2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал

Нэг. Эрүү шүүлтийн талаарх олон улсын ойлголт

 

“...Хэнд ч эрүү шүүлт тулгах буюу хэрцгий, хүний ёсноос гадуур эсвэл нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэхийг хориглоно.

/Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 5 дугаар зүйл/

 

Хэнд ч эрүү шүүлт тулгахыг ... хориглоно. Тухайлбал, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэн дээр ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийж болохгүй.

/Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйл/

 

 

 

Хэнийг ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй хэмээн Хүний эрхийн түгээмэл тунхаглал[1]-ын 5 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт[2]-ын 7 дугаар зүйлд заасныг харгалзан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1975 оны 12 дугаар сарын 9-ний өдөр батласан Хүнийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхээс хамгаалах тухай тунхаглалын дагуу 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц[3]” /цаашид эрүүдэн шүүхийн эсрэг конвенц гэх/-ийг батлан гаргасан байна.

Энэхүү Конвенцод Монгол Улс 2000 онд нэгдэн орсон бөгөөд ингэснээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтийг таслан зогсоох, эрүү шүүлт тулгасан хэнд боловч эрүүгийн хариуцлага тооцож байх үүргийг хүлээх болсон билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад “...Хэнд боловч эрүү шүүлт тулгаж ... болохгүй.” хэмээн эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулан тунхагласан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглосон заалтыг хуульчилсан бөгөөд сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглосон билээ.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн  зорилгын  дагуу  “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гуравдахь этгээдээс мэдээ, сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гуравдах этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гуравдах этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлдгийг мөн дээр дурдсан.Энэхүү тодорхойлолт нь хуулийн дагуу авах шийтгэл, арга хэмжээ, түүнээс үүдэн буюу холбогдон үүсэх зовлон, шаналалд хамаарахгүй[4] хэмээн эрүү шүүлтийн тодорхойлолтыг конвенцийн зорилгын үүднээс гаргаж ирсэн байна.

Эрүү шүүлт нь төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж байгаа этгээдүүдийн үйл ажиллагаа болон түүний өдөөн хатгалт буюу ил далд зөвшөөрлөөр үйлдэгддэг. Эрүү шүүлт тулгах гэмт үйлдлийг мэдүүлэг авах төдийгүй хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, мэдээ сэлт авах зорилгоор хийдэг.

Эрүү шүүлт тулгах магадлал бүхий субьект нь төрийн эрх бүхий албан тушаалтан байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, эрх чөлөө хязгаарлах ажиллагааны явцад албадлага хэрэглэх, эрхшээлдээ байлгах эрх бүхий төрийн тусгай албан тушаалтан байдаг. Жишээ нь: гэмт хэрэгтнийг илрүүлэх, эрэн сурвалжлах, нууц далд аргаар мэдээлэл цуглуулах чиг үүрэг бүхий гүйцэтгэх ажилтан, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх чиг үүрэг бүхий мөрдөн байцаагч, прокурор, саатуулах, баривчлах, цагдан хорих байрны ажилтан зэрэг байж болно. Түүнчлэн эдгээрийн ил далд зөвшөөрөл, ятгалгаар хэн нэгэн энгийн иргэн эрүү шүүлт тулгасан байхыг үгүйсгэхгүй.

Эрүү шүүлт тулгах гэдэг нь мэдээ сэлт, мэдүүлэг авах зорилгоор уг эх сурвалжийг мэдэх буюу гаргуулан авах этгээдийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох үйлдлийг нэг удаа болон янз бүрийн давтамжтайгаар удаан хугацаанд санаатай хийгдэж байгаа үйлдлийг илэрхийлдэг. Ер нь эрүү шүүлт тулгах нь тодорхой зорилго, сэдэлттэйгээр тодорхой хугацаанд, бусдыг ялгаварлан гадуурхах үндэслэл бүхий, төлөвлөсөн үйлдэл, эс үйлдэхүйн бодит илрэл болж өгдөг. Эрүү шүүлт тулгах гэдэгт гэмт хэргийг мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтан буюу албан үүрэг гүйцэтгэж байгаа бусад этгээд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж болон шүүгдэж байгаа хүнээс эсвэл, гэрч, хохирогч, шинжээч бусад хүнээс хэргийн талаар мэдээлэл авах, хэргийг хүлээлгэх, өөрийнх нь хүсээгүй мэдээлэл, мэдүүлгийг гаргуулах, ял шийтгэхийн тулд сэтгэхүйн болон биеийн хүч хэрэглэх, айлгаж сүрдүүлэх, албадах, санаатайгаар хүчтэй өвтгөх буюу бие махбод, сэтгэл санааг тарчлаан зовоосон аливаа үйлдлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл эрүү шүүлт тулгагч нь хүнээс өөрийн хүссэн мэдээлэл, мэдүүлэг гаргуулахын тулд хүний биеийг зовоох (зодох, өвтгөх), хэл амаар зовоох (аашлах, загнах), сэтгэл зовоох (айлгах, шаналгах, сүрдүүлэх) гурван аргын аль нэгээр буюу нийлбэрээр илэрч болох онцлогтой.[5]

Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний жам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Дайны байдал, дайны аюул занал, дотоодын улс төрийн тогтворгүй байдал, нийтийг хамарсан онц байдал тогтоох зэрэг нь эрүүдэн шүүхийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж, тус зүйлийн 3 дахь хэсэгт “Дээд шатны албан тушаалтны буюу төрийн эрх бүхий байгууллагаас авсан тушаал нь эрүүдэн шүүхийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж  тус тус хуульчилсан нь ямар ч үед хязгаарлагдахгүй байх баталгааг бий болгожээ.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоос гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь болон бусад төрлийн олон баримт бичгүүдэд бусдыг эрүүдэн шүүх ажиллагааг шууд хориглосон заалтыг олноор оруулж баталсан байна. Үүний зэрэгцээгээр бүс нутгийн хүний эрхийн олон улсын гэрээ, баримт бичгүүдэд ч энэ асуудал мөн тусгалаа олсон байдаг.

Америкийн Хүний эрхийн тухай конвенц (1969 он), Хүний болон улс төрийн эрхийн тухай Африкийн Харти (1981 он), Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенц (1950 он), Хүний эрхийн тухай Арабын конвенц (1994 он, одоогоор хүчин төгөлдөр болоогүй) зэрэг баримт бичгүүдэд эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцааг мөн адил хориглосон байдаг.

Бие махбод, сэтгэл санааг хүчтэй өвтгөх, эсвэл тарчлаан зовоох үйлдлүүд нь эрүү шүүлтийн түгээмэл хэлбэрүүд юм. Эрүү шүүлт нь зөвхөн бие махбодыг өвтгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд өвтгөх, зовоох үйл ажиллагаа нь нэг удаа бус олон давтагдсан, тарчлаах шинжтэй байхыг ойлгодог. Эдгээр үйл ажиллагааны гол шинж бол зориуд санаатай үйлдэгддэг болохоор болгоомжгүй өвтгөж, зовоосон үйлдэл нь эрүү шүүлтэд тооцогдохгүй. Тэгэхдээ эрх бүхий албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ болгоомжгүй бусдыг шаналган зовоосон, өвтгөсөн, гэмтээсэн байх боломжгүй бөгөөд төр эрх олгосныхоо төлөө давхар хариуцлага хүлээдэг. Тиймээс эрүү шүүлт тулгасан этгээд эрүүгийн хариуцлага хүлээж, харин эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хоёр. Үндэсний эрх зүйн зохицуулалт ба эрүү шүүлтийн нөхцөл байдал

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”[6] гэж заажээ. Иймд Үндсэн хуульд томьёологдоогүй боловч Монгол Улсын олон улсын гэрээнд тодорхойлсон хүний эрх, эрх чөлөөг (хэрэв Үндсэн хуульд зааснаар хязгаарлаагүй бол) манай оронд байгаа бүх хүн нэгэн адил эдлэх, хамгаалуулах боломжтой.

Манай эрүүгийн байцаан шийтгэх хуульд олон улсын гэрээний талаар тусгайлан заасан заалт байхгүй гэж үзэж болох боловч “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад Үндсэн хуулийг удирдлага болгож энэ хуулийг баримтална”[7] гэж заажээ.

Тэгвэл Үндсэн хуулийн дээрх заалтаас үзэхэд олон улсын гэрээг шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд соёрхон баталсан олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчинтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа олон улсын баримт бичгийг удирдлага болгох, тэдгээрт нийцүүлэх шаардлага байгааг анхаарах ёстой. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц[8], Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм[9], Хүүхдийн эрхийн тухай[10] конвенцүүдэд  байцаан шийтгэх ажиллагаанд тавигдах шаардлагууд түлхүү тусгагдсан байдаг бол НҮБ-ын холбогдох хороод, Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган хуралдаануудаас баталсан жишиг дүрэм, үндсэн зарчмуудад зөвлөмж, удирдамж, ёс зүйн хэм хэмжээний шинжээр тусгагдсан байдаг. Харамсалтай нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд олон улсын гэрээ, конвенц, хэм хэмжээг хэрэглэхгүй байна.

Манай улсын нэгдэн орсон  хүний эрх, тэр дундаа эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцүүдийн баримт бичгүүдийг агуулгын хувьд байцаан шийтгэх ажиллагааны зарчим нь “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр харгис хэрцгийгээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн зорилго болон зарчимтай, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй харьцахдаа баримтлах эрүү шүүлтээс ангид байх олон улсын баримт бичгүүдийн зарчимтай, байцаан шийтгэх ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байгаа албан тушаалтнуудад тавигдаж байгаа шаардлагатай холбоотой олон улсын баримт бичгүүдтэй манай дотоодын хууль тогтоомж хэрхэн зөрчилдөж байгааг авч үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас үзэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дотор нь сэжигтнээр цагдан хорих, яллагдагчаар цагдан хорих гэж хоёр ангилдаг. Хуулиас үзэхэд " онцгой " тохиолдолд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдэд ял сонсгохын өмнө таслан сэргийлэх арга хэмжээ авч болохоор заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын практик ажиллагаанаас харахад албан тушаалтнууд нэгдүгээрт: хуулийн энэхүү  "онцгой тохиолдол" гэсэн тодотголыг анхаарч үздэггүй, хоёрдугаарт: таслан сэргийлэх бусад төрлийн арга хэмжээг авч болох боломжтой байхад зөвхөн цагдан хорихыг урьтал болгодог.

Тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шалгалт хийгдээгүй, дөнгөж эрүүгийн хэрэг үүсгээд, уг хэрэг нь шүүхэд очих эсэх нь тодорхойгүй, ер нь хэрэг гарсан эсэх, хэрэв гарсан бол уг хэрэгт энэ хүн холбоотой эсэх ямар зүйл ангиар буруутгагдах эсэх нь огт  тодорхойгүй байхад сэжигтнээр тооцож, улмаар цагдан хорих гэж махран хөөцөлдөж, хорьж байгаа явдал нь сэтгэл санаа, улмаар бие махбодийн шаналал, дарамтын дор хэрэг хүлээлгэж мэдүүлэг авах сонирхол, оролдлоготой зайлшгүй холбоотой. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар  гэмт хэрэгт сэжиглэж бусдыг баривчилж хорьж болох үндэслэлийг тодорхой заасан хирнээ буцаагаад суллах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх болзол журам, заалтыг орхигдуулснаас практик ажилтнуудын дунд хоригдогсдыг шүүхэд шилжихээс өмнө нь гаргасан ч эс гаргасан ч дурын хэрэг мэтээр хандах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар нь саналаа прокурорт өгөхгүй байх, үндэслэлгүйгээр ёс юм шиг удаан хугацаагаар хорих нь ихээхэн түгээмэл байна.

Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хэн нь энэ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай  гомдол санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа нь олон хоног сараар хоригдож байгаа ар гэрийнхэнд нь маш төвөгтэй байдлыг үүсгэж байгаа нь нууц биш юм. Угтаа бол цагдан хорих тухай шүүхээс тогтоосон хугацаа дуусаагүй байхад уг шийдвэрийг прокурор хүчингүй болгох, өөрчлөх санал тавих эрхтэй. Гэмт хэргийн ангилал, сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлаас шалтгаалан цагдан хорих шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлтэй байвал зөвхөн тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурор энэ тухай саналаа шүүхэд танилцуулж шийдвэрлүүлнэ. Прокурор энэхүү саналыг гаргахдаа мөрдөн байцаагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзана. Энэ талаар прокурор санал гаргаагүй тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийг прокурорт шилжүүлнэ хэмээн УДШ-ийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан тушаалд[11] заажээ. Энэ хамтарсан тушаалд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад прокурорын эрх хэмжээг тэр дундаа таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд хэрхэн тухайн хүний халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангаж ажиллах талаар тодорхойлжээ.

Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээ авахад шүүгч зөвшөөрөл өгөхтэй холбоотой хуулийн зохицуулалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын[12]…баривчлагдсан буюу  эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүгч буюу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон албан тушаалтан[13] зөвшөөрөл олгохоор заасантай тохирсон байх бөгөөд ингэснээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг баталгаажуулахад чиглэсэн чухал алхам болсон гэж үзэж байна.

Хэдийгээр баривчлагдсан, цагдан хоригдсон хүний тоо буурч байгаа боловч, таамаглал төдий үндэслэлээр хорих явдал их хэмжээгээр байсаар байна. Зарим шүүх баривчлах, цагдан хорих тухай саналыг баталгаажуулагч болж байгааг ч олон нийт шүүмжилж байна. Шүүхэд зөвшөөрлийн эрх шилжсэний гол агуулга бол гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэг сонирхолгүй, хөндлөнгийн байгууллагаас /шүүхээс/ хорих сонирхлыг илэрхийлэгч цагдаа, прокурорын болон сэжигтэн, яллагдагч тэдгээрийн өмгөөлөгчийн байр суурь, тайлбарыг сонсож байж /мэтгэлцэх зарчмын үндсэн дээр/  шийдвэр гаргахад оршино.

Одоогийн үйлчилж байгаа ЭБШХ-иас үзэхэд онц хүнд, хүнд, хүндэвтэр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, эсвэл удаа дараа ял шийтгэгдэж байсан буюу онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн мөрдөн байцаалтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэх буюу оргон зайлсхийж болзошгүй үндэслэл байна гэж үзвэл цагдан хорьж болохоор байна. Тэгэхдээ оргон зайлсхийж болзошгүй гэх мэтийн субьектив хандлагыг биш, оргон зайлах үндэслэл байвал гэх зэрэг обьектив шинжийг нь тухайн арга хэмжээний тулгуур үндэс болгох шаардлагатай.

Түүгээр ч барахгүй хөнгөн гэмт хэрэгт холбогдогчид, жирэмсэн буюу хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүсийг “оргон зайлсхийсэн буюу оргон зайлж болзошгүй, өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн бол” хорьж болохоор байна. Тэр тусмаа Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд төрлийн гэмт хэрэгт сэрдэгдсэн хэнийг ч зөвхөн зүйл ангиас нь хамаараад баривчлах боломж нээлттэй байгаа юм. Хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүн заавал баривчлагдах учраас дараачийн таслан сэргийлэх арга хэмжээ нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ байх нь бараг тодорхой байдаг.

Манайд хорих цагдах явдал хэт хавтгайрсан, хэрэг хүлээлгэх гол хэрэгсэл болсон ба энэ нь  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын “Хэргийг нь шүүхээр таслан шийдвэрлэх хүнийг цагдан хорих явдал нийтлэг журам байх ёсгүй ” гэсэн заалтыг шууд, илтээр зөрчиж байгааг харуулж байна. Шүүхийн тайлангаас дараах статистик харагдаж байна.

 

Үзүүлэлт

Баривчлах санал ирүүлсэн хүний тоо

Баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо

Баривчлахаас татгалзсан хүний тоо

Цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо

Цагдан хорихоос татгалзсан хүний тоо

2010 онд

853

797

56

4918

262

2011 онд

715

679

36

4395

305

2012 онд

837

793

44

4338

243

 

1999 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор[14] Косовод энхийг сахиулах талаар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу тэрбээр мөн оны 12 сарын 22-нд “Урьдчилан цагдан хорих хугацааг сунгах тухай” 26 тоот тушаал гаргасан ба түүний нэгдэх хэсэгт “Урьдчилан цагдан хорих цаад захын хугацаа болох 6 сар дээр давж заалдах шатны шүүхийн бүрэлдхүүн хэргийг шударга зөв шийдвэрлэх баталгааг хангахын тулд нэмж 3 сараас илүүгүйгээр сунгаж болно”, 1-р зүйлийн 2 дахь хэсэгт “1.1-д дурдсан цагдан хорих хугацааны сунгалтууд нь 5 жилээс дээш хорих ял оногдуулж болзошгүй гэмт хэрэгт хамаарна”, 2-р зүйлийн 1 дэх хэсэгт “энэ тогтоолын 1-р зүйлд заасан урьдчилан цагдан хорих хугацаа дуусахаас өмнө яллагдаагүй бол сэжигтэнг суллана” хэмээн тус  заасан байна.[15]

Үүнтэй холбогдуулан судлаач миний хувьд ч мөн ялгаагүй гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй сэжигтэнг  удаан хугацаагаар хорьж байгаа нь хүний эрхийн зөрчлийн нэг гол анхаарал татсан асуудал мөн гэдэг саналтай байдаг.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн заалтын дагуу энэ төрлийн гэмт хэргийн субъект нь төрийн эрх бүхий тусгай албан тушаалтан байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж, албадлага хэрэглэх эрх бүхий төрийн бүх албан тушаалтан байх ёстой. Манай Эрүүгийн хуульд “Мэдүүлэг өгөхийг албадах” гэсэн зүйл ангийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “Эрүү шүүлт тулгах”[16] хэмээн нэрийг нь өөрчилсөн боловч энэ нь конвенцийн шаардлагыг огтхон ч хангаагүй байдаг.

Эрүүгийн хуульд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж, мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх,[17] энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх,[18] энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ[19] гэсэн заалтыг нэмж оруулжээ.

Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадсан үйлдэл санаатай хийснээр бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хүндэвтэр гэмт хэрэг, харин албадсан хууль бус үйлдэл, шахалтын улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, их хэмжээ (гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 125-аас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх)-ний хохирол учирсан бол мөн зүйлийн 2 дахь зүйлд заасан хүнд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.

2008 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр[20] мөн зүйлийн 3 дахь зүйлд энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь онц хүнд гэмт хэргийн бүрэлдэхүүний ангилалд энэ гэмт хэргийг оруулж өгсөн нь конвенцийн заалтын дагуу “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэгт хуулиар зохих шийтгэл тогтоох бөгөөд чингэхдээ энэ нь онц аюултай гэмт хэрэг гэдгийг харгалзан үзнэ[21] гэсэн заалттай нийцэж байна. Эрүүгийн хуулиар энэ гэмт хэргийн субъектүүдийг хязгаарлагдмал хүрээнд зөвхөн хэрэг бүртгэгч[22], мөрдөн байцаагч[23] гэж нэр заан оруулж өгснөөрөө хуулиар олгогдсон эрх мэдэл бүхий бусад субъектүүдийн хувьд бусдад эрүү шүүлт тулгасан гэх үйлдэл дээрээ хөнгөн гэмт хэргээр зүйлчлэгдэн ял завших боломжийг олгож байна гэж үзэж болохоор байна. Эрүүдэн шүүх зөвшөөрөл олгосон, хатгасан, хамтран оролцсон, хамжсан зэрэг үйлдлийг эрүүдэн шүүхэд хамтран оролцсон гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхаар конвенцид заасан боловч энэ талаар манай Эрүүгийн хуульд өнөөдрийг хүртэл тусгаагүй байх тул цаашид Хууль зүйн яамнаас боловсруулж буй Гэмт хэргийн тухай хуулийн төслийн 13.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль сахиулагч хувийн сэдэлтээр өөрөө эсвэл бусдыг хатгаж, эсвэл бусдад зөвшөөрөл олгож, эсвэл бусад байдлаар зөвшөөрч буйгаа илэрхийлж сэжигтэн, яллагдагч, бусад хүнээс тайлбар, мэдүүлэг авах, хэрэг оногдуулах, ял, шийтгэл оногдуулах зорилгоор болон ял, шийтгэл эдэлж байгаатай нь холбогдуулан өөрт нь эсвэл бусад хүнийбие махбодид халдсан, сэтгэл санааны зовиур зориуд учруулсан, айлган сүрдүүлсэн, дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан бол долоон сая төгрөгөөс гучин зургаан сая төгрөгөөр торгох, эсвэлнэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байгаа нь эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн агуулгатай харьцангуй нийцэж байгаа хэдий ч бүрэлдэхүүнийг бүрэн тодорхойлж чадахгүй байна. Харин Комиссоос Хууль зүйн яаманд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг “Төрийн албан тушаалтан өөрөө болон бусдаар дамжуулан аливаа хүнээс мэдүүлэг, баримт сэлт, мэдээлэл авах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, айлган сүрдүүлэх, аливаа байдлаар алагчилах зэрэг хууль бус арга хэрэглэж тухайн хүн буюу түүний ойр дотны хүмүүсийн бие махбодид халдсан, эсвэл сэтгэл санааг хүчтэй шаналган зовоосон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчлахаар санал хүргүүлж байсан юм. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар “Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэж 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн харьяаллыг тодорхой тогтоож өгсөн.

Тус албанд 2002-2013 он хүртэл 11 жилийн хугацаанд “Эрүү шүүлт тулгах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлээр нийт 64 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийн зүйлчлэл өөрчлөгдөн өөр зүйлээр шийдвэрлэгдсэн, 9 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Дээрх хэргүүдээс 42-ийг нь прокурорын хяналтад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлснээс 34 хэргийг прокурор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээрийн хууль зүйн үндэслэлийг судлахад 13 хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, 8 хэргийг нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэл зааж, үлдсэн хэргүүдийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл буюу “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр хөнгөрүүлэн хэрэгсэхгүй болгожээ.

Мөн 6 хэргийг “Өршөөлийн тухай хууль”-д хамруулж, өршөөл үзүүлсэн байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 10 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээс 5-ыг нь шүүх шийдвэрлэж, зохих ял шийтгэл оногдуулсан бол үлдсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 4 хэрэг прокурорын хяналтад хянагдаж байна. Манай хуулийн байгууллагууд эрүү шүүлтийн эсрэг гэмт хэргийг хянах, шийдвэрлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон гэрээний заалтуудыг аль ч шатандаа хэрэглэж хэвшээгүй, эрүү шүүлтийн талаар нэгдсэн ойлголтгүй, хэргийн шийдвэрлэлт хангалтгүй байгааг дээрх тоо баримт харуулж байна.

Үндэсний хууль тогтоомжийг олон улсын гэрээ конвенцид нийцүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, буруутай этгээдийг шийтгэх талаар байнга санал, зөвлөмж хүргүүлж, хуулийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулсаар байхад Цагдаагийн байгууллагаас хүнд эрүү шүүлт тулгах, нэр төр, сэтгэл зүйд нь халдахуйц тусгай сандалыг мөрдөн байцаах тасгууддаа тараажээ. Тус сандал нь үл хөдлөх байдлаар шалтай бэхлэгдэх бөгөөд тухайн сандал дээр байцаалт авах сэжигтэн, яллагдагчийг суулгаж гар хөлийг дөнгөлж, ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй болгох зориулалттай боловч хүчээр байцаалт авах гэсэн оролдлого, эрүү шүүлт тулгах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс хууль тогтоомжийг өөрчлөхөөс гадна хуулийн байгууллагууд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр нөлөөтэй, бодитой үйл ажиллагаа явуулж, удирдах албан тушаалтнууд хүний эрхийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй.

 

Гурав. Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл

Комиссоос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлдэг билээ. Тэрхүү илтгэлийн хүрээнд эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх төрийн үүргийн хэрэгжилтийг тодорхой судалгаа, баримт, нотолгоотойгоор дүгнэн, санал зөвлөмж өгсөөр ирсэн. Харамсалтай нь тэрхүү зөвлөмжүүдээс хэрэгжээгүй байгаа нь харьцангуй их байна. 2011 онд 10 жилийн ойгоор өмнө өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилтийг тооцож үзэхэд нийт 143 санал зөвлөмжөөс 41 нь буюу 28.6 хувь нь бүрэн, 45 нь буюу 31.4 хувь нь хагас хэрэгжиж, 57 нь буюу 39.6 хувь нь огт хэрэгжээгүй байсан. 2003, 2004, 2006, 2010, 2012 онд УИХ-д өргөн барьсан илтгэлүүдэд эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулах, төрийн зүгээс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг зөвлөсөн байдаг.

 

Илтгэл-2003[24]:

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын ажил дүгнэх үзүүлэлт, журмыг өөрчлөх, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг /ЭБШХ-ийн 44 дүгээр бүлэг/ барагдуулах эрх зүйн зохицуулалтыг шүүхийн практикт хэрэглэж, хэвших талаар зөвлөмж хүргүүлж байсан. Түүний дагуу УДШ-ийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолоор тус бүлгийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар тайлбарласан. Тиймээс энэ заалтаар гэм хороо нэхэмжлэх шүүхийн практик нэмэгдэж байна.

Хууль тогтоомжид хүний эрхийг нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын жишиг, стандартад нийцүүлэн цагдан хорих хугацааны хязгаарыг аль болох бага байхаар хууль тогтоогчийн зүгээс эргэж харах, олон улсын гэрээний хэрэгжилт тааруу, дотоодын хууль тогтоомжоо  уялдуулахгүй шахам явж ирсэн. Тиймээс олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, хэвлэн нийтлэх, шүүн таслах ажлын практикт хэрэглэж хэвшүүлэхэд шинэ хандлага, арга ажиллагаа бий болгох талаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл энэ зөвлөмж үндсэндээ биелэхгүй байсаар байна. Ялангуяа эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэн ороод 13 жил өнгөрч байхад одоог болтол эрүү шүүлт тулгах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг конвенцийн агуулгад нийцүүлээгүй хэвээр байна.

 

Илтгэл-2004[25]:

Цагдан хорих бүх байруудад аттестатчлал явуулж, хуулийн шаардлага, стандарт хангаагүй байруудыг засварлах, боломжгүй хэсгийг нь хаах хүртэл арга хэмжээ авах зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд тус зөвлөмжийн мөрөөр, Комиссоос жил бүр хийсэн шалгалтын үр дүнд цагдан хорих байрны нөхцөлийг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн боловч одоогоор бүх байр шаардлага хангахгүй байна.

Сэжигтэн, яллагдагчийг орон нутгаас нь өөр газарт шилжүүлэн хорьдог хууль бус ажиллагааг таслан зогсоох зөвлөмжийг хүргүүлж байсан боловч энэ зөрчил одоог хүртэл арилахгүй л байна. Жишээ нь 2012 онд оршин суугаа газраас өөр газарт хорьсон, цагдан хорих байр шилжүүлэн хорьсон талаар 4 хүнээс Комисст гомдол гаргасан.

 

Илтгэл-2006[26]:

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2005 онд бүтэн жилийн хугацаатай нээлттэй хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдээс өргөдөл, мэдээлэл хүлээн авч, судалгаа хийж, уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг явуулсан. Энэхүү шалгалтын ажлын хүрээнд цуглуулсан баримт, мэдээлэлд тулгуурлан Монгол Улс дах хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг 2006 онд Улсын Их Хуралд өргөн барьсан. Тус илтгэлийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар бүтэн 2 өдөр хэлэлцээд 54 дугаартай тогтоол гаргасны дагуу Комиссын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгч, зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд цагдан хорих 461 дүгээр ангийн байрыг олон улсын стандартад нийцүүлэн шинээр барьж ашиглалтад оруулсан. Харамсалтай нь тус цагдан хорих байрны чанарын асуудал өнөөдөр яригдаж байна.  Тус илтгэлээр дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байсан юм.

  • Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бус харьцах явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хуулийн байгууллагын ажилтнуудын ажлыг үнэлэх, дүгнэх, албан тушаал ахиулах, алдар цол олгох шалгуур үзүүлэлтүүд, заавар журмыг хянан үзэх;
  • Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж, мөрдөх журмыг аль болох хязгаартай хэрэглэх талаар, олон улсын гэрээний заалтуудыг дотоодын хууль болон хэрэгжүүлж буй дүрэм, журам, зааварт өөрчлөлт оруулах замаар хорьж мөрдөх дээд хугацааг багасгах боломжийг судлан хэрэгжүүлэх. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлд заасан хорьж мөрдөх хугацааг 18 сараас хэтрүүлэхгүйгээр, насанд хүрээгүй хүмүүсийг 6 сараас хэтрүүлэхгүйгээр тогтоох;
  • Хуульд заасан цагдан хорьж мөрдөх хугацаа дуусмагц хоригдогчийг нэн даруй суллах журмыг хуульчлах шаардлагатай;
  • Эрүүдэн шүүгдсэн, хэрцгий хүнлэг бус харьцаанд өртөж, бие эрхтэн, эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдолд хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох тухай хууль тогтоомжийн заалтыг боловсронгуй болгож, бодит хохирлын зэрэгцээ эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох;
  • Эрүүдэн шүүсэн, хэрцгий хүнлэг бусаар харьцсан төрийн албан хаагчдад хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • Эрүүдэн шүүсэн болон хэрцгий хүнлэг бусаар харьцсан тухай гомдол мэдээллийг түргэн шуурхай шалгаж, гэм буруутай этгээдэд шударга ял шийтгэл оногдуулах, ийм төрлийн хэргийг албан тушаалын эсрэг гэмт хэрэгт тооцож, тусгайлан зүйлчилж шийдвэрлэх журмыг боловсронгуй болгох;
  • Онц хүнд гэмт хэргээс бусад гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээд оршин суух тодорхой хаягтай, гэр бүлтэй, үл хөдлөх хөрөнгөтэй, эрхэлсэн ажил албатай, оргон зугатаахаар завдаж байгаагүй тохиолдолд баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аль болох хэрэглэхгүй байх хэрэглэсэн тохиолдолд суллахыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт үүрэг болгосон заалт оруулах;
    • 2014-01-23
    • |
    • 0 сэтгэгдэл
    • |
    • 132 үзсэн тоо
Нэвтрэх