2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Хорих болон хорихоос өөр төрлийн ялын үр нөлөө, чиг хандлага

 

 

Б.НЯМГОМБО- ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, докторант, дэд хурандаа. Хууль сахиулах их сургуулийн докторант. “Хорих байгууллагын аюулгүй байдлын чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг. 2012 онд гүйцэтгэх ажлын чиглэлээр: “Гүйцэтгэх ажлын хүч” бие даасан ном, Хурандаа П.Хосбаяртай хамтран “Хорих байгууллагад гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл ашиглах нь” нэг сэдэвт бүтээл тус тус гаргасан.

Энд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж мэндчилье.

  • Бүтэц:

    1. Хорих ялын зорилго, үр нөлөө, хэрэгжилт

    2. Хорихоос өөр төрлийн ялын зорилго, үр нөлөө, хэрэгжилт

    3. Хорих болон хорихоос өөр төрлийн ялын үр нөлөө, цаашдын чиг хандлага

    1. Хорих ялын зорилго, хэрэгжилт

    Ихэнх улс орны эрүүгийн хууль тогтоомжинд ялын ойлголтыг тодорхойлсон   томъёолол байдаггүй бөгөөд зөвхөн постсоциалист орнууд Армен, Орос, Казакстан, Тажикстан, Узбекстан, Украйн зэрэг оронд ялын тодорхойлолтыг хуульд нь тодорхой тусгасан байдаг. Эдгээр орны эрүүгийн хуульд нийтлэг томъёоллоор: “Ял гэдэг нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд нь хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох замаар шүүхийн тогтоолоор оногдуулж буй төрийн албадлагийн арга хэмжээ...” гэж тодорхойлоод ялын зорилгоо “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шүүгдэгчийг засан хүмүүжүүлэх, нийгмийн шударга ёсыг хамгаалах явдал”-д чиглэгдэхээр заасан. 

    Харин дээрхтэй адил тодорхойлолтыг манай улс “Ял” гэсэн ойлголтоос өөрөөр “Эрүүгийн хариуцлага” гэсэн нэр томъёогоор илэрхийлсэн бөгөөд зорилго нь “иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж хуульчилжээ[1]. Бусад улсын жишигээс үзвэл: Францын эрүүгийн эрх зүйн неоклассицизмын онолын[2] төлөөлөгчдийн үзсэнээр залхаах, гэсгээх, нөхөн төлүүлэх нь ялын гол зорилго гэж үздэг бол нийгмийн хамгааллын шинэ онолчдын[3] хувьд засрал төлөвшилийг олгох, дахин нийгэмшүүлэх нь ялын гол зорилго гэх мэтээр өөр өөр өнцөгөөс тайлбарласан байдаг. Англи, Америкийн системийн ихэнхи орны эрүүгийн ялын гол зорилгыг гэмт хэрэгтнийг нийгмээс тусгаарлан, цээрлүүлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг нөхөн сэргээлгэх явдалыг хангах, засрал төлөвийг олгох, ухааран ойлгоход түлхэц үзүүлэх, гэмт хэргийг дахин үйлдэхгүй байх нөхцөлийг бий болгох, хувь хүн, өрх гэр, улс нийгмийг гэмт хэргийн халдлагаас хамгаалах гэж заасан бол Их газрын системийн орнуудад ялын зорилгыг үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон шийтгэлийг шудрагаар оногдуулах, учирсан хохирол, үр дагаварыг гэмт этгээдээр нөхөн гаргуулах, гэмт этгээдийг засч төлөвшүүлэх, дахин нийгэмшүүлэх, гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зэргийг хамааруулж үздэг байна.

    Монгол Улс 2002 онд шинэчлэн найруулж, 2008, 2009 онд өөрчлөлт  оруулсан Эрүүгийн хуулиар шинэ төрлийн гэмт хэргийг эрүүжүүлж, ялтай болгож зохион байгуулалттай гэмт бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол ял хүндрүүлэхээр тусгаж өгсөн нь   эрх зүйн хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорьж цээрлүүлэх зорилго агуулж, хорих ялаар шийтгэх явдал давамгайлах болсон.

    Хорих ялыг хүнд болон онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн, рецедив гэмт этгээдүүдэд оногдуулах нь зөв боловч, ямар орчинд, ямар нөхцөлд, хэрхэн эдлүүлэх талаар стандарт, хууль эрх зүйн нарийвчилсан зохицуулалтгүйгээс тэднийгхорих ангидад  дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтээс тусгаарлан мэргэжлийн баримжаа, хөдөлмөрийн дадлага олгох сургалтанд хамруулан хүмүүжлийн нөлөө үзүүлэн, албадан хөдөлмөрлүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг, барагдуулах байдлаар ялын зорилгыг хангахаас[4] өөрөөр дорвитой ажил хийгдэггүй, төрийн эдийн засгийн хүчин чадал, нийгмийн хөгжлийн явцаас хамааран хорих ялын зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна. 

    Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар Эрүүгийн ялын зорилгыг хангахад дараах хүндрэлүүд практикт байсаар байна. Үүнд:  

    Нэгдүгээрт: Өнөөдөр манай улсад төвлөрсөн 25 хорих анги, баривчлах, цагдан хорих байр 26, баривчлах ял эдлүүлэх байр 13 байна. Энэ тоо үзүүлэлт нь хорих байгууллагын удирдлага, зохион байгуулалт, бүтэц тогтолцоо, боловсон хүчин, хамгаалалтын техник, хэрэгсэл, төсөв санхүүгийн тархмал байдлыг илтгэж байгаа бөгөөд үүнийг дагаад хорих ангиудад ялтны дунд зохиогдох сургалт, хөдөлмөр эрхлэлт, нийгэмшүүлэх ажил харилцан адилгүй байдаг. Тухайлбал: 2012 онд 416 ялтны 4.325.401.589 төгрөгний хохиролыг барагдуулсан сайн талтай боловч, харин нийт ял эдлэгсдийн 3419 буюу 49,4 хувь нь дахин давтан гэмт хэрэг үйлдэн хорих ял эдлэж байгаа нь нийгэмшүүлэх ажил харилцан адилгүй түвшинд байгааг илтгэнэ. Тэгвэл цаашид 2445 ялтны 73.498.611.098 төгрөгийн төлбөр хохиролыг барагдуулах асуудал хүндрэлтэй хэвээр байсаар байна[5].

    Хоёрдугаарт: Эрүүгийн ялын бодлого чангарснаар шоронгийн хэт дүүргэлтийг бий болгож, төр эдийн засгийн хувьд хэт их ачааллыг өөртөө үүрч байна. Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангид нийт 225 үйлдлийг гэмт хэрэг хэмээн хуульчилсан байдаг бөгөөд түүнийг үндсэн, хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх байдлаар задалж үзвэл 449 үйлдлийг гэмт хэрэг хэмээн тооцсон байна. Үүнийг зүйлчлэн авч үзвэл Цаазын ялтай 7, хорих ял оногдуулахаар 330, торгох ял 213, албадан ажил хийлгэх ял 44, нэмэгдэл ялын чанартайгаар эд хөрөнгө хураах ялыг 42, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг 65 гэмт хэрэгт оногдуулахаар заасан нь хорих ял онгогдуулах төрийн бодлого ямар түвшинд байгааг харуулж байна. Түүнчлэн 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 25 хорих ангид  6911 ялтан ял эдэлж байна[6] Төрөөс зөвхөн нэг ялтны өдөрт хоол, хувцас, байрлаж буй байрны гэрэл, цахилгаан гэх мэт бусад урсгал зардалд 10650 төгрөг[7] нийт 6911 ялтанд нэг өдөрт 73.602.150 төгрөг жилд 26.864.784.750 төгрөг ямар ч үр ашиггүй тухайн ялтныг хооллох, байрлуулахад зарцуулах тооцоо гарч байна.

    Энэ нь 1 ялтанд сард төрийн албан хаагчийн дундаж цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгө зарцуулдаг гэж үзэх үндэстэй байна. 

    Гуравдугаарт: Ял эдлэж буй ялтнуудад хяналт тавих хамгаалалтын тогтолцоо хууль журмын дагуу шаардлагын түвшинг хангаж чадахгүй байдалд хүрч байна. Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 205/94 тоот тушаалаар Онцгой болон чанга, жирийн дэглэмтэй хорих ангиудад 20 ялтан тутамд 1 харуул хамгаалалтын ажилтан /хянагч/ ноогдохоор жишиг норматив тогтоосон байдаг.  Тэгвэл бодит байдал дээр жишээ авч үзье. Хорих 421 дүгээр анги нь  батлагдсан орон тоогоор харуул хамгаалалтын 26 хянагч, дансаар 435 ялтантай.  Өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж байгууллагад 133 ялтан гэрээгээр ажиллаж байна. Ялтныг гэрээгээр харуул хамгаалалтын хяналтад ажиллуулах үед ялтны амьдралын бүсэд нэг ээлжинд 2-3 харуул хамгаалалтын ажилтан 300-310 ялтанд хяналт тавьж байгаа нь албан хаагчдын ажлын ачаалал хэтэрч  нэг хүнд 100-110 ялтан ноогдож байгаа болно.

    Дөрөвдүгээрт: Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, жишиг дүрмүүдэд[8]  заагдсан шаардлагад нийцсэн ял эдлэх орчин нөхцөл бүрдээгүй байна. Гэмт этгээдүүдийн үйлдлийн арга, сэдэл нарийсч, улам зохион байгуулалттай болж, нийгэмд учруулж буй хор хохирол өсөж буй өнөө үед анх болон давтан гэмт хэрэг үйлдэгчийг тус тусад нь хорьж ял эдлүүлэх, хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах, авилга хээл хахууль, албан тушаалын болон гомо, лесби, сэтгэцийн өөрчлөлттэй, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хамсаатан, гадаадын иргэдийг ямар нөхцөлд, хэрхэн ялыг эдлүүлэх орчин нөхцөл, хяналт хамгаалалтын стандарт батлагдаагүйгээс хорих ангийн дотоод журмыг ялтнуудын зүгээс зөрчих явдал буурахгүй байна. 

    5-рт: Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байсаар байна. Тухайлбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 126-р зүйлд ямар дэглэмд ял эдлэж байгаагаас үл  хамааран тодорхой хугацааны дараа дэглэм буурах, дэглэм дээшилж нэг газраас нөгөөд шилжих зохицуулалт нь харуул хамгаалалтын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг зэрэг олон жишээг дурдаж болно.

    Хууль эрх зүйн өнөөдрийн зохицуулалт нь ХОРИХ БАЙГУУЛЛАГЫГ ялтныг хуульд зааснаар[9] хүмүүжлийн нөлөө үзүүлэх  биш харин дахин давтан гэмт хэрэг үйлдэх хань хамсаатантай болгох, гэмт хэрэг үйлдэх талаар харилцан мэдээлэл, туршлага судлах, гэмт явдалдаа мэргэших байдалд хүргэж, гэмт хэрэгтэнүүдийг бэлтгэдэг УУРХАЙ, эсвэл хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдээд аль хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлэн хорих байгууллагыг ГЭМТ ХЭРГЭЭ НУУН ДАЛДЛАХ ГАЗАР болгон ашиглаж байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллага, ард иргэдийн зүгээс үзэхэд хүргэж байна. 

    2. Хорихоос өөр төрлийн ялын зорилго, хэрэгжилт

    Тэгвэл хорих ялын нийгэмд үзүүлэх үр нөлөө нь төдийлөн өндөр байдаггүйг дэлхий нийт хүлээн зөвшөөрч аль болох хорихоос өөр төрлийн ялыг сонгож, гэмт хэргийн шинж байдлаас нь шалтгаалан ялыг ялгамжтай оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэр бүл, нийгэмд нь байлгаж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухамсарлуулахад чиглэсэн ялын бодлогыг баримтлах хандлагатай байна.

    Гадаадын зарим оронд хорихоос өөр төрлийн маш олон янзын төрөл, хэлбэр байна Тухайлбал: Гэрийн хорионд байлгах, Эд хөрөнгө хураах, Нийтэд тустай ажил хийлгэх, Түр хугацаагаар албадан эмчлэх, Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах, Цол, одон медаль хураах, Нутаг заах, Сонгох, сонгогдох эрх хасах, Гадагшаа зорчих эрхийг нь хязгаарлах, Ан агнах эрхийг хасах, Эдийн засгийн эрхийг хязгаарлах гэх мэт маш олон төрлийн ялыг оногдуулж байна[10].

    Манай өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар торгох, албадан ажил хийлгэх, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг хорихоос өөр төрлийн ялд хамааруулж байгаа боловч үүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр тодорхой бус, нарийвчилсан хуулийн зохицуулалтгүй, иргэний шийдвэр гүйцэтгэлтэй хавсран ялын хэрэгжилтийг хангаж байгаа тул энэ төрлийн ялын ач холбогдол үр нөлөө төдийлөн ялгарч харагдахгүй өдийг хүрсэн. Эдгээр төрлийн ялын талаар тус тусад нь авч үзье. Үүнд:

    1. 1.    Торгох ял: 

    2012 онд торгох ял шийтгүүлсэн 248 ялтанд холбогдох 1.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 181 ялтанд холбогдох 851.7 сая төгрөгийг бүрэн биелүүлж, 67 ялтны 455.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.

    Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар торгох ялыг шүүхээс төлбөрийн чадваргүй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, оршин суух хаяггүй хүнд оногдуулдаг нь энэ ялын хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлж байна.  Практикт 20 сая төгрөгөөр торгуулсан этгээд төлбөрийн чадваргүйн улмаас сар бүр 100 мянган төгрөг төлж 3 жилд 3.600.000 төг төлж бусад төлбөрийг Эрүүгийн хуулийн 76.1 зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор үндэслэн ялаас чөлөөлөх хууль эрх зүйн зохицуулалт үйлчилж, байгаа нь ял завших бүрэн боломж байгааг харуулж байна.

    Тэгвэл АНУ-д Торгох ялыг хорих ба хянан харгалзах ялтай хамт хэрэглэдэг. Харин хөнгөн хэрэг, эрүүгийн зөрчлийн хувьд дангаараа бие даасан ял болж хэрэглэдэг. Торгох ялыг оноохдоо яллагдаж буй этгээдийн 7 хоногийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн байдлыг нягт шалган тогтоодог. Торгох ялын дээд хэмжээ нь иргэнд 5000 ам.доллараас дээшгүй, хуулийн этгээдийн хувьд 500.000 ам.доллараас дээшгүй байна. Муж улс бүрт харилцан адилгүй байдаг байна.Торгох ялаа төлж чадахгүй бол хорих ялаар солино[11].

    1. 2.    Албадан ажил хийлгэх ял:

    2012 онд албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 445 ялтны 130487 цагийн ялыг эдлүүлэхээс 417 ялтны 124590 цагийн ялыг эдлүүлж, 28 ялтны 5897 цагийн үлдэгдэлтэй байна.[12]

    Эрх зүйн зохицуулалтаар бол албадан ажил хийлгэх ялтай этгээдийг ажлын байраар хангах асуудалыг аймаг, нийслэл, орон нутгийн төр захиргааны байгууллагаас олгохоор заасан байдаг. Гэвч эдгээр байгууллага нь ажлын байраар хангах идэвхи сул, шийдвэр гүйцэтгэгчээс түүнд өдөр тутам биечлэн болон цаг ашиглалтанд хяналт бүрэн тавьж чаддаггүй, өнөөдрийн нөхцөлд хаана, ямар төрлийн ажил хийлгэх нь тодорхой бус, хэрэгжүүлэх нөхцөл боломж тааруу, дийлэнхдээ хот тохижуулах, гудамж талбайн хог цэвэрлэх, мод услах, байгууллагын цонх хаалга угаах зэрэг аар саархан ажил хийлгэхээс хэтэрдэггүй байгаагаас энэ төрлийн ял төдийлөн нэг мөр хэрэгжихгүй байна.

    Дэлхий нийтэд дээрх ялыг “Нийгэмд тустай ажил хийлгэх” гэж нэрэлдэг бөгөөд 1990 онд НҮБ-ын баталсан “Хорихоос өөр төрлийн ялыг оноох, хэрэглэх наад захын жишиг дүрэм, (Токиогийн дүрэм)-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт энэ ялын төрлийг сонгох үндэслэл, зарчмыг тусгасан байдаг. Өнөөгийн байдлаар энэ ялыг хэрэглэж буй 60 гаруй орон байна. Эдгээрийн заримаас дурьдвал Их Британи, АНУ, Франц, Голланд,  Португаль, Швейцари, Испани, Мексик, Казакстан, Чех гэсэн орнууд байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ихэвчлэн цагаар тооцон хуульчилсан байдаг. Тухайлбал: Орос, Украйн, Казакстанд 60-240 цаг, Англи, Франц, Шведэд 40-240 цаг, Чехэд 50-400 цаг, Арменд 360-1500 цаг байх бөгөөд ихэнхи орнуудад өдрийн 4 цагаас дээшгүй байхаар хуульчилсан байна. Энэ нь тухайн этгээд үндсэн ажлаа хийж  гэр бүлээ тэжээн тэтгэх, ар гэртээ ямар нэгэн дарамт учруулахгүй байх боломжийг олгодог.

    Харин гэмт хэргийн шинж байдлаас шалтгаалан авто осолын хэрэг үйлдсэн этгээдэд жолооны багш хийлгэх, үр хүүхдээ асрах үүргээ хэрэгжүүлээгүй бол гэр бүлийн хичээл оруулах байдлаар тэднийг ухамсарлуулан ойлгуулах байдлаар ялыг хэрэгжилтийг хангадаг байна.[13]   

    1. 3.    Эд хөрөнгө хураах ял:

    2012 онд эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 318 ялтанд холбогдох 95.8 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 55.7 сая төгрөгийн 231 ялтанд холбогдох ялыг биелүүлж, 87 ялтны 40.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна[14].

    Шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа хураах эд зүйл, эд хөрөнгийг шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заахаар хуульчлагдсан ч бодит байдал дээр  мөнгөн хэлбэрээр оноодог. Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай ялтнуудын дийлэнх хэсэг нь хорих ангиудад ял эдэлж байдаг тул тэдгээрийг хөдөлмөрийн бүтээмж өндөртэй ажлын байраар хангаж цалин хөлснөөс суутгал хийх асуудал төдийлөн хэрэгжилт муутай, ял эдэлж дууссны дараа нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангах хуулийн зохицуулалт нь энэ төрлийн ялын хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлж байна. Тэгвэл Франц улсад Эрүүгийн зөрчлөөс олсон эд зүйлс, орлого, ашигласан хэрэгсэл, эд зүйлийг хураах байдлаар энэ ялыг хэрэгжүүлдэг.

    1. 4.    Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял:

    2012 онд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгүүлсэн 506 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 148 ялтны ялыг дуусгавар болгож, 358 ялтны үлдэгдэлтэй байна[15].

    Энэ төрлийн ялыг оногдуулсан шүүхээс гүйцэтгэх хуудсыг харьяа шийдвэр гүйцэтгэх албанд бичиж ирүүлдэггүйгээс ялтанд ял завших нөхцөл бололцоог бүрдүүлж байна Учир нь эрх зүйн өнөөдрийн зохицуулалтаар эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдийн 90 орчим хувь нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгүүлсэн ялтан байдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэгч тээврийн хэрэгсэл жолоодохгүй байгаа эсэхийг хянах боломжгүй байсаар байна. Практикт жолооны эрх хасах ялаар шийтгэгдсэн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихад замын цагдаагийн байгууллагад албан бичиг явуулахаас өөр эрх зүйн зохицуулалт байхгүй. Нягтлан бодох, эмчлэх, багшлах гэх мэт төрөл мэргэжлийн эрх хасах ялын хэрэгжилтэнд хяналт тавих боломжгүй байдаг төдийгүй, дээрх төрлийн эрхийг ямар байгууллага хүчингүй болгох эрх зүйн орчин өнөөдөр бүрдээгүй байгааг анхаарах хэрэгтэй байна. Гадаадын зарим орноос жишээ авч үзье.

    Англи улс

    Тус улс нь Хорихоос өөр төрлийн ялын хувьд[16]:

    • Эрх, эрх чөлөөг хязгаарлах \community sentense\
    • Торгох гэсэн 2 төрөлтэй

    Эрх, эрх чөлөөг хязгаарлах \community sentense\

    • Үнэ төлбөргүй ажиллуулах: /40-300 цаг/
    • Идэвхтэй хөдөлмөрт  татан оруулах
    • Оршин суух газраас өөр тийш явахыг хориглох /2жилээс дээшгүй/
    • Засран төлөвших, дахин нийгэмшихэд чиглэгдсэн тодорхой хөтөлбөр сургалтанд хамрагдах
    • Тодорхой ажил, үүрэг, ажиллагаа явуулахыг түр хугацаанд хориглох:/шүүхээс тогтоосон хугацаанд эдлүүлнэ.
    • Бусад нөлөөллийн арга хэмжээ /албадан эмчилгээнд явах, хянан харгалзах хугацаанд хяналтын хязгаарлалтанд байх, гэрийн хорионд байлгах, сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдах/  байдаг бол АНУ-д гэрийн хорионд байлгах, Францад ан агнах эрхийг нь хязгаарлах, гадаадад зорчих эрхийг нь  хязгаарлах, Германд сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах гэх мэт маш олон хэлбэртэй байдаг.

    Иймд нийгмийн хөгжлийн чиг хандлага, ард иргэдийн сэтгэлгээний өөрчлөлт, нийгэм эдийн засгийн үр нөлөө, хэрэгжих боломж нөхцөл зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялын төрөл хэлбэрийг өөрийн орны онцлогт тохируулан шинээр гарах “Гэмт хэргийн тухай хууль”-нд тусган оруулж, хэрэгжүүлэх арга зам, эдлэх хугацааг  бодиттой тогтоох, ялыг ялгамжтай эдлүүлэх эрх зүйн орчин, ашиглагдах техник хэрэгслийг шийдвэрлэх асуудал чухал болоод байна.

    Хорих болон хорихоос өөр төрлийн ялын үр нөлөө, цаашдын чиг  хандлага

    Хорих ял нь гэмт хэрэг санаатай үйлдсэн этгээдэд тохирсон шийтгэл боловч үр нөлөөг нь тухайн этгээдийг нийгмээс тусгаарлаж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, чөлөөтэй зорчих, сонгох, сонгогдох, хурал цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарласнаар өөр ямар нэгэн ач холбогдол харагдахгүй байна. Харин ч эдийн засгийн үргүй зардал ихтэй, олон жил хорих ялаар шийтгүүлсэн ял эдэлсэн этгээдүүд суллагдаад нийгэмд дасан зохицож чадахгүй, мэргэжил, боловсролгүй, найз нөхдийн хүрээлэлгүй, нийгмийн харилцаанд тэднийг хүлээж авахгүй байдал үүсч, ах дүү, хамаатан садны хүмүүс нь нүүр бууруулж, эд хөрөнгө, орон гэрээ алдах, хүүхэд нь сургуулиас завсардах, тэнэмэл болох, гэр бүлийн хэн нэгэн нас барах, гэр бүл салах зэргээр тэдний ар гэр нь хорих ялын цээрлэлийг давхар амсаж байгаа нь энэ ялын үр нөлөө нэг хүнд биш тэдний ар гэр амьдрал ахуйд  давхар сөргөөр нөлөөлж байааг анхаарах цаг болжээ.

    Эрх, эрх чөлөөг хасах, хязгаарлахад чиглэсэн ял буюу хорихоос өөр төрлийн ял нь нийгмийн ашиг сонирхол, эрх ашгийн дагуу нийгмийн нөлөөлөл үзүүлэх зорилгыг агуулдаг гэдгийг бид ухамсарлан ойлгож, иргэний шийдвэр гүйцэтгэл, эрүүгийн ял шийтгэл хоёрын ялгааг тодорхой болгох эрх зүйн орчин өнөөдөр зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

    Тухайлбал: Төв, орон нутгийн 246 шийдвэр гүйцэтгэгчээс: Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг иргэний журмаар гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас салгах шаардлагатай эсэх талаар санал асуулга явуулахад судалгаанд оролцогчдын 201 буюу 81,7 хувь нь тийм буюу салгах шаардлагатай, 31 буюу 11,6 хувь нь үгүй, 14 буюу 5,7 хувь нь бусад хариултыг сонгосон байна.[17] 

    Эндээс хорих болон хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилтийг хангахад эрх зүйн хүрээнд дараах шинэчлэл хийх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байна. Үүнд:

    а) Шинээр боловсруулагдаж буй “Гэмт хэргийн тухай хууль”-д ялын төрөл, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг нарийвчлан тусгаж, хорих ялыг гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйл, үйлдлийн арга, сэдэл, зохион байгуулалт, оролцооноос хамааран оногдуулах, түүнчлэн нийгмийн хор аюул бага, болгоомжгүй байдлаар болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж, тэднийг нийгэмшүүлэх, нийгэм, сэтгэл зүй, гэр бүлийн харилцааны тусгайлсан сургалт, нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлүүлэх, шаардлагатай тохиолдолд улс төрийн болон нийгэм, эдийн засгийн эрхэнд хязгаарлалт хийх, гэрийн хорионд байлгах зэргээр эдийн засгийн хувьд чирэгдэл багатай ялыг оногдуулах санкцуудыг түлхүү оруулах,  

    б)Гэмт хэргийн хуулийн хэрэгжилтийг хангах “Эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны хуулийг” шинэчлэн боловсруулж практикт тулгамдсан зайлшгүй зохицуулах шаардлагатай, шинээр зохицуулагдах харилцааг олон улсын жишиг хандлагыг судлан  өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, тогтолцоог нарийвчлан тусгах,

    в)  Иргэний шийдвэр гүйцэтгэлээс Хорихоос өөр төрлийн ялын төрлийг салгаж, энэ газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, ялын хэрэгжилтийг хангах механизмыг хуульчилан бий болгож, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, манай орны онцлогт тохирсон, хэрэгжих боломжтой хорихоос өөр төрлийн ялыг гэмт хэргийн тухай хуульд нарийвчлан тусгах,

    г) Хорих ял эдлэгсдийн 90 орчим хувь нь бүрэн бус дунд болон бага боловсролтой, боловсролгүй этгээдүүд эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон тул тэднийг ерөнхий боловсролын болон мэргэжлийн баримжаа, хөдөлмөрийн дадлага олгох сургалтанд хамруулж суллагдахад нь мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөж, нийгэмд хөлөө олоход нь туслах зорилгоор ажлын байранд зуучлах зэргээр нийгэмшүүлэх бодлогыг хууль эрх зүйн орчинд суулгаж өгөх,

    д) Ялтны зүгээс хорих анги, цагдан хорих байрны албан хаагчдын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд өөрөө болон бусдаар нөлөөлүүлэхийг оролдох, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахыг эрмэлзэх, албан хаагчийг янз бүрийн аргаар эрхшээлдээ оруулахыг хичээх, харуул хамгаалалтын албан хаагчдын амь бие, эрүүл мэндэд халдах, харуул хамгаалалтын сул байдлыг ашиглан оргох гэх мэт үйлдэл байнгын буюу тасралтгүй шинжтэйгээр үйлдсээр байгаа нь ялын зорилгыг хангах чиг үүрэг бүхий хорих байгууллагын албан хаагчдын эрх зүйн баталгааг тодорхой болгож өгөх,

    е) Байгууллагын бүтэц, тогтолцоо, ял эдлэх орчин нөхцлийг өөрчлөх шаардлага байгаад анхаарч хорих ангиудыг төвлөрсөн бүтэцэд шилжүүлэн олон улсын жишиг стандартад нийцсэн хорих ангийг байгуулж, хамгаалалтыг техник технилоги, ялтны ажлын байрыг нэг мөр шийдвэрлэн гарч буй гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, гэмт хэргийн улмаас учируулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулах механизыг төрийн дэмжлэгтэйгээр бий болгох явдал чухал юм.

    Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй өнөөгийн тогтолцоонд цаашид хийгдэх эрх зүйн шинэтгэл нь бидний цаашдын ажлын үр дүнд сайнаар нөлөөлөх  болно.   

    Анхаарал хандуулсанд баярлалаа.



    [1] Монгол Улсын Эрүүгийн хууль 45.3 заалт

    [2] Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын судалгаа, 2013 он, 2 дахь тал.

    [3] Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын судалгаа, 2013 он, 3 дахь тал.

    [4] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан чиг үүрэг

    [5] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын тайлан, судалгаа 2012 он

    [6] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2012 оны тоо бүртгэлийн тайлан

    [7] ШШГЕГ-ын санхүүгийн тайлан 2012 он

    [8] Хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм. 1955он, Бүх этгээдийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс хамгаалах тухай тунхаглал. 1975 он, Эрүүгийн шүүхийн ромын дүрэм 2000 он, Хоригдолуудтай харьцах үндсэн зарчмууд 1990 он, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг, бусаар буюу хүний нэр төрийг доромжилон харьцаж шийтгэхийн эсрэг конвенци 1984 он  

    [9] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалт

    [10]  ШШГЕГ-ын хуулийн хэлтэс ОХУ, Англи, Франц, АНУ, Германы хуулийн орчуулга. 2013 он

    [11] ШШГЕГ-ын хуулийн хэлтсийн судалгаанаас 2013 он 

    [12] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  2012 оны нэгдсэн тайлан

    [13]Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын  судалгаанаас 2013 он 

    [14] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын   2012 оны нэгдсэн тайлан

    [15] Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  2012 оны нэгдсэн тайлан

    [16]  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  хуулийн хэлтэсийн судалгаанаас 2013 он

    [17] Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газраас улсын хэмжээнд ажиллаж буй 246 гүйцэтгэгчээс авсан судалгааны дүн 2013 оны 5 сард

     

 

 

  • 2014-02-03
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх