2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал

2008 он хүртэл жилд дунджаар 10 хүрэхгүй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, 6000 орчим зөрчил бүртгэгддэг байсан бол 2008 оны 02 сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор жилд 280 орчим экологийн эсрэг гэмт хэрэг, 9000 орчим зөрчил бүртгэгджээ.[1]

Энэ тоо нь бодит байдалд төдийлөн нийцээгүй, дарагдуулсан тоо гэдэг нь жилд дунджаар 250-300 удаагийн ой хээрийн түймэр гарч, түүний 90 хувь нь хүний буруутай үйлдлийн улмаас алдагддаг байхад эдгээр гэмт хэргүүдийг яагаад байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргүүдийн тоонд оруулахгүй байгаа вэ, үйлдсэн этгээдийг олж тогтоож чадахгүй болохоор цааш нь шалгахыг хүсдэггүй, хэргийн материалыг хаахыг л эрмэлздэг нь эндээс харагдана.

Тэгэхээр албан ёсны тоо бүртгэлд байгаа 280, ой хээрийн түймрийн 90 хувь нь гэмт хэрэг гэвэл 250 орчим гэмт хэрэг, албан тушаалтны хариуцлагагүй байдал болон хууль тогтоомжийн зөрчилтэй байдал, авилга зэргээс хамаарч гэмт хэргийг нуун дарагдуулж зөрчил хэмээн захиргааны арга хэмжээ тооцсон 20 хувь[2] буюу 1800 гэмт хэргийг нэмэхэд нийтдээ жилд 2320 орчим гэмт хэрэг дор хаяж үйлдэгдэж байна гэж дүгнэж болохоор байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар бүлэг буюу “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэгт 14 үйлдэл, эс үйлдэхүйг, мөн Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг гэх бүлэгт багтсан “Байгалийн тэнцэл алдагдуулах”  гэмт хэргийг хамруулаад  нийт 15 экологийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан бөгөөд жилд үйлдэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийг 70 орчим хувийг Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заагдсан “Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг” эзлэж байна.

Ан агнуурын хууль тогтоомж зөрчих, Ой хээрийн түймэр тавих, Ашигт малтмалыг хууль бусаар хайх, олборлох гэмт хэргүүд үлдсэн 30 хувийг эзлэж байгаа бөгөөд 2012 онд 66 ашигт малтмалыг хууль бусаар хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг бүртгэгджээ. 

Өнөөдрийг хүртэл манай судлаачид зөвхөн бүртгэгдсэн гэмт хэргийн хүрээнд л судалгаа хийж өсөж байна, буурч байна, тоо нь цөөн байна гэж дүгнэлт хийж ирсэн нь өрөөсгөл бөгөөд мөсөн уулын оройг л харж ярьж байгаа хэрэг юм.

Бүртгэгдсэн гэмт хэрэг бол мөсөн уулын уснаас цухуйж байгаа орой хэсэг бөгөөд далд байгаа гол хэсэг нь нуугдмал гэмт хэрэг юм.

Аливаа гэмт хэргийн нуугдмал шинж тэр дундаа байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн нуугдмал шинжийг судлах шаардлага зайлшгүй бөгөөд нуугдмал гэмт хэргийн түвшинг бодитой тогтоохгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа амжилтад хүрэхгүй.

Нуугдмал гэмт хэрэг гэж бодитойгоор үйлдэгдсэн боловч хуулийн байгууллагад мэдэгдээгүй, бүртгэгдээгүй гэмт хэргүүд бөгөөд АНУ болон барууны орнуудын хуульч эрдэмтэд олон жилийн судалгаа явуулсны эцэст 1 бүртгэгдсэн хэргийн цаана 3-10  гэмт хэрэг нуугдмал байдаг[3] гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг.

Миний бие докторын зэрэг горилсон бүтээлээ туурвих явцдаа энэ талаар судалгаа явуулж байгаль хамгаалах журмын эсрэг бүртгэгдсэн 1 гэмт хэргийн цаана 50 орчим гэмт хэрэг нуугдмал байна гэсэн дүгнэлтийг хийсэн.



[1] Цагдаагийн болон УМХЕГ-ын  тоо бүртгэлээс.

[2] Судалгааны явцад захиргааны арга хэмжээ авсан 500 материалтай танилцахад 20 % нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхад үүсгээгүй байсан. Тэгэхээр 9000 зөрчлийн 20 % буюу 1800 гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэж болохоор байна. Ц. Ц.

[3] Кудрявцева В.Н., Эминова В.Е. Криминология, М., 1995., с 58

  • 2013-06-28
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх