2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Хүний цус, эд эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал

Орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтууд нь анагаах ухааны салбарт шинэ боломжуудыг нээж байна. Энэ нь олон тооны эдгээхэд хүнд өвчнүүдийг эмчлэх үр дүнтэй аргуудыг практикт нэвтрүүлэх боломж олгож байгаа билээ. Тэдний нэг нь хүний цус, эд эрхтэн шилжүүлэн суулгалт юм. Хүний цус, эд эрхтнийг шилжүүлэн суулгах нь хүний амь насыг аврах, эрүүл мэндийг нь нөхөн сэргээх туйлын үр дүнтэй арга юм.

Хүний цус, эд эрхтнийг шилжүүлэн суулгах нь эрүүл мэндийн үйл ажиллагааны хамгийн үр дүнтэй, томоохон бөгөөд ихээхэн эрэлттэй чиглэлүүдийн нэг юм.

Эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын эерэг үр дүнгүүд нь эд эрхтнээ шилжүүлэн суулгуулахыг хүсэгчдийн тоог их хэмжээгээр нэмэгдүүлжээ. Бүх өндөр хөгжилтэй улс орнуудад хүний цус, эд эрхтэн шилжүүлэн суулгалтын эрүүл мэндийн төвүүд байгуулагдсан байна. Ийм төвүүдийн үр дүнтэй үйл ажиллагааны зорилгоор донор эрхтнүүдийн тухай болон хэрэгтэй хүлээн авагчдын мэдээллийн сангууд үүсгэгдсээр байна. Олон улс орнууд, түүний дотор Монгол Улсын эрүүл мэндийн практикт хүний цус, эд эрхтэн шилжүүлэн суулгалт нь эмнэлгийн туршилтын хүрээнээс гарч хүнд өвчнүүдийг эмчлэх аргуудын нэг болжээ. Хүний эд, эрхтэнг шилжүүлэн суулгах мэс заслууд нь хүнийг эрүүл бүтэн амьдралд буцаан оруулдаг нь тухайн хүнд төдийгүй нийгэмд ч багагүй чухал зүйл юм.

Гэвч эерэг зүйлсийн зэрэгцээ хүний эд, эрхтэн шилжүүлэн суулгалтыг хэрэглэх нь олон тооны эрх зүйн болон ёс зүйн асуудлуудыг төрүүлсэн бөгөөд тэдгээрийг өнөөдөр хүртэл шийдэж чадаагүй байна.

Эрхтэн шилжүүлэн суулгалтын хамгийн чухал ёс зүйн асуудал нь нөгөө хүний эд, эрхтнийг салган авах замаар өвчтэй хүнийг аврах буюу амьдрах хугацааг уртасгахад оршдог. Хэдийгээр эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын эх үүсвэр нь нас барсан хүний цогцосноос шилжүүлэн авсан эд, эрхтэн байж болох ч энэ тохиолдолд ч эрх зүйн болон ёс зүйн асуудлууд бүрэн хэмжээгээр арилдаггүй.

Хүний эд, эрхтнийг шилжүүлэн суулгалтын эрх зүйн асуудлууд маш олон бөгөөд тэд эрхтэн шилжүүлэн суулгалтын төрөл (туршилтын буюу эмчилгээний), эрхтэн шилжүүлэн суулгалтын эх үүсвэр (амьд донор буюу эсвэл цогцос) зэргээс хамааран ангилагддаг.

Хууль зүйн шинжлэх ухааны хувьд донорын ашиг сонирхол маш чухал ач холбогдолтой байдаг. Учир нь чухамхүү түүнд хохирол учирдаг. Хэрвээ шилжүүлэн суулгаж байгаа эрхтнийг тухайн хүнээс өөрөөс нь авч байгаа буюу өөрөөр хэлбэл донор нэгэн зэрэг хүлээн авагч болж байгаа бол эрх зүйн асуудал энд огт байхгүй. Донор, хүлээн авагч хоёр давхцахгүй байх тохиолдолд асуудал үүсдэг.

Хүний эд, эрхтнийг шилжүүлэн суулгалтын ёс зүйн болон эрх зүйн асуудлууд нь төрийн ерөнхий шинж чанартай юм. Эрхтэн шилжүүлэн суулгалтын асуудлуудыг хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлын нэгэн адил олон улсын олон тооны байгууллагуудын зүгээс онцгой сонирхол хандуулдаг. Нэг улс орны боломжоор тэдгээрийг шийдвэрлэх боломжгүй юм. Үндэстэн дамжсан гэмт бүлэглэлүүд янз бүрийн улс орнуудын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдэж байгаа баримтууд нь ерөнхий эрүүгийн гэмт хэргүүдийн олон төрөл нэвтэрсэн, түүний дотор улс гүрнүүдийн хилээс гадагш эд, эрхтэн шилжүүлэн суулгах гэмт хэрэг ихэсч байгааг гэрчилж байна[1]

Гэмт хэрэг, тэр дундаа зохион байгуулалттай гэмт хэрэг нь хил хязгаарыг мэддэггүй бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэгдсэн олон тооны баримтуудаар батлагдсан зүйл билээ. Хүний эд, эрхтнийг шилжүүлэн суулгах салбарын гэмт хэрэг нь дэлхийн олон улсын хамтын нийгэмлэгт бүхэлд нь аюултай юм. “Өөрийн улс орны аюулгүй байдлыг хангахын тулд улс орон бүрийн ашиг сонирхлыг ижил хэмжээгээр зөрчиж байгаа бүхэнд хамаатай тэр л үйлдлүүдийг тодорхойлох ёстой. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд нэлээд хэмжээгээр саад үүсгэж чадна. Энэ замд бүрэн амжилт гаргах боломж мэдээж эргэлзээтэй ч дэлхийн хамтын нийгэмлэгийн эрүүгийн гэмт хэрэгт тавих хяналтыг хүчтэй байх хэрэгтэй”[2] гэж В.Н.Кудрявцев оновчтой зөв тэмдэглэжээ. Иймээс улс орнууд хяналт тавихдаа НҮБ-ын зөвлөмжүүдийг ашиглаж хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй гэж К.А. Беляшев, А.Г. Ходаков нарын тэмдэглэсэнтэй санал нийлэх хэрэгтэй юм. Ийм арга хэмжээг хэрэгжүүлэх үед хүний эрхийг дээд үнэ цэнэ гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнтэй холбоотойгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) 1945 оны 6-р сарын 26-ны дүрмийн 1-р зүйлд арьс өнгө, хүйс, хэл шашнаар ялгалгүйгээр хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг сайшаан дэмжиж хөгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх нь НҮБ-ын нэг гол зорилго болно гэж бэхжүүлжээ[3]

НҮБ-ын хүний эрхийг хамгаалах чухал ололтуудын нэг нь 1948 оны 12-р сарын 10-ны өдөр Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан явдал юм. Ассамблей энэхүү Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлсэн билээ. Тунхаглалын 3-р зүйлд хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй[4] гэж заасан байдаг. Эдгээр эрхүүд нь олон улсын бусад олон актуудад бэхжүүлэгдсэн байна (Иргэний болон улс төрийн эрхийн тухай 1996 оны 12-р сарын 16-ны олон улсын пакт, 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйл [5], 1950 оны 11-р сарын 4-ний Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Конвенци, 3 дугаар зүйл [6]). Үүнээс гадна 1950 оны 11-р сарын 4-ний Конвенцид хэн ч эрүүдэн шүүлт, хүнлэг бус, гутаан доромжилж хандах, гэсгээн цээрлүүлэхэд өртөх ёсгүй гэж[7] тэмдэглэсэн байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад аливаа хүн өөрийн чөлөөт зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн буюу шинжлэх ухааны туршилтад орох ёсгүй гэж бэхжүүлсэн байдаг.[8] Энэ заалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт нь аливаа туршилтад орж байгаа хүн өөрөө чөлөөт зөвшөөрлөө илэрхийлэх тохиолдолд энэ туршилтад орж болохыг зөвшөөрч байгааг харуулж байна. Ийнхүү Пакт нь эрүүл мэндийн буюу шинжлэх ухааны туршилтад орох тухайн хүний чөлөөтэй хувьчлан илэрхийлсэн зөвшөөрлийг хуулийн ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч байна.

Туршилтын хуульд нийцсэн чанартай байх багагүй чухал нөхцөл бол эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтыг явуулахаас өмнө заавал зөвшөөрөл авах явдал юм. Тэгэхээр туршилтыг явуулж байх үедээ зөвшөөрөл авах, эсвэл туршилтад орсон хүн түүнийг явуулсны дараа сайшаах нь эдгээр үйдлүүдийг хууль бус гэдгийг гэрчилж байна.

Өөрийн ээлжиндээ 1966 оны 12-р сарын 16-ны Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактад хүн бүр хамгийн дээд боломжит бие сэтгэцийн эрүүл мэндийн түвшинд байх эрхтэйг баталж хүлээн зөвшөөрсөн байдаг (зүйл 12)[9].  Анагаах ухааны хувьд энэ заалт нь эмнэлгийн үйлчилгээний түвшин хүний бие болон сэтгэлийн эрүүл мэндийн дээд зэргийн түвшинг хангахад чиглэгдсэн байх ёстойг харуулж байна. Тавьсан зорилгыг зөвхөн өндөр хөгжсөн эмнэлгийн технологийг хэрэглэн мэргэжлийн стандартыг баримталж чанартай эмнэлгийн тусламжийг үзүүлэхэд л боломжтой. Энэ заалт нь эд, эрхтэн шилжүүлэн суулгах үед эмчилгээний бусад аргуудтай харьцуулагдах үр дүнгийн асуудлыг зөвхөн шийдвэрлээд энэ аргыг давууд тооцохыг гэрчилж байна.

Хүний эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үед хүний эрхийг хөндсөн олон улсын актуудын ихэнх хэсэг нь нийтлэг ерөнхий шинж чанартай байдаг. Тухайн актуудыг шинжлэх үед тэдний хоорондын холбоо ба дотоод уялдаа холбоо ажиглагддаг. Нийтлэг олон улсын актууд нь эд, эрхтэн шилжүүлэн суулгах үеийн хүний эрхийг тодорхой заадаггүй бөгөөд тэд ийм зорилгыг ч тавьдаггүй. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах салбарын харилцааг зохицуулдаг тусгай олон улсын актууд энэ зорилтыг биелүүлэх ёстой байна (1947 оны Нюрнбергийн кодекс[10], 1964 оны Дэлхийн Анагаах Ухааны Нийгэмлэг эрүүл мэндийн холбооны Хельсинкийн тунхаглал[11], ДАУН (ДЭМБ) -ийн 1948 оны Женевын тунхаглал[12], ДАУН-ийн 1975 оны Токиогийн тунхаглал[13], Эмчлүүлэгчийн эрхийн тухай Лиссабоны 1981 оны тунхаглал[14], Терминал (эцсийн буюу нас барахын өмнөх) нөхцөл байдлын тухай Венецийн тунхаглал[15], Хүний эрхтэнийг шилжүүлэн суулгах тухай 1987 оны тунхаглал[16], 1994 онд Хүний эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах асуудлаар гаргасан тогтоол[17], 1996 онд Биологи анагаах ухааныг хэрэглэхтэй холбоотойгоор хүний эрхэм нэр төртэй байх эрхийг хамгаалах конвенци[18]) байдаг.

Тусгай шинж чанартай олон улсын баримт бичгүүд нь зөвхөн донорын төдийгүй мөн хүлээн авагчийн эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлуудыг зохицуулдаг. Тэд эмчилгээний болон туршилтын эрхтэн шилжүүлэлтийг явуулахдаа субъектуудын мөрдвөл зохих олон тооны зарчим болон нөхцлүүдийг заасан байна.

Олон улсын хэм хэмжээнүүд эд, эрхтэн шилжүүлэн суулгалтыг эмчилгээний арга гэж үзэх зарчим нөхцлүүд ба эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарт туршилт явуулах зарчим нөхцөлүүд гэж ангилдаг. Тэдгээрийг хийх явуулах өвөрмөц чанарын улмаас олон улсын хэм хэмжээнүүд тухайн төрлийн эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын үед мөрдвөл зохих нэмэлт заалтуудыг оруулсан байна. Хүний цус, эд эрхтнийг шилжүүлэн суулгах салбарт эмнэлгийн туршилт явуулах ихэнх зарчим болон нөхцлүүд нь 1947 оны Нюрнбергийн Кодекс болон ДАУН-ийн (ДЭМХ) 1964 оны Хельсинкийн тунхаглалд агуулагддаг бөгөөд тэдгээрийн удиртгалд тэднийг мөрдөн сахих шаардлагатайг заасан байдаг. Хүний цус, эд эрхтнийг шилжүүлэн суулгах туршилт явуулах үед Дэлхийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн Хельсинкийн тунхаглалыг мөрдөх тухай шууд заалт мөн 1987 оны хүний эд эрхтнийг шилжүүлэн суулгах тухай тунхаглалд ч агуулагддаг.

Нюрнбергийн кодекс болон ДАУН-ийн Хельсинкийн тунхаглалын заалтууд дээр үндэслэн хүн дээр био эмнэлгийн судалгааг явуулах үндсэн зарчмуудыг тодруулж болно. Энэ зарчмууд нь:

  1. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх зарчим,
  2. Эмчийн хувийн хариуцлагын зарчим,
  3.  Таатай үр дүн ба судлагдаж байгаа хүний хосолсон эрсдэлийн хувь тэнцүү урьдчилсан шинж чанарын зарчим,
  4. Явуулж буй туршилтын хортой нөлөөллөөс судлагдаж байгаа хүний эрхийг хамгаалах зарчим,
  5. Судалгаа болон түүний үр дүнг олон нийтэд ил үнэн хүргэх зарчим,
  6. Судалгааны үед сайн дурын урьдчилсан, ухамсарласан, мэдээлэл авч, хариу зөвшөөрсөн байх зарчим,
  7. Шинжлэх ухаан болон нийгмийн ашиг сонирхол дээр судлагдаж байгаа хүний ашиг сонирхол давамгайлах зарчим,  
  8. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх зарчим нь ДАУН-ийн Хельсинкийн тунхаглалын 1.1.-д бэхжүүлэгдсэн байдаг.[19]

Олон улсын практикаас харахад хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэр болох эд эрхтнийг нь авч, дамлан худалдаалах гэмт хэрэг нь:

  1. Хуурч мэхлэн хил давуулан эд эрхтнийг авч дамлан худалдаалах,
  2. Хуурамч гэрлэлтээр халхавчлан эд эрхтэнг авч дамлан худалдаалах,
  3. Үрчлэлтээр халхавчлан эд эрхтэнг авч дамлан худалдаалах,
  4. Үхлийн явцад эд эрхтэнг ашиглах,
  5. Эд эрхтэнг ашиглах зорилгоор хүнийг санаатай алах,
  6. Хүчээр эд эрхтнээ гэрээслэх гэрээслэл бичүүлэх, эсвэл төрөл садангийн хүмүүстэй үгсэн тохиролцож, хохирогчийн эд эрхтэнг донор болгох зөвшөөрөл бичгээр гаргуулан, хүнийг санаатай алж, эд эрхтний донор болгох[20] гэсэн хэлбэрүүдээр үйлдэгдэж байна.

Дурдсан олон улсын хэм хэмжээнүүдийн шинжилгээ нь эмчилгээний эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын дараах зарчмуудыг тодруулах боломж олгож байна. Үүнд:  

  1. Донор ба хүлээн авагчийн эрхийг сахин хангах зарчим,
  2. Мэргэжлийн үүрэг болон стандартуудыг мөрдөх зарчим
  3. Донор ба хүлээн авагчийн эрх шинжлэх ухаан болон нийгмийн ашиг сонирхол дээр давамгайлах зарчим,
  4. Эмчлүүлэгчийн (донор ба хүлээн авагчийн) урьдчилсан, мэдээлэл авсан, сайн дурын, ухамсарласан, хариу зөвшөөрлийн зарчим,
  5. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх зарчим,
  6. Өвчтний эмчилгээг хийх үед эмчийн хамааралгүй бие даасан байдлын зарчим,
  7. Хүний эд эрхтнийг худалдаалахгүй байх зарчим.

Дурдсан зарчмууд нь тусгай шинж чанартай олон улсын актуудад бэхжүүлэгдсэн эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын хуульд нийцсэн байдлын нөхцлүүдэд тусгалаа олжээ.

Олон улсын хэм хэмжээнүүдийг шинжлээд эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарт амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж нэвтрүүлбэл хүний эрх, эрх чөлөөний найдвартай хамгаалалтыг хангаж чадах эерэг зүйлсүүдийг дурдаж болно. Гэвч тэдгээрийн зарим хэсэг нь зөвхөн тунхаглагдсан заалт болж үлджээ. Энэ нь нэлээд хэдэн шалтгаантай.

1. Олон улс орнууд, түүний дотор Монгол Улс дотоод хууль тогтоомждоо олон улсын баримт бичгүүдийн эерэг сайн заалтуудыг ашигладаггүй.

2. Олон улсын байгууллага[21]-ууд, албан тушаалтнууд хүний эрх, эрх чөлөөний найдвартай хамгаалалтыг хангахад хангалттай үр дүнтэй ажиллаж чаддаггүй,

3. Хүний эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг зохицуулж байгаа олон улсын хэм хэмжээнүүдийн өөрсдийнх нь доторхи дотоод зөрчлүүд байдаг нь тухайн баримт бичигт гарын үсэг зурсан улс орнуудын дотоод хууль тогтоомжийг үргэлж сайн тал руу нь хөтөлж чаддаггүй.

Олон улсын хэм хэмжээнүүдэд гарын үсэг зурснаар олон улсын актуудын заалтуудыг улс орны дотоод хууль тогтоомждоо оруулан шилжүүлэх үүрэг үүсдэг. Монгол Улсад энэ нь хууль тогтоомжийг өөрчлөх, хүний цус, эд эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарт үйлдэгдсэн гэмт хэргийг уучлашгүйгээр буруу зүйлчлэх, гэмт хэрэг бус гэж үзэхэд хөтөлж байна.

Олон улсын хэм хэмжээнүүдэд дурдсан зөрчил дутагдлууд нь хүний эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарт харилцааг зохицуулж байгаа олон улсын актуудад гарын үсэг зурахдаа Монгол Улсын зүгээс дэнсэлж тунгаан хандах шаардлагатайг гэрчилж байна. Учир нь эдгээр актуудын заримд Монгол Улсын эрх зүйн системийн хувьд нийцэшгүй, өөр үнэ цэнийн чиг хандлагыг агуулдаг.

Эмчилгээний эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын эрх зүйн зохицуулалтад ч сөрөг зүйлс их байна. Тухайлбал, эд эрхтний худалдааны хоригт хүний эд буюу эрхтнийг салган авах, хадгалах, шилжүүлэн дамжуулахад гарах зардлыг нөхөхтэй холбоотой төлбөр авах нь үйлчлэхгүй хамаарахгүй байна. Зөвшөөрлөө илэрхийлэх чадваргүй хүнээс эдийг салган авах нь хуульд нийцэхээр тооцогдсон байна.

 



[1] Лукьянов Ф. Почка бродит по Европе ... Отдельно от хозяина / Ф. Лукьянова // Российская газета. 2000. - 2 декабря. -х. 7; Богданов, В. Смертельный конвейер / В. Богданов // Российская газета. -2004.-5 октября.-С. 7 Дмитриева О. Продал почку стал инвалидом / О. Дмитриева // Российская газета. - 2003. - 12 июля. -х. 25.

[2] Кудрявцев, В.Н. Международное уголовное право / В.Н. Кудрявцев. М.: Наука, 1999.-

[3] 26. Беляшев, К. А. Международное публичное право: сборник документов. Том 1 / К.А. Беляшев, А.Г. Ходаков. М.: БЕК, 1996. Х.2. 16-1

[4] Российская газета, 1998. 12р сарын 10. Х. 12

[5] ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн сэтгүүл. 1976. № 17 (1831). Зүйл 291

[6] Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн эмхэтгэл. 1998. № 20. Зүйл  2143

[7] Женевская конвенция о защите гражданского населения во время войны- IV,1949, статья 31

[8] Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийн эмхэтгэл. 1998. № 20. 7 дугаар зүйл

[9] ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн сэтгүүл. 1976. № 17 (1831). Зүйл 291 // 17-1 ишлэл

[10] http//:<<Mediaweb>> medicine@oneg.ru

[11] http:/www.med-pravo.ru/international/Helsinci%201.htm

[12] http:/www.med-pravo.ru/Ethics/seventh.hrm

[13] http:/www.med-pravo.ru/international/Tokyo.htm

[14] http:/www.medburg.ru/rus/documents_oms/vta

[15] http:/www.med-pravo.ru/international/Terminal.htm

[16] http:/www.med-pravo.ru/international/Transpl_Decl.htm

[17] http:/www.med-pravo.ru/international/ Transpl_Resol.htm

[18] Московский журнал международного права. 1999.№3. С.300-309.

[19] ДАУН-ийн Хельсинкийн тунхаглалын 1.1.-д бэхжүүлэгдсэн байдаг

[20]Монгол Улсын Донорын тухай хуулийн 11.3-т  “Амьгүй донороос эд, эрхтэн авахдаа нас барагчийн өөрийн гэрээслэл,эсхүл түүний төрөл, садангийн зөвшөөрлийг бичгээр авах буюу шаардлагатай бол хуулийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ”.

[21] Холбогдох үүсгэн байгуулах баримт бичигт заасан улсын бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор олон улсын гэрээний (дүрэм, статут буюу үүсгэн байгуулах өөр баримт бичгийн) үндсэн дээр байгуулагдсан улс, засгийн газар хоорондын болон засгийн газрын бус шинжтэй байнгын нэгдэл. Олон улсын байгууллагын онцлог шинж нь үүсгэн байгуулсан баримт бичгийн зэрэгцээ тогтоосон бүтэц, үндсэн зорилго, байгууллагын үйл ажиллагааны чиглэлтэй байдаг; үйл ажиллагаа нь байнгын буюу тогтомол шинжтэй; үйл ажиллагааны үндсэн арга нь олон талт хэлэлцээр ба асуудлыг хэлэлцэх явдал байдаг; шийдвэрийг санал хураалт буюу зөвшөлцлөөр гаргах бөгөөд зөвлөмжийн шинжтэй шийдвэр гаргах замаар хэрэгжүүлнэ; олон улсын байгууллагыг засгийн газар хоорондын ба засгийн газрын бус олон улсын байгууллага, түүнчлэн дэлхийн хэмжээний ба бүс нутгийн гэж ангилна.

  • 2014-04-21
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх