2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад цаазаар авах ял оногдуулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтын харилцан хамаарал

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс цаазаар авах ял оногдуулдаг.

Харин цаазаар авах ялыг арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд оногдуулж болохгүйг Монгол Улсын эрүүгийн хуульд  /53.4/ заажээ.

Монгол Улсын төр иргэндээ аль болохоор цаазаар авах ял оногдуулахгүй байх, оногдуулсан тохиолдолд түдгэлзүүлэн хэрхэх тухай асуудлыг тал бүрээс нь нухацтай авч үзэх, амийг уучлах зэргээр энэрэнгүй бодлого баримталж ирсэн түүхэн уламжлалтай билээ.

Шүүх яамны сайд Содномдоржоос Улсын анхдугаар их хурлын 1924 оны ΧІ сарын 19-ний өдрийн хуралдаанд тавьсан илтгэлдээ “... харъяат Монгол Улсын ардын засгийн хууль бичгийг зохион тогтоохын янар засгаас урвах, цэргийн цаазад холбогдохыг нь хэвээр учир магадтай болох ба бусад олон зүйлийн алах ялыг 10 жил, алгуурлан алах ялыг хөнгөтгөн халж даруй буудан алах ялыг 7 жил,... үйлдэх ял оноож жил хугацааны дотор гянданд хорьсоор байх явдлыг арван нэгдүгээр онд Засгийн газрын ІΧ хуралд хэлэлцэн тогтсоныг манай яамнаас нийтээр зарлан явуулан тушааж дагаж шийтгүүлсэн гэжээ[1].

Энэ байдал нь тухайн үед зөвхөн эх орноосоо урвах болон цэргийн гэмт хэрэг үйлдэгсдэд цаазаар авах ял оногдуулж байсныг харуулж байна.

БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчид 1953 оны наймдугаар сарын 5-ны өдөр “Алах ялыг өөрчлөх тухай” 93 дугаар зарлиг гаргаж байсан түүхэн баримт бий.[2] Гэвч энэ зарлигийг арга буюу эргэн харах болсны жишээ бол 1954 онд Завхан аймгийн Улаагчин сумын иргэн Дорлигсүрэн гэгч айлсан өвөлжиж байсан Отгонрагчаа болон эхнэр, 0-10 насны дөрвөн хүүхдийн амийг өс хонзонгийн сэдэлтээр бүрэлгэсэн аймшигт яргалал үйлдсэн тул түүнийг нийтийн өмнө буудан хороосон юм.[3]

1954 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, бусдыг хүндрүүлэн үзэх шалтгаантай санаатай алсан хэрэгт алах ял оногдуулах болжээ. Ингэж алах буюу цаазаар авах ял оноох, гүйцэтгэх явдал дахин сэргэж ΧΧІ зуунтай золгосон түүхтэй.

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд зааснаар иргэн хүн амьд явах эрхтэй. Гэвч энэ нь шударгаар ажиллаж амьдарч яваа жирийн иргэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэг үйлдсэн, ялангуяа эрдэнэт хүний амийг санаатай бүрэлгэсэн этгээд хоёулаа заавал амьд байна гэсэн ойлголт биш. Гэвч Монгол төрийн цаазаар авах ял оногдуулах, гүйцэтгэхтэй холбогдсон энэрэнгүй бодлого үргэлжилсээр ирсэн талаар эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлдээ тусгасан нь олонтой байдаг.[4] 

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн[5] 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний амьд явах эрхийг хуульчлан бэхжүүлсний агуулга нь хүний амь насыг хууль бусаар бусниулах аливаа халдалгаас хамгаалах хууль зүйн дээд баталгаа болсон юм. Өөрөөр хэлбэл хүний амийг санаатай буюу болгоомжгүй аль ч хэлбэрээр бусниулах явдлыг Эрүүгийн хуулиар хориглож, гэмт этгээдэд эрүүгийн журмаар хүлээлгэх хариуцлагын агуулгыг эцэг хуулиар тогтоож өгсөн билээ. Тухайлбал, “ Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулсанаас бусад дохиолдолд хүний амь нас бусниулахыг хориглоно” гэж заасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр цаазаар авах ялыг халж байгаа тухайгаа зарлан мэдэгдсэн нь гэнэтийн бөгөөд олныг гайхшируулсан  түүхэн шийдвэр байв. Монгол төрийн тэргүүн цаазаар авах ялтай холбогдуулан мэдэгдэл хийхээс өмнөх үед, дараах хугацаанд нэгд, гадаад орнууд тухайн асуудалд хэрхэн ханддаг, хоёрт, Монгол Улсын Засгийн газар болон хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын байр суурь ямар байсан, гуравт, эрх зүйн орчин ямар байсан, дөрөвт, зарим хуульч эрдэмтэд, түүнчлэн ард олны санал сэтгэгдэл ямар байсныг харьцуулан авч үзэх нь эрх зүйн зохицуулалтын төдийгүй практик ач холбогдолтой гэж үзэв.

  1. 1.     Гадаад орнуудын тухайд гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгэндээ дурьдсан хэсгийг авч үзье. Цаазаар авах ялгүй орны тоонд шилжин орох найман учир шалтгаан байгаагийн нэг нь гадаадын олон төр улс тухайн асуудалд хэрхэн хандаж байгаа талаар тодорхой баримт жишээнд тулгуурлан ярьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж;

 Монгол Улс бол дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн. Нэгдсэн Үндэстний байгууллага цаазаар алах ялыг дэмждэггүй. Энэ ялаас гишүүн орнуудаа татгалзахыг уриалдаг. Шийдвэр ч гаргадаг. НҮБ нь цаазаар авах ялын эргэн тойрон дахь нөхцөл байдал, дэвшил ухралтын талаар дэлхийн хамтын нийгэмлэгт байнга тайлагнаж, танилцуулдаг.

Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялын хувьд уг ялын бүрэн халсан, хэрэглэхгүй байгаа, хэрэглэдэг гэж ерөнхийд нь гурав ангилж байна.

Европ  тивийн 42 орноос 40 оронд цаазаар авах ялыг хэрэглэхээ больжээ. Нэг улс цаазаар авах ялаас албан ёсоор түдгэлзжээ. Өөрөөр хэлбэл Европ тивийн цаазаар авах ялаас ангижирч байгаа үзүүлэлт нь 98 хувьтай байна.

Африк тив дэх 43 орноос 18 нь цаазаар авах ялыг бүрэн халжээ. Дээр нь энэ тивийн 11 орон цаазаар авах ялын хэрэглэхгүйгээ мэдэгдэж түдгэлзсэн байна. Ингэж Африк тивийн нийт орнуудын 67.5 хувь нь цаазаар авах ялыг халсан эсвэл түдгэлзсэн үзүүлэлттэй байна.

Латин Америкийн 18 орноос 14 оронд цаазаар авах ялыг халж чадсанаар энэ тивийн дээрх үзүүлэлт 78 хувьд хүрчээ.

Ази тивийн 46 орны 17 нь цаазаар авах ялыг халжээ. Нэг орон энэ ялыг хэрэглэхгүй түдгэлзсэн  байна. Энэ үзүүлэлтээрээ Ази хамгийн олон орон оршдог тивүүдийн дотор 40 хувьтай байгаа юм.

Гэхдээ манай тивд бүр цаазаар авах ялаас татгалзсан бас уг ялыг хэрэглэхгүй түдгэлзсэн  байна. Бүр хүний эрх, ардчиллын хувьд шүүмжлэлд өртдөг Төв Азийн “стан” улсууд хүртэл цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх чиглэлд тэмдэглүүлштэй ахиц дэвшилд хүрч чаджээ. Тухайлбал Казахстан, Киргизстан, Туркменстан, Узбекстан энэ дөрвөн орон дөрвүүлээ цаазаар авах ялыг халжээ. Харин Тажикстан цаазаар авах ялын гүйцэтгэлийг хийхгүй зогсоосноо дэлхий нийтэд зарлажээ” гэж тэмдэглэсэн юм.[6]

  1. 2.     Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын тухайд,

 УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 1998 оны тавдугаар сард болсон хурлаараа гишүүн Д. Хувьтөгөлдөрийн өргөн барьсан “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцсэн боловч цаазаар авах ялыг хугацаагүй хорих ялаар солих боломж бүрдээгүй гэж үзсэн байна.

 2010 оны 11 дүгээр сарын 2 –ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганаас гаргасан цаазаар авах ялыг дэлхий нийтээр халах тухай тогтоолийн санал хураалтад Монгол Улсын Монгол Улсын Засгийн газар дэмжсэн санал өгсөн байна.

 Монгол Улс 2010 оны 11 дүгээр сард НҮБ-ын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээр Монгол Улсын  хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад цаазаар авах ялыг халахыг зөвлөмж болгосны дагуу Монгол Улсын засгийн газраас “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 159 дүгээр тогтоолыг батлан гаргасан.

Энэ тогтоолийн хавсралтад хийгдэх ажлуудыг жагсаасны заримаас дурьдвал;

1-д, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт  ІІ протоколд Монгол Улс 2011 онд нэгдэн орох

4-т, цаазаар авах ялын тухай заалтыг үндэсний хууль тогтоомжоос хасуулах арга хэмжээг 2011-2012 онд авах,

5-д, цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь өгөх зорилгоор төрийн нууцад хамааруулан 1990 оноос хойшхи хугацаанд оногдуулсан цаазаар авах ялын тоо баримтыг нийтэд ил болгох  тухай заасан ба уг ажлыг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.

 ХЗДХЯ, ГХЯ хамтран Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Иргэний болон улс төрийн  эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт ІІ протоколд нэгдэн орох чиглэлээр төсөл боловсруулжээ.

 Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны 2010 оны 10 дугаар сарын 12,27-ны өдрүүдийн хуралдаан, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 10 дугаар сарын 19, 26-ны өдрүүдийн хуралдаанаар тус тус Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт ІІ протоколд нэгдэн орох асуудлыг дэмжсэн шийдвэр гаргасан байна.

 Харин цаазаар авах ял шийтгэгдсэн ялтан бүрт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлж, 30 жил хорих ял эдлүүлж байхаар шийдвэрлэснээс үүдэн шинэ нөхцөл байдал үүсээд байна. Ерөнхийлөгчийн шийдвэрийг дотоод, гадаад олон байгууллага, хүмүүс дэмжих болов. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт ІІ протоколд нэгдэн орох тухай” хууль батлан гаргав.[7] Ингэж Монгол Улсад цаазаар авах ялыг халах эрх зүйн зохицуулалт бүрдсэн юм.

  1. 3.     Цаазаар авах ял оногдуулах, шийдвэрлэхтэй (гүйцэтгэх) холбогдсон одоогийн эрх зүйн орчины тухайд,

Эрүүгийн хуульд хэдийгээр цаазаар авах ял оногдуулахаар заасан боловч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал хүсэх, Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучлах эрх зүйн боломжийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Эрүүгийн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлүүдэд тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг арван таван жил өнгөртөл биелүүлээгүй бол хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх  эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрвэл тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй бөгөөд уг ялын оронд хорих ял оногдуулна” гэж заасан.

Харин Монгол Улсын Эрүүгийн хуулийн тодорхой 7 зүйлд цаазаар авах ял оногдуулах тухай заасныг тодруулваас; 81 (Tөр нийгмийн зүтгэлтний амь насанд халдах), 84 (Хорлон сүйтгэх); 91 (Хүнийг санаатай алах); 126 (Хүчиндэх), 177 (Зандачлах); 1781  (Терроризм); 302 (Төрлөөр устгах) тухай юм.

Харин Эрүүгийн хуулийн цаазаар авах ял оногдуулах тухай 7 зүйлд зөвхөн “онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон этгээд... бүлэглэн зохион байгуулж гэмт хэрэг үйлдсэн” гэхчилэн хүнийх нь хувьд (субьект)  авч үзсэн үг бий. Гэвч энэ бүхнийг Үндсэн хуульд заасан “... онц аюултай гэмт хэрэг үйлдсэн” гэсэнтэй утга нэг гэж ойлгож болохгүй байх.  

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 356 дугаар зүйлийн 1-т цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцэх тухай заасан байна. Мөн хуулийн 347 дугаар зүйлд заасан хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг зохицуулсан заалтуудаас үзэхэд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэхээр заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх талаар зохицуулсан бөгөөд 131.1-д “Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг  Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар баталсан бол уг шийтгэх тогтоолыг ялтанд 10 хоногийн дотор мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор анхан шатны шүүх ялтан амь уучлахыг хүссэн өргөдөл гаргах эсэхийг тодруулж, хэрэв гаргавал түүнийг, хүсэлтгүй бол энэ тухай  тэмдэглэл үйлдэж Улсын дээд шүүхэд ирүүлнэ, Мөн зүйлийн 131.2-т, Улсын дээд шүүх өргөдөл буюу тэмдэглэлийг хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор материалыг хэргийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ, 131-.3-т; Ерөнхийлөгч хэргийг хүлээн авсанаас хойш 30, зайлшгүй шаардлагтай бол 60 хоногийн дотор ялтанд уучлалт үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2002 онд 156 дугаар зарлиг гаргаж, “Ялтанд уучлал үзүүлэхийг хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх журам”-г батлан гаргаснаар энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтын орчин тодорхой болсон юм.

Цаазаар авах ял шийтгэгдсэн ялтны уучлалын асуудлыг шийдвэрлэх хүртэл цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг түтгэлзүүлэх бөгөөд хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч ялтанд уучлал үзүүлээгүй бол ялыг зохих журмын дагуу гүйцэтгэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд (131.5) заажээ.

УИХ-ын Тамгын газрын судалгааны төв нь 2010 онд цаазаар авах ялыг халах талаар олон нийтийн санаа бодол, байр суурийг тандах судалгааг хийжээ.[8]

Тус судалгаанд өдөр тутмын сониноос түүвэрлэн авсан 23 нийтлэлд үзэл бодлоо илэрхийлсэн улс төрч 4, хүний эрхийн төлөө ажилладаг ТББ-ын төлөөлөл 2, хууль, хяналтын байгууллагын ажилтан 8, хувь хүн иргэд 7, сэтгүүлч 3 хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн илэрхийлж буй  саналыг хураангуйлан 16 чиглэлд багцлан байдлыг авч үзвэл 75% нь цаазаар авах ялыг халах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин 12,5 % нь тээнэгэлзсэн бол,  12,5 % эсэргүүцсэн саналтай байна. Энэ байдал иргэд, олон нийтийн дунд цаазаар авах ял нь харгис хэрцгий, хүнлэг бус шийтгэл гэж үзэх хандлага түгээмэл байгааг  илэрхийлж байна.

Нэгэнт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас удаа дараа гаргасан хууль тогтоомжийн үр дүнд Монгол Улс цаазаар авах ялыг халсан орнуудын тоонд эргэлт буцалтгүй орсонтой холбогдуулан тухайн асуудалд цаашид хэрхэн хандвал зохих тухай өөрийн саналыг нэмэрлэхийг үүргээн гэж үзэв. Үүнд:

1. Шинээр үүссэн нөхцөл байдал, УИХ-аас 2012 онд баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт ІІ протоколд нэгдэн орох тухай хууль”-ийн агуулга нь Монгол Улсын Үндсэн хуульд (16.1) өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагтай болсныг хууль тогтоогчид анхааралдаа авна гэдэгт найдаж байна. Үндсэн хуулийн цэц ч энэ асуудалд анхаарах ёстой байх. Харин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төдийгөөр Үндсэн хуулийн заалт өөрчлөгдөхгүй хэвээр байх болно гэдэг нь хэн бүхэнд тодорхой юм.

2. Монгол Улсын төр нэгэнт л алуурчны амийг уучилж байгаа болохоор эрдэнэт хүнийхээ амиар хохирч үлдсэн үр хүүхэд, хань ижил, аав ээжийг насан туршид нь зүйл бүрээр халамжлан тэжээж тэтгэх үүргийг өөртөө хүлээх  учиртай. Өөрөөр хэлбэл:

 Хохирогчийн ар гэрт өнчирч үлдсэн хүүхдэд насанд хүртэл нь сар бүр мөнгөн тэтэглэг олгох, их дээд сургуульд элсэн суралцах тохиолдолд тэдний сургалтын төлбөрийг төлөх,

 Гэр бүлд нь хөнгөлттэй үнээр орон сууц, эсвэл гэр, түлээ нүүрс үнэгүй олгох,

 Аав ээжид нь сар бүр мөнгөн тэтгэлэг олгох, эсвэл тогтоогдсон тэтгэвэр, тэтгэмжийн 20-30 хувьтай тэнцэх мөнгө олгодог байж болох юм.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа



[1] БНМАУ-ын Анхдугаар их хурал. Дэлгэрэнгүй тайлан. УБ.1984. 170 дахь тал

[2] Шүүх, прокурорын ажилтны лавлах. Улсын хэвлэл. УБ.1954, 56 дахь тал

[3] “Ардчилал” сонин. 1997 оны 11-р сар, №5 “Монголд хоёр хүнийг олны өмнө бууджээ” гэсэн нийтлэл

[4] а/ Г.Совд. Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх /харьцуулсан эрх зүй/. УБ. 1999. 45-48 дахь тал

  б/ И.Дашням. Монгол оронд цаазаар авах ялыг хэрэглэж ирсэн уламжлал ба цаашдын хандлагын зарим      асуудал” өгүүлэл. “Эрдэм судлал” сэтгүүл. 2002 он. №1-д нийтлэгдсэн.

[5] “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны №1-д    нийтлэгдсэн.

[6]“ Өдрийн сонин” 2010 оны 1-р сарын 15-ны 011 (3401) дугаарт нийтлэгдсэн “ Ерөнхийлөгч цаазаар авах ялаас татгалзав” сэдэвт нийтлэл

[7] “Төрийн мэдээлэл” эмхтгэл. 2012 он. №4 (721), 290 дэх тал

[8]  “Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан. УБ.2011   88 дахь  тал

  • 2014-02-20
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх