2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ, ОЛБОРЛОХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

Эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгалийн баялгийг гэмт халдлагаас хамгаалах, ялангуяа далд аргаар зохион байгуулалттайгаар ашиг хонжоо олох зорилгоор түүнийг олборлох, ашиглах хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага, түүний эдийн засгийн алба бусад хууль хяналтын байгууллагуудын дэмжлэгтэйгээр  багагүй хүч хөдөлмөр гарган ажиллаж байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг уул уурхай, ашигт малтмал, ан агнуур, ой модны ашиглалт, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахад нөлөөлж байгаа хог хаягдлаар бохирдуулах зэрэг үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгахад Монгол орны байгаль, түүний баялагийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус ажиллагаанд өртөж нөхөгдөшгүй хохирол учирч байна.

            2012 онд Байгаль орчны яамнаас 1,7 тэрбум төгрөгийн зардал гарган байгаль орчинд учруулсан хохиролын талаар дүгнэлт, шинжилгээ хийлгэхэд  Монгол улсын нутаг дэвсгэрийн тал хувь нь сүйдсэн байна гэсэн дүгнэлт гарсан бөгөөд үүнийг нөхөн сэргээхэд 4 их наяд төгрөг шаардлагатай гэжээ. Иймд энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлэх нь зөвхөн хэсэг нутгийн иргэд, эсвэл байгаль хамгаалах байцаагч, цагдаагийн байгууллагын ажил бус бүх нийтээрээ сэтгэл гарган цогц байдлаар системтэй хийх зайлшгүй шаардлагатай ажил болоод байна.

             Монгол улсад жилд дундажаар 275 орчим байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг бүртгэгдэж байгаагийн 15% орчим хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд ашигт малтмалын хайгуул, олборлолт, ашиглалт хийж байгаа 2000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувиараа алт олборлож байгаа 90.000 орчим иргэнтэй харьцуулахад энэ гэмт хэргийн нуугдмал хэв шинж илэрхий  байна. 

Энэхүү нуугдмал байдал нь субъектээс хамааралтай буюу нэг хэсэг нь хэт хөрөнгөлөг алтны компаниуд /хайгуулын лицензээр ашигт малтмал ашигладаг, мөн нөхөн сэргээлтийг зөвхөн хэлбэрийн төдий буюу цаасан дээр хийдэг, үүнийг нь хянадаг шалгадаг байгууллагууд нь хараагүй мэт нуудаг, авилгал хээл хахуультай холбоотой/  нөгөө хэсэг нь хэт эмзэг давхаргынхан /судалгаанаас харахад хувиараа алт олборлогчдын 70 хувь нь ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд/ үйлдэж байгаа явдал бөгөөд  хуулийн хэрэгжилт, хариуцлага сул байна.

Мөн Монгол Улсын Эрүүгийн хуульд хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийн субъект нь ашигт малтмал хайх, олборлох зөвшөөрөлгүй 16 насанд хүрсэн этгээд байдаг бөгөөд хуулийн этгээдэд хариуцлага тооцох механизм байхгүйтэй холбоотой байна.

Хуулийн этгээд гэмт хэргийн субъект байх үндэслэл нь нэг талаас Эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэргийг тухайн хуулийн этгээд өөрийн нэрээр зориуд үйлдсэн нь ямар нэгэн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх нөхцөлийг үгүйсгэх байдал бий болсоноор, нөгөө талаас гэмт үйлдэл нь тухайн байгууллагад ашигтай давуу тал бий болгоход чиглэгдсэн буюу зарим тохиолдолд албан тушаалтны хүлээх ялтай давхардахгүйгээр хуулийн этгээд тусдаа эрүүгийн хариуцлага хүлээх шаардлага зайлшгүй бий болсон зэргээр тайлбарладаг[1].

2012 оныг хүртэл жилд 10 хүрэхгүй ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг бүртгэгддэг байсан бол 2012 онд 66 бүртгэгдэж өмнөх жилүүдийн дунджаас 6 дахин өссөн ба эдгээр гэмт хэргийн 47% нь шүүхэд шилжилгүй мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож, түдгэлзүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завшуулж байна. Хэрэгсэхгүй болгож байгаа байдал нь учирсан хохирлыг тогтоох асуудал нь хууль тогтоомжын боловсронгуй бус байдлаас шалтгаалан шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь хувь хүн, хуулийн этгээд бус төр байдагтай холбоотой юм. Эрх бүхий байгууллагаас явуулсан шалгалтаар тусгай зөвшөөрөл бүхий 68 компаний шороон ордыг хамруулахад 65 нь нөхөн сэргээлт хийлгүй байгаль орчинд ноцтой хохирол учруулсан, 12 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн бөгөөд эдгээрт зөвхөн захиргааны арга хэмжээ авсан байна.[2]

Энэ мэт олон нөхцөл байдал дурьдаж болох ба энэ гэмт хэрэгтэй тэмцдэг олон улсын туршлагаас авч үзвэл 1999 онд ОХУ-ын Экологийн хяналтын хорооноос байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийн үр дүнд бий болсон хохирол, түүнийг нөхөн төлөх арга зүйн зааврыг баталсан байна.[3]

Герман улсад гэхэд уурхайгаас нь 50 метрийн цаанаас нь нөхөн сэргээлт нь давхар хийгдэж явдаг байна.

Австралид муж бүр ашигт малтмал олборлох талаар өөрсдийн эрх зүйн зохицуулалттай байдаг ч байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлтийн хувьд нийтлэг зохицуулалт байна. Тухайлбал, лиценз хүсэгч нь уул уурхайн үйл ажиллагааны явцад болон дараа байгаль орчинг хэрхэн нөхөн сэргээх талаар төлөвлөгөөг боловсруулах сан байна.

Сан байршуулах талаарх зохицуулалт мөн өөр орнуудын эрх зүйн зохицуулалтад байдаг (ОХУ-ын хувьд “Методические указания по ценке и возмещению вреда, нанесенного окружающей среде в результате экологических правонарушений[4]” дагуу үүсгэгдэж буй сан, Канад Улсын хувьд “Health, Safety, and Reclamation Code”[5]).

Санд байршуулах үнийн дүн байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг бүрэн барагдуулах эсэх, санд байршуулсан үнийн дүнг нөхөн сэргээлтэд ашиглаж байгаа эсэх бүхий л асуудлууд нь тодорхой бус юм. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайдын хамтарсан 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А132/112 дугаар тушаалын хавсралт болох “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ыг авч үзэхэд нөхөн сэргээлт хийх ажлын зардлуудын талаар тусгасан нь давуу талтай ч хариуцлагын журмын талаар тодорхой заалт байдаггүй. Канад Улсын хувьд муж бүр өөр өөрийн зохицуулалтыг агуулдаг ба нөхөн сэргээлтийн сан бий болгож нөхөн сэргээлт хийлгэх, эсхүл хууль бус үйлдэлд тооцон хариуцлага оногдуулах хоёр төрлийн зохицуулалттай байдаг байна.

Байгаль орчныг хэвийн байдалд нь оруулах нөхөн сэргээлтийн арга хэмжээ нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахаас өмнөх газрын үржил шим, тухайн газарт байршиж байсан амьтан, ургамал, амьдарч буй хүн амын эрүүл мэнд, гол горхи, хүрээлэн буй орчин зэргийг өмнөх байдалд нь нөхөн сэргээх өргөн цар хүрээ бүхий ойлголт байдаг. Эвдэрсэн газрын аж ахуйн үнэ цэнэ, бүтээмжийг нь сэргээх тэрчлэн хүрээлэн буй орчны нөхцлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулахад чиглэж цогц арга хэмжээ авахыг газрын нөхөн сэргээлт гэнэ.[6]Гэсэн хэдий ч энэхүү ойлголт Монгол Улсын эрх зүйн зохицуулалт болоод уул уурхайн салбарт газрын хөрсний нөхөн сэргээх гэсэн явцуу утгаар зохицуулагдаж, хэрэглэгдэж байна.

Ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглах гэмт хэрэгтэй хийх тэмцлийн арга хэмжээ нь дараах хэлбэртэй байна [7]. Үүнд:

Нэг. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил нь юуны өмнө хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурлыг бууруулсанаар үр дүнд хүрэх учиртай. Үүний тулд төрөөс шударга өрсөлдөөнийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох орчин нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн үйлажиллагаанд хэтэрхий хутгалдан орохгүй байх, татвараар дарамтлахгүй байх ёстой бөгөөд үүний дүнд эдийн засаг зөв голдрилд орох юм.

Хоёр.  Ашигт малтмалыг хайх, олборлох, ашиглах гэмт хэрэгтэй тэмцэхажилэрхзүйнхүчтэйүндэссуурьтайбайхёстой. Тухайлбал: хуулиархувьхүнболонхуулийнэтгээдийнхүлээххариуцлагыгөндөржүүлэх, тэдгээрийгилрүүлэх, урьдчилансэргийлэхажлынонцлогийгтусгажөгөхшаардлагатай.

Гурав. Хууль хамгаалах байгууллагууд болон байгаль хамгаалах алба нь хамтран ажиллаж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг илрүүлэн арилгах, энэ төрлийн хэрэг зөрчилд холбогдогсодтой тулж ажиллах шаардлагатай. Гэмт хэрэгтэй тэмцэх явцад иргэдийг ухамсарлуулах ба албадлагын аргыг хосолсон эдийнзасаг, нийгэм, үзэл суртал, соёл, хүмүүжил, эрхзүйн чанартай арга хэмжээ хэрэгжүүлэх нь зохих үр дүнгээ өгнө.

Дөрөв.Шашны зан үйлийг ашиглах замаар байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах. Манай уламжлалт бөө мөргөл, бурханы шашин, христийн шашин аль нь ч эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг сургадаг. Өнөөдөр шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний эрх гэлээч өсвөр насны хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлаж сурахад шашин шүтлэгийн нөлөө их. Манай өвөг дээдэс байгаль дэлхий, уул ус ан амьтай хэмээн итгэж жил бүр тахил өргөн, гол усыг бохирдуулахыг цээрлэж амьтны амь таслахыг нүгэлд тооцож байсан тэр уламжлал, шашны зан үйлийг сэргээж өргөнөөр ашиглах нь иргэдийн экологийн ухамсарт нөлөөлөх нэгэн гол арга зам болох нь дамжиггүй.

Тав. Байгаль хамгаалах цагдаагийн газрыг байгуулах болон байгаль хамгаалах албаны үйл ажиллагааг бие даасан болгож, эрх хэмжээг нэмэгдүүлэх нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал түлхэц өгнө. 

Интерполын ЕА-р 1993 онд баталсан тогтоолоор байнгын гишүүн орнууддаа экологийн цагдаагийн тусгай салбар байгуулж,  гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах, бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллахыг зөвлөмж болгосон.

Зургаа. Иргэдийн эрхзүйн мэдлэг, экологийн ухамсарыг дээшлүүлэх үйл ажиллагааг байнга эрчимтэй зохион байгуулах.  Өнөөдөр манай иргэдийн эрхзүйн мэдлэг, экологийн боловсрол, хүмүүжил, ухамсар доогуур түвшинд байгаа нь удаа дараагийн судалгаагаар батлагдсан зүйл. Иргэдийн экологийн боловсрол, хүмүүжил, ухамсрыг дээшлүүлээгүй цагт ямарч сайн хууль батлаад, хатуу чанга хариуцлага тооцоод нэмэргүй, гэмт хэрэг гарсаар л байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр экологийн боловсролыг олгох, дээшлүүлэх, танин мэдэхүйн шинжтэй нэвтрүүлгүүдийг бэлтгэн нийтийн хүртээл болгох, энэ талын сургалт семинарыг тогтмолжуулах, дунд болон дээд сургуульд экологийн талаар хичээл орох зэрэг ажлуудыг зохион байгуулах шаардлагатай.

Долоо. Байгаль орчны талаархи хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулах. Хэдийгээр манай улс байгаль орчны талаархи олон хуулиудыг батлан гаргасан боловч тэр нь иргэдэд хүрдэггүй,  мэдээлэл муутай байна. Ялангуяа экологийн талаар авч хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн ач холбогдлын талаар иргэдэд сурталчлах ажлыг байнга, дэс дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай[8].

Найм. Олон нийтийн туслалцааг цаг алдалгүй авах ёстой. Байгаль хамгаалах болон хууль сахиулах байгууллагууд дангаараа энэ гэмт хэрэгтэй тэмцээд амжилт олохгүй нь тодорхой. Иймд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн судлаачид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар тодорхой ажил зохиох нь гэмт хэрэгтэйт эмцэх гол арга замын нэг болно. Олон нийтийг экологийн гэмт явдалтай тэмцэх ажилд татан оролцуулах ажил зохион байгуулдаггүй, олон нийтийн оролцоо сул байгаа. Өнөөдөр олон улсын болон гадаадын тусламжийн байгууллагууд Монгол улсад экологийн чиглэлээр нэлээд хөрөнгө оруулж байгаа боловч уг хөрөнгө нь тэр бүр байгаа онохгүй, төсөл хэрэгжүүлэгч нэртэй хүмүүсийн хармаанд орох нь олон гарч байна.

Дээрхи хэлбэрүүд болон өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар дараах саналыг дэвшүүлж байна.

  1. 1.    Эрх зүйн зохицуулалтын хувьд:

-       Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг Монгол Улсын Эрүүгийн хуульд оруулах:   Англи-Америкийн эрх зүйн тогтолцоотой орнууд төдийгүй  Эх газрын эрх зүйн тогтолцоотой орнуудад ч хуулийн этгээд бүхий корпорациуд нь ихэвчлэн экологийн болон эдийн засгийн гэмт хэргийн субъект болдог.[9] Европын зөвлөлийн 1979 оны гэмт хэргийн асуудлаархи Тусгай хорооны зөвлөмжид аливаа хуулийн этгээд экологийн гэмт хэргийн субъект болохыг онцлон дурьдаж эрүүгийн хариуцлагаас ангид байж болохгүйг анхааруулжээ. Хуулийн этгээд нь эрүүгийн хариуцлагын субъект байх нөхцөл хийгээд ял оногдуулах үндэслэлийг Эрүүгийн хуулийн тодорхой заалт, институт болгон тогтоосон 35 орон байна.[10]

-       Монгол улсын үндсэн хуулийн 6-р зүйлийн 2-т Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч байна гэж заасан байдаг. Тэгвэл төрийн өмч болох байгаль орчны гэмт хэргийн хохирогч нь төр байх бөгөөд төрийн эрх бүхий албан тушаалтан хэн хохирогч байх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42-р зүйлд нарийвчлан тусгах. Мөн байгаль гэдэг өөрөө нэг цул зүйл учир нэг гол ширгэхээс болоод олон ургамал амьтан сүйддэг гэх мэт хохирол гаргах, шалгахад хугацаа их ордог  онцлогтой тул энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болон шалгах хугацааг нэмэгдүүлэх.

-       Торгуулийн ялыг нэг зуун мянгаас дөчин сая төгрөг буюу ялтны хоёр долоо хоногоос таван жил хүртэл хугацааны цалин хөлс буюу бусад орлоготой тэнцэх хэмжээгээр тогтоох,  Хөнгөн гэмт хэрэгт  10 сая хүртэл төгрөг, хүндэвтэр гэмт хэрэгт 10.0-30.0 сая төгрөг, хүнд гэмт хэрэгт 40 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгох.  Торгуулийн ялыг зөвхөн үндсэн ялын чанартай оногдуулахаар заасан Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-г өөрчилж торгуулийн ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартай хэрэглэх. Ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй үйлдэгддэг учир гол зорилт нь гэмт этгээдийг эдийн засгийн хувьд ашиггүй болгох явдал бөгөөд  баривчлах, хорих ялын зэрэгцээ торгуулийн ялыг өргөнөөр ашиглах нь практик ач холбогдолтой.

-       Ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж байгааг бага бус гэж өөрчлөх, ингэсэнээр хувиараа ашигт малтмал олборлож байгаль орчныг сүйтгэж байгаа хүмүүст хариуцлага оногдуулах боломжтой болно.

  1. 2.    Удирдлага зохион байгуулалтын хувьд:

-       Хууль бусаар гар аргаар алт олборлох, нөхөн сэргээлт хийхгүй байх гэсэн хоёр асуудлыг нь төрийн эрүүгийн бодлогод авч үзэхдээ нийтийн эрх ашгийг харгалзах учиртай. Төрөөс хувиараа ашигт малтмал олборлогч нарын эрүүл мэндийн, нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулсан дүрэм, журмыг баталсан нь хүний эрхийг дээдлэх талаас авч үзвэл ололттой зохицуулалт боловч эдгээр иргэдийн үйл ажиллагааны үр дүнд учруулсан хохирлын талаар зохицуулах, бодлого боловсруулах ажлыг шийдвэр гаргах түвшинд анхаарах;

-       Гадны улс орны хууль тогтоомж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, шалгаж шийдвэрлэж байгаа туршлагыг харахад Байгаль орчны эсрэг хэргийг үр дүнтэй шалгаж шийдвэрлэх бүтэц, тогтолцоо бий болгох;

-       Хохирлын хэмжээг тогтоох аргачлал түүнтэй холбоотой зардал, мэргэжилтэн, шинжээч бэлтгэх асуудлыг дэс дараалалтай шийдвэрлэх;

-       Public prosecutor буюу эрүүгийн болон иргэний зарим хэрэгт нийтийг итгэмжлэн хариуцах субьектийн эрх зүйн үндсийг тусгах;

-       Экологийн цагдаагийн газрыг байгуулах. Байгаль хамгаалагчдын одоогийн орон тоог Цагдаагийн байгууллагад шилжүүлж экологийн цагдааг байгуулж ажилд оруулах, экологийн эрх зүйн тусгай сургалтанд хамрагдаж мэргэшсэн мөрдөн байцаагч, шүүгч, прокурортой болох, холбогдох зардлыг шийдвэрлэх.

-       Уул уурхайн лиценз буюу тусгай зөвшөөрөл шинээр олгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн байгаа ч цаашдаа олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл шинээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгох тохиолдолд зайлшгүй нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцүүлэн тэдний хяналтыг сайжруулах, лицензийг мөн орон нутгийн ИТХ-тай зөвшилцөн олгодог болгох шаардлагатай гэж судлаачын зүгээс үзэж байна.  

Ном зүй

  1. Хууль эрхийн акт
    1. Монгол улсын үндсэн хууль. “Төрийн мэдээлэл”,1992 он, №1
    2. Эрүүгийн хууль. “Төрийн мэдээлэл”,2002 он, №5
    3. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль. “Төрийн мэдээлэл”,2002 он, №5
    4. Монгол улсын ашигт малтмалын тухай хууль. 1995,2005,2012 он
    5. Байгаль орчныг хамгаалах тухай хууль. 1995,2002 он
    6. Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хууль.1994 он
    7. Гол, мөрний урсац бүрэлдэх, эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, үйн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль. 2009 он
  2. Сурах бичиг гарын авлага
    1. Амархүү.О “Монголын орчин цагийн экологийн эрх зүй” УБ., 2011 он
    2. Жанцан.С “Монгол улсын эрүүгийн эрх зүй” УБ., 2011 он
    3. Цэлмэг.Ц “Криминологи” УБ., 2005 он
    4. Нарангэрэл.С “Монгол улсын эрүүгийн эрх зүй” УБ., 1999 он
    5. Сэнгэдорж.Т “Экологийн эрх зүй” УБ., 1997 он
    6. Цэдэндаш.Г, Дорж.Д “Монгол орны байгаль орчны төлөв байдал” УБ., 2000 он
    7. Лүндээжанцан.Д “Экологийн эрх зүй, хууль тогтоомж, зөрчил хариуцлага” УБ., 1996 он
    8. Кафтанников. А.А. Юридическое лицо как субъект уголовной ответственности в закондательстве зарубежных стран. М.,2004
    9. Долговой.А.М “Криминология”.М., 2001

[1] Д.Баярсайхан. Хуулийн этгээдийн эрх зүйн байдал хариуцлага: харьцуулсан эрх зүйн асуудал. 41дэх тал

[2] NEWS.mn

[3]Методические указания\\ “Консультант-Плюс” 1999 он.

[4]О.Л. Дубовик (2007) “Применение ответственности за экологическое правонарушение” Москва, стр. 531

[5]Section 10.7 of the Health, Safety, andReclamation Code of British Columbia http://www.em.gov.bc.ca/Mining/HealthandSafety/Documents/HSRC2008.pdf

[6] Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, Нэр томьёо, тодорхойлолт MNS 5914 : 2008. 5.1 дэх заалт

[7]Ц.Цэлмэг. Криминологи. УБ. 2005., 133 дахь тал

[8]  Мөн тэнд

[9]Кафтанников. А.А. Юридическое лицо как субъект уголовной ответственности в закондательстве зарубежных стран. М.,2004. С.409

[10]  Д.Баярсайхан.  Хуулийн этгээдийн эрх зүйн байдал, хариуцлага: харьцуулсан эрх зүйн асуудал. УБ.2011. 41 дэх тал

  • 2013-10-07
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх