2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЧИГЛҮҮЛЭХ НЬ

Монгол Улсын хэмжээнд 2015 оны байдлаар төвлөрсөн хорих анги 25, үүнээс гяндан 1, онцгой дэглэмтэй 1, чанга дэглэмтэй 11, жирийн дэглэмтэй 11 хорих анги 2002-2012 оны хооронд давхардсан тоогоор 66228 ялтныг холбогдох хууль, журмын дагуу хорих ялыг албадан эдлүүлж ялтныг нийгэмшүүлэх, иргэн, нийгэмд учруулсан хохирлыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан байна. Түүнчлэн, 2009-2012 оны жилийн эцсийн байдлаар 23015 хүн шүүхээр ял шийтгүүлсэнээс 17637 хүнд хорих ял оногдуулж, 8398 хүний хорих ялыг биечлэн эдлүүлсэн[1] нь нийт ял шийтгүүлэгчдийн 76,6 хувь хорих ял шийтгүүлэгчид байсан байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд хорих ял эдэлж буй 6994 ялтан байгаагаас 3615 буюу 51,6 хувь нь 2 буюу түүнээс дээш давтан гэмт хэрэг үйлдэгсэд байгаа нь хорих ялын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатайг илтгэж байна.[2]

Аливаа гэмт хэрэг үйлдэгдэхэд түүний улмаас бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн үр дагавар ямагт буй болдог. Эрх зөрчигдөх гэдэг нь бусдын хууль бус үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхэд таатай бус үр дагавар буй болж, тухайн эрхээ өөрийн сонголтын дагуу чөлөөтэй эдлэх боломж хязгаарлагдах, алдахад хүрснийг ойлгоно.

Төрөөс хамгаалагдаж буй иргэн, нийгмийн эрх, ашиг сонирхол гэмт хэргийн халдлагад өртөж, зөрчигдсөн үед түүнийг нөхөн сэргээх үүргийг төр хүлээсэн. Зөрчигдсөн эрхийг сэргээхийн мөн чанар бол гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулалгүйгээр, хохирогчийн эрхийг хуулиар хамгаалсаар байгаагаа гэм буруутай этгээдэд ял шийтгэх замаар илэрхийлж байгаад оршино.

Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ялын зорилготой олон хэм хэмжээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгалаа олон хэрэгжиж байдаг.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй холбоотой хуулийн эдгээр зохицуулалт нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх ялын зорилгыг хангах боломж олгоно. Өмчийн болон аж ахуйн эсрэг, албан тушаалын зарим төрлийн гэмт хэрэг үйлдэж нийгэм төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд үлэмж, их, онц их хэмжээний эд материалын хохирол учруулах нь маш түгээмэл байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлыг барагдуулахтай холбоотой олон хэм хэмжээ Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгалаа олон хэрэгжиж байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлүүлэх зорилготой зохицуулалт юм.

Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болохоор хуульчилсан. Мөн Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол ял тэнсэх нөхцөл болгон заасан.



[1]Монгол Óлсын Дээд Øүүхийн тайлан.(УДШ-ийн архив). 2011.УБ.

[2] ШШГЕГ-ын Ялтны тоо бүртгэл, судалгааны тасгийн 2014 оны эхний хагас жилийн тайлан

  • 2015-11-05
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх