2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Шүүхийн болон хуулийн тухай өмгөөлөгчийн эргэцүүлэл

Жирийн иргэд шүүх гэхээр шүүгчид болон түүний туслах ажилтнууд ер нь шүүхэд хамааралтай бүхнийг ойлгодог. Энэ салбараас огт хол бүр магад хэзээ ч амьдралдаа шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байгаагүй хүмүүс ч  зарим үед өмгөөлөгч биднийг хүртэл шүүгч гээд яриад явж байдаг.

Уг нь Шүүх бол онолын хувьд ч практикийн хувьд ч засаглалын  биеэ даасан нэг хэлбэр юм.  Нөгөө талаасаа  Шүүх нь  үйлчилгээний байгууллага бөгөөд шударга ёсны үйлчилгээ үзүүлдэг, энэ үйлчилгээ нь  мөн  хуульч бөгөөд соёлтой  үйлчилгээгээр хүмүүст  тусалдаг  байгууллага юмаа.

Шүүхийн  тухай багц хууль  2013 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэн  үүний хамт шүүхийн шинэтгэл одоо ид өрнөж байна. Бидний нүдэн дээр шүүхүүд  шинэ бүтэцтэй болж,  шинэ залуу шүүгчид ажилд томилогдон, орон байр, ширээ сандал  бүхий л зүйл нь шинэ болж байна.  

 Шүүгч нь прокурор, өмгөөлөгчийг сонсдог мэргэжлийн нэг хэл, хуулийн нэг мөр ойлголтоор ярих адилхан нөхцөл бүрдсэн  гэж  шүүгчээс бусад хуульчид  өмгөөлөгчид ойлгож байгаа юмаа. 

Гэвч хүний ухамсар, сэтгэлгээний хоцрогдолыг арилгахад  урт удаан цаг хугацаа шаардагдах үе байдаг. Өнөөдөр зарим нэгэн шүүх дээр шүүгч нар  өнөөх л хуучин арга барил болох  хэргээ удаашруулах, тогтоол гаргахгүй удах,  хэргийн оролцогч нарыг загнах, илт шударга бус шийдвэр гаргах  байдал жирийн үзэгдэл мэт хэвээрээ л байна.

Хэдийгээр шүүгчдийн минь гол багаж болсон хуулиудад зарим нэгэн цоорхой байгаа боловч  эрх ашиг нь зөрчигдсөн, гомдол гунигт автсан, бусдад итгэх итгэлээ гээсэн, уурлаж бухимдсан  хүмүүст үнэнийг ойлгуулж, хүний эрхийг нь хүндэтгэн харьцах ёстой хүмүүс бол шүүгчид билээ. Гэтэл  шүүгчийн харьцаа хандлага тэдний бусадтай ялгавартай харьцдаг байдлаас болж  шүүхээр хэргээ шийдвэрлүүлж байгаа иргэд  айж эмээх, өөртөө бүх бурууг үүрэх, шүүхэд үл итгэхээс гадна  танил талаараа яриулахыг оролдох, шүүх хуралдааныг үндэслэлгүй шахуу шалтгаанаар хойшлуулах гэх мэт элдэв бусармаг аргыг хэрэглэхийг оролддог. Шүүх хуралдааныг хойшлуулахад  манай зарим нэг өмгөөлөгч нар хүртэл “өмгөөлөгчөөсөө татгалзаж байна” гээд хэлчих  мэтийн  “мэргэн”  зөвлөлгөөг  хүртэл  өгсөн байдаг.

Саяхны нэгэн өдөр өмгөөлөгч миний бие Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр орж ажилласан. Хэргийн материалтай танилцан,  шүүхэд таниулсан шүүгч маань харьцаа хандлагын дараах алдааг гаргасан юмаа. Шүүгдэгчийг илт буруутгасан, дайрч давшилсан, өмнөх шүүхийн гаргасан шийдвэрийг хэлэлцээгүй байж шинээр зүйл анги нэмж шийтгэж болохыг сануулсан үнэндээ хууль зөрчсөн хурал болсон. Хэргийн оролцогч нар тэгш эрхтэй байх ёстой биш билүү??? Шүүгдэгчийн эрх ашгийг тууштай хамгаалан ажилласан өмгөөлөгч 1 жил 6 сарын хорих ялыг давж заалдах гомдол гаргасан нь бараг л буруутай гэсэн дээ.Энэ байдал нь  шүүгдэгчид ямар сэтгэгдэл төрүүлсэн нь хэлэлтгүй ойлгомжтой.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах буюу гэмтээх нь гэмт хэрэг мөн  гэж заагаад санкцийн хувьд торгох мөн 5 жил хүртэл хорих ялтай байхаар зохицуулалт хийгдсэн. Миний өмгөөлөл хийсэн шүүгдэгч “Г” нь эхнэр “О”-доо 8 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авч өгөхдөө 6 сая төгрөгийг гарган төлсөн байдаг. Гэр бүлийн маргаанаас болж тэр эхнэртээ авч өгсөн машины салхины шилийг хагалжээ. Хохирол 212.000 төгрөгөөр тогтоогдон түүнийг төлсөн. Эдгээр хүмүүсийн  гэрлэлт нь одоо ч гэсэн  хэвээр үргэлжилж байгаа  билээ. Энд гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу? гэдэг маргаантай асуудал юмаа. Энэ нь гэр бүлийн дундын өмч бодит байдлаар  мөн гэж  миний хувьд үзсэн.

Гэтэл нэгэн тусгай сургуулийн захирал “Э” гэгч нь прокурорын тогтоолд дурьдсанаар бол сургуулийн төсвийн хөрөнгөөс  9.350.000 төгрөгийг ашиглан завшсан.  Энэ нь үлэмж хэмжээний хохирол биш учраас мөн “төрийн албан тушаалтан” учраас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн Хуулийн 153 дугаар зүйл ба 263 дугаар зүйлүүдийн хооронд ямар хол  ялгаа  байгаа нь тодорхой харагдана.  Бусдын эд хөрөнгө гэдэгт чухам  юу байх вэ гэдэг нь тухайн этгээдийн өмчлөлд биш зүйлүүд орох нь дамжиггүй. Гэтэл  төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж  9.600.000 төгрөг хүртэл бусдын өмчийг  завшиж байж л  сая эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байна.

 Монгол улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.2 дахь заалт буюу ...14.1.Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,шүүхийн өмнө эрх тэгш байна. 14.2. Хүнийг  үндэс, угсаа, хэл, арьс өнгө,нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэгээр... .....нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. гэсэн заалттай. “Эцэг хуулийн минь энэ заалт  Эрүүгийн Хуулийн 263 дугаар зүйлтэй   зөрчилдөж байна. Үүнийг манай судлаач эрдэмтэд цаашид анхааран судлууштай нэг сэдэв байх болов уу.

Энэ мэтээр манай эрүүгийн хуулинд олон заалтууд  Үндсэн Хуультайгаа  болон өөр хоорондоо зөрчилтэй  асуудлууд байгаа нь өдөр тутмын практикт давтагдсаар байна.

Хүүхдийн Өмгөөлөл Төв ТББ-ын тэргүүн, хуульч  Б.Соёл-Эрдэнэ

  • 2014-06-13
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх