2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монголын Криминологичдын Холбоо судалгааны баг СХД-ийн криминологи судалгаа хийв.

 

Тус Холбооны Судалгааны баг нь Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүсэлтээр 2013 оны 10-р сарын 10-наас 2014 оны 1-р сарын 20-ныг хүртлэх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”-ийн талаар криминологи судалгаа хийж, тайланг хүлээлгэн өглөө.

Цаашид гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй.

 

Судалгааны товч үр дүнгээс: 

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санаачлан дүүргийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийн талаар иж бүрэн судалгааны ажлыг хөндлөнгийн судалгааны байгууллагаар хийлгэлээ. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын бодлоготой уялдуулан тус дүүргээс иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл, боломжийг бий болгоход авч хэрэгжүүлж буй ажлын нэг илрэл юм.

Судалгааны баг Үндэсний статистикийн хороо, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Замын цагдаагийн газар, түүний харъяа байгууллагууд болон СХД-ийн төрийн захиргааны холбогдох байгууллагын үйл ажиллагаа, статистик мэдээлэлд үндэслэн дүүргийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг гэмт хэргийн төрөл, онцлог бүрээр нарийвчлан гаргаж, дүгнэлт өгөхийг зорилоо.

Дүүргийн 900 иргэн, цагдаагийн 159 алба хаагч, хороодын 115 хэсгийн ахлагч, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, 15 прокурор, 10 шүүгч, түүний туслах ажилтан(нарийн бичгийн дарга)-уудаас анкетаар судалгаа авч, ярилцлага хийж, бүх хороодоор явж, үйл ажиллагаатай танилцан холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, ажиглалт явуулсанаас гадна хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн 406 мэдэгдэлд дүн шинжилгээ хийлээ.

Судалгааны үр дүнгээс авч үзвэл, дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн 35.2 хувь нь хулгайлах гэмт хэрэг байсан бол хамгийн ихээр ямар гэмт хэрэг үйлдэгдэж байна вэ? гэхэд судалгаанд оролцогчдын 70 орчим хувьнь хулгайн гэмт хэрэг, бүр нуугдмал түвшинд байна гэж хариулжээ.

Дүүрэгт сүүлийн 7 жилд 15193 гэмт хэрэг бүртгэгдэж, 15228 хүн гэмт хэргийн халдлагад өртөж, 811 хүн нас барж, 5966 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр эрүүл мэндээрээ хохирч, нийт 19.0 тэрбум төгрөгийн эд материалын хохирол зөвхөн хүний буруутай үйлдэл, эс үйлдэл буюу гэмт хэргийн улмаас учирчээ.

Нөгөө талаар жирийн 900 иргэдээс Та амар тайван, аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу? гэсэн асуултад оролцогчдын  27% үгүй, 48% заримдаа гэсэн нь дүүргийн оршин суугч иргэд айдас түгшүүртэй, гэмт хэргийн золиос болох магадлал өндөртэй тайван бус, эргэлзсэн, итгэл муутай, сэтгэл дундуур хандсан нь дүүргийн хэмжээнд иргэдийн аюулгүй байдал, эрүүгийн нөхцөл байдал тайван бус байна гэж дүгнэж болохоор байна. Мөн судалгаанд оролцсон  иргэдийн 28% урд өмнө ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болж байсан гэжээ.

Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт их, зам тээврийн осол, хэрэг, зөрчил өссөн, онц ноцтой гэмт хэргийн гаралт ихтэй байгаа гол шалтгаан нь тус дүүрэг газар нутаг том өргөн хүрээг хамарсан, хүн ам ихтэй, хөдөөнөөс шилжин ирэгдсэн нэмэгдсэн, ажилгүйдэл буюу тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс их, амьдрах дэд бүтэц орчин төдийлөн сайн бүрдээгүй, байшин орон сууцны хороолол багатай, гэр хороолол ихтэй (оршин суугчдын 73% нь гэр хороололд амьдардаг), хаяггүй, зөвшөөрөлгүйгээр айлууд хотын захаар суурьшдаг, архидан согтуурах явдал түгээмэл, түүнчлэн зарим иргэний ёс суртахуун, төлөвшил дорой байдал голлон зонхилж байна.

Бид судалгааны ажлын үр дүнд тус дүүргийн эрүүгийн нөхцөл байдал хүндхэн байнагэж дүгнэж болохоор байна.

Энэхүү тайлангийн агуулга нь Судалгааны ажлын арга зүй, зохион байгуулалт, Судалгааны тайлангийн үндсэн хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх санал, Ашигласан материалын жагсаалт, Хавсралт зэргээс бүрдэж байгаа болно.

Судалгааны тайланд туссан дүгнэлт, санал нь тус дүүргийн хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг сайжруулахад судалгааны үндэслэл, эх сурвалж болно хэмээн найдаж байна.

Тайланд туссан тоон мэдээлэл, судалгааг холбогдох албан байгууллагаас авсан бөгөөд дүгнэлт, санал нь захиалагч байгууллагын санал дүгнэлт бус, харин судлаачдын байр суурь гэдгийг харгалзан үзнэ үү. Тус судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан байгууллага, албан тушаалтан, иргэдэд талархал илэрхийлье!

 

СУДАЛГААНЫ БАГ

  • 2014-05-21
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх