2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Төрөл бүрийн гадаргуутай эд зүйлс дээрээс Гарын мөр илрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам

Гэмт үйлдлийн үр дүнд үүссэн бүхий л өөрчлөлт болох мөр бүр гэмт хэрэг илрүүлэх, гэмт этгээд, холбогдогчийг олж тогтооход ихээхэн ач холбогдолтой тул тэдгээрийг шинжлэх ухааны үндэстэйгээр нотлон тогтоох зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Тэгвэл криминалистикийн мөр судлал буюу трасологи[1] нь зөвхөн материаллаг хүрээнд бий болсон өөрчлөлтийг судладаг байна. Өөрөөр хэлбэл, мөрийг явцуу утгаар нь ойлгож судлана гэсэн үг. Материаллаг өөрчлөлт буюу мөр нь чухамдаа гэмт үйлдлийн тусгалын үр дүн байдаг[2]. Гэмт хэргийн газар хамгийн түгээмэл илэрдэг нь хүний мөр. Үүнтэй холбоотойгоор хүний мөр судлал түлхүү хөгжсөн байх ба В.Хершелийн хүн бүрийн хурууны хээ дахин давтагддаггүй, хүний насан туршид өөрчлөгддөггүй тул хүнийг адилтгахад ашиглаж болох тухай гаргасан нээлт нь дактилоскопийн ухаанд түүний оруулсан үнэлж баршгүй чухал хувь нэмэр болсон билээ.[3]

Хүний мөрийг дотор нь гарын мөр, хөлийн мөр, шүдний мөр, биеийн бусад хэсгийн мөр гэх зэргээр ангилдаг.

Үүнээс хүний гарын хээ /Дактилоскопи[4]/ нь дахин давтагдашгүй[5], нөхөн сэргээгддэг[6], өөрчлөгддөггүй[7] гэсэн шинж чанараараа криминалистикийн бусад салбараас илүүтэйгээр эзэн холбогдогчоо шууд тодорхойлон заах боломжийг олгодгоороо өндөр ач холбогдолтой. Папилляр[8] шугам нь хүний хэвлий доторх хөгжлийн үед бий болж, бүхий л амьдралын туршид харьцангуй өөрчлөгдөхгүй, үргэлжийн дагуул нь байна. Тэр ч байтугай арьсны бүрэн ялзрал болж нас барсны дараа ч хадгалагдсаар байна. Зөвхөн түүний хэмжээ өөрчлөгдөж болохоос биш, хээний жижиг хэсгүүдийн өөр хоорондын байрлал, хэлбэр огт өөрчлөгдөхгүй[9]. Дээрх шинж чанарыг гэмт хэрэг илрүүлэх, эрэн сурвалжлах, бүртгэл мэдээллийн үйл ажиллагаанд илүү олонтойгоор ашигладаг.

Тиймээс шинжээч, мэргэжилтэн нь мөрийн нотлох баримтын үнэ цэнийг алдагдуулахгүйгээр илрүүлж бэхжүүлэн битүүмжлэхийн сацуу эзэн холбогдогчийн хүрэлцсэн байж болох газрыг таамаглан тодорхойлж тухайн эд зүйлийн гадаргууны онцлогт тохирсон нунтаг, урвалж бодисыг ашиглан мөр эрэх, илрүүлэх, бэхжүүлэх ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хийх шаардлагатай.

Хэргийн газар үлдэж буй гарын мөрийг өнгөц, гүн шигдсэн, негатив, позитив, хөлс-тосон, тоосон, цусан гэх мэтээр ангилна. Мөрийн төрөл, үүссэн хугацаанаас хамаарч илрүүлэх аргачлалыг сонгон авна[10]. Үүнд:

  • Ø Шинэ мөр: 6 цаг хүртэл хадгалагдсан мөр
  • Ø Шинэвтэр мөр: 24-72 цаг хүртэл хадгалагдсан мөр байх ба уг мөрийг илрүүлэхдээ физик аргыг ашиглах нь оновчтой.
  • Ø Удаан хадгалагдсан мөр: 30 хоног хүртэл хадгалагдсан мөр байх ба дээрх физик аргыг зарим тохиолдолд хэрэглэж болох боловч төрөл бүрийн өнгө, соронзон ба соронзон бус, гэрэлд өдөөгддөг зэрэг шинж чанартай нунтгуудыг ашиглан янз бүрийн аргачлалаар мөр илрүүлэх нь илүү оновчтой.
  • Ø Хэт удсан мөр: 30 хоногоос дээш хадгалагдсан мөр ба уг мөрийг химийн аргаар илрүүлэх нь илүү үр дүнтэй.

Гарын мөрүүдээс хамгийн элбэг тохиолддог нь гарын хөлсөн мөр бөгөөд энэ нь папилляр шугаман дахь хөлсний сүвээр ялгарсан хөлсний тосорхог үлдэц юм[11]. Дээр дурьдсанчлан төрөл бүрийн нөхцөлд, төрөл бүрийн гадаргуу дээр өөр өөр хугацаанд мөр үүснэ. Тэдгээрийг өөр өөр шилмэл аргаар илрүүлж бэхжүүлэх нь чухал. Гарын өнгөц мөр нь цус, бэх мэтийн будагч бодисын тусламжтайгаар үүссэн байж болох бөгөөд өлөн шороотой гадаргуу дээр өнгөц ховхорсон мөр тохиолддог. Мөн баримлын шавар, лацны суурь зэрэг дээр гүн мөр тохиолддог. Эдгээр мөрүүдийг илрүүлж олох нь төдийлөн хүнд бус бөгөөд тэдгээр дээр тусч байгаа гэрлийн өнцгийг өөрчлөн тусгах замаар эрж тогтоодог.

Гарын хөлсөн мөрийг илрүүлэх хамгийн түгээмэл арга бол шинжилж буй объектын гадаргуу уруу тодорхой өнцгөөр тусгаж буй гэрэлтүүлэг бөгөөд энэ үед мэргэжилтэн заавал гэрэлтүүлгийн эсрэг талд байх ёстой.

Хамгийн чухал хүчин зүйл бол харах өнцөг юм. Харах өнцгийг туршлага дээрээ үндэслэн сонгож авдаг нь шинжилж байгаа объектын өөрийн дүрслэх чадвараас хамаардаг, тодруулбал мөрөө үлдээж байгаа эд зүйл болон мөр хүлээн авч байгаа гадаргуугийн гэрэл нэвтрүүлэх, шингээх эсвэл гэрэл ойлгох чадвараас хамаарна. Энэ үед гарын хөлсөн мөр нь мөр хүлээн авагч эд зүйлийн гадаргуутай хувиралд орж тодрон энэ нь мөр хүлээн авч байгаа гадаргуунаас нүдэнд шууд ялгаж харах боломжийг олгодог. Гэрлийн цацрагийн чиглэлийг өөрчилснөөр мөрийг тодруулж болно. Энэ арга нь гарын мөр их хэмжээний тос агуулж байвал их сайн илрүүлдэг бөгөөд энэ нь хөлсийг бодвол их гэрлийн замхралтай байдагтай холбоотой[12].  

Харин төрөл бүрийн гөлгөр бус гадаргуутай обьектууд дээрээс өнгөгүй мөрийг илрүүлэхэд нилээд төвөгтэй байдаг. Шинжээч, мэргэжилтэн хэдийгээр чадварлаг боловч түүний хэрэглэж буй нунтаг, урвалж бодис тухайн мөрийн чанарт шууд нөлөөлдөг ба өнөөдөр Монгол орны нөхцөлд гарын мөр илрүүлэхдээ цөөн тооны нунтаг ашиглан илрүүлэн бэхжүүлж байгаа юм. Физикийн энэхүү арга нь гөлгөр гадаргуу дээрээс гарын мөрийг илрүүлэхэд илүү тохиромжтой байгаа нь гөлгөр бус барзгар, ширүүн гадаргуу, мөн даавуу, чулуу, мод, нийлэг эдлэл, арьсан эдлэл, хүний арьс зэрэг гадаргуутай обьектууд дээрээс гарын мөр илрүүлэлт тэр чигтээ орхигдоход хүргэж байгаа юм. Иймд эдгээр гөлгөр бус гадаргуутай обьектууд дээрээс гарын мөрийг илрүүлэх арга, аргачлалыг боловсруулах, туршилт судалгаа хийх, практикт нэвтрүүлэх нь нэн чухал.

Нийслэлийн хэмжээнд 2006 онд 1386, 2007 онд 3417, 2008 онд 1913, 2009 онд 3384, 2010 онд 3684, 2011 онд 3829, 2012 онд 4392, 2013 оны эхний улиралд 1174 гарын мөрийн шинжилгээ хийсэн тоон үзүүлэлтийг харахад жил бүр өсч байгаа боловч нийт шинжлүүлэхээр ирүүлсэн гарын мөрүүдийн 50 орчим хувь нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй орхигдож байгаа нь хэвээр байна. Мөн гарын мөр илрүүлүүлэхээр ирүүлсэн нийт эд зүйлсийн 85-90 орчим хувиас гарын мөр огт илрээгүй нь шинжээчийн ур чадвар, хэрэглэж буй нунтаг, урвалж бодис, техник хэрэгсэл, мөр илрүүлж буй орчин нөхцөл, эд зүйлсийн битүүмжлэл зэрэг олон талын хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэр дундаа гөлгөр гадаргуу болох шил, цаас, хуванцар эдлэл, төмөр гадаргуутай эд зүйлсээс бусад гөлгөр бус гадаргуутай эд зүйлс дээрээс гарын мөр илрүүлэх арга, аргачлал, туршлага, нунтаг урвалж бодис, техник хэрэгсэл байхгүй байгаа нь учир дутагдалтай байна.

Хэргийн газар дээрээс гарын мөр байж болох арьсан эдлэл, чулуу, төрөл бүрийн модон эдлэл /сүх, хөрөө, хутганы бариул гэх мэт/, даавуун гадаргуутай хувцас, хивс, дрож, бээлий, алчуур, хүний арьс гэх мэт эд зүйлс дээрээс гарын мөр илрүүлэх боломжгүй тул гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу өгч буцаасаар байгаа нь тэдгээр обьектууд дээрээс илрүүлж болох гарын мөрийг бүхэлд нь ашиглахгүй орхиж хохирогчийн эрхийг сэргээх, гэм буруутай этгээдэд шудрагаар ял оногдуулж, хэнийг ч ял завшихаас урьдчилан сэргийлэх, гэм буруугүй хэнийг ч хилсээр шийтгэхгүй байх явдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлон тогтоож өгөх боломжийг алдсаар байна.

Иймд судлаач бид тэдгээр гөлгөр бус гадаргуутай обьектууд /мод, чулуу, төмөр, даавуу, дрож, арьсан эдлэл болон хүний арьс г.м/ дээрээс физикийн өргөн хэрэглэгддэг нунтаг ашиглах аргуудаас гадна химийн төрөл бүрийн бодисуудыг ашиглан өөр өөр төрлийн гадаргуутай эд зүйлс дээрээс цаг уурын өөр өөр /хүйтэн, дулаан, халуун, чийгтэй г.м/ нөхцөлд үүссэн гарын мөрүүдийг тодорхой хугацааны дараа /мөр үүссэнээс хойш 1-24 цаг, 24-72 цаг, 1 сар хүртэл, 3 сар хүртэл, 1 жил хүртэл г.м/ илрүүлж бэхжүүлэх туршилт судалгааг физикийн аргуудтай хослуулан хийж тэдгээрээс практикт илүү үр дүнгээ өгөх өгөөжтэй бөгөөд хүний эрүүл мэндэд гаж нөлөөгүй, хялбар аргыг нээн илрүүлж нэвтрүүлэх шаардлагатай байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ирүүлсэн гарын мөр бүхий эд зүйлс дээрээс гарын мөр илрүүлж буй туршлагаас харахад гарын мөр илрэхгүй байх дараах үндсэн шалтгаантай байна. Үүнд:

  • Ø Шинжээч, мэргэжилтний чадвар, туршлага дутагдсаны улмаас хэрэглэж буй нунтаг бодисоо тухайн эд зүйлийн гадарга, мөрнийхөө онцлогт илүү тохиромжтойг сонгож хэрэглэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл гадарга бүрт нунтаг нь өөр өөрийн онцлог үйлчлэлээр үйлчилдэг. Жишээлбэл рубин нунтгийг шилэн эдлэл, цонх, цаасан дээрээс мөр илрүүлэхэд илүү тохиромжтой бол хөөн /сажа/ нунтаг нь төмөр, хуванцар эдлэл зэргээс мөр илрүүлэхэд илүү тохиромжтой байдаг. Тэгвэл удсан, хэт удсан мөрийг илрүүлэхдээ физикийн нунтаг бус химийн бусад аргуудыг ашиглах нь илүү үр өгөөжтэй.
  • Ø Хэрэглэж буй нунтаг, урвалж бодисын хангалт дутмаг, ажиллагаагүй, хугацаа нь дууссан эсвэл Монгол орны цаг агаар, уур амьсгалын нөхцөлд тохироогүй байдаг. Өөрөөр хэлбэл Монгол оронд мөр үлдэх зүй тогтол нь харьцангуй муу, амархан хатаж балардаг. Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй хуурайшлын гол шалтгаан нь өндөр температур, хур тунадас бага байх явдал бөгөөд дээрх хүчин зүйлсээс хамаарч ган гачгийн нөхцөл өөрчлөгдөж байна[13]. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын нийт нутгаар агаарын харьцангуй чийгшлийн хэмжээг 1936-2003 онд судлан дундажлан тогтоосон байх бөгөөд уг судалгаанаас харахад сүүлийн 10 жилд чийгшил эрс багассан харагдаж байлаа.

 Харин дэлхийн бусад орнуудын агаарын харьцангуй чийгшлийн олон жилийн дунджийг авч үзвэл Тайвань 86%, Япон улс 100%, Америк 78% байна. Монгол орны уур амьсгал, нөхцөлтэй хамгийн төстэй, ойролцоогоороо ОХУ-н Эрхүү, Чит, Улаан-Үд зэрэг хотууд нь Монголын зөвхөн Хэнтийн нурууныхтай, Өвөр монголынх Монгол орны говийн бүсийн нутгуудтай ойролцоо байна.

Дээрх судалгаанаас үзвэл Монгол орны уур амьсгал бусад орныхтой төдийлөн нийцэхгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс үүнийг дагаад Монгол орны нөхцөлд мөр үүсэх, мөрний тогтоц, мөр тогтцын хугацаа нь бусад орны нөхцлөөс эрс өөр төдийгүй тэдгээрийг илрүүлэхэд ашиглаж буй нунтаг, урвалж бодис нь мөн адил өөр өөрийн нөхцөлд зохицсон байх ёстой нь харагдаж байна. Цаашилбал жилийн 4 улиралд агаарын харьцангуй чийгшил эрс зөрүүтэй байгааг харгалзан үзэж мөр илрүүлэх өөр өөр үр өгөөжтэй аргыг хэрэглэх нь зүйтэй болов уу.

  • Ø Гарын мөр бүхий эд зүйл дээрх мөрийг балрахааргүйгээр сав баглаа боодолд хийж ирүүлдэггүй. Өөрөөр хэлбэл тухайн эд зүйлийн битүүмжлэлийн гол зорилго болох мөрийг балрахааргүй, устахааргүйгээр битүүмжлэн ирүүлэхийг орхигдуулан эд зүйлээ ямар нэг зай завсар үлдээлгүйгээр битүү ороож, скочдон шинжилгээний байгууллагад хүргүүлдэг. Ингэснээр гарын тосон мөрийг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн устгаж ирүүлснээс гарын мөр илрэхгүй байх шалтгааныг үүсгэдэг. Олж илрүүлсэн ул мөр, эд мөрийн баримтыг хууль ёсны болгохоос гадна тухайн обьектын агуулга, шинж тэмдгийг тодорхойлж баталгаажуулснаар дараа нь түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, ашиглах, шинжлэхэд онцгой ач холбогдолтой. Ингэхийн тулд “Эд мөрийн баримтын тухай түүнийг тодорхойлох үзүүлэлтээр нь / хэлбэр дүрс, өнгө, урт, өргөн гэх мэт/ үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичиж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэг авахаас гадна хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр хэрэгт хавсаргана[14]”.
  • Ø Гарын мөр илрүүлэхдээ дээр дурдсанчлан тухайн мөр хүлээн авагчийн гадаргуугийн онцлогийг харгалзан мэргэжилтэн ажиллах ёстой. Гарын мөр илрүүлж бэхжүүлэхдээ тухайн мөрийн мэдээллийг бүрэн хадгалж цогц байдлаар шинжилгээ хийх ажиллагааг тооцоолон хадгалахын тулд бүх боломжийг тооцож үзнэ. Гарын мөрийг хэргийн газар дээрээс илрүүлсэн хэдий ч бэхжүүлэх ажиллагааны явцад мөрөө устгаж болзошгүй тул мөрийг боломжтой бол мөр хүлээн авагч обьекттой нь хураан авах  нь хамгийн үр дүнтэй байдаг. Хэрэв энэ нь боломжгүй бол тухайн мөр хүлээн авагчийн бүтэн байдлыг алдагдуулахааргүй хэсэгчлэн хураан авна. Гарцаагүй байдалд гэмтээж авна, эсвэл хэв цутгах аргаар мөрийг авна[15]. Ингэснээр гарын мөр бүхий эд зүйлийг цогц байдлаар нь шинжилгээний байгууллага хүлээн авч шинжилгээ хийх боломжтой. 
  • Ø Өнөөгийн практикт дээр дурдсан гөлгөр гадаргуутай эд зүйлсээс л физикийн болон зарим химийн арга ашиглан гарын мөр илрүүлэх боломжтой бол түүнээс бусад даавуу, чулуу, тоосго, нойтон болон наалдамхай гадаргуу, мод, арьсан эдлэл, хүний арьсан дээрээс гарын мөр илрүүлэх чадвар, хангалт, тэдгээрийг туршин судлах лаборатори, тоног төхөөрөмж, бололцоогүй тул гарын мөр илрүүлж чадахгүй орхигдоод байна.

Гэтэл БНХАУ, ОХУ, Америкийн нэгдсэн улс, Япон, Солонгос зэрэг орнууд энэ төрлийн судалгаа, туршилтыг байнгын хэвшмэл үйл ажиллагаагаа болгон ололт нээлтээ практикт нэвтрүүлэн ашиглаж байна. Жишээлбэл ОХУ-ын мэргэжилтнүүд бүх төрлийн арьсан эдлэл, хүний арьсан дээрээс, Америк, Япон зэрэг орнууд гөлгөр бус бэржгэр гадаргуутай эд зүйлс, мөн арьсан дээрээс гарын мөрийг чадварлагаар илрүүлж ажиллаж байна.

Гэтэл эдгээр нь Монголын мэргэжилтнүүдийн хувьд мэдээллийн чанартай, танин мэдэхүйн хүрээнээс хэтрэхгүй байгаа нь эдгээр гадаргуу дээрээс гарын мөр илрүүлэх шинэ арга, аргачлал судлаж гаргах нь бүү хэл гөлгөр гадаргуу дээрээс гарын мөр илрүүлэх хамгийн энгийн аргуудыг ашигладаг нунтаг, урвалж бодис, багсны хангалтгүй, дутмаг байдалтай шууд холбоотой. Иймд гадны орны арга, аргачлал, нунтаг, урвалж бодисыг өөрийн практикт шууд хуулж хэрэглэх биш тэдгээрт судалгаа хийж өөрийн орны уур амьсгал, нөхцөл байдалтай уялдуулан тодорхойлж өөрийн оронд нутагшуулсан гарын мөр илрүүлэх арга, аргачлал, стандартыг боловсруулж гаргах шаардлагатай байна.

Монголын мэргэжилтнүүд гөлгөр бус гадаргуутай эд зүйлс дээрээс гарын мөр илрүүлэх химийн төрөл бүрийн аргуудыг мэдэх хэдий ч бодисын олдоц, хангалт, ашиглах орчин нөхцөл, лаборатори, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан төдийлөн хэрэглэдэггүй юм. Үүнээс үүдэн бид өдөр тутамдаа хэрэглэж буй хэдхэн төрлийн нунтгийг маш өндөр үнэтэйгээр олдоц багатайгаар худалдан авч хэрэглэж байна. Гэтэл энэхүү нунтгийг монголдоо хийх эсвэл түүнийг орлуулах боломж бидний амьдралын эргэн тойронд байсаар байна. Учир нь гарын хээ нь тос байдаг учраас тостой урвалд орох эсвэл нийцэж барьцалдах бодисыг олж тогтоовол ямар ч төрлийн бодис, урвалж бодисыг ашиглан боловсруулж үл үзэгдэх гарын мөрийг маш хялбараар, хямд зардлаар илрүүлэх боломжтой. Жишээлбэл: Тогооны хөө, бүх төрлийн тортог, модны нүүрс, яндангийн хөө, хэвлэлийн будаг, идэвхижүүлсэн нүүрс, будагны нөсөө буюу пигмент, супер цавуу зэрэг тослог гадаргуутай нийцэлдэн барьцалдах чадвартай байгалийн болон химийн гаралтай бодисууд байна. Эдгээр нь маш нарийн ширхэгтэй тул гарын тослог мөрөн дээр наалдах боломжтой бөгөөд гагцхүү уг мөр нь шинэ, шинэвтэр байх ёстой эсвэл удсан, хэт удсан мөр бол түүний тослог чанарыг сайжруулсан байхад мөр илрүүлэлт сайн үр дүнтэй.

Эдгээрээс бидний сайн мэдэх супер цавуу буюу Циани Акрилат бодисыг ашиглан үл үзэгдэх гарын мөрийг илрүүлэх, бэхжүүлэх боломжтой юм. Супер цавуу /цианакрилат/ нь мөр илрүүлэх болон шинжилгээний байгууллагад хүргүүлэхээр хамгаалж батжуулах зорилгоор ашиглана. Үүсээд хэдий их хугацаа өнгөрснийг үл харгалзан гарын мөрийг сайн тодруулж чаддаг боловч энэ бодис нь хүний биед сөрөг нөлөөтэй, бодисын хангалтгүй, мөр илрүүлэхэд хугацаа их шаарддаг гэх мэт олон дутагдалтай талууд байна.

Гэхдээ энэ асуудлуудыг нааштайгаар шийдвэрлэбэл шинжээч, мэргэжилтэн мөр илрүүлж бэхжүүлэх боломжгүй нөхцөлд гарын мөрийг хамгаалалтанд аван шинжилгээнд хүргүүлэх, удсан, хэт удсан мөрийг чанарын өндөр түвшинд илрүүлэх олон сайн талтай. Үүнийг ашиглахад хүний биед сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж зориулалтын лаборатори, утлагын явуулын хайрцаг, сав, уут, бодисын уталтын хугацааг түргэвчлүүлэх тусгай халаагч шингэн бодис зэргийг ашиглах нь хялбар юм.

Энэхүү туршилт судалгааг улам дэлгэрүүлэн сайжруулж хийх орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа нь судалгааны явцад ажиглагдлаа. Мөн энэхүү аргыг төрөл бүрийн орчинд, төрөл бүрийн нөхцөлд үүсэж тогтсон гарын мөрийг илрүүлж бэхжүүлэх техник хэрэгсэл, урвалж бодисыг хангалттай болгох хэрэгтэй бөгөөд эсвэл гадны орноос байнгын хангалтаар худалдан авч ашигладаг тогтолцоотой болговол илүү үр дүнтэй юм. Одоогоор нийслэлийн практикт энэхүү аргыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрийн тасагт лабораторийн түвшинд ашиглах боломжтой орчныг гар доорх материалаар хийж бүрдүүлсэн хэдий ч хэрэглэгдэх бодисны хангалтгүйгээс дийлэнхдээ ашиглахгүй байна. Мөн хэргийн газрын үзлэг дээр ашиглах боломжтой техник хэрэгслүүд гадаад орны криминалистикийн техник хэрэгсэл худалдаалдаг интернэт худалдаагаар олон байдгийг хууль сахиулах байгууллагууд захиалан хэрэглээндээ нэвтрүүлбэл гарын мөр илрүүлэлт дээшлэх үр дүнтэй.

 

Дүнэлт, санал

Дээрхээс дүгнэвэл гөлгөр бус гадаргуутай эд зүйлс дээрээс гарын мөр илрүүлэх арга, аргачлалыг нээн илрүүлж практикт нэвтрүүлэх шаардлага бидний өмнө зайлшгүй тулгарч байна. Иймд үүнийг шийдвэрлэх арга замыг дараах байдлаар тодорхойлж байна.

  1. Гарын мөр илрүүлж, бэхжүүлэхэд нунтаг, урвалж бодис, багс тэр дундаа нунтгийн төрөл, чанар, хадгалалт, хугацаа маш чухал байдаг тул нунтаг урвалж бодисын хангалтыг тогтмолжуулах. Ингэснээр туршилт судалгаа сайжирна. Өөрийн орны нөхцөлд тохирсон нунтгийг нээж гаргах.
  2. Даавуу, чулуу, мод, арьсан эдлэл, хүний арьс гэх мэт төрөл бүрийн гадаргуутай эд зүйлс дээрээс гарын мөр илрүүлэх арга, аргачлалыг туршин судлах, боловсруулах тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын лаборатори байгуулах, нээн илрүүлж практикт нэвтрүүлэх
  3. Химийн бодис, урвалж бодисуудын олдоц тун ховор, өртөг өндөртэй тул энэ тал дээр анхаарч байнгын хангалтыг сайжруулах, захиалах, хангалтыг тогтмолжуулах
  4. Гарын мөр илрүүлэх эсвэл шинжилгээний байгууллагад хүргүүлэхэд мөр гэмтэж устахаас хамгаалж бэхжүүлэн хүргүүлэх зорилгоор цианакрилат бодисыг ашиглах арга, эрүүл мэндээ хордуулахгүй байх зөв арга зүйг нээн илрүүлэх, нийт шинжээч, мэргэжилтнүүдэд танилцуулах, гарын авлагаар хүргүүлэх
  5. Хэргийн газрын үзлэг дээр ашиглаж болохуйц жижиг, авсаархан, хэрэглэхэд хялбар төхөөрөмжийг захиалан дүүрэг, хөдөө орон нутгийн шинжээч, мэргэжилтнүүдэд хангалтаар өгөх
  6. Гарын мөр бүхий обьектуудыг стандартын сав баглаа боодолд хийж ирүүлэх, энэ талын сургалтыг сайжруулах шаардлагатай байна.

 

Ном зүй

Нэг. Хууль, эрх зүйн эх сурвалжууд:

  1. Монгол Улсын Үндсэн хууль.,1992 он
  2. Монгол Улсын Эрүүгийн хууль., 2002 он
  3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль., 2002 он
  4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хууль., 2010 он
  5. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2009 оны 110 тоот тушаал

Хоёр. Онолын сурах бичиг

  1. Д.Амгаланбаатар, Б.Дагданбазар, С.Сүхбаатар., “Хүний биеийн эрүүл анатоми” УБ., 2009 он
  2. С.Бадарч “Гарын мөр” (Следы рук) УБ хот., 1984 он
  3. Б.Батзориг “Гэмт хэргийн нотолгооны онол” УБ хот., 2002 он
  4. Б.Бат-Эрдэнэ “Криминалистик” УБ., 2003 он
  5. Ц.Бүдханд “Криминалистик” УБ хот., 2002 он
  6. Ш.Довдон “Криминалистикийн гарын авлага” УБ хот., 1991 он
  7. Ш.Довдон “Криминалистик-Гарын мөр” УБ., 2002 он
  8. Ш.Довдон, Д.Энхзол “Криминалистик” /Гарын мөр, автоматжуулсан системийн арга зүй/ УБ хот., 2008 он
  9. И.Пүрэвдорж “Анагаах ухааны удам зүй” УБ хот., 2003 он
  10.  Ж.Хурцгэрэл  “Криминалистик- 1” УБ.,  2002 он
  11.  Ж.Хурцгэрэл “Криминалистик-2” УБ хот., 2004 он
  12.  Б.Лхагвасүрэн  “Гэмт үйлдлийн мөр” УБ., 2008 он
  13. Б.Жаргалсайхан “Криминалистикийн техник” УБ., 1998 он
  14.  “Шүүхийн шинжилгээний байгууллага, шинжээчийн гарын авлага” УБ хот., 2008 он

Гурав. Гадаад орны ном, сурах бичиг

  1. Н.П.Майлис “Дакьилоскопия” М., 2008
  2. Кримналистическое исследование  следов кожного покрова человека” ВА МВД РФ Волгоград., 2003

Дөрөв. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд

  1. С.Бадарчи “Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэхэд криминалистик арга хэрэгслэлийг хэрэглэж байгаа нь /түүх, одоогийн байдал/”  Докторын диссертаци. УБ хот., 1993 он
  2. Т.Бямбаа “Гарын мөр судлалын болон гарын мөрний тоо бүртгэл, ирээдүйн төлөв” Докторын диссертаци. Москва., 2010 он
  3. “Гэмт явдалтай тэмцэх асуудал” Онол, арга зүйн улирал тутмын сэтгүүл УБ хот., 2010 №1 (31)
  4. Д.Дагвадорж, Л.Нацагдорж, Ж.Доржпүрэв, Б.Намхайням “Монгол Улс: Уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл-2009” УБ хот., 2010 он
  5. Д.Мөнхбат “Гарын мөрний адилтгал, мэдээллийн автоматжуулсан системийг хэрэглэх онол, арга зүйн зарим асуудал” Магистрын дипломын ажил. УБ хот., 2010
  6. Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн “1936-2003 оны агаарын харьцангуй чийгшлийн судалгааны тайлан” УБ хот., 2003 он
  7. Р.Пүрэвжав “Дактилоскопийн шинжлэх ухааны уламжлал, шинэчлэл” Магистрын дипломын ажил УБ хот, 2001 он
  8. В.Ю.Федорович “Организационные и научно-технические основы использования автоматизированных дактилоскопических идентификационнык систем в раскрытии и расследовании преступлений” Дисс…канд. юрид. наук. М., 2000
  9. Ж.Хишигмаа “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд нотлох баримтыг цуглуулах нь” Магистрын дипломын ажил УБ хот., 2002 он
  10.  Б.Номин “Дактилоскопийн шинжилгээний үр дүнг дээшлүүлэх арга зам /пороскопи, эджеоскопийн асуудал” УБ хот., 2009 он

Тав. Цахим эх сурвалжууд

  1. www.anatomyatlases.org.com
  2. www.armorforensic.com
  3. www.crimescene.com
  4. www.csiequipment.com
  5. www.fever.com
  6. www.fbi.gov
  7. www.forensicmag.com
  8. www.forensicsource.com
  9. www.google.com
  10. www.google.ru
  11. www.krimtex.ru
  12. www.tritechusa.com
  13. www.wikipedia.org


[1] Trace-мөр, logus-судлал

[2] Б.Бат-Эрдэнэ “Криминалистик” УБ., 2003 он, 41 дэхь тал

[3]Федорович.В.Ю “Организационные и научно-технические основы использования автоматизированных дактилоскопических идентификационнык систем в раскрытии и расследовании преступлений” Дисс. …канд. юрид. наук. М., 2000. С. 12.

[4] Дактилоскопи-Daktylos-хуруу, skopeo-үзэх/грек/ Хурууны хээ судлал

[5] Хээний бүтэц дэх шинж тэмдгийн нийлбэр хэзээ ч давтагдахгүй

[6] Арьсны дээд давхарга гэмтсэний дараа өөрийн урьдах төрлийг олох чанар

[7] Шугамын хэмжээ өөрчлөгдөж болохоос биш, хээний жижиг хэсгүүдийн өөр хоорондын байрлал, хэлбэр огт өөрчлөгдөхгүй

[8] Грекээр “Папилос”-үүнээс папилляр хээ /шугам/ гэх болжээ Papilla-хөхлөг, хөхлөг нарийн шугам

[9] Ж.Хурцгэрэл “Криминалистик-1” УБ хот., 2002 он., 257 дахь тал

[10] Б.Бат-Эрдэнэ “Криминалистик” УБ., 2003 он, 51 дэхь тал

[11] Б.Жаргалсайхан “Криминалистикийн техник” УБ хот., 1998 он, 55 дахь тал

[12] “Кримналистическое исследование следов кожного покрова человека” ВА МВД РФ Волгоград., 2003 год., 64 дэх тал

[13] Д.Дагвадорж, Л.Нацагдорж, Ж.Доржпүрэв, Б.Намхайням “Монгол Улс: Уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл-2009” УБ хот., 2010 он 30 дахь тал

[14] Ã.Áàÿñãàëàí, Æ.Áÿìáàà, Ñ.Æàíöàí “Ìîíãîë óëñûí ýð¿¿ãèéí áàéöààí øèéòãýõ õóóëèéí òàéëáàð”, ÓÁ õîò., 2003 îí, 101 äýõü òàë

[15] Н.П.Майлис “Дактилоскопия” Москва., 84 дэх тал

  • 2014-03-25
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх