2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зарим асуудал

Өнөө үед  үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт явдал, түүний дотор мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал нь дэлхийн улс орнууд, Монгол Улсын анхаарлыг татсан асуудлын нэг болж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг нь санхүү, эдийн засгийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, улмаар улс орны эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлэл учруулдаг олон улсын шинжтэй гэмт хэрэг юм.

 Иймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, криминологийн зарим асуудлыг судлах нь онол, практикийн ач холбогдолтой.

Өнгөрсөн зууны 20-иод оны эхээр АНУ-ын Чикагокийн зохион байгуулалттай гэмт бүлгийн толгойлогч Алфонс Капоне мөрийтэй тоглоом, архины хууль бус наймаа, янхны газрын үйл ажиллагаанаас  олсон орлогоо нуун далдлахын   тулд хууль бусаар олсон мөнгөөрөө угаалгын газрын сүлжээ  байгуулан  ажиллуулж байсан  үеэс “мөнгө угаах” гэдэг нэр томъёо хууль зүйн нэр томъёонд албан ёсоор хэрэглэгдэх болсон түүхтэй[1].

НҮБ-ын 2000 оны “Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх” Палермогийн конвенцид  “мөнгө угаах”-ыг дараах байдлаар тодорхойлжээ:

  • Гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийн хууль бус үүсвэрийг нуух, далдлах, эсвэл үндсэн зөрчлийг үйлдэхэд оролцсон этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор эд хөрөнгийг өөрчлөх буюу шилжүүлэх;
  • Гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмших буюу бусад эрхийг нуух буюу далдлах;
  • Гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийг авах, эзэмших буюу ашиглах  мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх;
  • Мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, үгсэн тохиролцох, үйлдэхийг завдах болон хамжих, хатгах, туслах болон зөвлөгөө өгөх[2] гэж нилээд өргөн хүрээнд тодорхойлсон байдаг.

Дээрх тодорхойлолтоос үзвэл, мөнгө угаах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс, ашиг, орлогын эх үүсвэрийг нуун далдалж, тэдгээрийг хууль ёсны мэтээр халхавчлан, эдийн засгийн эргэлтэнд оруулах, хэлбэр дүрсийг хувиргах бүхий л үйлдэл болон түүнд хамтран оролцохыг  ойлгоно.

Энэ гэмт хэргийн зорилго нь  богино хугацаанд их хэмжээний ашиг олоход бус, харин гэмт хэрэг үйлдэж олсон орлогын эх  үүсвэрийг нуун далдлах, өөрчлөн хувиргах, ул мөр үлдээхгүй байхад чиглэгддэг онцлогтой.

Мөнгө угаах нь гэмт хэргийн замаар олсон орлогыг ил болгоход чиглэгдсэн олон янзын аргаар хийгддэг, санхүүгийн төрөл бүрийн операцийг өөртөө багтаасан, нилээд нарийн түвэгтэй, үргэлж боловсронгуй болж байдаг процесс юм.

Мөнгө угаах нь гэмт хэргийн замаар олсон орлогын эх үүсвэрийг нуун далдлах, хууль ёсны болгохын тулд хэд хэдэн үе шатыг дамжиж явагддаг байна. Мөнгө угаах загварын(модель)  талаар  олон улсын криминологичид,  крриминалистикийн  шинжээчид  уйгагүй судалсны үр дүнд  орчин үед  мөнгө угаах 3 төрлийн загвар байгааг тодорхойлсон.

Швейцарын судлааач К.Мюллерын боловсруулсан  мөнгө угаах 4 үе шаттай загвар, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ  болон бусад олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрч, зөвлөмж болгож буй мөнгө угаах 3 үе шаттай загвар, Швейцарын профессор П.Бернанскони, ХБНГУ-ын доктор К.Освальд нарын боловсруулсан мөнгө угаах 2 үе  шаттай загварыг онол, практикт хэрэглэж байна[3].

Ингээд орчин үед мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг мөнгө угаах З үе шаттай загварын талаар авч үзье.

1. Байршуулах үе(Placement) Эхний үе шатанд гэмт хэргийн замаар олсон асар их мөнгөн хөрөнгийг хууль сахиулах байгууллагын хараа хяналтаас зайлсхийхийн тулд санхүүгийн тогтолцоонд тараан байршуулдаг. Ингэхдээ их хэмжээний бэлэн мөнгийг бага мөнгөн дүнгүүдэд хувааж, бэлэн мөнгө ихээр эргэлддэг банк, банк бус санхүүгийн байгууллагуудад байршуулдаг байна. Тухайлбал: Өөр хүний нэр дээр банканд хадгаламж болон харилцах данс нээлгэх, үнэт цаас, чек худалдан авах, алт, үнэт зүйлсийг хадгалуулах г.м

2.Нуун далдлах  үе (Layering)Энэ үе шатанд тухайн мөнгөн хөрөнгө, эд зүйлсийн гарал үүслийг нь нуун далдлах зорилгоор байршуулсан зүйлээрээ хөрөнгө оруулалт, хандив тусламж, хүүтэй зээл, бусдын нэр дээр объект, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, асрамжийн болон буяны байгууллага, сан, компани, банк байгуулах, тэдгээрийг даатгуулах зэрэг үйлдэл хийгддэг.

3. Эргэлтэнд оруулах үе(Integration) Сүүлчийн үе шатанд гарал үүслийг нь нуусан мөнгийг эдийн засгийн хууль ёсны эргэлтэнд оруулдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийсэн газраа зарах, түрээслэх замаар ашиг олох, зээлсэн мөнгөнийхөө хүүг авах, компани, сангийн тодорхой хувь эзэмшигч болох, үүсгэн байгуулсан банкыг санаатай дампууруулж, даатгалын байгууллагаас их хэмжээний нөхөн төлбөр авах гэх мэт ажиллагаа явагддаг.

Олон улсын шинжээчид, судлаачдын судалгаааар,  мөнгө угаах гэмт хэрэг нь дараах нийтлэг аргуудаар үйлдэгддэг байна[4]. Үүнд:

1.Валютын арилжаа(бэлэн мөнгө хөрвүүлэх)

2. Зээлийн карт, чек, энгийн вексэль ашиглах

3.Бэлэн мөнгө зөөвөрлөх

3.Үнэт чулуу, үнэт металл худалдан авах

4.Үл хөдлөх хөрөнгийн арилжаа

5.Казино, онлайн бооцоот тоглоомыг ашиглах

6.Мөнгөн гүйлгээний бүтцийг өөрчлөх (Structuring/smurfing)

7.Интернет банкны үйлчилгээг ашиглах

8.Нууц банк буюу албан бус гуйвуулгын үйлчилгээ (hawala, hundi гэх мэт).

9.Халхавчийн компани, янз бүрийн сан байгуулан ашиглах

10. Гадаадын банкан дахь дансыг ашиглах

11. Банк санхүүгийн салбарт дахь авилгыг ашиглах

12.Оффор банкуудыг ашиглах болон бусад арга.

Монгол Улс 2003 онд “Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын конвенц”-д нэгдэн орж, 2004 онд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон улсын бодлогыг тодорхойлдог  Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо(Financial Action Task Force буюу ФАТФ)-д элсэн орсноор мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг мөрдөж ажиллах үүрэг хүлээх болсон.

2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-т“Мөнгө угаахгэж хууль бусаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал үүслийг нуун далдалж уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулахыг хэлнэ” гэж анх удаа тодорхойлжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 163 дугаар зүйлд “хууль бусаар олж авсан мөнгө, эд хөрөнгийг ашиглах” гэмт хэргийг анх удаа хуульчилж байсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 268 дүгээр зүйлийн 268.1 дүгээр зүйлд “Зэвсэг,  хар тамхи,  хүн худалдаалах,  эсвэл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл,  терроризмыг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус  эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах буюу нуун далдлах,  эсвэл уг эд хөрөнгийг хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан бол...” гэж  мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний халдлагын зүйл, объектив талын шинж, гэмт хэргийн зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хуульчилсан. 

Улмаар  2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  1661.1 дүгээр зүйлд Мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг “Хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор энэ хуулийн 166 дугаар зүйлд зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргасан бол...” гэж шинэлэг байдлаар тодорхойлж, энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хүлээлгэх ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь нуугдмал шинжтэй, илрүүлэхэд бэрхшээлтэй  бөгөөд гагцхүү банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард, үл хөдлөх хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлд оролцогч байгууллагуудад сэжиг бүхий гүйлгээ, нэргүй данс нээх, эсвэл их хэмжээний (15.000 ам.доллараас дээш) болон нийт үнийн дүн нь 15.0 мян. $ буюу түүнээс дээш хоорондоо холбоо бүхий бэлэн мөнгөний хэд хэдэн гүйлгээний талаар хуулийн байгууллагад мэдээллэх үүргийг хуулиар хүлээлгэх замаар тэмцэх, илрүүлэх, хяналт тавих боломж олон улсын түвшинд нэгэнт тогтжээ.

Мөнгө угаах    болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар,  Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, барьцаалан зээлдүүлэгч, хадгаламж зээлийн хоршоо, төлбөрт таавар бооцоот тоглоомын үйлчилгээ эрхэлдэг этгээдүүд сэжигтэй  бэлэн мөнгөний гүйлгээний[5]  талаар сар бүр мэдээлэх үүрэг хүлээсэн.

Арилжааны банк болон бусад байгууллагаас  Санхүүгийн мэдээллийн албаны 2008 оноос хойш хүлээн авч буй сэжигтэй гүйлгээний тайлангийн тоо, хуулийн байгуулагад шилжүүлсэн сэжигтэй гүйлгээний тоо жилээс жилд өсч байна.     

 

Арилжааны банкнуудын сэжигтэй гүйлгээний тайлан[6]

 

2008-2010 он

2011 он

2012 он

Сэжигтэй гүйлгээний тайлан

87

71

158

Хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн

74

21

94

 

Тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн сэжигтэй гүйлгээний тайлангийн мөрөөр  илрүүлж бүртгэгдсэн мөнгө угаах гэмт хэрэг ховорхон  байна. Харин  2012 онд ТЕГ   гадаадын  зарим  иргэдээс    мөнгө угаасан 2 гэмт хэрэг, Цагдаагийн байгууллага  МИАТ компаний удирдлагын 10 гаруй хүнд холбогдох 6.5 сая ам.долларыг угаасан гэмт хэргийг тус тус илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа  явуулж байна.

 Манай улсад одоогоор мөнгө угаах гэмт хэргийг шүүхээс шийдвэрлсэн тохиолдол хараахан байхгүй ажээ. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж буй нь мөнгө угаах гэмт ажиллагаа    хэд хэдэн улсыг дамжин явагддаг учраас угаасан мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бусад нотлох баримтуудыг цуглуулахтай холбоотой багагүй хүндрэл учирч байгаатай салшгүй холбоотой юм.

Монгол Улсад гарч буй мөнгө угаах гэмт хэргийн  талаар зарим гүйцэтгэх ажилтан, мөрдөн байцаагч нартай ярилцлага хийх аргаар судлахад, энэ төрлийн гэмт хэрэг нь дараах аргаар үйлдэгдэж байна гэж үзэж байна:

-Гэмт хэргийн замаар олсон орлогоо гадаадын банкан дахь дансанд шилжүүлэх, ингэхдээ гэмт хэрэгтүүд өөрсдийн гэр бүл, эцэг, эх, ах дүү, хамаатан садан, ойр дотныхоо хүний нэр дээрх дансанд гуйвуулах

-Гадаадын иргэд ”бохир” мөнгөө Монголд оруулж ирэхдээ уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх халхавчаар оруулж ирэн, буцааж гаргах

-Үнэт металл худалдан авч, хууль бусаар Монгол  Улсын хилээр гарган, олсон хууль бус орлого буцаан  оруулж ирж, эргэлтэнд оруулах

-Төрийн зарим албан хаагчид албан тушаалын байдлаа урвуулан ашиглан,  хээл хахуулийн журмаар олсон хууль бус орлогоо гадаад, дотоодын банкны тогтолцоогоор дамжуулан хууль ёсны мэт болгохыг оролдох

-Төрийн өмчид компаний удирдлагад ажиллаж байсан зарим хүмүүс албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,  хуурамч гэрээ байгуулан,  даатгалын сангийн мөнгийг гадаадын хэд хэдэн улс руу гарган, буцааж оруулж ирэх  гэх мэт.

Манай улсад үйлдэгдсэн  мөнгө угаах цөөн тооны хэргийн гарсан нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр  уг гэмт хэрэг үйлдэгдэхэд дараах шалтгаан, нөхцөл нөлөөлж байна гэж үзэж байна.

1. Монгол Улсад мөнгө угаах гэмт хэрэг гарахад улс төр, бизнесийн бүлэглэлийн нягт холбоотой байдал нөлөөлж байна. Ялангуяа төрийн өмчит компаний хөрөнгийг завшиж, гадаадын банкаар дамжуулан асар их хэмжээний мөнгийг угаах, төрийн удирдлагын зарим албан хаагчид төрийн хөрөнгийг завшиж байгаа этгээдийг хаацайлан хамгаалах, түүний хариу болгон их хэмжээний хууль бус орлого олж, гадаад, дотоодын банкинд байршуулах үйлдэл гарч байна.

Мөн зарим томоохон бизнес группын удирдлагууд  улс төрийн нам, эвслийн идэвхтэй гишүүд, лобби бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боллоо. Ингэснээрээ улс төрийн лобби бүлэг, шинэ үеийн бизнесменүүдийн  ашиг сонирхол нь улам бүр нэгдэх болсныг харуулна.

 2. Монгол Улс мөнгө угаах  болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч үндэсний  хууль  тогтоомж олон улсын стан­дарт, НҮБ-ын гэрээ конвенцид бүрэн нийцээгүй, улс төрийн өндөр албан тушаалтан, эцсийн өмч­лөгчийг таньж мэдэх, тэдгээрийн гүйлгээнд тусгайлан хяналт  тавих шаардлага хуулиар тавигдаагүй, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх ажил удаашралтай явагдаж байна.

 2007 онд  тус улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог ФАТФ-ийн бүс нутаг хариуцсан байгууллага болох Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс шалгаж, харилцан үнэлэхэд,  ФАТФ-ээс гаргасан 49 зөвлөмжийн 16-д нь "хэрэгжилт байхгүй", 21-д нь "хагас хэрэгжилттэй" гэсэн үнэлгээ авч байсан[7].

Сүүлийн жилүүдэд манай улс авилгын индексээр дэлхийд дээгүүр орж, авилга, хээл хахуулын  болон эд зүйл хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг өсч, манай зарим иргэд хар тамхи, хүний наймаанд оролцох нь нэмэгдэж буй нь   мөнгө угаах гэмт хэргийн өндөр эрсдэлтэйг харуулна. Иймээс мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг тодорхойлох шаардлагатай юм.

3. Монгол Улсад оруулж  буй гадаадын хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээл, уламжлалт бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд Санхүүгийн мэдээллийн албанаас тавих хяналт дутагдаж байна.

Сэжигтэй гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд  мэдээлэх  үүрэг  хүлээсэн  байгууллагуудад ч  хуульд заасны дагуу үүргээ тэр бүр биелүүлэхгүй байгаа, саяхан болтол банк бус санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээний тайлан ирүүлэхгүй явж иржээ.

4. Зарим улс орнуудтай эрх зүйн талаар харилцан туслах гэрээ байхгүйгээс  мөнгө угаах гэмт хэрэгт шалгагдаж буй этгээдийн гадаадаас оруулж ирсэн орлогын эх  үүсвэрийг  тогтоох, нотлох баримтыг цуглуулахад хүндрэл учирч байна.

5. Санхүүгийн мэдээллийн алба, арилжааны банкууд болон Сөрөх тагнуулын алба, Эрүүгийн цагдаагийн албаны гүйцэтгэх ажилтнууд болон хяналтын прокуроруудыг  энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад мэргэшүүлэх, дадлагажуулах явдал дутагдаж байна.

Иймээс мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг боловсронгуй болгохын тулд  дараах арга хэмжээ авахыг санал болгож байна:

1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний эрх зүйн тогтолцоог олон услын стандарт, НҮБ-ын зөвлөмжиийн шаардлагад нийцүүлэх. Ялангуяа улс төрийн өндөр албан тушаалтнуудын болон мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт сул улс, орнуудаар дамжин хийгдэж буй санхүүгийн гүйлгээнд хяналт тавих,  харилцах данс, гүйлгээний эцсийн өмчлөгч болон харилцагчийг таньж мэдэх, хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;

2. Эрүүгийн хуульд хорих ял шийтгэхээр заасан бүх гэмт хэргүүдийг мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тодорхойлох;

3. Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг амжилттай явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд манай улсын иргэд олноор зорчдог улс орнуудтай эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах, одоо үйлчилж буй гэрээг тодотгох;

4. Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр  тагнуул, цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажилтнууд, Санхүүгийн мэдээллийн албаны ажилтнуудаас бүрдсэн мэрэгшсэн багийг ажиллуулах, ажлыг уялдуулан зохицуулах удирдлагын тогтолцоог буй болгох, тэдгээрийг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшүүлэх зэрэг болно.

 



[1] Робинсон.Дж. Всемирная прачечная. М.,2004, С.39

[2] Зубков В.А.,Осипов С.К. Российская Федерация в международной системе противодействия легализациии\отмывание \ преступных доходов и финансированию терроризма. 2-е издание. –М.: Спецкнига, 2007, С.23

[3] Драпкин Л. Я., Злоченко Я. М. Способы преступления  легализации незаконных доходов. \www.law.edi.ru

[4] http://newasp.omskreg.ru/bekryash/ch4p4.htm  Глава 4. Легализация\отмывание\ криминальных фондов денежных средств.

[5] Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-т ”Сэжигтэй гүйлгээ” гэж мөнгөний гарал үүсэл, эцсийн хүлээн авагч нь тодорхой бус, эсхүл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн хяналтын механизм бүрдүүлээгүй улсаар дамжуулан хийсэн, түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзэж байгаа гүйлгээг ойлгохоор заасан юм.

[6] www.mongolbank.mn.

[7] http://www.medee.mn/mobile.php?eid=26161                                                           

  • 2014-04-14
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх