үзэхгүй юм. Гэрээ, хэлцлийн үндсэн дээр бодитойгоор, урт хугацаагаар эзэмшиж байгаагаас бусад тохиолдолд албан ёсоор бүртгэгдсэн "эзэмшигч”-д байх юм.

Түүнчлэн бусад этгээд тээврийн хэрэгслийг нь ашиглах боломж бүрдээгүй, ашиглахаас урьдчилан сэргийлэх бодит боломж, бололцоо байгаагүй гэдгээ эзэмшигч нотолж чадаагүй бол гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг нь ашигласнаас үүсэх хохирлыг хариуцах талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан. Энэ нь тээврийн хэрэгсэл "ашиглуулсан”-д эзэмшигч гэм буруугүй гэдгээ нотлох асуудалд хамаарахаас гэм хор үүссэн гэм буруугийн асуудалд хамааралгүй юм.

Гэм хор учруулсан үйлдэлд хохирогчийн өөрийнх нь эсхүл гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болоод учирсан хохирлыг эзэмшигч нь хариуцахгүй талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд шууд заагаагүй. Тодруулбал, 499.2 дахь хэсэгт давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн гэм хорыг арилгах үүргээс тээврийн хэрэгсэл /агаарын хөлгөөс бусад/ эзэмшигчийг чөлөөлсөн болохоос хохирогчийн эсхүл гуравдагч этгээдийн бусад үйл ажиллагаанаас үүссэн хохирлын талаар тухайлан заагдаагүй байна. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн жолоочийн гэм буруу, учирсан гэм хорын хоорондын шалтгаант холбооны асуудал хөндөгдөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдсэнийг нотлох үүргийн асуудал үүсэж байна.

Дараагийн нэг анхаарах асуудал бол тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах этгээдийн хувьд нэхэмжлэгч нь жолооч болон тээврийн хэрэгсэл эзэмшигчийн алинд холбогдуулан шаардлага гаргах нь нэхэмжлэгчийн эрх байна. Гэм хор учруулсан этгээд, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хэн алинаас хохирол гаргуулна гэх тохиолдолд "үүрэг гүйцэтгэгч” хэн болохыг тодорхойлох шаардлага үүсэж байгаа бөгөөд үндсэн үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл эзэмшигч байдаг эх газрын тогтолцооны зарчмыг шууд хэрэглэхэд хүндрэлтэй байна. Учир нь манай улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүргийг хамтран хүлээх үндэслэлийг заасан хэдий ч агуулгын хувьд дундаа хамтран хариуцах /солидарный/ болон нэмэх /субидарны/ хариуцлагыг ялган заагаагүй байдаг учраас гэм хор учруулсан жолооч өөрийгөө тээврийн хэрэгслийн эзэмшигч биш тул гэм хорыг хариуцахгүй гэж маргах тохиолдол гардаг.

Иймд жолоочоос шаардаж байгаа бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, эзэмшигчээс шаардсан бол мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг үйлчлэх юм.Харин тээврийн хэрэгсэл эзэмшигч нь өөрөө гэм хор учруулсан этгээд байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан арилгах боломжтой учир заавал 499.1 дэх хэсгийн заалтыг баримтлах шаардлага үүсэхгүй.

Гэхдээ 499.1, 497.1 нь гэм хор арилгах үүрэг үүсэх үндэслэл, нотлох үүргийн хувьд өөр зохицуулалтууд учраас нэг этгээдэд буюу жолоочид эсхүл эзэмшигчийн аль нэгэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувьд 2 заалтыг зэрэг үндэслэх боломжгүй юм.

Дүгнэлт, санал

Дээр дурдсан Монгол улсын эрх зүйн зохицуулалт гэсэн 3 дах хэсэгт гаргасан хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой асуудал, саналаас гадна тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх гэм хорыг арилгах үүргийн тусгай төрлийн хувьд манай улсад ХБНГУ, Япон Улс зэрэгтэй төстэйгөөр "тээврийн хэрэгсэл” хэмээн тусгайлан заасан хэдий боловч олон асуудлууд гэм хорын эрх зүйн ерөнхий зохицуулалтуудын хүрээнд шийдвэрлэгдэж байгаагаас үзэхэд энэ хоёр улсынхтай шууд адилтган тайлбарлах боломжгүй гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн цаашид тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахтай холбоотой хуулийн заалтуудыг уг эрх зүйн зохицуулалтын зорилгод нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага байгаа гэж үзсэн болно.

Эх сурвалжийн жагсаалт

1.   M.Stuart Madden, Tort Law Through Time and Cultrue: Themes of Economic Efficiency in Exploring Tort Law  ed.M.Stuart Madden, 2005

2.   Kenneth S.Abraham, Twenty-First-Century Insurance and Loss Distribution in Tort Law in Exploring Tort Law  ed.M.Stuart Madden, 2005

3.   Ж.Оюунтунгалаг, Харьцуулсан иргэний эрх зүй, 2013

4.   Гражданский кодекс РФ

5.   ХБНГУ-ын Иргэний хууль

6.   Япон Улсын Иргэний хууль

7.   Гражданское право, /подред.М.В.Карпычева, А.М.Хужина/ М.2010

8.   https://www.legifrance.gouv.fr/content/download/1950/.../Code_22.pdfCivil Code

9.   K.Zweigert&H.Koetz, Comparative law: Volume II, The

  • 2017-05-30
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх