2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг илрүүлэхэд татварын албаны гүйцэтгэх үүрэг

Б.ГАЛБАДРАХ-Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагч

С.ТӨГСЖАРГАЛ-Татварын улсын байцаагч

Ойлголт. Дэлхийн бүх улс орнуудын түүхэнд ч, өнөө үед ч татвар нь төрт улсын оршин тогтнох баталгаа нь болсоор иржээ. Үүнээс үүдэж ихэнх улс орнуудад татварын салбар дахь гэмт хэргийг эрүүгийн бусад үйлдэгдэх гэмт хэргээс нийгмийн хор уршиг үр дагаврын хувьд илүү ноцтой хэмээн тооцдог байна. Эрүүгийн түгээмэл үйлдэгдэх хэрэг нь хувь хүн, цаашлаад бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөх бол татварын гэмт хэрэг нь төрийн эдийн засгийн аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд заналхийлдэг. Энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюул нь төсөвт орж ирэх мөнгөн хөрөнгийн урсгалыг хааж, улс орны татварын болон төсвийн бодлогод сөргөөр нөлөөлж, Засгийн газрыг мөнгө, санхүүгийн аргаар эдийн засгийг удирдах үр нөлөөг сулруулж, нийгэм, соёл, эдийн засгийн тэргүүлэх бусад салбар, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, нийгмийн хямрал, улс төрийн тогтворгүй байдалд хүргэх аюултай.

Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэмт хэргийн тухай ойлголтыг “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр  заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” гэж томьёолсон байдаг. Харин тус хуулийн Эдийн засгийн эсрэг гэмт хэргийг обьектив шинж байдлаар нь ангилсан “Аж ахуйн эсрэг гэмт хэргийн бүлэг”-т татвар төлөхөөс зайлсхийх буюу татварын гэмт хэргийг “Татвар ногдох их хэмжээний  орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг  нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийх”  гэж  хуульчилсан байдаг.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг

Объект: Татвар төлөх талаар хуулиар тогтоосон хийгээд заавал дагаж мөрдөх журам юм.

Объектив тал: Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, vйлчилгээ, бусад зvйлийг а/нуух, б/тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, в/ байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн vйлдэл, эс vйлдэхvй байна.

Албан татвар ногдох орлого, эд хөрөнгөө нуун дарагдуулах гэдэг нь өөрийн өмчид байгаа албан татвар ногдох ёстой хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг улсын тоо бүртгэлээс нуух, үйл ажиллагааны үр дүн болон орлогоо татварын байгууллагад мэдээлэхгүй байх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй байна.

Татвар ногдох орлого, орлогоос бусад зvйлсийн тоо хэмжээг зориуд бууруулах гэдэгт татвар ногдох орлого, орлогоос бусад зvйлийн тоо хэмжээ, vнийг нягтлан бодох бvртгэл, тайлан танцэл, тайлан мэдээ, орлого татвар тодорхойлох хуудсанд санаатай багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг vйлдэх зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах, хуурамч зарлага, алдагдал бий болгох зэргийг хамааруулна.

Байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэдгийг татвар төлөх vvрэг бvхий этгээд татвар төлөхгvй байх зорилгоор хаягаа санаатай буруу тодорхойлох, хаягийн өөрчлөлтөө Татварын албанд мэдэгдэж, улсын бvртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхгvй байх зэргийг ойлгоно.

Субъектив тал: Гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. 
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг vйлдэж буй этгээд, татвар төлөх vvрэгтэйгээ ухамсарлаж ойлгосон бөгөөд тvvнийг төлөхгvй байх, бага хэмжээтэйгээр төлөх зорилготойгоор гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хандсан vйлдэл, эс vйлдэхvй байна.

Субъект: Татвар төлөхөөс хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр, санаатайгаар зайлсхийсэн, 16 насанд хvрсэн, татвар төлөх эрх бvхий, хэрэг хариуцах чадвартай этгээд /татвар төлөгч/ байна.

Холбогдох хууль, эрх зүйн баримт бичиг

Татвар, татварын гэмт хэргийг илрүүлэх, олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих ял ногдуулахтай холбоотой дараах хууль, эрх зүйн актууд үйлчилж байна.

А. Монгол Улсын Үндсэн хууль

17 зүйл. “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:  ....17.1.3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх”;

Б. Эрүүгийн хууль

Хуулийн зорилт: “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах”

В. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль

Хуулийн зорилт: “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахтай холбогдон  үүсэх харилцааг зохицуулах”

Г. Татварын ерөнхий хууль

Хуулийн зорилт: “Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулах”

Д. “Үндэсний татварын алба, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам” (2008 оны 10 сарын 06-ны өдрийн Татварын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 200/463 тоот тушаалаар батлагдсан)

Журмын зорилго:

“Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Эрүүгийн хууль, татварын бусад хууль, зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, нуугдмал орлогыг олж тогтооход чиглэсэн хяналт шалгалт хийх, мэдээ, мэдээлэл солилцох”

Е. “Татварын албанаас Цагдаагийн байгууллагад татварын гэмт хэргийн тухай материал шилжүүлэх журам” /2009 оны 06 сарын 10-ны өдрийн Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 215/256 тоот тушаалаар батлагдсан/

Журмын зорилго: “Монгол Улсын Татварын ерөнхий хууль, албан татварын бусад хууль зөрчсөн Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж бүхий үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар Цагдаагийн байгуулагад шилжүүлэхэд үндэсний татварын албаны татварын улсын байцаагч нараас анхны нотлох баримт, материалыг хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд бүрдүүлэх, шилжүүлэх, холбогдох харилцааг зохицуулах”

Ё. “Прокурорын байгууллага, Үндэсний татварын албаны хамтран ажиллах журам” /2012 оны 07 сарын 27-ны өдрийн Улсын ерөнхий прокурор, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан А/32/04 тоот тушаалаар батлагдсан/

Журмын зорилго: “Прокурорын байгууллага, Үндэсний татварын алба чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан туслах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох, үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх”

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр ажиллаж буй татварын албаны нэгж

Татварын алба нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинж бүхий үйлдэл, эс үйлдлийг илэрвэл татварын улсын байцаагчийн дүгнэлт /өөрөөр хэлбэл мэдээлэл/ үйлдэн Цагдаагийн байгууллагад  шалгуулахаар шилжүүлдэг.

Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг  Татварын хяналт шалгалтын хэлтэс, тасаг хийж гүйцэтгэдэг бөгөөд тус хэлтэс, тасаг нь  татварын гэмт хэргийн шинж бүхий  үйлдэл, эс үйлдлийг анхан шатанд илрүүлэн мэдээлэх үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг. Ажиллаж буй чиглэл:

- Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны нэгдсэн бодлогыг тодорхойлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

- Монгол Улсын татварын хууль тогтоомжид заасан татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хуулийн хугацаанд төлсөн эсэхэд мэргэжлийн өндөр түвшинд хяналт шалгалт хийж, татварын гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, гарсан алдаа дутагдлыг засан залруулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө, өгөөжийг сайжруулах;

- Татвар төлөхөөс зайлсхийн зугтагчидтай хийх тэмцлийг хүчтэй болгох;

- Далд эдийн засгийн нуугдмал орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг илрүүлэн татварт хамруулах.

Татварын хяналт шалгалтын явцад илрүүлсэн татварын хууль тогтоомж ноцтой зөрчсөн, эсвэл их хэмжээний татвар ногдох орлого нуусан, буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь нотлогдсон эсэх, үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх, нотлох баримтыг хууль тогтоомжид заасан шаардлага, журмын дагуу цуглуулсан эсэх зэргийг хянаж хууль тогтоомжид нийцүүлэх, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар зааварчилгаа, зөвлөгөө өгөх чиглэлээр Татварын албаны Хууль эрх зүйн хэлтэс, тасаг ажилладаг.

Ажиллаж буй чиглэл:

- Татварын улсын байцаагчийн бичиж буй дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг хянаж, зөвлөгөө өгөх;

- Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлттэй холбоотой маргааныг Татварын маргаан таслах зөвлөлд хүлээн авах, магадлан шалгалт хийх, холбогдох танилцуулга, дүгнэлт гаргах, маргааныг шийдвэрлэх бэлтгэл ажлыг хангах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 - Татварын албадаас иргэн, захиргааны хэргийн шүүх, Цагдаа, прокурор болон хууль хяналтын байгууллагатай хуулийн хүрээнд хамтарч ажиллах, процесс ажиллагаанд татварын албыг төлөөлөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, хохирогч, шинжээч, бусад байдлаар оролцох ажиллагааг мэргэжил, арга зүйгээр удирдах, зохион байгуулах.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг илрүүлж, тогтоох үйл ажиллагаа

Татварын алба нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсвэл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн шинж бүхий үйлдэл эс үйлдэлд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр татварын улсын байцаагчийн дүгнэлт үйлддэг.

Түүнчлэн татвараас зайлсхийх дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дараах үйлдэл, эс үйлдэлтэй хавсарсан байдлаар үйлдэгдэж  нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулсан байвал  энэ тухай татварын улсын байцаагчийн дүгнэлтэд тодорхой дурьдан нийлмэл гэмт хэргийн бүртгэлт хийлгэхээр Цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.

Монгол Улсад татвар төлөгчдийн татвараас зайлсхийх, зугатах дараах нийтлэг хэлбэрүүд байна. Үүнд:

- Санхүүгийн тайлан тэнцэл, татварын ногдуулалт төлөлтийн тайланг 2 ба түүнээс дээш хувилбараар гаргах;

- Татвар ногдох эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар зэргийг зах зээлийн үеийнхээс бага үнээр борлуулсан, эсвэл өндөр үнээр худалдан авснаар гэрээ хэлцэл хийх;

- Нягтлан бодогч, нярав зэрэг ажилтнууд, бусад татвар төлөгчидтэй үгсэн хуйвалдаж санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт материалыг хуурамчаар үйлдэн татвар ногдох зүйлийг нуух, санаатайгаар багасгах, өртөг зардлаа зохиомлоор өсгөж санхүүгийн тайлан тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайланг үндэслэлгүй буруу гаргах;

- Улсын бүртгэлд бүртгүүлэлгүй үйл ажиллагаа эрхлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхгүй байх;

- Импортлосон барааны үнийг гаалийн байгууллагад багаар, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтын үед өндрөөр мэдүүлэх;

- Хамаатан садан, танил, найз нөхөд болон нас барсан зэрэг хүмүүсийн нэрээр бараа материал импортлон борлуулж татварын ногдуулалт, төлөлтийн тайлан гаргахгүй байх;

- Улсын бүртгэлд бүртгүүлсэн хаяг байршилдаа байхгүй, олдохгүй байх;

- Татварын албанаас дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байх;

- Үнэ шилжүүлэх, нимгэн капиталжуулалт зэрэг аргыг ашиглаж олон улсын хэмжээнд татвараас зайлсхийх зэрэг болно.

Татварын улсын байцаагчид хяналт шалгалтын ажлын явцад татвар төлөхөөс зайлсхийж буй үйлдэл, эс үйлдлийг  дараах арга замуудаар илрүүлж байна. Үүнд:

- Хаяг байршилдаа байхгүй, олдохгүй, татварын албанаас дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй тохиолдолд Шүүхийн байгууллагад нэхэмжлэл гарган, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж олуулах;

- Улсын бүртгэлд бүртгүүлэлгүй эрхэлж буй үйл ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа авах;

- Бараа материал импортлох, бусад ажил үйлчилгээ үзүүлэх, иргэн, хуулийн этгээд, бусад татвар төлөгчидтэй гэрээ хэлцэл байгуулсан, тэдгээрийг дүгнэсэн байдал, тооцоо нийлсэн акт, төлбөр тооцооны зэрэг баримт зэргийг нягтлан үзэх;

- Харилцан хамаарал бүхий этгээдэд бараа материал борлуулсан, ажил, үйлчилгээ үзүүлсэн байдал, үнэ ханш нь зах зээлийн үеийнхээс өндөр, эсвэл бага, санхүүгийн баримт материалаа хуурамчаар үйлдсэн эсэх зэргийг ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчдийн үйл ажиллагаатай харьцуулж үзэх, лавлагаа тодорхойлолт авах замаар;

- Зарим татвар төлөгч 1-2 жил үйл ажиллагаа эрхэлсний дараа татан буугдаж өөр аж ахуйн нэгж байгуулдаг тул татан буугдах, шинээр үүсгэн байгуулах үед нь эхлэлтийн болон дуусгалтын тайлан тэнцэл, хөрөнгийн эхний, эцсийн үлдэгдэл, эх үүсвэр, үл хөдлөх хөрөнгө, татварын өр төлбөртэй эсэхийг шалгах;

- Гааль, нэмэгдсэн өртөг, онцгой албан татварыг ногдуулан төлсөн, үнэ, тарифийг үнэн зөв хэрэглэсэн эсэхийг хууль, дүрэмд нийцүүлэн хянан шалгах;

- Төлөөлөн удирдах зөвлөл, захирлуудын зөвлөл, холбогдох бусад газруудад гаргаж өгсөн тайлангуудыг Татварын албанд гаргаж өгсөн тайлантай тулган, зөрүүтэй эсэхийг хянан шалгах байдлаар, зөрүүтэй тохиолдолд холбогдох хүмүүстэй асуулга, ярилцлага хийж шалтгааныг тодруулан, ярилцлагын тэмдэглэл хөтлөх;

- Зарим тохиолдолд татвар төлөгчид хяналт шалгалтын явцад татварын албанд гарган өгсөн тайлбар, тодорхойлолтоо дараа нь үгүйсгэдэг тул тухайн хяналт шалгалтын материал хууль хяналтын байгууллагаар хянагдахаар бол гэрчээр оролцохыг санал болгох;

- Татвар төлөгч иргэд бусдын иргэний үнэмлэх зэрэг баримт бичиг ашиглан бараа материал, автомашин, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, эд анги зэргийг импортлох, оршин суух хаяг байршил нь тодорхойгүй байх , иргэний бүртгэл мэдээллийн төвд байхгүй хаяг, нас барсан хүний нэрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн эсэхийг тогтоох;

- Автомашин, шатахуун, мод зэрэг зүйлүүдийг реэкспортлосон, хилийн гадна борлуулсан гэж тайлбарладаг тул Улсын Гаалийн ерөнхий газраас лавлагаа авах, гаалийн бүрдүүлэлтийн горимтой танилцах, экспортлосон автомашины арлын дугаарыг Замын цагдаагийн газрын мэдээллийн сан дахь бүртгэл, хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэгтэй тулган шалгах;

- Гадаад орнуудад салбар компанитай эсэх, татвар ногдох зүйлийг гадаадын аль нэг улс орон руу шилжүүлсэн эсэхийг Татварын мэдээлэл солилцох тухай давхар татварын гэрээний заалтын хэрэгжилтийг шалгах;

- Татварын таатай нөхцөлтэй орнуудад эцэг эсвэл  охин компаниа байгуулж худалдаа арилжаагаа эдгээр компаниудаараа дамжуулан хийж татвараас зайлсхийх, өөрөөр хэлбэл татваргүй буюу бага татвартай оронд эцэг эсвэл охин компаниа байгуулж татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлээ шилжүүлэх, эсвэл өөрөө суурьшин амьдрах зэргээр татварын ачааллаа бууруулах буюу татвар төлөхөөс зайлсхийх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд Монгол Улсад байнга байрладаг болон байрладаггүй аж ахуйн нэгж, оршин суугч болон  оршин суугч бус этгээдийн аль нь болохыг  шалгаж тогтоосны дараа Монгол Улсын татварын хууль болон Монгол Улсаас гадаад орнуудтай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”–үүдэд заасны алинаар нь татварын ногдлыг хийхийг тодорхойлох;

-Монгол Улсын хуулиар өөрийн хөрөнгөөр санхүүждэг компаниудын ногдол ашиг татвар ногдох орлогоос хасагдахгүй харин зээлийн хөрөнгөөр санхүүждэг компаниудын зээлийн хүүгийн зардал татвар ногдох орлогоос хасагддаг тул ийм хэлбэрээр буюу нимгэн капиталжуулалтын хэлбэрээр татвараас зайлсхийсэн тохиолдолд энэ талаар татварын хуулийн нарийвчилсан зохицуулалтыг  хэрэгжүүлэх байдлаар илрүүлнэ.

- Татвар төлөгч бэлэглэл, арилжаа, бараа солилцоо хийх, эсвэл бараа үйлчилгээг бусад этгээдээс болон харилцан хамаарал бүхий этгээдэд худалдах, худалдан авах, шилжүүлэхдээ зах зээлийн үнээс хэт өндөр эсвэл хэт бага үнээр худалдан авах буюу худалдаж үнэ шилжүүлэх хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гуравдагч этгээдээс мэдээлэл авах, харилцан хамааралгүй этгээдүүдэд борлуулсан үнээр тооцож татвар ногдуулах зэргээр татвараас зайлсхийсэн үйлдлийг илрүүлнэ.

Баримт бүрдүүлэх ажиллагаа

Эрүүгийн хуульд заасан байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх бүхий этгээд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгаж магадлах, үнэлэх зэрэг нотлох ажиллагааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. Татварын улсын байцаагчид татварын гэмт хэргийн шинж онцлогоос шалтгаалан тухайн гэм буруутай үйлдлийг нотлох баримтуудыг цуглуулж бүрдүүлэн, дүгнэлтэд хавсарган Цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. 

Баримт бүрдүүлэх ажиллагаанд учирч буй саад бэрхшээл

Татварын улсын байцаагч татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл бүхий гэмт хэргийн шинжтэй зөрчилд дүгнэлт үйлдэн Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлэхдээ гэмт үйлдлийг нотлох баримт материалуудыг хамт шилжүүлэх үүрэгтэй.

Уг нотлох баримтыг бүрдүүлэх явцад дараах нийтлэг хүндрэл бэрхшээлүүд гардаг. Үүнд:

- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материалын бүрдэл дутуу эсвэл гарган ирүүлэхгүй байх, хаясан, гээсэн, үрэгдүүлсэн гэж хуурамчаар мэдүүлэх;

- Татварын хяналт шалгалтын явцад гарган ирүүлээгүй санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт материалыг, мөрдөн байцаах явц, шүүн таслах ажиллагааны явцад гарган ирүүлэх;

- Хяналт шалгалт хийх явцад татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох, үзлэг ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө хөрөнгө, бэлэн мөнгөний тооллого явуулах, эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг үйл ажиллагаа явуулахад саад учруулах;

- Монгол Улсын иргэн, гадаад улсын харъяат, харъяалалгүй иргэдийн оршин суугаа хаяг тодорхойгүй байх, эсвэл оргон зайлсан байх;

- Татвар төлөгчийн ял шийтгэлийн байдал тодорхойгүй, хуулийн этгээдийн тамга тэмдэг хуурамчаар үйлдэгдсэн байх.

Дээрх үндрэл бэрхшээлүүдийг дараах байдлаар шийдвэрлэж байна.Үүнд:

- Хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах журам гарган хэрэгжүүлж, хамтран ажиллах

- Татварын ерөнхий хуульд заасны дагуу Банк, санхүүгийн байгууллага болон холбогдох бусад байгууллагаас шаардлагатай мэдээ, мэдээллийг хуулийн дагуу гаргуулан ажиллах;

-Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс татварын хяналт шалгалтын болон татвар төлөгчийн талаарх хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, түүнийг татварын хяналт шалгалтад ашиглах, татварын алба зөвхөн дотооддоо мөрдөх журам, заавар батлан ажиллаж байгаа зэрэг болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд  шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Ийнхүү Монгол Улс хууль бус аргаар олж авсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрт ашиглахыг хороглосон талаар тод томруун ойлгомжтойгоор тусгасныг гадны эрдэмтэд эрх зүйт төрд нийцэх үлгэр жишээ гэмээр зохицуулалт болсон байна хэмээн тэмдэглэсэн байдаг.

Гэвч бодит байдал дээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгаж магадлах, үнэлэх зэрэг ажиллагаанд хүндрэл бэрхшээл практикт гарсаар байна.

Далд эдийн засгийг ил болгох, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх улмаар татварын гэмт хэргийг илрүүлэх, тогтоох, шийдвэрлэх ажиллагааг сайжруулах үүднээс Татварын албанаас сүүлийн 2 жил дараалан хууль хяналтын бүх байгууллага /Цагдаа, прокурор, шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Авлигатай тэмцэх газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Гаалийн ерөнхий газар зэрэг/ -ууд оролцсон нэгдсэн зөвлөгөөний зохион байгуулж, энэ чиглэлээр Үндэсний дунд хугацааны стратегийн бодлогын баримт бичиг боловсруулан ажиллаж байна. Мөн холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, зарим шаардлагатай хуулийн зүйл заалтыг Улсын дээд шүүхээр тайлбарлуулах зэрэг ажлуудыг мөн зохион байгуулж байгаа бөгөөд хуулиар зохицуулагдаагүй буюу шинжлэх ухаан технологийн хөгжил, бусад хүчин зүйлээс хамааран гарч буй хүндрэлээс гарах зорилгоор хууль хяналтын болон бусад байгуулагуудтай  хамтран ажиллах журам гарган хэрэгжүүлж байна.

 

Дүгнэлт

Монгол Улсын Татварын алба нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх бүхий субъект биш бөгөөд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу татварын гэмт хэргийн шинж бүхий үйлдэл, эс үйлдлийн талаарх  мэдээллийг Татварын ерөнхий хуульд заасны дагуу Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад дүгнэлт үйлдэн шилжүүлдэг.

Татварын албанаас ирүүлсэн дүгнэлт буюу мэдээллийн дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллага гэмт хэргийг мөрдөх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж Прокурорын байгуулага хянан шүүхэд шилжүүлснээр шүүн таслах ажиллагаа хийгдэн гэмт хэргийн шийдвэрлэлт дуусгавар болдог.

Монгол Улсад илэрч буй татварын гэмт хэрэг нь гол төлөв татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх, зориуд бууруулан мэдээлэх хэлбэрээр илэрч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд нийлмэл гэмт хэргийн шинжтэй үйлдэгдэж байна.

Мөн түүнчлэн үнэ шилжилт, олон улсад татвараас зайлсхийх тэр дундаа орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх татвар төлөхөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын гадаад улсуудтай байгуулсан хэлэлцээрийг ашиглан татвараас зайлсхийх үйлдэл мөн ажиглагдаж байна.

Сүүлийн жилүүдэд Татварын албанаас шилжүүлсэн гэмт хэргийн шинж бүхий мэдээллийг үндэслэн үүсгэсэн эрүүгийн хэрэг нь Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагааны явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч Татварын өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамрагдан хэрэгсэхгүй болох хандлагатай  байна.

Хэрэг шийдвэрлэх шатанд Татварын алба зөвхөн анхан шатанд илрүүлсэн гэмт хэргийн шинж бүхий үйлдэл, эс үйлдлийг мэдээлж байгаа нь бидний хувьд татварын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой үүсч буй аливаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа гэдгийг тэмдэглэн хэлье.

Гэсэн хэдий боловч гэмт хэргийг эцсийн шатанд шүүхээр шийдвэрлүүлэх хүртэл татварын алба нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр ажиллаж байгаагийн хувьд гэмт хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд дээрх хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын хэмжээнд татварын гэмт хэргийг илрүүлэх улмаар далд эдийн засгийг ил болгох талаар хурал, зөвлөгөөн зохион байгуулж, бодлогын бичиг баримт боловсруулан  ажиллаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд Татварын албанаас оруулж буй томоохон хувь нэмэр гэж дүгнэж байна.

Хэдийгээр татварын алба, хуулийн байгууллагуудтай тал бүрээр хамтран ажиллаж байгаа боловч хууль эрх зүйн хүрээнд болон практикаас үүдэн гарч буй бэрхшээлүүд байсаар байгаа бөгөөд эдгээрийг дараах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. Үүнд:

- Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг зөв томьёолох, хохирлын хэмжээг ойлгомжтой, тодорхой, бусад гэмт хэргийн хохирлын хэмжээнээс ялгамжтай авч үзэх;

- Эрүүгийн хуульд заасан торгох ялын хэмжээг тодорхойлж буй  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх энэ ойлголтоос эрүүгийн ялын бодлого болон гэмт хэргийн ангилалд шууд нөлөөлж байгааг дэлхийн бусад орнуудын жишгээр нуун дарагдуулсан их, бага хэмжээнд бус харин үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж, зайлсхийсэн, нуун дарагдуулсан орлогын тодорхой хувиар торгох ял түлхүү хэрэглэж байгааг судлан хэрэгжүүлэх;

- Татварын алба Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаа хийдэг байх эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгах

- Гэмт хэргийг мөрдөн байцаах, хянах, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж буй байгууллагын ажилтнуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх цаашлаад татварын чиглэлээр мэргэшүүлэх;

- Хууль бус нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байх талаар заасан хуулийн хэрэгжилтийг сайжруулах;

-Татварын хэрэг шийдвэрлэлтийн өнөөгийн байдалд нарийн судалгаа, шинжилгээ хийж, олон улсын туршлагыг судлах гэх мэт.

Эцэст нь хэлэхэд Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, Шүүх эрх мэдлийг шинэтгэх дунд хугацааны хөтөлбөр” эрчимтэй хэрэгжиж байгаатай холбогдуулан гэмт хэргийг байцаан шийтгэх ажиллагаанд хуулиар зохицуулагдаагүй болон хуульд өөрчлөлт оруулах асуудлаар, ялангуяа хохирлын хэмжээг тодорхой болгох, татварын алба хойшлуулшгүй ажиллагаа хийдэг болох тал дээр өөрчлөлт оруулах ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна.

  • 2014-04-15
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх