2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Криминологийн судалгаа хийхэд анхаарах асуудал

 

Түлхүүр үг: Environmentel criminology, гэмт явдлын урьдчилан харалт буюу криминологийн прогноз төлөвлөлт, гэмт хэргийн цахим газрын зураглал буюу crime mapping.

Гадны олон орон гэмт явдлын төлөв байдлыг орчноос судалж, урьдчилан харалтыг судалгааны үндэслэлтэй тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан, хүч хэрэгслийг оновчтой хувиарлаж байгаад анхаарал хандуулж, туршлага судлах зайлшгүй шаардлага тулгарчээ. Бидний судалж үзсэнээр АНУ, Австрали, Англи, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсаас гадна Турк, Замби зэрэг хөгжиж буй орон ч энэхүү шинэ криминологийн аргыг хэрэглэж байгаа нь уг шинжлэх ухааны хөгжлөөс хоцрохгүй байх цаг үеийн хэрэгцээг харуулж байна.    

Түүхэнд криминологич Сатерленд, Кресси нар гэмт явдлыг орчноос судлах талаар анх удаа хөнджээ.[1]  Гэмт явдлыг орчноос судлах тухай сургааль нь дараахь байдлаар хөгжиж иржээ. Үүнд:

-Франц Англи улсад  гэмт явдлын төлөв байдлыг газарзүй, картын (cartographic & geographic school) аргыг 1830, 1880 онуудад тус тус хэрэглэсэн[2] юм.  1829 онд судлаач Adriano Balbi , Andre-Michel Guerry нар 1825-1827 гарсан гэмт хэргийн төлөв байдлыг орчны газарзүйн зураглалаар тодорхойлсон нь энэ салбар шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн эхэн үе байв.

-Байр зүйн арга ашиглах тухай сургааль (typological school) 20 дугаар зууны эхэн үүссэн ба байр зүйчид гэмт хэрэг гарсан газар орон, гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүйн харилцан нөлөөллөөс хайж байсан.

-Нийгэм, экологийн сургааль (social ecology school) нь гэмт явдлын шалтгааныг нийгмийн орчин газарзүйн орчноос судалж байв. Shaw, McKay (1942)  нар Чикаго хотод 1000 хүүхдүүдийн дунд явуулсан гэмт хэргийн тухай судалгаагаар дэлхий нийтэд танигдаж “Чикагогийн сургууль” хэмээн нэршсэн. Ийм үе шатаар 20 дугаар зууны сүүлчээр дээрх арга нь “environmental criminology” буюу “орчны гэмт явдал судлал” хэмээх шинэ криминологийн салбар болтлоо хөгжсөн байна.

Социалист эрх зүйн чиг баримжаагаар чиг баримжаагаар хөгжиж байсан ЗСБНХУ буюу ОХУ-ын судлаачид орчны криминологийг арай өөрөөр авч үзэж, “геокриминологи” хэмээн томъёолжээ.[3]  Тэдний хувьд орчны гэмт явдал судлалыг криминологийн прогноз, төлөвлөлт хэмээх категорид хамааруулан авч үзэж, газарзүйн ухаан ухаан, криминологийн хосолсон чиглэлээр хэд хэдэн эрдэмтэн судлаачид төрөн гарчээ. Тухайлбал, ОХУ-ын эрдэмтэн Бадов Александр Даурбекович[4]  “ОХУ-ын гэмт явдлын газрын зураглал: Зөвлөлт засгийн дараахь үе” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна[5].

Дээрх аргыг 1982 онд Тифлис хотын жишээн дээр хэрэглэж, гэмт хэргийн газрын зураглал үйлдэж, түүнд дүн шинжилгээ хийх замаар криминологийн прогноз гаргаж, урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулжээ. “Гэмт явдлын газарзүйн зураглалийн зарим асуудал”[6]  сэдэвт уг судалгааны ажилд тухайн үеийн хотыг бүсчилж, гэмт явдлын төлөв байдлыг тодорхойлохдоо хронологийн аргыг ашигласан нь ихээхэн сонирхол татдаг. Эл үетэй зэрэгцэн Баруунд орчны криминологийн онол боловсруулагдаж байснаас үзвэл, улс орнуудын эрх зүйн тогтолцооноос үл хамааран ижил түвшинд хөгжиж байсныг харуулж байна.

Гэмт хэргийн газарзүйн зураглалын тогтолцоо бүрдүүлэх сургалтын онол, арга зүйг боловсруулсан судлаач Радклифф шийдвэр гаргагчдад нөлөөлөх бодлогын судалгаа, түүнийг хийх нэгжийн гол зорилгыг тайлбарлажээ. Ерөөс гэмт хэргийн орчны судалгаа нь удирдах байгууллага, албан тушаалтныг гэмт хэрэгтэй тэмцэх шийдлийг хурдан хугацаанд, үр дүнтэй, хүч хэрэгслийг зөв хувиарлаж явуулахад дэмжлэг үзүүлэхэд байх нь орчин цагт гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын голлох стратеги болж байна. [7]    

Гэмт хэргийн зураглал үйлдэх аргачлал /crime mapping/

А/ Судалгаа хийх хүрээг гаргах:

Гэмт хэргийн зураглал үйлдэх аргын тухайд улс орны хэмжээнд хийгдэж байгаагаас авахуулаад хот, сум дүүрэг, тодорхой газар нутаг зэрэгт хийдэг өөр өөрийн онцлогтой. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэгчийн хүйс, нас гэх мэтчилэн нэг бүрээр тусгайлан авч үзэж зураглал үйлдэж болдог. Өөөрөөр хэлбэл зөвхөн гэмт хэргийн төрлөөр зураглал үйлддэг гэж үзэх нь хэт өрөөсгөл.  Юуны түрүүнд, удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд хэд хэдэн гэмт хэргийн төрлөөр гаргаж болно. Хэрэв тодорхой төрлийн гэмт хэргийн тухайд өгөгдөл өгөх, зураглал үйлдэж дүн шинжилгээ хийх хэрэг гарлаа гэж үзвэл аль нутаг дэвсгэрийн хүрээнд вэ, харьцуулах үзүүлэлт юу байж болох вэ, тухайн хэргийн бусад өгөгдлөөр дүгнэлт хийх бололцоотой юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. 

Б/ Бэлтгэл ажил:

 Нутаг дэвсгэрийн хэмжээнд  гэмт хэргийн зураглал үйлдэх нь ямар хэмжээнд, аль төрлийн гэмт хэргийг сонгон судалж байгаараа ялгаатай. Хүнийг алах, дээрэмдэх гэх мэт хүч хэрэглэсэн гэмт хэргийн зураглалыг гаргахад бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаарх зураглалаас илүү хялбар байх жишээтэй. Юуны түрүүнд нутаг дэвсгэрийн хэмжээнд зураглал үйлдэхэд дараах зүйлийг бэлтгэнэ. Үүнд:

  1. 1.    Газарзүйн зураглал гаргах: Нутгийн захиргааны байгууллагатай урьдчилан ярилцаж, шийдвэрлэсний үндсэн дээр орон нутгийн үнэн зөв, бодит газрын зураг, түүнд орших обьектын талаархи мэдээлийг оруулсан байна.
  2. 2.    Мэргэжлийн байгууллагуудтай холбогдох: Газрын болон геодези зурагзүйн газар, кадастрын алба, архитектурын алба гэхчилэн холбогдох нэгж байгууллагын мэргэжилтний туслалцааг авсан байна.
  3. 3.    Газрын зурагтай ажиллаж сурах: Зураглал үйлдэхэд тухайн нутаг дэвсгэрийн газар орны онцлогийг мэддэг байх, удаан хугацаанд тогтвортой, няхуур нямбай ажиллаж, дүн шинжилгээ хийх шаардлагатай.
  4. 4.     Гэмт хэргийн зураглалыг олон газар биш нэг газарт үйлдэхэд анхаарч, хүч тарамдуулахгүй, тодорхой гэмт хэрэг, зөрчлийг орхигдуулахгүй байхад анхаарал хандуулж, гэмт хэрэг бүртгэлийн системтэй уялдуулах
  5. 5.    Нутаг дэвсгэрийн хэмжээнд гаргасан газрын зургийн шинэчлэлийг байнга хийж байх, тэмдэглэгээ хийх боломжийг бүрдүүлэх

Судалгаа хийхдээ орон нутгийн захиргаатай энэ чиглэлийн судалгаа хийх гэж байгаагаа тайлбарлаж, энэ нь нутаг орны хэмжээнд ихээхэн ач холбогдолтой гэдгийг ойлгуулах хэрэгтэй.[8] Эхний байдлаар орон нутгийн цагдаагийн алба, хэлтэстэй хамтран гаргасан газар зүйн зурагт  хамтран тэмдэглэгээ, тодруулга хийж эцэслэн ахин хянана. Шинээр баригдсан байшин, булан тохой, орхигдсон обьект нэг бүрийг хэсгийн байцаагч нартай хамтран гаргаж болох бөгөөд хөдөө орон нутагт хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагчийн туслалцааг авч болно.

В/Техник төхөөрөмж бэлтгэх, ашиглах:

Одоогийн байдлаар дэлхийн ихэнхи оронд гэмт явдлын гаралтыг орчноос судлахдаа компьютерийн программ хангамжийн хувьд  газарзүй, топографын MapInfo, ArcView, ArcInfo программ болон тухайн орны өөрсдийнх нь боловсруулсан газарзүйн цахим зураглал /GIS/-ийн мэдээллийн системд тулгуурлан хэрэглэж байна.[9] Түүнчлэн “Google earth” газарзүйн хайлтын системийг ашиглан, дээрх аргыг хэрэглэж байгаа нь түгээмэл бөгөөд энэ нь тус программ дэлхийн газарзүйн байрлалыг хиймэл дагуулын тусламжтайгаар байнга шинэчилдэгтэй холбоотой юм.[10]

Харин компьютерийн техник хангамжийн хувьд дэлхий дахины интернет, кибер хөгжлийн чиг хандлагаас хамааран өндөр хүчин чадалтай, хурдтай, онлайн хандалт хийж, шууд мэдээлэл оруулах боломжтой байхыг шаарддаг.  Мөн цагдаагийн байгууллагад хэрэглэдэг техник хэрэгслийг гэмт хэргийн зураглал үйлдэхэд ашиглаж болох талтай. Хэдий тийм ч голлон хариуцаж байгаа ажилтнаас компъютерийн орчны нэмэлт мэдлэг зайлшгүй шаарддаг.

Үүнд:

-       Гэмт хэргийн зураглал үйлдэхэд ашиглах том зураглал бүхий самбар, дэлгэц

-       Тэмдэглэгээ хийх ашиглах эд зүйлс, өнгө, өнгийн хатгуур, бал, харандаа,фотошоп программ,  гэмт хэргийн төрлийг хялбарчилсан байдлаар харуулсан жижиг зураг, ноорог газрын зураг

Ер нь гэмт хэргийн талаар тэмдэглэгдэх газрын зураг нь  хоёр хэлбэртэй:

ü  Биет буюу цаасан хэлбэртэй /бөх, бат/ хамгийн багадаа 1,5х1,5-ээс доошгүй, тэмдэглээ хийх боломжтой байх

ü  Цахим буюу дижитал хэлбэрт байгаа газарзүйн зурагт хийх тэмдэглэгээ нь оны эцэст криминологи судалгаа хүргүүлэх, удирдлагад танилцуулах зэрэгт зайлшгүй хэрэглэгддэг учраас дээрхи хоёр хэлбэрийг хоёуланг нь ашиглаж байж үр дүнгээ өгдөг.

Г/Тэмдэглэгээ үйлдэх аргууд

  1. Dot  цэг, бөөрөнхий, дугуй, чагт
  2. Line- холбосон хоёр цэгийн хороондын хамаарал
  3. Triangle –гурвалсан бүтэц /ажил-гэр-дэлгүүр г.м/

Юмс үзэгдлийн мөн чанарыг илэрхийлэх олон арга байдгийн нэг нь зураглал үйлдэх арга юм. Гэмт хэрэг гарсан цэгийн газарзүйн байршил, хугацаа, давтамж зэргийг жагсаан бичихэд data буюу мэдээлэл өгөхөд нилээдгүй бэрхшээл учирдаг.

-       Мэдээлийг багтаан өгөхөд дүрс ашиглах. Хулгай, дээрэм гэх мэт хэргүүдийг дүрсээр илэрхийлэхэд тун хялбар байдаг, Тухайлбал дээрмийг хар багтай хүний дүрсээр төлөөлүүлж байхад хулгайг шуудайтай мөнгө, залиланг төгрөг гэх мэтээр илэрхийлж болно.

-       Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг нэг бүрд тэмдэглээ өгөх боломжгүй үед нийтлэг үйлдэгддэг танхай, дээрэм булаалт, залилан, зам тээврийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, галдан шатаалт гэсэн хэргүүдийг  дүрсээр харин бусад хэргүүдийг товчилсон үсгээр тэмдэглэж, дор нь тайлбар бичиж болно. Тухайлбал, дараахь байдлаар дүрсэлнэ.[11]  Үүнд:

зодох, гэмтэл учруулах

хулгай

согтуурах, мансуурах

зам тээврийн осол

хүнийг алах

тээврийн хэрэгслийн хулгай

Дээрэм, булаалт

бэлэгсийн гэмт хэрэг

залилан

Сараачих

Галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг

 

Газарзүйн зураглал тодорхойлох /geographic profiling/

Гэмт хэргийн зураглал үйлдэх аргыг хэрэглэсний дараа газар зүйн байрлалын хувьд үнэлгээ өгөх нь хамгийн чухал хэсэг бөгөөд энэ нутаг дэвсгэрийн хэмжээнд  хаана, аль газарт, хэнд, ямар хугацаанд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулах вэ? гэдгийг тодорхойлох ач холбогдолтой. Гэмт хэрэг гарч буй газар орны онцлог байдлийг ихэнхи цагдаагийн ажилтнууд хэсэг хугацааны дараа мартддаг бөгөөд зураглал үйлдэх нь аливаа үйлдлийг эргэн сануулж байх, түүнд харьцуулсан оюуны дүгнэлт өгөхөд хэрэглэгдэнэ. Хэсгийн байцаагч, төлөөлөгчийн обьектын судалгаа үүнтэй төстэй боловч бүхэлд нь гэмт хэргийн талаар мэдээлэл авахад хэрэглэгддэггүй талтай. Ийм учраас зайлшгүй хийдэг обьектийн судалгааг үр дүнтэй болгохын тулд нэгдсэн зохион байгуулалтад оруулж өөрсдөөр нь танилцуулга хийлгэж, үр дүнг нь нэгтгэж байвал зохино. Үүний өмнө цагдаагийн алба, хэлтсийн дарга, дүн шинжилгээний байцаагч нарыг дээрхи ажилд татан оролцуулахдаа үүрэгт ажилтай нь холбон өгч, дурдсан бэлтгэл ажлыг сайн зохион байгуулбал илүү амжилтанд хүрнэ.   

А/ Давтамж тодорхойлох:

Зураглал үйлдсэний дараа илэрч байгаа нөхцөл байдалд шууд яаран дүгнэлт өгөх нь эрсдэлтэй бөгөөд удаан хугацааны ажиглалт, уйгагүй, үнэн зөв тэмдэглэгээг хийсний үндсэн дээр судалгаа бодитой гардаг. Урьд танай нутаг дэвсгэрт гарч байсан хэргүүдэд таны өгсөн үнэлгээ ихэнхидээ субьектив шинжтэй байсан бол та үүнийг илүү обьектив байдлаар тодорхолйох шаардлага гардаг. Тухайлбал “.. р хорооны тэр айлын урд талд байдаг жалганд өвөл хүмүүс их осгож нас бардаг, ... орчимд байнга танхай, дээрмийн хэрэг гардаг гэсэн төсөөлөл цагдаагийн байгууллагын анхан шатны нэгж ажилтан- хэсгийн байцаагчаас эхлээд гэмт хэргийн мэдээллийг байнга хүлээн авч танилцах үүрэгтэй удирдах албан тушаалтанд хүртэл байдаг.

Гэмт хэрэг гарч байгаа шинж байдал нь газар орны онцлог, нуугдмал далд байршил, хүн амын шилжилт хөдөлгөөн, гэрэлтүүлэггүй гудамж, харанхуй мухар гудамж, хүнгүй зэлүүд газар гэхчилэн нийтлэг обьектод гардаг шинжийг харгалзан үзэх юм бол гэмт хэргийн давтамж тодорхой гарч ирдэг /Давтан гэмт хэрэгтэй хольж ойлгож болохгүй/. Энэ нь нийтийн эзэмшлийн талбай, анхаарал татсан обьектод ихэвчлэн аль төрлийн гэмт хэрэг гардаг, түүний цаг хугацаа, байршил, хохирогч зэрэг нь 6 сараас дээш хугацааны ажиглалтаар гарч ирнэ.

Б/  Хохирогч тодорхойлох

Хохирогчийн гэмт халдлагад өртсөн байдлыг түүний явдаг чиглэлээр, мөн халдлагад өртсөн өдөр гараг, цагаар гаргахдаа хатгаж, тэмдэглэж байгаа цэг бүр дээр нэмэлт мэдээл оруулах шаардлагатай. Хотын төвөөс захын хороолол руу эсвэл хотын захаас төв рүү гэх мэтчилэн гэмт хэргйн хохирогчийн байдал эрс ялгаатай байдаг бөгөөд үүнд аль төрлийн гэмт хэрэгт хохирогч хаана хамгийн өртөж байгааг тодорхойлох боломжтой.  

Практик.

Орчин үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэхэд судалгааны үндэслэлтэй арга барил шаардагдаж байгаа учраас гэмт явдал судлалын шинэлэг арга, техник, хэрэгслийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр зарим шинэлэг ажил байна. Тухайлбал, ЦЕГ-аас Гэмт хэргийн газрын цахим зураглалыг 2012 оноос хойш туршилтын программ хэлбэрээр хөгжүүлэн ажиллаж, дүн шинжилгээ хийсээр иржээ. Мөн иргэдэд зориулсан цахим хувилбарыг сайн хөгжүүлж амжаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна. Улаанбаатар хотын хувьд саяас илүү давсан хүн амтай мега хотын эгнээнд багтаж, гэмт хэргийн үнэмлэхүй масс буюу нийт гаралтын 60-65 хувь үйлдэгддэг статистик мэдээ байгааг бид мэдэх билээ. Цахим системийн хөгжүүлэлтыг цаашид сайжруулах хүртэл тодорхой цаг хугацаа, төсөв шаардагдахаар байна. Хэдий ийм нөхцөл байгаа ч тодорхой дүүргийн хэмжээнд хийж байгаа практикаас харилцан туршлага солилцох хэрэгтэй юм. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас гэмт хэргийн газрын зураглалыг газрын зураг дээр буюу цаасан хэлбэрээр боловсруулж, дүүргийн гэмт хэргийн нөхцөлд дүн шинжилгээ хийх ажлыг нэвтрүүлж эхлээд байна.      

Анхаарах зүйл

Нэг.Гэмт хэргийн газрын зураг үйлдэхэд хүний эсрэг хүч хэрэглэсэн гэмт хэрэг болон өмчийн эсрэг зарим хэрэг тухайлбал хулгай, дээрэм, булаалт гэх мэт нийтлэг гардаг гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох, урьдчилан ажлын хүч, хэрэгслийг хувиарлахад боломжтой байдгийг анхаарах. Харин авлига, албан тушаал болон залилан мэхлэх гэмт хэргийг энэ аргаар судлах боломжгүй болно. 

Хоёр.Тодорхой төрлийн гэмт явдал, тэр дундаа орчин, нөхцлөөс ихээхэн хамааралтай хүч хэрэглэсэн, өмчийн эсрэг зарим гэмт хэргийг газарзүйн зурагт тэмдэглэхдээ зөвхөн эрүүгийн хэргээс гадна, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материал, хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэг, цагдаагийн байгууллагад анх ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдлыг нэг бүрээр тухайн үйл явдал болсон байршлаар нь тэмдэглэвэл бодитой гарна.  

Гурав.Нутаг дэвсгэрийн хэмжээ жижигтэй, хүн ам багатай сум, аймгийн хэмжээнд энэ аргыг хэрэглэх боломжгүй боловч зам тээврийн аюулгүй байдлын гэмт хэрэг, захиргааны зөрчил, ослыг энэ аргаар тогтоож урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал, Говь-сүмбэр аймгийн цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр төв зам дагуу гарч осол, аваар нь шөнийн цагаар болон том ачааны машин түр зогсдог газар ихэвчлэн үйлдэгддэг байна. Гэтэл үүнийг газарзүйн зураглал үйлдэх замаар байршил, цагийг тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой юм.   

Дөрөв.Нийслэл, дүүргийн хэмжээнд цагдаа, прокурорын газрууд хамтран энэ аргыг ашиглаж криминологийн судалгаа явуулж хэвшвэл  урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх боломжтой юм.

 

 

---oOo---



[1] Sutherland.E.H, Cressey.D.R. Principles of Criminology,  7th edition, Philadelphia, New York, 1966,  p 53-65.

[2] “Mapping Crime: Principle and Practice” Keith Harries, Ph.D, U.S. Department of Justice Office of Justice Programs, December 1999, NCJ 178919, page 3

[3] Аннотация:Опубликовано: Сибирский Юридический Вестник. 2001, №4 “География преступности: К вопросу понятии, предмете, методе.” Шоткинов.С.А

[4] www.famous-sceintist.ru/list/1173 /last visited 2012.4.30/

[6] “Некоторый вопросы географий преступности” По материалам Грузинской ССР, Авторы А.А.Габианы, Р.Г.Гачиладзе. Тифлис., 1982 . www.law.library.ru/idanie20743.html /last visited 2012.4.24/

[7] Jerry H. Ratcliffe “Crime mapping and the training needs of law enforcement” European Journal on Criminal Policy and Research 10: 65–83, 2004. Kluwer Academic Publishers. Printed in the Netherlands.

[8] Монгол улсад газарзүйн нарийвчлалтай зургийг төрийн нууцын жагсаалтад оруулсан нь бэрхшээл учруулж болох талтай. Суд

[9] The Use of Computerized Crime Mapping by Law Enforcement: Survey Results by Cynthia A. Mamalian, Nancy G. LaVigne, and the staff of the Crime Mapping Research Center

[10] http://www.google.com/fusiontables/Home

  • 2017-03-14
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх