2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Гэмт хэргийг илрүүлэхэд ДНХ технологийг ашиглах, түүнийг практик хэрэглээ болгох арга зам

Хууль зүйн салбарын судлаачдын гаргасан тооцоогоор гэмт хэргийн илрүүлэлтэд ДНХ-ийн шинжилгээний арга хэрэглээгүй тохиолдолд 13%, ДНХ-ийн шинжилгээ хэрэглэснээр 31%, “Генийн мэдээллийн сан”-г ашигласнаар 60% болж өссөн дүн гарсан ба илрээгүй хэргийг илрүүлэх, урт хугацааны туршид илрэх найдлагагүй гэж үзэж байсан гэмт хэргийг ч илрүүлэхэд ихээхэн ахиц гарсан байгааг тэмдэглэсэн байна. Хэргийн газраас олдсон эд мөрийн баримтын ДНХ-ийн мэдээллийг “Генетик мэдээллийн сан”-д байршуулсан мэдээлэлтэй адилтган харьцуулахад 40 %-тай нь тохирч байсан тооцоо судалгаа гадаадын хэвлэл мэдээлэлд дурьдагдсан байдаг.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ДНХ-ийн шинжилгээний технологийг хамгийн үр дүнтэй хэрэглэж байгаа бөгөөд 6 сая гаруй хүний генийн мэдээллийг үндэснийхээ “Генетик мэдээллийн сан”-д оруулсны үр дүнд гэмт хэргийг илрүүлэх ажилд нь ихээхэн ахиц гарсан талаар мэдээлсэн байна.

АНУ-д 2006 оны байдлаар гэмт хэргийн холбогдолтой ДНХ-ийн шинжилгээ хийдэг 180 лаборатори ажилладаг бөгөөд гэмт хэрэгт холбоотой 3,6 сая гаруй хүний ДНХ-ийн мэдээлэл хадгалагдаж байгаа тухай мэдээлэл байдаг.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо “Combined DNA Index System” (CODIS) үндэсний хэмжээний ДНХ-ийн мэдээллийн сан бий болгосноор давтан гэмт хэрэгтэнг танин тогтоох, эзэн холбогдогч нь тодорхойгүй хүчингийн хэргийг илрүүлэх нэн чухал боломжийг нээж өгснийг тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны УИХ-ын нэгдсэн хуралдаанд цаазаар авах ялтай холбогдуулж хэлсэн үгэндээ “Цаазтай хэргийн нотлох баримтад ДНХ-ийн шинжилгээг заавал оруулахыг шаарддаг зарим өндөр хөгжилтэй оронд уг хэрэгт холбогдон хоригдож байсан хүмүүс гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдож хэдэн арваараа суллагдсан тохиолдол ч байдаг ” гэж дурдсан байна. Энэ санааг Шүүхийн шинжилгээний үйл ажиллагааны нэг хэсэг болгон хөгжүүлэх материаллаг бааз, мэргэжилтэй боловсон хүчин сургах, бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, цаашид цаазтай хэрэгт Шүүх-ДНХ-ийн шинжилгээг заавал хийж байх нь нэн чухал гэж бид үзэж байна.

Орчин үед онц хүнд, ноцтой болон хүчингийн хэргийн эзэн холбогдогчдыг гагцхүү шүүх-ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээр тогтоохоос өөр арга байхгүйг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрч байна.

Өндөр хөгжилтэй улс орнууд ДНХ-ээр гэмт хэргийн холбогдогчдыг адилтган харьцуулахын тулд тусгайлан гаргасан хуулиар эрх зүйн орчинг нь зохицуулж байна. Тухайлбал, Англи, АНУ-д 1994 оноос ДНХ-ээр адилтган харьцуулах хуулийг мөрдөж эхэлсэн ба сэжигтэн, яллагдагчдын ДНХ-ийн мэдээллийн нэгдсэн сантай болсон байна.

Германд 1998 оноос ДНХ-ээр адилтган харьцуулах хуулийг баталсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн сэжигтэнд ДНХ-ийн шинжилгээ хийж үр дүнг “Генетик мэдээллийн сан”-г бий болгосон ба сүүлийн үеийн мэдээллээр нэг сая гаруй хүний генетик мэдээлэл энэ санд хадгалагдаж байна. 

Франц улсад 1998  онд “Генийн тамга” нэртэй хуулийг гаргах шийдвэрийг гаргасан байдаг.

Оросын холбооны улс  2009 оноос “Генийн бүртгэл тухай”-ийн хуулийг батлан гаргаж одоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

2009-2010 онуудад Итали, Греки, Ирланд, Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Энэтхэг, Япон, Малайз, Вьетнам, Шинэ Зеланд, Маврити, Өмнөд Африк, Нигери, Бразили, Чили,  Аргентин  зэрэг улс орнууд гэмт хэргийн холбогдсон хүмүүст ДНХ-ийн шинжилгээ хийж генетик мэдээллийн сан бүрдүүлэх тухай хууль батлуулах, хэрэгжүүлэх ажиллагааг эрчимтэй явуулах бодлого боловсруулан ажиллаж байгаа  талаар мэдээлсэн байна \ www.dnaresourse.com\.

Түүнчлэн ихэнх улс орнууд шүүх-ДНХ-ийн лабораторийн шинжилгээний хэрэглээ болон “Генетик мэдээллийн сан” бий болгох үйл ажиллагаанд зориулж хангалттай хэмжээний хөрөнгө зарцуулдаг тоо баримт байна. Жишээ нь АНУ 2005-2009 онуудад нэг миллиард долларыг зарцуулсан тухай мэдээлжээ.

Зөвхөн 2005 оны зарцуулалтыг задаргааг мэдээлснийг  дурьдвал: ДНХ-ийн шинжилгээний “Debbie Smith” санд 151 сая долларыг, хүчингийн хэрэгт холбогдсон, хохирсон хүмүүээс дээж авах, цуглуулах, мэргэжилтнийг сургахад 30 сая,  эрүүгийн эрхийн мэргэжилтнийг сургахад 12,5 сая, шинжилгээ ба стратеги хөгжлийг дэмжихэд 15 сая, Холбооны мөрдөх товчооны ДНХ-ийн лабораторид ДНХ-ийн мэдээллийг харьцуулан хайх программ хангамж суурилуулахад 42 сая, сураггүй алга бологсдыг ДНХ-ээр эрж хайхад 2 сая, шүүхээр шийтгэгдсэн хүнд ДНХ-ийн шинжилгээний хэрэглээнд 5 сая гэх мэтээр зарцуулсан тухай тайлагнасан байдаг.

Манайд ДНХ-ийн шинжилгээний урвалж бодис бусад дээрх зардалд сүүлийн 2 жилийн дунджаар 12-14 сая төгрөг зарцуулж байгаа нь дэндүү чамлалттай тоо юм. 

Гадаад улс орнуудын шүүхийн шинжилгээний байгууллагад хийсэн судалгааны практикаас үзэхэд орон байрны хулгайг илрүүлэхэд “Хэрвээ хэрэг учралын газарт биологийн эд мөрийн баримт үлдсэн тохиолдолд” ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээр  хэргийн илрүүлэлтийг 45 % өсгөж байсан байна.

Санаатай санамсаргүй аллага, авто тээврийн хэрэг, хулгай, дээрэм, хүчин, дэлбэрэлт, хар тамхийн хэрэг, бичиг баримт хуурамчаар үйлдэх, сүрдүүлэх, захидалаар заналхийлэх, галт зэвсгийн, алан хядах үйл ажаллагаа зэрэг 60 орчим хэлбэрийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэмт хэрэг бүрийн 80%–ийг ДНХ-шинжилгээний технологийг хэрэглэсэний үр дүнд илрүүлсэн дүн гарчээ.

Шүүхээр шийтгүүлсэн олон хэлбэрийн хэргийн 78% хувийг ДНХ-ийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн байна.

1910 онд Бразил улсад болсон “Шүүх-ДНХ-ийн мэдээллийн сан” олон улсын хуралд Шүүх-ДНХ-ийн шинжилгээг шүүхийн шинжилгээнд хэрэглэж байгаа улс орнуудын мэдээллийг гаргасан байна /CBCJA, Brasilia, Brazil, 2010, Gordon Thomas Honeywell. Governmental Affairs/.

 

 

 1-р зураг. 2010 оны байдлаар дэлхийн улс орнууд ДНХ-ийг шинжилгээг Шүүхийн шинжилгээнд ашиглаж байгаа мэдээлэл

                       - ДНХ-ийн шинжилгээ хийдэг улс орнууд

 

 

                       - ДНХ-ийн шинжилгээ хийдэггүй улс орнууд

 

                      

                         - ДНХ-ийн шинжилгээ хийдэг эсэх нь тодорхойгүй улс орнууд

 

 

Дээрх зурган мэдээллээс харахад дэлхийн ихэнх орнууд ДНХ-ийн шинжилгээг Шүүхийн шинжилгээнд нэвтрүүлэн ажиллаж байгаа нь харагдаж байна.

Олон улсын хэмжээнд ДНХ-ийн шинжилгээг аутосом, У-хромосом, митохондрийн гэсэн үндсэн 3 аргаар хийдэг.

Монголын шүүхийн шинжилгээний ДНХ-ийн лабораторид 2009 оны 6-р сараас аутосом болон У-хромосомын ДНХ-ийн аргыг нь практикт нэвтрүүлэн ажиллаж байна.

2008-2012 онуудад төрөөс хийсэн хөрөнгө оруулалтаар шүүх-ДНХ-ийн шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмж болох Генетик анализатор “ABI PRISMR 310, 3130” болон бусад техник хэрэгслэлүүдээр тоноглогдсон нь   ДНХ-ийн шинжилгээг дэлхийн стандартын жишигт хүрсэн хэмжээнд хийх боломжтой болсон юм.

Монгол Улсын ШШҮХ-ийн ДНХ-ийн лаборатори нь 2009 оноос хууль хяналтын байгууллагын тогтоол, захирамжийн аутосом хромосомын 15 локус буюу үзүүлэлтийг PowerPlex-16, AmpFlSTR® Identifiler ДНХ оношлуур, У-хромосомын 12-17 локусыг  PowerPlex-Y, AmpFlSTR® Y-filer ДНХ оношлуур хэрэглэн ДНХ-ийн шинжилгээ хийх арга технологийг шинжилгээний практикт нэвтрүүлэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга, технологи, стандартаар хийж байна.

Бид 2012 онд олон улсын шүүх-ДНХ-ийн шинжилгээний практикт нэвтрээд байгаа “PowerPlex-Y23 systems” шинэ технологийг 2013 онд Монголын шүүхийн шинжилгээний практикт нэвтрүүлэн ажиллах зорилго тавин ажиллаж байна.

2011 онд Герман улсад төвтэй У хромсомын олон улсын  мэдээллийн сан /Y-Chromosome Haplotype Reference Database”/“-д хандаж “Лавлагаа 5 дээж” хүлээн авч өөрийн лабораторид ДНХ-ийн шинжилгээ хийж гарган авсан үр дүнгээ явуулсаныг Гумбольтын Их сургуулийн профессор Lutz Roewer авч хүлээн бидэнд Европын холбооны улсуудын стандартын шаардлагыг хангасан гэж үзэж “Сертификат” олгосон ба манай лабораторид хийгдсэн 200 монгол хүний У-хромосомын мэдээллийг дээжийн олон У-хромосомын мэдээллийн санд бүртгэн авч зохиогчийн эрхийн YC000231 тоот дугаар авсан (http://www.yhrd.org /News, 165/ YC000231) зэрэг амжилт бүтээл байгаа ч цаашид гэмт хэргийг илрүүлэхэд улам өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахыг орчин үеийн нийгмийн нөхцөл байдал биднээс шаардаж байна.  

Бид дээрх 15 шинжийг тодорхойлсон “Генетик мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгох эрх зүйн орчинг бий болгох зорилгоор 2012 онд ХЗДХ сайдын 16 тоот тушаалаар “Генетик мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, ашиглах журам” батлуулан ажиллаж байна.

Ийнхүү ДНХ-ийн технологийг Монголын шүүхийн шинжилгээний практикт нэвтрүүлснээр иргэний болон олон ноцтой гэмт хэргийн эзэн холбогдогчдыг тогтоох, илрүүлэхэд ихээхэн ахиц гарч, ач тусаа өгсөөр байна.

Иргэний хэрэгт холбоотой зарим асуудлыг шийдвэрлэсэн зарим тохиолдолоос товчлон дурьдахад: санамсаргүй тохиолдолоос төрөхөд хүүхэд солигдсон тохиолдол нэг бус удаа гарсныг тогтоосон, сураггүй алга болсон хүүхдийг 40 жилийн дараа мөн болохыг нь тогтоож ээж, ах дүү нартай уулзуулсан, хүүхдийн эцэг мөн бишийг тогтоох хэдэн зуун тохиолдолд шүүх-ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээр шийдвэрлэсэн болно.

 Хэрвээ ДНХ-технологи шүүхийн шинжилгээний практикт нэвтрээгүй байсан бол шинжлэх ухааны өндөр түвшинд үнэний дэнс тавих боломжгүй байсан юм. Өмнө нь дээрх асуудлыг цусны бүлэг, бусад удамшлын системд тулгуурлан тогтоож байсан боловч үнэн магадлалын түвшин маш бага байсан юм.

Гэвч шүүх-ДНХ-ийн шинжилгээг иж бүрэн ашиглах нь гэмт хэргийг илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтойгоос гадна гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүс хэрвээ гэмт хэрэг үйлдээгүй бол эрх чөлөөгөө хасуулж, хэлмэгдэхэд хүрэх эрсдэл Монголд байсаар байна. Тухайлбал:

2005 онд иргэн “Э” нь хүчиндүүлж нас барсан хэрэг үйлдэгдсэн байдаг. Энэ хэрэгт 2 иргэнийг жил орчим хугацаанд хорьж саатуулсан ба хохирогчийн үтрээнд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц уг хэрэгт сэжиглэгдсэн 2 хүнийх биш байсан нь ДНХ-ийн шинжилгээгээр нотлогдсон учраас сулласан байх жишээтэй. Хэрвээ ДНХ-ийн шинжилгээгээр нотлоогүй бол хэн нэг нь эсвэл 2-лаа хам хэргээр эрх чөлөөгөө хасуулах байсныг үгүйсгэх аргагүй юм. Өнөөг хүртэл энэ хэргийн жинхэнэ эзэд тогтоогдоогүй, илрээгүй хэргийн тоонд ороод явж байгаа ба гэмт хэрэгтэн ял завшаад явж байгаа нь нэгэнт тодорхой юм.

2009 оны 12-р сард БГД-т 14 настай эмэгтэй “М” үл таних хүнд хүчиндүүлсэн хэрэгт иргэн “Б”-г сэжигтэнээр татан шалгахад өмнө нь танхайн хэрэгт холбогдож байсан нэгэн байсан ба мөрдөн байцаагчийн таниулах үйл ажиллагаагаар хохирогч “М” нь 6 сэжигтэн гэх хүмүүс дундаас сэжигтэн “Б”-г таньсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тухайн үед хохирогчид үзлэг хийх явцад авсан шинжилгээний дээж материалд эр бэлгийн эс илэрсэн ба түүний ДНХ-ийг шинжилж сэжигтэн “Б”-тай харьцуулахад үтрээнд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ нь “Б”-ийнх биш болох нь тогтоогдсон байна. Энэ үйлдлийг 2010 оны 5-р сарын 13-ны өдрийн сонины дугаарт “Б” үйлдсэн болохыг тогтоосон гэх мэдээлэл бичиж, хэрэг үйлдээгүй хүнийг хилсээр хэрэгт яллаж нэр төр, эрхийг нь зөрчсөн байх жишээтэй. Энэ хэргийн эзэн нь бас тогтоодоогүй эзэнгүй хэргийн тоо нэмэгдэж, гэмт хэрэгтэн ял завшаад явж байна.

2009 оны 12-р сард ЧД-ийн нутагт А нь хүнд хүчиндүүлж жирэмсэн болсон ба уг хэрэгт Б-г сэжигтэнээр татаж  урьдчилан хорих ангид 40 хоног хорьж хүний эрхийг нь зөрчиж саатуулсан ба сүүлд нь уг хэрэгт ямар ч холбогдолгүй учир суллагдсан байдаг.  Хохирогчийн урагт шүүх-ДНХ-ийн шинжилгээ хийж сэжигтэн Б нь ургийн эцэг биш болохыг тогтоосон ба 10 гаруй сарын хугацаанд 9 сэжигтэн ирсэнээс нэг нь жинхэнэ хэрэг үйлдэгч мөн болохыг ДНХ-ийн шинжилгээний үр дүнд тулгуурлан хөдөлгөөнгүй нотолсон байна.

Хэрвээ хүн хэрэг үйлдсэн тохиолдолд үйлдсэн хэрэгтээ хуулийн дагуу ял авч эрх чөлөөгөө хасуулах нь зүйн хэрэг. Үүний жишээ бол 2010 оны 5 сард  Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг хүчиндэж амь насыг нь хороосон онц ноцтой хэрэгт холбоотой шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтад \хохирогчийн биенд үлдсэн үрийн шингэнээс\-д ДНХ-ийн шинжилгээ хийж хэрэг үйлдсэн этгээдийн ДНХ-ийн мэдээллийг хэрэг гарсан өдрөөс 5 хоногийн дараа тогтоосон байдаг.

Гэмт хэрэгтнийг 28 хоногийн туршид эрэн сурвалжилж 100 гаруй сэжигтэн, хэргийн газрын үзлэгээр хураан авсан янз бүрийн 200 орчим эд зүйлсд наалдаж үлдсэн биологийн дээж, сорьцинд хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр хохирогчийн биенээс олдсон эр бэлгийн эсийн ДНХ-тэй тохирох хүний дээж олдоогүй юм.

Эрэн сурвалжлах ажиллагааны 29 дэх хоног дээр 5 сэжигтэнг саатуулан ДНХ-ийн шинжилгээнд оруулсны нэгнийхэн ДНХ-ийн тогтоц хохирогчийн биенээс илэрсэн ДНХ-тэй 99.9 %-ийн магадлалтай таарч уг хэрэгтэнг мөн болохыг тогтоосон байдаг. Хэрэг үйлдэгч этгээдийг мөн гэдгийг тогтоосны дараа хэрэг үйлдэгдсэн  газарт дахин үзлэг хийж биологийн эд мөрийн баримт олдсоныг ДНХ-ээр шинжилж үзэхэд хохирогчийн ДНХ тогтоогдсон нь уг хэрэг хаана үйлдэгдсэн болохыг тогтоож тухайн хэргийг үйлдсэн этгээдийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлгөөнгүй нотлох баримт болж өгсөн юм.

Энэ хэрэгт олон хүнийг сэжигтнээр татаж шалгасан ба ДНХ-ийн шинжилгээгээр “Дэнс” тавиагүй бол хичнээн ч хүнийг урт богино хугацаагаар хорьж саатуулах, нөгөө талаас хувь хүн болон нийгэмд эдийн засгийн шууд болон шууд бус зардал гарах байсан нь тодорхой юм.

Баянхонгор аймагт бага насны хүүхдийн амь насыг машинаар дайрч алсан хэрэг, нэг жилийн өмнө сураггүй алга болж 2010 оны 11 сард Төв аймгийн нутагт худагнаас олдсон хэн болох нь танигдахгүй болсон жирэмсэн эмэгтэй цогцос, ургийн эцэг нь хэн болохыг тогтоосон зэрэг олон ноцтой хэргийг илрүүлэхэд ДНХ-ийн шинжилгээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн болно.

 2010 оны 11-р сард СХД-ийн 6-р хороонд хутгалуулж, шатаагдаж нас барсан 9 хүний цогцос хэнийх болохыг задлан шинжилгээний явцад авсан эдийн дээжинд ДНХ-ийн хийж талийгаачдын төрсөн эцэг, эх, ах, дүү нартай харьцуулан тогтоосон ба уг хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн 5 сэжигтний хувцсанд шинжилгээ хийж тухайн хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон зэрэг олон төвөгтэй хэргүүдийн бодит үнэнийг тогтооход ДНХ-ийн шинжилгээ чухал үүргийг гүйцэтгэсэн юм.

Гэвч ДНХ-ийн шинжилгээнд хэрэглэгддэг өртөг зардал өндөртэй оношлуур, урвалж бодисын хүрэлцээ хангамж муу байдгаас шинжилгээнд ирсэн зарим эд мөрийн баримт бүрт ДНХ-ийн шинжилгээ хийх боломж бололцоо байхгүй байгаа юм.

Тухайлбал 2012 оноос улсын хэмжээнд ял эдэлж байгаа 7000 гаруй ялтны дээжийг ЭЦГ-тай хамтран цуглуулж ШШҮХ-ийн ДНХ-ийн лабораторид хадгалж байгаа бөгөөд шинжээчдийн орон тоо хүрэлцээгүй, ДНХ-ийн шинжилгээний оношлуур, шинжилгээний зарим хэрэглэгдэхүүн дутагдалтай байгаагийн улмаас энэ ажил зогсонго байдалд байна.

2009 оноос хойш тус лабораторид хийгдсэн ДНХ-ийн шинжилгээний үр дүнг “Генетик мэдээллийн сан” -д оруулж байгаа боловч “Сан”-д хайлт хийх программ хангамж байхгүйн улмаас Генетик мэдээллийн санг жинхэнэ утгаар нь ашиглаж чадахгүй байна.

Шүүх-ДНХ-ийн шинжилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг Монголын шүүхийн шинжилгээний практикт нэвтрүүлэн ажиллаж байгаа ололт амжилт, олон улсын жишигт хүрсэн арга технологийг цаашид улам өргөжүүлэн практик хэрэглээ болгон олон чиглэлээр өргөн хүрээтэй ажиллах хэрэгцээ шаардлага байгаа бөгөөд дараах хэд хэдэн чиглэлээр ажиллаваас илүү их үр дүнд хүрэх, арга зам байгааг онцлон дурдая.

Шүүх-ДНХ технологийг Монголд нэвтрүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд амжилттай хийж байгаа боловч өнөөдөр ажиллаж байгаа  2-3 шинжээч, судлаачид өнөөгийн нийгмийн хэрэгцээний хаана нь ч хүрч ажиллаж чадахгүй байна.

Тулгамдаж байгаа дээрх асуудлыг шийдвэрлэх өртөг зардал багатай,  хамгийн боломжит дараах гарц байгааг санал болгож байна.

  1. “Генетик мэдээллийн сан бий болгох” тухай хууль боловсруулах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж хууль санаачлах субьектэд хүргүүлэх
  2. ДНХ-ийн шинжилгээний оношлуур, шинжилгээний зарим хэрэглэгдэхүүний  хангамжийг нэмэгдүүлэх, боломжит нөөцтэй байлгах, ДНХ-ийн мэдээллийн хайлтын программ хангамж суурилуулах хөрөнгийн эх үүсгэврийг шийдвэрлэх
  3. ДНХ-ийн шинжилгээний чиглэлээр 2-оос доошгүй мэргэжилтэнг гадаад улс оронд 6-12 сарын хугацаагаар сургаж, мэргэшүүлэх
  4. Тус лабораторид 3-5 шинжээчийн орон тоог нэмж шинэ арга технологийг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх туршилт судалгааны багийг бий болгох, ДНХ-ийн судалгааны ажлыг бие даасан төвийн статустай болгон ажиллуулах зэргийг санал болгож байна.

ДНХ-ийн шинжилгээний технологийг өргөн утгаар нь практикт нэвтрүүлж ажилласнаар цаашид нийгмийн олон салбарт шинжлэх ухааны ололт амжилтыг олон нийтэд үр ашигтай үйлчлэх олон чиглэлээр ажиллах боломжийг бий болгох юм. Үүнд:

 1. Хүн болон мал, амьтны гаралтай биологийн материалд вирус, бичил биетээр үүсгэгдсэн олон төрлийн халдварт өвчин үүсгэгчийг оношлох шинжилгээг генийн түвшинд  хийх,

2. Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэргийн эзэн холбогдогч, эрсдэл бүхий хүмүүсийн \гэмт хэрэгт холбогдон ял эдэлж буй, эдлээд суллагдсан ялтан\ генийн мэдээллийн сан бүрдүүлэх, энэ санг ашиглан гэмт хэрэг үйлдэгчийг богино хугацаанд илрүүлэх

3. Хүнийг генээр мөшгөн өвөг удмыг тогтоох, ах дүү хамаатан садан, төрөл садангийн хүмүүсийг ДНХ-ээр судлан удам төрлийн хамаатан мөн эсэхийг тогтоох

4. Монгол Улсын хэмжээнд олон хүнийг хамарсан аваар осол, байгалийн гамшигийн үед хэргийн газраас олдсон биологийн гаралтай эд мөрийн баримт, улсын хэмжээнд илрээгүй гэмт хэрэгт холбоотой биологийн эд мөрийн баримт, хүчингийн хэрэгт холбоотой эд мөрийн баримт, хэн болох нь танигдахгүй болсон цогцосны үлдэцээс ДНХ-ийн төвшинд шинжилж чухамхүү хэнийнх болохыг магадлалын 99.99 төвшинд тогтоох

5. Өнөөдөр манайд хийгдэхгүй байгаа Митохондрийн ДНХ, амьтны ДНХ-ээр гэмт хэргийг мөшгөх илрүүлэх зэрэг ДНХ технологийг шинжилгээний практикт нэвтрүүлэх 

6.Өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж буй ард иргэдийгээ зарим өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар өвчнөөр өвчлөх эрсдэлтэйг генийн түвшинд нь оношлох, тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, аргыг Монгол Улсын  эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавих

7. Хүмүүст эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын үед донор, реципиент хоёрын эд эрхтэн хоорондын генетик тохироог генийн төвшинд нь оношлох шинжилгээ хийх боломжийг бий болгох зэрэг олон чиглэлийн ажлыг ДНХ-ийн технологи ашмглаж хийх нөхцөл бүрдэх юм.

 

Дүгнэлт.

Нэг. Энэхүү илтгэлээр гэмт хэргийг илрүүлэхэд ДНХ-ийн шинжилгээний технологийг бүрэн утгаар нь шүүхийн шинжилгээний практикт нэвтрүүлэх арга замыг тодорхойлсон, улсын бүх шатны хууль хяналтын байгууллагын ажилтнуудад мэдээлэл өгөхийг хичээсэн бөгөөд хамгийн өртөг зардал багатайгаар богино хугацаанд шинжилгээний практикт нэвтрүүлэх бодит боломж байгааг санал болгож байна.

Хоёр. Нөгөө талаас шинжлэх ухааны шинэ мэдлэгийг ард олны хэрэглээ болгож байгаагаараа үндэсний инновацийн хөтөлбөрийн нэг хэлбэр болж байгаа гэж үзэж байна. Мөн монгол хүн судлал, монгол хүний генетикийн маш чухал судалгааны ажил болж эмнэлэг-анагаах ухааны олон салбарт ашиглагдах боломжтой болох юм.

 

 

  • 2014-03-06
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх