2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Харьцуулсан эрүүгийн эрх зүйн орчин үеийн чиг хандлага, үзэл баримтлалын асуудал

Харьцуулсан эрүүгийн эрх зүй нь харьцуулсан эрх зүйн шинжлэх ухааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг төдийгүй эрүүгийн эрх зүйн хөгжил, систем, зүй тогтлын тухай орчин үеийн шинэлэг мэдлэгийн цогц бүрдэл бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд хууль зүйн шинжлэх ухааны нэгэн шинэ салбар болон бүрэлдэж байна.

Харьцуулсан эрүүгийн эрх зүй нь дэлхийн улсуудын эрүүгийн эрх зүйн систем, эх сурвалж, институт, тэдгээрийн зохицуулалт, онцлогийг эрх зүйн үнэт зүйлс, шалгуураар жишин харьцуулж, судлан тодорхойлоход чиглэгдэнэ.

Энэ нь хууль зүйн шинжлэх ухааны нэгэн дэд салбар төдийгүй эрүүгийн эрх зүй судлалын арга зүйн нэг чухал үндэс нь болдог.

Харьцуулсан эрүүгийн эрх зүйн үүслийн анхдагч үндэслэл нь XVIII зууны эхэн үеэс тавигдсан гэж үздэг. Германы эрдэмтэн Ф.М.Имгофф, 1711 онд “Москвагийн болон иргэншлийн эрүүгийн эрх зүйг зэрэгцүүлэн харьцуулах нь” гэсэн бүтээл туурвисан нь энэ салбарын анхных нь байлаа. Үүний дараа Францын эрдэмтэн Пелле Российн “Эрүүгийн эрх зүйн курс” гэдэг 2 боть ном 1863 онд хэвлэгдсэн ба Францын хуульч Жозеф Э.Ортоланы “Харьцуулсан эрүүгийн хууль тогтоомжийн курс” 1839-1941 онд цуврал байдлаар хэвлэгдэн гарсан. 1852 онд Италийн профессор Л.Дзуппегийн бичсэн “Харьцуулсан эрүүгийн хууль тогтоомжийн бүрэн курс” хэвлэгдсэн байна.[1]

1924 онд Парист эрүүгийн эрх зүйчдийн Олон улсын Ассоциаци байгуулагдсан бол 1938 онд Германы Фрайбургт Олон улсын болон Гадаадын эрүүгийн эрх зүйн харьцуулсан судлалын Макс Планкийн Хүрээлэн байгуулагдсан зэрэг нь Харьцуулсан эрүүгийн эрх зүйг хөгжүүлэхэд чухал түлхэц болжээ.

Улмаар 1996 онд СНГ-ийн орнуудын Эрүүгийн Загвар хууль, 2007 онд Дэлхийн улсуудын эрүүгийн загвар хууль зэргийг баталсан билээ.

Орчин үед харьцуулсан эрүүгийн эрх зүйн орчин, хүрээ өргөжин тэлж, тухайн салбарын академик болон практик хэрэглээний түвшин дээшилж байгаа нь олон, улс орны эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэгдэж байгаа реформын хандлагаас харж болно.[2]

Эрүүгийн эрх зүй нь тухайн түүхэн цаг үеийн мөн чанарыг илэрхийлж, шинэтгэл, шинэчлэлийн хувьсал, өөрчлөлтийг ямагт эрэлхийлж, өмнөх үеийн уламжлалд тулгуурлан хөгжиж ирсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд эрүүгийн эрх зүйн салбарт хийгдэж буй реформын хандлага нь уг салбарын тогтолцоо, чиг үүрэг, эх сурвалж, хууль тогтоомжийг өөрчлөн шинэчлэх нөхцлийг бүрдүүлж, өмнөх тогтолцооны уламжлалт хэв шинж нь суурь зарчмаараа өөрчлөгдөх үйл явцыг нөхцөлдүүлж байна.

Түүхэн хувьслын реформын хөгжлийг авч үзвэл:

I үе шат. Абсолют онолд үндэслэгдсэн ялын эрүүгийн эрх зүйн хөгжил (XIX зууны эхэн үеэс 1960-аад он)

II үе шат. Харьцангуй онолд үндэслэгдсэн гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн хөгжил (1960-аад оноос 1990-ээд он)

III үе шат. “Үл тэвчих” онолд үндэслэгдсэн жишгийн эрүүгийн эрх зүйн хөгжил (1970-аад оноос 2010-аад он)

IV үе шат. Дэнслэх онолд үндэслэгдсэн хүмүүнлэгийн эрүүгийн эрх зүйн хөгжил (1990-ээд оны сүүлчээс өнөөг хүртэл)

Сүүлийн жилүүдэд Дэлхийн улсуудын эрүүгийн загвар хууль (2007) гарч, уг хуулийн үзэл санааг олон улс орон хүлээн авах болсноор эрүүгийн эрх зүй дэх интервенц ба рецепцийн харилцан хамаарлын зохистой харьцаа бий болж, дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй улс орны эрүүгийн эрх зүйн тогтолцооны хөгжилд нааштай, ахицтай өөрчлөлт гарсаар байна.

НҮБ-ын болон Харьцуулсан эрүүгийн эрх зүй судлалын олон улсын хүрээлэн, олон орны (80 шахам) шинжээч, судлаачдын оролцоотой 2007 онд гаргасан Дэлхий дахины эрүүгийн загвар хууль нь 17 бүлэг 200 зүйл, 450 шахам тайлбарыг өөртөө багтаасан томоохон хэрэглэгдэхүүн болсон бөгөөд шилжилтийн үеийг туулж буй хөгжиж буй орнуудын хувьд эрүүгийн хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийн үлгэр загвар, чиг баримжаа болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.[3]



[1] Д.Баярсайхан, Харьцуулсан эрүүгийн эрх зүй, УБ 2012, 17-р тал,

[2]American Journal of Comparative law 2011.№14 (81)-р 48,

3 Шинэтгэл (reform of criminal law)- тогтолцооны өөрчлөлт буюу хувьсан өөрчлөгдөх хандлага.         Шинэчлэх (renew ofcriminallaw) тогтолцооны уламжлалт хэв шинжийг өөрчлөн хувьсгах хандлага, 

[3] Model codes for Post-conflict criminal justice.

Model criminal code. Vivienne O’Connor and Coletta Roush editors. Peasbuilding and the Rule of law W.P.L. 2007

  • 2013-06-05
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх