2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад хохирогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд анхаарах зарим асуудал

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гэмт хэргийн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, аюулгүй байдлыг хангахаас гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийг нотлох ажиллагааны үр дүн шууд хамаарах болж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1985 онд “Гэмт хэрэг болон албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хохирогчдын талаарх хууль цаазын үндсэн зарчмын тухай Тунхаглал” (Declaration of Basic Principles of Justice for Victims of Crime and Abuse of Power)[1] баталж, түүний үзэл санааг 2002 он хүртэл хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон.

Тунхаглалд зааснаар, хохирогч гэсэн ойлголтод:”...гишүүн улсуудын дагаж мөрдөж байгаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг хориглосон хуулиудыг оролцуулаад, Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бие мах бодийн болон оюун санааны хохирол учирсан, сэтгэл санааны дарамтад орсон, эд хөрөнгийн хохирол учирсан, эсвэл үндсэн эрх нь ноцтойгоор зөрчигдсөн бие хүн болон хамт олныг ойлгоно”[2] гэж тодорхойлжээ.

Мөн “хохирогч гэдэг ойлголтод зарим тохиолдолд хохирогчийн гэр бүлийн гишүүд, тэжээлгэн тэтгүүлэгчдээс гадна тэжээн тэтгэгч, түүнчлэн хүнд байдалд орсон хохирогчид тусламж үзүүлэх оролдлого хийж байгаад хохирсон хүмүүс хамаарна”[3] гэж заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд” бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”, Арвандолдугаар зүйлд: “Төрөөс...хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана” гэж тус тус заасан. Гэвч  гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилахгүй, зөрчигдсөн эрх нөхөн сэргээгдэхгүй байгаа нь нийгмийн өмнө тулгамдсан асуудал боллоо. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж хохирогчийн тухай тодорхойлолтыг өгчээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хохирогч нь зөвхөн хувь хүн, хуулийн этгээд, хэрэв хувь хүн нас барсан, эсвэл эрх зүйн чадамжгүй болсон бол түүний гэр бүл, төрөл садангийн хүн байж[4] болохыг хуульчилжээ. Иймд дам хохирсон этгээдүүдийг гэмт хэргийн хохирогч гэж тооцох онол, хууль зүйн үндэс байгаа юм.

Иймд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хохирогч гэсэн тодорхойлолт нь НҮБ-ын 1985 оны тунхаглалд заасан тодорхойлолтод агуулгын хувьд үндсэндээ адил учраас манай улсад гэмт хэргийн хохирогчийг өргөн хүрээгээр авч үзэх хандлага нэгэнт тогтсон гэсэн дүгнэж болно. 

Байцаан шийтгэх ажиллагаан дахь хохирогчийн тухай ойлголт нь объектив (агуулга) ба субъектив (хэлбэр)шалгууруудын албан ёсны нэгдэл мөн. Объектив шалгуураар илэрхийлэгдэж байгаа (de facto) хохирогч нь материаллаг эрх зүйгээр, субъектив шалгуураар илэрхийлэгдэж байгаа хохирогч нь процессын нэг оролцогчийн хувьд (de jure) хууль ёсоор хүлээн зөвшөөрөгддөг.

Гадаад улс орнуудын эрүүгийн материаллаг эрх зүйн ойлголтоор гэмт хэрэгт бодитойгоор хохирсон нийт хохирогчдыг гэмт хэргийн бодит хохирогч (actual victims), гэмт хэрэгт бодитойгоор хохирсон боловч ямар нэгэн шалтгаанаар албан ёсны тоо бүртгэлд ороогүй бодит хохирогчдыг нуугдмал (latent victims) хохирогч гэж тооцож байна[5].

Хохирогчийн эрхийг хамгаалах, хангах олон улсын стандарт нь дараах хандлага чиглэлтэй байгаа нь бодлого баримтын дүн шинжилгээгээр харагдаж байна. Үүнд:

  1. (шударгаар хандуулах эрх); төр нь өөрийн нутаг дэвсгэр дээр гэмт хэргийн хохирогчид учирсан хохиролтой холбоотой хууль зүйн болон ёс суртахууны хариуцлагыг хүлээх
  2. (мэдэх эрх); хохирогч нь гэмт хэрэгтний тухай болон байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгчдээс гаргасан шийдвэрийн тухай тодорхой мэдээлэл хүлээн авах
  3. (аюулгүй байх эрх);гэмт хэрэгтэн, түүний төрөл төрөгсөд, хамсаатан, дотны нөхдийн өшөө авалт, сүрдүүлгээс айж байгаа хохирогч нь гэмт этгээдийн эрхийн зарим нэмэгдэл хязгаарлалтыг шаардсан, төрийн эн тэнцүү хамгаалалтанд байх
  4. (зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх, хохирлоо арилгуулах эрх); гэмт хэргийн улмаас учирсан бие махбодийн ба сэтгэцийн гэмтэл, сэтгэл зүйн хор уршиг, алдагдсан орлого, эмчилгээний төлбөр, мөн төрөөс тогтоосон, нийгмийн халамжийн тогтолцооноос нөхөн төлбөр авах
  5. (нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа авах эрх) гэмт хэргийн хохирогч нь эхний ээлжид эрх зүйн туслалцаа, нийгэмийн дэмжлэг, хамгаалалтыг бололцооны хэрээр авах  зэрэг эрхээр тодорхойлогдож байгаа юм.

 

Монгол Улсын хууль тогтоомжид тусгасан хохирогчийн эрхийг олон улсын стандартад нийцүүлэн дараах байдлаар нь: 1) шударгаар хандуулах, шүүхээр хамгаалуулах эрх; 2) өөрийгөө өмгөөлөх, бусдаар өмгөөлүүлэх ба төлөөлүүлэх эрх;3) нотлох эрх; 4) мэдэх эрх; 5)Эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;  6)  Хөндөгдсөн эрхээ нөхөн сэргээлгэх эрх;  8)Аюулгүй байх эрх; 9) Нийгмийн халамж, тусламж авах эрх гэж ангилж болно.  

1. Хохирогчийн шударгаар хандуулах эрх нь олон улсын хохирогчийн хамгаалалтын тухай олон улсын баримт бичгүүдэд зааснаар: хүн бүр хууль, шүүхээр хамгаалуулах; төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх; гэмт хэрэгт хохирсон гэдгээ хүлээн зөвшөөрүүлж, хохирогчоор тогтоолгох; эрх мэдэл бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээгүй тухай шийдвэрийг эргэж авч үзэх талаар өргөдөл гомдол гаргах, шүүхэд шууд хандах эрх зэргийг тунхагласан байна. Эдгээр баримт бичгүүдэд зааснаар төр нь төрийн байгууллага, түүний албан тушаалтнаас гэмт хэргийн хохирогчидтой шударгаар харьцах, тэдний эрэлт хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах, нийгмийн халамж, туслалцаа авах, зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх,  мэдээлэл авах талаарх  эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх  талаарх  төрийн хариуцлагыг тогтоож өгсөн байна.

Хуулиар эрх олгосон бол хамгаалах хэрэгслийг нь хамт өгөх ёстой” (Ubi jus ibi reme dium) гэсэн римийн эрх зүйн хэлц үг бий.  Төр нийгмийн зүгээс хүний тодорхой эрх, эрх чөлөө бодитойгоор хэрэгжих баталгааны зохих механизмыг бүрдүүлээгүй бол хувь хүний эрх зүйн байдал нь зөвхөн тунхаг шинжээр үлдэнэ.

Эрх зүйн баталгаа нь улс төр, нийгмийн болон хууль зүйн баталгаанаас бүрдэх учраас гэмт хэрэгт хохирсон этгээдийн эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн тусгай байдал гол байр суурьтай.

   Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч хувь хүний эрхийг хангах механизм нь: ”эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилго зорилтыг нарийн тодорхойлох, оролцогч нэг бүрийн эрх зүйн байдлыг нэгдмэл логик дэс дараатайгаар журамлах, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд хувь хүний эрхийг бодитойгоор хангах хамгаалах, түүний дотор албан тушаалтнаас эрүүгийн байцаан шийтгэх хуулиар олгогдсон зорилтуудыг хангах үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн үр дагаварыг тогтоох, мөн эрүүгийн журмаар хууль бус, үндэслэлгүйгээр мөрдөгдөж байгаа этгээдийг цагаатгах арга хэрэгслийн тогтолцоог журамлах зэргийг багтаасан арга хэрэгслийн тогтолцоо” мөн гэж тодорхойлж болно.   

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд зааснаар: “иргэн нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй”[6] гэж заасан.

Хохирогчийн шүүхээр хамгаалуулах эрх нь өөртөө: өөрийн субъектив эрхийг хамгаалуулахын тулд шүүхэд хандах эрх; энэ талаар мэдээлэл авах эрх; шүүхийн бүрэлдэхүүн хууль ёсны байх эрх; шүүх ажиллагаанд биеэр оролцох эрх; гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах эрх; шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхүүд тус тус багтана.

Манай өнөөгийн нөхцөлд гэмт хэрэгт хохирсон этгээд нь шүүхэд хандаж, шударга шийдвэр гаргуулах боломжтой ч уг шийдвэрийг ханган биелүүлэх, эрхийг нь нөхөн сэргээх, нийгмийн халамж тусламж дэмжлэг авах, эцэст нь аюулгүй байдлаа хангуулах механизм, эрх зүйн тодорхой зохицуулалт илт дутагдаж байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуулийн 17 дугаар зүйлд: шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах зарчмыг тунхаглаж, “шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж заажээ. Энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаар “яллах” тал гэдэгт прокурор, “өмгөөлөх тал” гэдэгт шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний төлөөлөгчийг ойлгоно гэжээ. Энэ агуулгаар шүүх хуралдааны мэтгэлцээн нь зөвхөн улсын яллагч ба шүүгдэгч, түүнийг өмгөөлөх талын /шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний төлөөлөгч/ хооронд явагдах учраас, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, төлөөлөгч, өмгөөлөгчид нь  нь мэтгэлзэхдээ прокуророор дамжуулах, эсвэл шүүх хуралдаан дээр мэтгэлзэх боломжгүй, зөвхөн  238 дугаар зүйлд заасан оролцогч талууд тэгш эрхтэй байх ерөнхий нөхцөл буюу хүсэлт, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэхэд оролцох, үг хэлэх зэргээр хязгаарлагдмал хүрээнд “мэтгэлзэх” логик харагдаж байгаа юм.

Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Бат-Эрдэнэ: “Мэтгэлцээний сонгодог хэлбэр бол мэтгэлцээний эхлэл буюу гараа нь талуудад адил байх боломжийг хангаж өгөхийг ихээхэн чухал гэж үздэг. Иймээс шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд талууд өөр, өөрийн байр суурийг илэрхийлсэн эхлэлийн үг ээлжлэн хэлдэг онцлогтой. Харин манай орны хувьд шүүхийн хэлэлцүүлэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурор оролцож, яллах, цагаатгах талын нотлох баримт нэгэн зэрэг цуглуулсан улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгохоос эхэлнэ /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 262 дугаар зүйлийн 262.2/. Энэ нь яллах талын эхлэлийн үг юм. Харин хэлэлцүүлгийн эхэнд яллагчтай адил эхлэлийн үг хэлэх эрхийг өмгөөлөх талд олгоогүй юм”[7] гэж онцлон тэмдэглэжээ.         Тэрээр цааш нь: “Мэтгэлцүүлэн шүүдэг буюу мэтгэлцэх зарчим бүхий улс орнуудад шүүгч төвийг сахисан байр суурьтай байх ба байцаалтыг шууд явуулахгүй. Мөн төвийг сахисан байдлаа хадгалахын тулд байцаалтад оролцож, асуулт тавихаас аль болох зайлсхийдэг журамтай. Харин Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгч хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж, хэрэв зөвшөөрвөл түүний мэдүүлгийг авах /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 263 дугаар зүйлийн 263.1/ ба шүүгч байцаалтын аль ч үед асуулт тавьж болно /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 263 дугаар зүйлийн 263.2/”[8] гэжээ.

Хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа: “Манай шинэ эрүүгийн байцаан шийтгэх хуульд “оролцогчдын” болон “бусад оролцогч”-дын процессын баталгааг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, орчин цагийн шаардлага, нийтлэг жишгийн дагуу эрс нэмэгдүүлсэн боловч талуудын эрх тэгш байх болон мэтгэлзэх зарчмын жинхэнэ утгаар үйлчлэх цар хэмжээг анхан шатны шүүн таслах ажиллагааны хүрээнээс өргөжүүлэн авч үзэх онол, практикийн үндэслэл одоогоор алга” [9] гэжээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-ийн 5.1.7. хэсэгт “яллах тал” гэж прокурорыг, 5.1.8.  хэсэгт ”өмгөөлөх тал” гэж шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний төлөөлөгчийг ойлгоно гэжээ. Харин хохирогч нь шүүх хуралдаанд ердийн хуульд заасан журмын дагуу мэдүүлэх хүрээнд оролцох учраас гэмт хэрэгтнийг хохирогчийн өмнөөс бус, харин төрийн нэрийн өмнөөс яллагч-прокурорын саналтай нийцээгүй зөрөөтэй байгаа өөрийн байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй юм.

Гадаад улс орнуудын туршлагаас үзэхэд хохирогч нь мэтгэлцээний яллах талын бүрэн гишүүнээр хязгаарлахгүй, улсын яллагчтай байр суурь зөрөөтэй үед шүүх хуралдаан дээр өөрөө хувиараа яллах эрхтэй[10]

Судлаачийн үзэж байгаагаар мэтгэлзэх зарчмын хэрэгжилтийг жинхэнэ ёсоор хангахын тулд нэг талаас, талуудын мэтгэлзэх, байр сууриа харилцан илэрхийлэх боломж адил тэгш байх, нөгөө талаас хохирогчийг яллах талын бүрэн эрхт гишүүний байр суурийг эзлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-ийн 5.1.7 хэсэгт:  “яллах тал гэж прокурор, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийг” гэж  нэмэлт өөрчлөлт оруулах саналтай. Цаашид шүүх хуралдааны процедурыг шүүхийн мэтгэлцээний сонгодог загварт оруулж, өөрчлөх шаардлагатай. Материаллаг хэм хэмжээний хэрэгжилтийг хангах процедур, процесс байхгүйгээр зөвхөн тунхаглалын шинж чанартай болно.

Монгол Улсын Үндсэн хуульд: “иргэн нь төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” [11] гэжээ.

Өргөдөл гаргаж, шийдвэрлүүлэх боломж нь хохирогчийн байцаан шийтгэх ажиллагааны хамгийн гол чухал эрхүүдийн нэг мөн. Энэ эрхийн тусламжтайгаар хохирогч нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүхий л үе шатанд нөлөөлөх боломжтой болно. Өргөдөл нь хүсэлт болон гомдол гаргасан шинжтэй байж болно.

Хохирогчийн хүсэлт гаргах, хүсэлтийгшийдвэрлэх талаар ЭБШХ-ийн зохих зүйл, заалтуудад тодорхой заасан байна. Хохирогчийн: нотлох баримт шалгуулах хүсэлт тавих /42.3.3§/; хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах /42.3.12§/ эрхийг тусгайлан зааж өгсөн боловч,хууль тогтоогч нь хохирогчоос гомдол, хүсэлт гаргах тохиолдол бүрийг нарийвчлан зааж  өгөөгүй юм.

Монгол Улсын ЭБШХ-ийн 102 дугаар зүйлд: хохирогч нь тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоох, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүх болон шүүгчид гаргах эрхийг тусгажээ. 

2.Хохирогчийн өмгөөлөх, өмгөөлүүлэх ба төлөөлүүлэх эрх.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд хүн бүрийн ”өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрхийг нь баталгаажуулсан юм. Монгол Улсын ЭБШХ-ийн 18 дугаар зүйлд: “...хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх”-ийг хангах, 42-р зүйлд хохирогчийн “өмгөөлөгч авах эрх”-ийг тус тус заажээ. 

Судалгаагаар хуулийн байгууллагын ажилтнууд хохирогчид өмгөөлүүлэх эрхтэйг танилцуулдаг гэж хохирогч нарын 60 хувь, харин хуулийн байгууллагын ажилтнуудын 99.3 хувь нь хохирогч нарт өмгөөлүүлэх эрхтэйг нь танилцуулдаг хэмээн тус тус хариуллаа.

Ганцаарчилсан ярилцлагад хамрагдсан өмгөөлөгч нар хэлэхдээ хохирогчийн хувьд өмгөөлөгч авна гэдэг нь хохирсон дээрээ дахин хохироход хүрдэг тул гэмт этгээдтэй харьцуулахад өмгөөлөгч авах нь бага байдаг гэж үзсэн билээ. Өөрөөр хэлбэл хуульд аль аль нь өмгөөллүүлэх, төлөөлүүлэх эрхээр хангагдах ёстой ч бодит амьдрал дээр хохирогч тэр болгон өмгөөлөгч авах эдийн засгийн чадамжгүй, тэгээд ч хуулийн байгууллагын ажилтнуудын хандлага ч хохирогчийн энэ эрхийг хангах тал дээр санаачлагагүй ханддаг байна.

Хохирогчийн байцаан шийтгэх эрх зүйн байдал нь түүний эрхийн чадвар, чадамжаас шалтгаалан өөр өөр байна. Хохирогчийн эрхийн  чадвар бол гэмт халдлагаас шүүхээр хамгаалуулах эрхийг эзэмших чадвар мөн. Иймд: нас, бие, сэтгэл санааны байдлаас хамаарахгүй гэмт хэргийн улмаас хохирсон хүн болгон эрхийн чадвартай байна гэж үзнэ. Өөрийн эрх, эрх чөлөөг өөрөө хамгаалах болон бие дааж байцаан шийтгэх ажиллагаанд оролцох   эрхтэй  байх буюу эрх эдэлж, үүрэг хүлээх чадамжийн асуудлыг шийдвэрлэх нь ихээхэн  нарийн төвөгтэй байдаг. 

3. Нотлох  эрх.Монгол Улсын ЭБШХ-ийн 79 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтын эх сурвалжид, “хохирогчийн мэдүүлэг, хохирогч, түүний төлөөлөгчөөс  гаргаж өгсөн эд мөрийн баримт болон бичиг баримт” байхаар заажээ. Мөн хуулийн 42 дугаар зүйлд хохирогч, түүний төлөөлөгчөөс баримт  сэлт гаргаж өгөх эрх, 92 дугаар зүйлд тэднээс эрхээ эдлэх энэ хэлбэрийг “нотлох баримтыг цуглуулах нэг” арга гэж хуульчилсан байдаг.

Хэрэв хохирогч буюу түүний төлөөлөгч нь эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг баталсан, эсвэл үгүйсгэсэн мэдээлэл, баримт сэлт байгаа бол тэд шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчид гаргаж өгөх эрхтэй. Энэ тохиолдолд мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хохирогч болон түүний төлөөлөгчийн гаргаж өгсөн эд мөрийн баримт, буюу бичиг баримтыг олж авсан нөхцөл байдлын талаар мэдүүлэг авах үүрэгтэй. Мөн нотлох баримтыг илрүүлсэн нөхцөл байдал, тэдгээрийн онцлог шинжүүдийг тодорхойлсон протокол үйлдэнэ. Хохирогч, түүний төлөөлөгчид нь нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх явцдаа нотлох баримтыг илрүүлэх зорилгоор явуулж байгаа мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол гаргах эрхтэй.

ЭБШХ-ийн 144.8 зүйлд зааснаар, хохирогч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн  зөвшөөрлөөр “эд мөрийн баримт, бичиг баримт, үзэх буюу бусад этгээдийн өгсөн байцаалттай танилцах” эрхтэй.

Хохирогчоос баримт сэлт гаргаж өгөх нь сайн дурын ажиллагаа мөн. Хэрэв хохирогчийн зүгээс баримт сэлт гаргаж өгөхгүй байгаа тохиолдолд тухайн эд зүйлийг хураан авах, шаардлагатай бол нэгжлэг хийх боломжийг хуульд тусгасан байна.[12]     

Мөн хохирогч нь гэмт хэргийг нотлох зорилгоор мэдүүлэг өгөх эрхтэй. Хохирогч нь энэ эрхээ мэдүүлэг өгөх, эсвэл өөрөө бичиж өгөх замаар хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд мэдүүлэг өгөх санаачилга нь хохирогчийн талаас гарсан байна. Харин хохирогч сайн дураар мэдүүлэг өгөөгүй тохиолдолд энэ үйлдэл нь эрх бус, харин үүрэг болон хувирч байгаа юм. Иймд хохирогчийн мэдүүлэг нь зөвхөн өөрийн ашиг сонирхлыг хамгаалах хэрэгсэл, түүний эрх төдийгөөр үл хязгаарлана

Байцаан шийтгэх ажиллагааны боломжуудын дотор мэдүүлэг өгөх эрх нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой: хохирогч-хувь хүн нь зөвхөн өөрөө мэдүүлэг өгөх замаар энэ эрхээ хэрэгжүүлж болно. Хувь хүний болон хуулийн этгээд-хохирогчийн төлөөлөгчийг байцаах тохиолдолд гэрчийг байцаах журмаар асууна.

Хохирогчоос нотлох эрхийнхээ хүрээнд гэмт хэрэгтнийг халуун мөрөөр нь буюу цаашид эрэн сурвалжлах, түүнийг илэрсэн нөхцөлд баривчлах эрх байгаа юм. Мөн техникийн болон бусад туслалцаа үзүүлэх боломжтой хохирогч-хуулийн этгээдийг байцаан шийтгэх ажиллагаанд татан оролцуулах, мөн гадаадын зарим орны туршлагаар, эрэн сурвалжлах ажиллагаанд хувийн хамгаалалтын болон мөрдөлтийн бүтэц, нэгжийг ашиглах ирээдүй ойрхон байна гэдэгт найдаж байна.

Хохирогчоос улсын яллах ажиллагааны хувьд дэмжих нь зөвхөн туслах шинжтэй байдаг. Хохирогч болон түүний төлөөлөгч нь төрийн яллагчаас хараат бус бие даан үйл ажиллагаа явуулах эрхийг хуульчлах шаардлагатай. Прокурор яллахаас татгалзсан бол хохирогч нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох бүх үүргийг хүлээн авсанаар, илүү чухал ач холбогдолтой болох ёстой.

4. Мэдэх эрх (мэдээлэл авах, мэдээллээр хангуулах эрх).Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 19 зүйлд:”хүн бүр мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан ...хүлээн авах эрхтэй”, Гэмт хэрэг болон албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хохирогчдын талаарх хууль цаазын үндсэн зарчмын Тунхаглалын 4 зүйлд:” ...Албан болон албан бус механизмаар дамжуулан хохиролоо нөхөн төлүүлэхийг зорьсон хохирогчид тэдний эрхийг нь мэдээлж тайлбарлаж байх...Хүнд гэмт хэргийн улмаас хохирсон этгээдэд байцаан шийтгэх ажиллагааны хугацааны явц, үр дүн, хохирлын хэмжээ, тэдний оролцох талаар мэдээлэл өгөхөөс гадна тэд энэ тухай мэдээлэл хүсвэл зохих мэдээллээр хангана” гэж тус тус заажээ.  Европын Холбооны Сайд нарын Хорооноос гишүүн улсуудад өгсөн эрүүгийн эрх ба эрүүгийн процессын хүрээнд хохирогчийн харьцангуй байдлын Зөвлөмж ¹ R (85) 11. А.(Цагдаагийн түвшинд) гэсэн §2.3-т:” Цагдаагийн байгууллага нь хамтын ажиллагааны болон эрх зүйн болон практикийн тусламж, мөн эрх зүй зөрчигчийн болон төрийн талаас нөхөн төлбөр авах боломжийн тухай хохирогчид мэдээлэх ёстой. Хохирогч нь цагдаагийн мөрдөн байцаалтын үр дүнгийн тухай мэдээлэл авах боломжтой байх ёстой” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дах хэсэгт төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хийх, хүлээн авах эрхтэй”[13] гэж заасан.

Хохирогч, түүний төлөөлөгч нь өөрийн үндсэн болон байцаан шийтгэх ажиллагааны эрх, үүргийн тухай мэдээллийг байцаан шийтгэх ажиллагааг явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас авах, эдгээр эрхээ хэрэгжүүлэх боломжийг шаардах эрхтэй.       

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа байцаан шийтгэх хууль тогтоомжоос үзэхэд хохирогчийн эрхийг хангахад чиглэсэн: байцаан шийтгэх ажиллагааны эрх, үүргийг тайлбарлах; эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хоёр үндсэн арга хэмжээг зааж өгсөн байна.

ЭБШХ-ийн 187 дугаар зүйлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, 260 дугаар зүйлд зааснаар шүүгч нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид, түүний дотор хохирогч, түүний төлөөлөгчид тэдгээрийн эрх, үүрэг болон үүрэг биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг тайлбарлан өгч, байцаан шийтгэх ажиллаганы явцад эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй. Гэхдээ байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа этгээдүүд нь хэдийгээр хуульд заагаагүй боловч, мөн эрхээ эдлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг тайлбарлах нь тэдний ёс суртахууны үүрэг байх ёстой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147.3-т зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулахын өмнө гэрч, хохирогчийн  биеийн байцаалтыг шалгаж, түүнд эрх, үүргийг нь тайлбарлана.

Судалгаанд хамрагдсан нийт хохирогч нарын 43 хувь нь хохирогчийн эрхийн тухай мэдээллийг их төлөв хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн танилцуулснаар мэдэж авдаг гэж ингэж хариулснаас харагдаж байна. Үүнээс гадна өмгөөлөгчөөсөө, таньж мэддэг хүмүүсээрээ дамжуулан авахын зэрэгцээ хохирогчийн эрхийн талаарх мэдээллийг огт авч байгаагүй буюу өгч байгаагүй гэж арван хохирогч тутмын нэг нь хариулав. 

Хохирогчийн эрхийг тайлбарлах талаар судалгаанд хамрагдсан хохирогч, хуулийн байгууллагын ажилтнуудын хариултын хувийн жин

Хохирогч

Хуулийн байгууллагын ажилтнууд

Хуулийн үг бүрийг нэг бүрчлэн тайлбарлаж өгдөг (7%)

Хуулийн үг бүрийг нэг бүрчлэн тайлбарлаж өгдөг (16.9%)

Хуульд байгаа заалтыг ерөнхийд нь тайлбарлаж өгдөг (28.6%)

Хуульд байгаа заалтыг ерөнхийд нь тайлбарлаж өгдөг (45.6%)

Хохирогчид эрх, үүргийг нь уншиж өгдөг (27.6%)

Хохирогчид эрх, үүргийг нь уншиж өгдөг (27.2%)

Хохирогч эрхээ мэдсэн байдаг тул өөрөөр нь уншуулдаг (5.4%))

Урьдаас бэлтгэн боловсруулсан хохирогчийн эрх үүргийг сайтар уншуулдаг (5.1%)

өмгөөлөгчөөр дамжуулан эрх, үүргийг нь танилцуулдаг (7.6%)

Өмгөөлөгчөөр дамжуулан эрх, үүргийг нь танилцуулдаг (3.7%)

Тайлбарлаж өгдөггүй (23.8%)

Хариулахад хүндрэлтэй (1.5%)

Хуулийн байгууллагын ажилтнуудын бараг тал орчим хувь нь хохирогчид эрх үүргийг нь ерөнхийд нь тайлбарлаж өгдөг гэж үзсэн нь бусад хариултуудаасаа хамгийн давтамж өндөртэй хариулт болж байна. Харин хохирогч нарын хувьд мөн ерөнхийд нь хэлж өгөх эсвэл эрх үүргийг нь тайлбарлах маягаар эрх үүргийг нь танилцуулдаг гэсэн байна.

Судалгаанд хамрагдсан хохирогч нарын дээрх хариултад дүн шинжилгээ хийж үзвэл гурван хохирогч тутмын нэг нь хуулийн байгууллагын ажилтнуудын зүгээс эрхийг нь огт тайлбарлаж өгдөггүй эсвэл өмгөөлөгчөөр дамжуулан эрх үүрэгтэйгээ танилцсанаас үзэхэд хохирогчид эрх үүргийг нь тайлбарлаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь харагдаж байна. Мөн түүнчлэн ер нь хохирогч эрхийнхээ тухай мэдээллийг өөрөө уншиж судалдаг  гэж чанарын судалгаанд оролцсон хохирогч, өмгөөлөгч нар тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа этгээд нь бүх ажиллагааг хийж дууссан, хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл энэ тухай хохирогч, түүний төлөөлөгчид мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссаныг мэдэгдсэний дараа хохирогч, түүний өмгөөлөгчид хэргийн бүх материалыг, харин иргэний нэхэмжлэгч түүний төлөөлөгчид зөвхөн иргэний нэхэмжлэлд холбогдох хэсгийг танилцуулна. Хохирогчийн өмгөөлөгч хүсвэл түүнд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, соронзон болон дүрс бичлэгийг танилцуулж болно. Хохирогчид хэргийн материал  танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэх ба түүнд ямар материал танилцуулсан, хохирогч ямар хүсэлт гаргасан зэргийг тусгана. Хохирогч хэргийн материалтай танилцах үед бичгээр хүсэлт гаргасан бол хэрэгт хавсаргана. Хэргийн материалтай танилцах үед хохирогчоос гаргасан хүсэлтийг хэрэг бүртгэгч хүлээн авч хангах, эсвэл хэрэгсэхгүй болгож энэ тухай тогтоол гаргана. Хохирогч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоосон хугацаанд хэргийн материалтай танилцах ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлнэ. Хохирогч нь хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол прокурорт гомдол гаргаж болно.

Монголд мэдээлэл авах эрхийн хувьд хохирогч, түүний төлөөлөгч нь өөрийн үндсэн болон байцаан шийтгэх ажиллагааны эрх, үүргийн тухай мэдээллийг байцаан шийтгэх ажиллагааг явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас  авах, эдгээр эрхээ хэрэгжүүлэх боломжийг шаардах эрхтэй боловч, гэмт хэргийн талаарх хэрэг шийдвэрлэх ажиллагааны цар хүрээ, хугацаа, явц, гаргасан шийдвэрийн талаар болон гэмт этгээдийн талаарх мэдээллийг авах нөхцөл бололцоо хомс байна.

Бидний үзэж байгаагаар байцаан шийтгэх ажиллагааны онол, практик, гадаад улс орнуудын туршлагаар гэмт хэрэгт өртөгдсөн этгээдийг гэмт хэргийн хохирогчоор тооцож, түүнд эрх, үүргийг нь танилцуулахын хамт, түүний эрхийг бичиж гардуулах үүргийгхэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хүлээх шаардлагатай.

6. Эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах. Үндсэн хуульд: “Монгол хэл бол албан ёсны хэл мөн. Энэ нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэж заасан[14]. ЭБШХ-ийн 19 дүгээр зүйлд: “байцаан шийтгэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулах” болон “байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч этгээд нь монгол хэл мэддэггүй бол өөрийн эх буюу мэддэг хэл, бичгээр, хараагүй, хэлгүй, дүлий этгээд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар мэдүүлэг өгөх, гомдол гаргах, шүүх хуралдаанд үг хэлэх, хэргийн холбогдох бүх материалтай бүрэн танилцах эрхээр хангагдах”  зарчмыг тусгаж өгсөн юм.

Монгол хэл мэдэхгүй хохирогч нь орчуулагч, харин хараагүй, хэлгүй, дүлий хохирогч нь хэлмэрчээр дамжуулан байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхээр бүрэн хангагдсан юм.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хохирогчийг орчуулагч, хэлмэрчээр хангах үүрэг хүлээнэ.  ЭБШХ-ийн 47 дугаар зүйлд зааснаар дээрх этгээдүүд нь:

  • гэмт хэргийн хохирогч нь хэл мэддэг, аль хэр мэддэгийг  тодруулах;
  • хохирогчид орчуулагч хэлмэрчтэй байх эрхийг тайлбарлах;
  • хохирогчийг орчуулагчаар хангах зэрэг ажиллагаа явуулна.

7. Хөндөгдсөн эрхээ нөхөн сэргээлгэх эрх. Монгол Улсын Үндсэн хуульд: иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх”, төр нь” хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар” заажээ. Хохирогч нь эрүүгийн хэрэг үүсгэхээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэх хүртэл хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх, энэ талаар шаардлага тавих эрхтэй /ЭБШХ-ийн 42§,43§,115§/. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд хохирогч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсвэл түүний учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд, тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэгт холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхгүй. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ нь хэргийн талаар нотолбол зохих асуудлын /ЭБШХ-ийн 80§/ нэг учраас түүнийг тогтоох үүрэг шүүхийн өмнөх байцаан шийтгэх ажиллагааг явуулах байгууллага, албан тушаалтанд ногдоно.

Хэрэв гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан тухай хангалттай мэдээлэл байвал хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүх, прокурор нь иргэний нэхэмжлэл гаргах боломжоор хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Эдгээр арга хэмжээнд:

  • гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан этгээдийг тогтоох;
  • иргэний нэхэмжлэлийг хангах үүднээс эд хөрөнгийг эрэн сурвалжлах /үзлэг, нэгжлэг хийх/;
  • эд хөрөнгийг битүүмжлэх;

түүний бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа орно /ЭБШХ-ийн 132§,133§,134§/.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нэхэмжлээд зогсохгүй, мөн бие махбодийн болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох явцад, эрх зүйн нэгэнт тогтсон уламжлалыг хадгалахын хэрээр нийгмийн эрх зүйн өндөр ухамсрын хүмүүжлийн нэг чухал баталгаа болсон хууль тогтоомжийн тогтвортой байдал хангагдана.

Эрх зүй зөрчигч, түүний төлөө хариуцлага хүлээж байгаа этгээдээс хор уршиг арилгуулах эрхийн эд хөрөнгийн агуулга нь: эд хөрөнгөө буцаан авах эрх; үрэгдсэн эд хөрөнгөө нөхөн төлүүлэх эрх; гэмт хэрэгт хохирох явдалд учирсан зардлыг нөхөн төлүүлэх эрх; үйлчилгээ авах эрх /гэмт хэргийн улмаас гэмтсэн эрүүл мэнд, эд хөрөнгийн байдлаа нөхөн сэргээх/; зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх; сэтгэл санааны хохирлоо арилгуулах эрх зэргээс бүрдэнэ[15].

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл нь иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө болон эд хөрөнгөтэй холбоотой үүссэн харилцаа буюу  иргэний эрх зүйн  зохицуулах зүйлд  хамаарах учраас, иргэний болон хөдөлмөрийн маргаанаас үүссэн нэхэмжлэлийг хангах ажиллагааны журам адил учраас, энэ асуудлыг Иргэний хууль[16], Хөдөлмөрийн хууль[17], бусад холбогдох хууль тогтоо<

  • 2014-01-28
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх