2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 16-р зүйлийн 16.13-д Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд ч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Иргэний хувийн ба гэр бүл, захидал  харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална; 16-р зүйлийн 16.18-д Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно[1] гэж Монгол Улсын Үндсэн хуулинд иргэний баталгаатай эдлэх эрхийг заасан нь хүнийг эрхийг хангах чухал заалт болсон юм. Энэхүү эрхийг хангах, гэр бүл дэх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүднээс 2004 оны 05 дугаарсарын 13-ныөдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” баталсан.

Мөн хүний эрхийг түгээмэл тунхаглалын 3-р зүйлд Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. 2-р зүйлд Хүн бүр энэхүү тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьсны өнгө, үндэс угсаа, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой.[2]

Түүчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91-р зүйл Хүнийг санаатай алах, 94-р зүйл Бусдыг болгоомжгүй  алах, 95-р зүйл Бусдыг амиа хорлоход хүргэх, 96-р зүйл Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, 98-р зүйл Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, 99-р зүйл Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, 100-р зүйл Тарчлаах, 109 дүгээр зүйл Хүнийг хууль бусаар хорих, 114-р зүйл Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах, Насанд хүрээгүй хүнийг согтуурал, мансуурал, биеэ үнэлэх, тэнүүчлэл, гуйланчлалд татан оруулах, 116-р зүйл Хүүхэд солих, хууль бусаар үрчлэх, 117-р зүйл Хүүхэд хаях, төөрүүлэх, 118-р зүйл, Асран хамгаалах үүргээ урвуулах, 119-р зүйл Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах, 120-р зүйл Эцэг, эх, эхнэр, нөхөр, төрүүлсэн  буюу үрчилж авсан хүүхдээ тэжээн тэтгэхээс ноцтой зайлсхийх, 121-р зүйл Хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлэх, 122-р  зүйл Арван зургаан насанд хүрээгүй  хүнтэй хурьцал үйлдэх, 124-р зүйл Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, 125-р зүйл Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, 126-р зүйл Хүчиндэх,127-р зүйл Эмэгтэй хүнийг тулган шаардаж үр хөндүүлэх[3] зэрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрхийг хамгаалаад зогсохгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга зам бий болж, хүчирхийлэл үйлдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдүүдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагын тогтолцоо бүрдсэн ч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнийг бууруулах талаар хууль хяналтын байгууллага төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа нь хачирхалтай.         

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.1-д Аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсвэл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ[4] гэж заасан.                            

Дээрхи хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлсон нь учир дутагдалтай гэж бид үзэж байна. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн дийлэнхи хувь нь бие махбодийн хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн хүнд хэлбэр бөгөөд энэ үйлдэл нь даамжирч эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг болох тохиолдол түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн илрэн гарах гадаад хэлбэр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгдэх явдлаар илэрдэг.

Гэр бүлийн хүчирхийллийг дараах шинжээр нь эрх зүйн зөрчлийн нэг төрөл гэж үзэж болно.Үүнд:  Гэр бүлийн хүчирхийлэл нь үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрнэ. Гэр бүлийн хүчирхийлэл нь сэтгэл санааны дарамт үзүүлсэн болон зодох, цохих, эсвэл үл хайхрах хэлбэрээр илэрнэ.

  • Гэр бүлийн хүчирхийлэл нь эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн байдаг. 
  • Гэр бүлийн хүчирхийлэл нь гэм буруутай зан үйл байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн санаатай хэлбэрээр илэрдэг зарим тохиолдолд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэж болно.        
  • Гэр бүлийн хүчирхийлэл нь нийгэмд хор аюултай байна. Гэр бүлийн хүчирхийлэл газар авч хүндрэх тусам нийгэмд учруулах хор аюул нэмэгдэж байдаг.   
  • Гэр бүлийн хүчирхийлэл нь хууль тогтоомжид тусгагдсан хууль зүйн хариуцлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан эрх хязгаарлах болон хууль зүйн бусад хариуцлага хүлээлгэдэг зэрэг болно.      

 Гэр бүлийн хүчирхийлэл нь хэдэн хэдэн төрөл байх бөгөөд түүнийг судлаачид сэтгэл санааны, бие махбодийн, бэлгийн, эдийн засгийн гэсэн дөрвөн төрөлд хуваан авч үзсэн бөгөөд ингэж ангилах шалгуур үзүүлэлтийг нь тогтоогоогүй байна. Харин бид хүчирхийллийн хохирлын шинж чанараас хамаарч ингэж ангилж болно гэж үзэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн харилцаан дахь дарамт, шахалт үзүүлэх, зодох занчих, айлгах зэрэг хэлбэрээр үйлдэгдэж буй хүчирхийлэл нь хүний өөрийн үнэлэмжийг бууруулж, улмаар хүчирхийлэлд өртөгч хүчирхийллийн шалтгааныг өөрөөсөө хайн, эцэст нь амьдралынх нь хэвийн үзэгдэл болтлоо дасан зохицдог байна. Тухайлбал: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчээс хэт болгоомжлох, аргадах, уучлах, айж ичсэний улмаас тухайн нөхцөл байдлыг хууль хяналтын байгууллагад мэдээлэхгүй байх нь олон тохиолддог. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдалд өөрийгөө аюул заналаас хамгаалж болохуйц аль тохиромжтой аргыг хэрэглэдэг болох нь судалгаанаас ажиглагдаж байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчидийн энэ байдал нь хөндлөнгийн нүдээр харахад хохирогч өөрөө буруутай, хүчирхийлэл үйлдэгчийг өөгшүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх талтай ч тэрээр гэр бүлийн хүчирхийллийн мөн чанараас шалтгаалан өөрийгөө хамгаалахаар хэрэглэж буй арга юм.[5]

Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэдэг болсноос хойш 2010 онд 284, 2012 онд 534 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харамсалтай нь энэ тоо жил бүр өсөх хандлагатай байгаа бөгөөд өнгөрсөн гурван жилийн дотор 43 эмэгтэй ойр дотныхоо хүний гарт амиа алдсан гэсэн судалгаа гарсан нь сэтгэл эмзэглүүштэй. Энэ бол хоёр сая долоон зуун мянга гаран цөөхөн хүн амтай оронд өндөр тоо гэдгийг онцгой анхаарах цаг болсоны дохио.                 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчийн 86,6 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Хүүхдийн хүчирхийллийн асуудал нь гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд багтдаг ойлголт учир түүний талаар товч дурьдъя.         

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүл салалт, түүнээс улбаалан хүүхэд өнчрөх, хараа хяналтгүй хүүхдийн тоо олшрох зэрэг нийгэмд олон сөрөг үр дагавар бий болгож байна.    Монгол Улсын хэмжээнд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан нийт тохиолдлын 58,8 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс болжээ[6].    

 Мөн халамжийн болон асрамжийн байгууллагад хүмүүжиж буй 2000 орчим хүүхдийн 60.5 хувь нь ядуу зүдүү байдлаас , 22 хувь нь эцэг эхийн дарамтаас, 11.8 хувь нь гэр орон дахь архидалт, ажилгүйдлээс болж гэрээсээ дайжсан, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 42 хувь нь үе тэнгийхний дарамтаас, 22 хувь нь гэр бүлийн хүчирхийллээс, 10 хувь нь сургууль дээрх таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэгт холбогдсоны гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болжээ.                

Монгол улс эрт үеэс эрэгтэй хүнийг хүндэлж, эцгийн эрхт ёс давамгайлдаг байсан энэ уламжлал өнөөгийн нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл болон хувирсан нь харамсалтай.  

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд нөхөр болон хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд хохирол учруулах бүр цаашлаад амь насыг нь хохироож, гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд  олон байдаг. Өнөөдрийн байдлаар 300 гаруй эмэгтэйчүүд дээрх шалтгааны улмаас хорих ял эдэлж байна.       

 Хорих ял эдэлж байгаа болон эдэлж байсан эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нөхөр болон хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөснөөс болж ял эдэлж байгаа гэсэн судалгааны дүн ч байдаг. Тэд хүчирхийлэлд урт удаан хугацааны турш өртөж, хүчирхийллийн хохирогч болж байсныхаа төлөө ийм ял зэмлэл эдлэх ёстой байсан юм гэжүү...            

Шүүх эмнэлэг, ГССҮТ, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт энэ төрлийн хохирогч нарт эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээ авч байгаа иргэдийн 93,6 хувь нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан тухай тоо баримт байдаг.               

Дээрх гэмтэлд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч энэ төрлийн хэргүүд ихэвчлэн хохирогч яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж байгаа нь хүчирхийлэл үйлдэгчийн хууль бус үйлдлийг бүрэн зогсоож чадахгүй байна.                                                                                   

Мөн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад хандахаас ичих, хүчирхийлэл үйлдэгчээс айсны улмаас зохих байгууллагад мэдэгдэлгүй орхих, тэвчиж өнгөрөөх тохиолдол түгээмэл байгаа бөгөөд хүчирхийллийн эсрэг төвийн хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн таван хүн тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг ньгэр бүлийн хүчирхийллийг нуугдмал байдалд оруулсаар байна.          

Нөгөө талаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх болон хүчирхийлэлд өртөгсөдийг хамгаалах дүрэм журам байхгүйтэй холбоотой байж болох юм. Ихэнхи тохиолдолд цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ “Энэ бол гэр бүлийн хоорондын асуудал” гэдэг шалтгаанаар шалгахгүй орхих, захиргааны арга хэмжээ авах төдийхнөөр өнгөрөөдөгтэй холбон үзэж болох юм.                      

Зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүчирхийлэл үйлдэгчийг шүүх цагдаагийн байгууллагад өгөхөөс илүү зан үйлийг засаж авахыг хүсдэг. Ийм учраас өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байдаг цагдаагийн байгууллагын чиг үүрэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тодорхой заалт оруулах, гэр бүлийн хүчирхийлэл илэрсэн тохиолдолд авах арга хэмжээг тодорхой болгох энэ чиглэлээр алба хаагч нарыг сургаж дадлагжуулах, гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголттой болгох зэрэг асуудал цагдаагийн байгууллагын өмнө тулгамдаж байна.               

Мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа явуулж байгаа цагдаагийн байгууллага болон бусад чиг үүрэгтэй байгууллага түүний алба хаагч, ажилтанууд нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнийг илрүүлэх, илэрсэн хүчирхийллийн үйлдлийг шалгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах, хуулийн хариуцлага хүлээлгэх явдал харилцан адилгүй, хүчирхийлэлтэй тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа нь  тогтмолжоогүй жигд бус байгаа нь энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй байх, хүчирхийлэл үйлдэж байгаа арга, үйлдлийн зорилго, сэдэлт нь улам бүр олныг цочроох болж, жил бүр өсөн нэмэгдэх шалгаан болж байна.          

Хууль хяналтын байгууллагын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны алдаа дутагдлаас болж хүчирхийлэлд өртөж амиа алдах, хүчирхийллийг бүртгэхгүй байх, зохих арга хэмжээ авалгүй орхих сөрөг явдал гарсаар байгаа билээ. Тухайлбал, Өнгөрсөн 2012 онд үйлдэгдсэн ноцтой хэргийг эргэн санья.                                  

Хохирогч 23 настай Г нөхрийнхөө гарт олон удаа хутгалуулан амь насаа алдсан хэрэг. Хохирогч нь нөхөртэйгээ гэрлэсэн цагаасаа нөхрийнхөө байнгын дарамт, хүчирхийлэл дор амьдарч байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвд хандаж Баянзүрх дүүргийн шүүхэд гэрлэлтээ цуцлуулах, өргөдөл болон нөхрийнхөө эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулхаар хүссэн байна. Гэтэл шүүх түүний хүсэлтийг үл хайхарч хоёр сарын эвлэрүүлэх хугацааг өгсөн байдаг.[7]

Мөн хохирогчийн "амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах өндөр эрсдэлтэй" гэдгийг тогтоосон нөхцөл байдлын үнэлгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний нийгмийн ажилтан хийсэн, тэр нь хавтаст хэрэгт авагдсан атал шүүгч шийдвэр гаргахдаа хариуцагч М нь айлган сүрдүүлж, орой үдэш мөрдөж байгаа гэдэг байдал нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдэл гэж үзэх боломжгүй" гэсэн үндэслэлээр хохирогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.[8]

Мөн нөхөртөө зодуулчихаад цагдаагийн 102 дугаарын утсанд хэд хэдэн удаа дуудлага өгсөн ч дуудлага авсан цагдаагийн албан хаагч дуудлагын дагуу очоогүй зэрэг олон алдаа дутагдал давтагдаж байгааг арилгах цаг нэгэнт болжээ. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий цагдаагийн байгууллага, түүний алба хаагч, сум баг хорооны засаг, нийгмийн ажилтан нарын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр нөлөөг сайжруулах, тэднийг сургаж, дадлагажуулах, үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай санхүүгийн боломж нөхцлөөр нь хангах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн байгууллагын харилцан ажиллагааг сайжруулж хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий албан хаагч, ажилтнууд нь биелүүлбэл зохих үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоход онцгой анхаарах шаардлагатай байна.                                   

Бидний үзэж байгаагаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд албадлагын шинжтэй, эрх хязгаарлах, гэр бүл цуцлах, захиргааны шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээ авахаас илүүтэйгээр хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг засах арга хэмжээг түлхүү явуулбал хүчирхийлэлтэй тэмцэх ажил илүү үр дүнд хүрэх боломжтой байж болох юм.     Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, өссөн орчин, найз нөхөд, гэрлэлтийн түүх, хувь хүний хүмүүжил, зан төрх, ахуй амьдрал, үйлддэг хүчирхийллийн хэлбэр зэргийг харгалзан үзэж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын эмчилгээ хийх зэрэг арга хэмжээг түлхүү авах шаардлагатай гэж үзэж байна.       

Ингэхийн тулд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхан шатны нэгж болох хамтарсан багийн бүрэлдэхүүнд “сэтгэл зүйчийг” нэмж оруулан үйл ажиллагааны төлөвлөгөө, арга зүйг боловсруулж ажиллавал хүчирхийлэлтэй тэмцэх ажилд ахиц гарах бас нэг алхам болно.             

Зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байх, хүчирхийллийн эсрэг авсан хариу арга хэмжээ нь хүчирхийлэл үйлдэгчид нөлөөлөхгүй байх, хүчирхийллийн тоо буурахгүй байх, хүчирхийллийн хэлбэр илүү хүнд хэлбэрт шилжих, давтамж ихсэх, түүнчлэн хууль хяналтын байгууллагад мэдэгдснээрээ хүчирхийлэгчийг улам догшруулах, өс хонзон санах зэрэг сөрөг нөхцөл байдал үүсгэдэг учир хүчирхийлэл үйлдэгчид сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл засах эмчилгээ хийснээрээ энэхүү ажил үр дүнд хүрч болох гол арга зам гэж бид үзэж байна.    

Дээр дурьдсан сэтгэл засах арга хэмжээг үр дүнд хүргэхийн тулд нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар хүчирхийлэл үйлдэгчийн талаарх дэлгэрэнгүй бүртгэл судалгааг дор дурдьснаар хийх шаардлагатай.

Биеийн онцлогууд                            Гэр бүлийн тодорхойлолт       

  • НасГэр бүлийн байдал
  • Хүйс Гэр бүлийн харьцаа
  • Яс үндэс                                        Хүүхдүүд
  • Биеийн өндөр \жин\                     Гэрлэгсдийн нэр хүнд

Үсний өнгө \засалт\ Өмнөх салалтууд

Амьдралын хэв, маяг

  • Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэдэг эсэх
  • Өдөр тутмын эрхэлдэг ажил
  • Сүүлийн үед гарсан өөрчлөлтүүд
  • Сонирходог спорт
  • Хобби
  • Биеэ авч яваа байдал

Мэргэжил                                                                        Боловсрол

  • Одоогийн эрхэлж байгаа албан тушаал                  Суралцсан жилийн тоо
  • Өмнө эрхэлж байсан ажил албан тушаал               Төгссөн сургууль
  • Тусгай мэргэжилОюун ухааны түвшин

Хувийн мэдээнүүд

  • Амьдарч байгаа газар
  • Өмнө нь амьдарч байсан газар
  • Өссөн орчин   
  • Хувийн зан төрх, байдал       

     Сэтгэл зүй бэлгийн тодорхойлолт                                  Ял шийтгэл

  • Хувийн айж эмээдэг зүйлс                                        Саатуулагдсан байдал
  • Бэлгийн амьдралын түүх Ял шийтгэл
  • Хувь хүний хөгжлийн түүх                                       Мөрдөгдөж байгаа хэрэг
  • Сэтгэл зүйн байдал

Хүчирхийллийн талаар тодорхойлолт  

  • Хүчирхийлэл үйлдэж эхэлсэнхугацаа\он сар өдөр\
  • Хүчирхийлэл үргэлжилж байгаа хугацаа  
  • Хүчирхийллийн хэлбэр    
  • Хүчирхийллийн давтамж зэргийг нарийн судлаж бүртгэл судалгааг хөтөлснөөр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл засах арга хэмжээг үр дүнтэй явуулах урьдчилсан нөхцөл болоод зогсохгүй хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгчийн объектын судалгааны нэг бүрэлдэхүүн хэсэг болох субъектын судалгаа болно.      

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагаа нь шууд утгаараа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, түүнийг илрүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэхэд чиглэгдэж байгаа мэт боловч өргөн утгаараа нийгэм дэх сөрөг үйлдэл болсон хүчирхийлэлтэй тэмцэх, эдийн засаг, улс төр, эрх зүй, зан заншил, соёл, хүмүүжлийн болон нэгдмэл зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээг цогцоор нь багтааж байдаг гүнзгий утга агуулгатай үйл ажиллагаа юм.                            

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд засаг захиргааны анхан шатны нэгжийн хүрээнд иргэд, байгууллагууд оролцсон олон нийтийн бүлгүүдийг үүсгэж, хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, сурталчилах, хүчирхийллийг цаг алдалгүй шуурхай мэдээлэх, мэдээлэл солилцох, түгээх ажилд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал юм.                                   

            Аймаг, нийслэл, дүүрэг, сум, хороо, багийн ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх мэт дэд бүлгүүдийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  чиглэлийн үйл ажиллагаанд татан оролцуулж, тэдний үйл ажиллагааг хамтарсан багийн хэлбэрээр зохион байгуулах, энэ төрлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хүргэх, солилцох, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн дэмжлэг, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

            Дээрх зүйлүүдээс үндэслэн дараах саналыг дэвшүүлж байна.                           

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19-р зүйлийн 19.1-д Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд түүний үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанар, зөрчлийн байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. Гэсэн  заалтийг өөрчлөн найруулж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19-р зүйлийн 19.1-д Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн, эсвэл энэ хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй субъект зохих үүргээ биелүүлээгүй бол түүний үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын  хэмжээг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаалтан, ажилтанд захиргааны хариуцлага, төрийн тусгай алба хаагч нарт сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж”өөрчлөн найруулах.                            
  • Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10 дугаарзүйлд заасан гэрбүлийнхүчирхийлэлтэйтэмцэх, урьдчилансэргийлэхталаархи нийгмийнажилтныүүрэг гэсэн заалтыг өөрчлөн найруулж “гэрбүлийнхүчирхийлэлтэйтэмцэх, урьдчилансэргийлэхталаархи нийгмийнажилтан, сэтгэл зүйчийн үүрэг гэсэн заалт оруулж, уг зүйлд сэтгэл зүйчийн үүргийг нэмж оруулах. Мөн уг хуульд хамтарсан багийн бүрэлдэхүүнд “сэтгэл зүйч”-ийг ажиллуулах талаар заалт оруулах                 
  • Цагдаагийн алба хаагч болон хамтарсан багийн гишүүдийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд чадваржуулах, албаны болон давтан сургалтанд тогтмол хамруулах.
  •  Хамтарсан багийн үйл ажиллагааг хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын арга хэмжээ авч ажиллахад түлхүү чиглүүлэх.                                               
  • Хууль хяналтын байгууллагын ажилтан алба хаагч нарыг энэ чиглэлд ажиллах ажлын арга барил туршлагатай болгох түүнчлэн нийслэл хот болон аймаг сум багуудын хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг сайжруулж, алдаа дутагдлыг нь арилгуулах зэрэг болно.                 

 



[1] Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн мэдээлэл. УБ., 1992. №1

[2] Хүний эрхийн түгээмэл тунхаглал, НҮБ-ын Ерөнхий ассамблэйн 217\А III\ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлаж, түүний бүх заалтыг мөрдөхийг гишүүн улсаадад уриалжээ.

[3] Монгол Улсын Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл. УБ. 2002.№5

[4] Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, УБ. 2004.

[5] Г.Бямбадорж, Архидан согтуурах явдалтай тэмцэх үйл ажиллагаа, УБ хот, 2011 он 170-р тал.

[6] Chuhal medee.mn

[7]Гэр бүлийн тухай хуулийн 14.4 дэх хэсэгт "Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцална" гэж заасан байдаг.  

[8] www.Chuhalmedee.com

 

  • 2013-10-16
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх