2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛС ДАХЬ ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДЛУУД

Удиртгал

Манай улсад хар тамхи, мансууруулах бодис байнга хэрэглэгч, донтогчдын давхаргабий болсон, хууль бус эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээ өсөн нэмэгдсэн, төрөл, зүйл олширсон, насанд хүрээгүй хүүхэд, идэр насны залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа нь сүүлийн жилүүдийн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Мөн манай улсын иргэд гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт бүлэглэлийн “өгөөш” болж, хар тамхины гэмт хэрэгт холбогдон олон жилийн хорих болон цаазаар авах ялаар шийтгүүлэх болсон. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл манай улсад гэмт хэргийн сүлжээнээс зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үүсэх нөхцөл бий боллоо.

Нөгөө талаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байсан түүхэн уламжлал, туршлага, мэргэшсэн хүний нөөц байхгүй, хэрэг илрүүлэх болон мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажлын туршлага дутмаг, мөн эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй, гэрч, хохирогчийг хамгаалах механизм төгс бүрдээгүй, шинжлэх ухааны дэвшилтэд технологи нэвтрээгүй, техник хэрэгслээр хангагдаагүй, эдийн засгийн боломж хязгаарлагдмал зэрэг хүчин зүйлүүд нь хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтэнд нөлөөлж, энэ төрлийн гэмт хэргийг нуугдмал байх нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд мэргэшсэн мөрдөгчийг бий болгох, хар тамхитай тэмцэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, эрх зүйн орчинг сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны бодит байдлыг цогц хэлбэрээр судлах онол, арга зүйн асуудлыг товч боловч нээн гаргахыг зорилоо.

 


 

Нэг. Улс үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийнүндсэн шинж

Хүн төрөлхтөн оршин тогтнохын тулд дайн мөргөлдөөн, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг байнгын аюул сүйрэлтэй  цаг үргэлж тэмцэж ирсэн хэдий ч энэ бүх аюул сүйрлийн учруулах хор уршиг, эрсдэлийг улс гүрэн бүхэн үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх хүчин зүйлд хамааруулдаг.

Нэгдсэн Үндэстний байгууллагаас XXI зуунд дэлхийн улс орнуудын “Үндэсний аюулгүй байдал”-д нөлөөлж болох 6 төрлийн аюулыг тодорхойлж, стратегийн түвшинд онцгой анхаарахыг улс, үндэстнүүдэд зөвлөсөн. Энэ аюулд “...Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг”[1] орсон байна.

Дэлхийн улс орнуудын анхаарлыг хамгийн их татаж буй асуудлуудын нэг нь улс үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэг бөгөөд энэ гэмт хэрэг нь материал, санхүүгийн бааз суурьтай, гэмт байгууллагын уян хатан хөдөлгөөнт бүтэцтэй, хоёр ба түүнээс дээш улс орны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эсвэл түүнийг бэлтгэх, төлөвлөх, хяналт тавих ажиллагаа нь өөр улсын нутаг дэвсгэрт явагдсан, түүний бодит хор уршиг, хохирол нь өөр улсын нутаг дэвсгэрт илэрсэн, мөн төрийн байгууллагатай авилгын холбоо сүлбээ тогтоосон зэрэг шинжийг агуулна. Зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд их хэмжээний хөрөнгө, мөнгө эзэмшин олон улсын хүрээнд үйл ажиллагаа явуулж, хууль бусаар асар их мөнгө олж, түүний эх үүсвэрийг нь нуун дарагдуулах, хууль ёсны болгож хувиргахын тулд мөнгө угаах гэмт хэргийг хавсран үйлдэж байдаг.

АНУ-ын Үндэсний Тагнуулын зөвлөлийн “2015 он хүртлэх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага” илтгэлд дурдсанаар: “Жилд хар тамхи наймаалдаг зохион байгуулалттай гэмт бүлэглэл 100-300 тэрбум ам.доллар, 10-12 тэрбум ам.долларыг хорт бодис болон химийн хог хаягдлаас, авлигаас 500 тэрбум ам.долларын ашиг олж байгаа нь дэлхийн үндэсний нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцдэг” ба энэ тоо баримт нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн хор уршиг, эрсдэлийг тодорхой харуулж байгаа тоон үзүүлэлт юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2000 оны 11 сарын 15-ны өдөр батлагдсан “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенци”[2]-д Монгол Улс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нэгдэн орсноор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг олон улсын өмнө хүлээсэн. Зохион байгуулалттай гэмт явдалтай амжилттай тэмцэх эрх зүйн зохицуулалт, суурь үндсийг Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хуульд 1993 оны 6 дугаар сарын 7-нд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн түүхэнд зохион байгуулалттай гэмт хэргийн тухай хуульчилсан тодорхойлсон өгсөн явдал чухал ач холбогдолтой.

Одоо манай улсад Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын 2011 оны 7 сарын 7-ны өдөр байгуулсан “Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” гэрээ, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны хооронд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлттэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” гэрээ, Монгол Улсын ХЗДХЯ, БНХАУ-ын НАХЯ-ны хар тамхитай тэмцэх газрын хооронд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийн хууль бус эргэлттэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” санамж бичиг зэрэг эрх зүйн зохицуулалтын баримт бичигт олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар тусгасан байдаг.

Мөн Улсын Их хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар бүлгийн 3.4.4.-т “Иргэдийг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс хамгаалагдах нөхцлийг сайжруулна, мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус хэрэглээтэй тэмцэх, үндэсний чадавхийг бэхжүүлнэ” гэж тусгасан.

Зохион байгуулалттай гэмт явдалтай үр нөлөөтэй тэмцэхэд олон улсын зохион байгуулалттай гэмт бүлгүүдийн төрөл, үндсэн онцлог шинжүүдийг мэдэх асуудал онцгой чухал.

Хар тамхи, мансууруулах зүйлийн хууль бус худалдаа нь хамгийн их ашиг орлоготой бөгөөд улс үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн маш нарийвчилсан төрөлд багтдаг ба нэг ёсондоо “Наркобизнес”-ийн сүлжээ юм.

Оросын стратеги судалгаа, шинжилгээний баримт бичигт мансууруулах зүйлийн томоохон картелиуд мансууруулах зүйлийн бүхий л бизнесийн салаа мөчир бүрийг хяналтандаа оруулсан байдгийг цохон тэмдэглэсэн байна. Энэ нь мансууруулах зүйл агуулсан ургамлын тариалалт – байгалийн буюу синтетик мансууруулах зүйлийн үйлдвэрлэлт – контрабанд – борлуулалт – мансууруулах зүйлийн мөнгө угаалт[3] гэсэн үе шат, дамжлагаар явагддаг.

Тухайлбал, Колумбын мансууруулах зүйлийн картель[4] нь Европын мансууруулах зүйлийн хууль бус худалдааны зах зээлийг эзлэхийн тулд зохион байгуулалтын нарийн бүтцийг бий болгосон байдаг. Үүнд:



[1] Өнөөдөр сонин 2011-03-28 №073 “Тусгаар тогтнол ба үндэсний аюулгүй байдал” ҮТА-ийн тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор Ж.Бор

[2] Международно-правовые основы борьбы с коррупцией и отмыванием преступных доходов..., сборник документов..., Москва., ИНФРА-М, 2004, стр.7-45

[3] Основы борьбы с организованной преступностью...,  “ИНФО-М”., Москва., 2006., стр 42.

[4] Б.Алтанбагана “Улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг”. УБ, 2014, 98 дахь тал

  • 2015-11-13
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх